Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 102/2020/01309/И |
Дугаар | 001/ХТ2021/01015 |
Огноо | 2021-09-14 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2021/01015
Г.Батсайханы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2020/01524 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1438 дугаар магадлалтай,
Г.Батсайханы нэхэмжлэлтэй,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов.
Нэхэмжлэгч Г.Батсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.05.04-ний өдрийн 102/ШШ2016/03660 дугаар шүүгчийн захирамжаар Г.Батсайхан, Г.Золжаргал нараас 17,504,801 төгрөгийг гаргуулж Хөгжил Финанс ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Г.Батсайхан миний өмчлөлийн Нийслэлийн Сүхбаатар дүүрэг 16-р хороо Бэлхийн 11-р гудамжны 282а тоотод байрлах, Ү-2203031875 дугаартай хувийн зориулалттай үйлдвэрийн барилга, дээрх хаяг дээр байршилтай У.Төгсөөгийн эзэмшлийн 18643316816638 тоот нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай иргэний ахуйн зориулалттай эзэмших эрхтэй газрыг Хөгжил Финанс ББСБ-ын зээлийн барьцаанд тавьсан байсан болно. Дээрх барьцааны үл хөдлөх хөрөнгүүдийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөндлөнгийн шинжээч томилуулж 45,170,400 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур тул үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд дээрх үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. НШШГГ-аас гаргасан үнэлгээний талаарх мэдэгдлийг 2020.03.09-нд хүлээн авсан болно.
...жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихээр Монгол Улсын Засгийн газраас зээл олгож байсан. Түүний хөөцөлдсөн хэдий ч бүтээгүй учир би Хөгжил финанс ББСБ ХХК-иас 30,000,000 төгрөг зээлсэн. Төлбөрөө огт төлөөгүй бус зохих хэмжээгээр төлж байсан. Хэсэгчлэн төлж байгаа талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэгч мэдэж байгаа. Би 2013 онд тус байр, газраа үнэлүүлэхэд 72,000,000 төгрөгөөр үнэлсэн. Өнөөдөр долларын ханш 2,700 боллоо. Иймд ханш улам өссөн байгаа. Валютын ханш, эдийн засгийн өсөлтөөс болоод эдийн засгийн үнэлгээ нь өссөн. Зараас үзэхэд доод тал нь 100,000,000 төгрөгөөр дээш үнэтэй байгаа. Үүнийг нотлох баримт авч ирсэнгүй. Үнэгүй.мн зэрэг цахим хуудаснаас харахад тийм байгаа. Иймд үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2016.05.14-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсч явагдаж байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэнээс хойш барьцаа хөрөнгийг битүүмжилж 2016.09.06-ны өдөр хурааж авсан. Эд хөрөнгө 15,420,000 төгрөгөөр үнэлэгдэж байсан. Тэр үнэлгээнд нэхэмжлэгч Г.Батсайхан, н.Золжаргал нар нь нэхэмжлэл гаргаж байсан. Үнэлгээтэй холбоотой нэхэмжлэлийг 3 шатны шүүх хэлэлцэж шийдвэрлэсэн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүх 2016.10.28-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж гаргаад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн. Өнөөдрийн байдлаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа мөн түдгэлзсэн. Өнөөдөр мөн үнэлгээтэй холбоотой гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй гэж заасан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2020/01524 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4, 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, Сүхбаатар дүүрэг, 16 хороо, Бэлхийн 11 гудамж, 282а тоот хаягт байршилтай, 72м2 талбайтай, Y-2203031875 дугаарт бүртгэлтэй, хувийн сууц, мөн хаягт байршилтай 700м2 газар үл хөрөнгүүдийн 45,170,400 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Г.Батсайханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн шүүгчийн 2020 оны 04 сарын 15-ны өдрийн 102/ШЗ2020/05882 дугаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн Хүсэлт шийдвэрлэх тухай захирамж хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1438 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2020/01524 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Г.Батсайхан хяналын журмаар гаргасан гомдолдоо: ...Г.Батсайханы нэхэмжлэлтэй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох хэргийг хянан хэлэлцсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 сарын 01-ний өдрийн 1438 дугаар магадлалыг эс зөвшөөрч, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: Үл хөдлөх эд хөрөнгийг хэрхэн үнэлэх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2 дахь заалтад зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгө шинжээчээр үнэлүүлнэ гэж заасан. Мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн тогтооно гэж тодорхой заасан байдаг. Дээрх хуулийн заалтаас харахад нэгдүгээрт үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаа явуулахаас өмнө төлбөр төлөгч болон төлбөр авагч нарыг хооронд нь тохиролцох боломжоор хангах ёстой. Хэрэв тохиролцоонд хүрэхгүй бол хоёрдугаарт эрх бүхий этгээд үнэлгээчин буюу шинжээч томилох ёстой. Гэтэл бидэнд төлбөр авагчтай уулзаж үл хөдлөх эд хөрөнгийн талаар үнэ тохирох боломжоор хангаагүй нь процессийн алдаа байсан байтал ийнхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.
Цаашлаад, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гол нөхцөлүүдийн нэг нь хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх явдал байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад талуудаас гаргасан тайлбар зэргийг бодитойгоор үнэлэлгүйгээр илт үндэслэл муутай шийдвэр гаргасан. Үүнд анхан шатны шүүхийн шийдвэрт Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн хэргийн 12 дугаар талд авагдсан 2013.09.05-ны өдрийн үйлчилгээний барилгын үнэлгээний тайлан баримт нь 2016.10.06-ны өдрийн үнэлгээтэй холбоотой, харин сүүлд гаргасан Баян модот ХХК-ийн үнэлгээтэй хамааралгүй гэж шүүх үзсэнийг тайлбарлах хэрэгтэй гэж бичсэн байна. Өмнөх шүүх хуралд ашиглагдсан нотлох баримт дараагийн шүүх хуралд хамааралгүй болно гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Баян модот ХХК үнэлсэн үнэлгээг бидэнд үзүүлээгүй бөгөөд үнэлгээний ямар аргууд ашигласан нь тодорхойгүй бөгөөд зөвхөн үнийн дүнг мэдэгдсэн болно. Бидний зүгээс үнэлгээний компани голлон ашигладаг харьцуулсан судалгааны материал нь unegui.mn сайтаас авагддаг гэж бодож байгаа бөгөөд тухайн сайтаас бид харьцуулсан мэдээллүүдийг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн болно.
Г.Батсайхан нь шүүх хуралдааны явцад барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг 2013 онд үнэлүүлсэн үнэлгээний тайланг нотлох баримтаар гаргаж өгсөн. Тус үл хөдлөх эд хөрөнгийг худалдаа, үйлдвэрлэлийн ГБЗЛ ХХК нь Өртгийн хандлагаар тооцон 73,579,200 төгрөгөөр, Зах зээлийн хандлагаар тооцон 68,400,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байсан. 7 жилийн дотор энэ үл хөдлөх хөрөнгө бараг 5 дахин үнэ цэнээ алдана гэж байх учиргүй. Ийнхүү шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хөндлөнгийн шинжээчийн үнэлсэн үнэлгээ болон нотлох баримтын шаардлага хангуулан гаргасан үнэлгээг харьцуулан үзэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь нотлох баримтыг бодитой үнэлээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн шинжлээгүй болохыг харуулж байна. Дээрх ноцтой зөрчлүүдээс үүдэн иргэний эд хөрөнгийг зах зээлийн үнээс багаар үнэлэн бусдад шилжүүлэх нөхцөл байдал үүсээд байна. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.15-ны өдрийн 102/ШШ2020/01524 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.01-ний өдрийн 1438 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Бидний зүгээс төлбөрөө төлөхгүй гэж хэлээгүй зөвхөн ном журмын дагуу хуулийн хүрээнд, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж өгөхийг хүсэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Г.Батсайхан нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үнэлгээ хуульд нийцсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.
Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна гэж үзэв.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.5.04-ний өдрийн 3660 дугаар шүүгчийн захирамжаар Хөгжил финанс ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн төлбөрийн 17,382,370 төгрөгийг хариуцагч Г.Батсайхан, Г.Золжаргал нар 2016.6.20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Төлбөр төлөгч захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэгчээс албадан гүйцэтгүүлэхээр гаргасан шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн Г.Батсайханы өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Бэлхийн 11-р гудамж, 282а тоот хаягт байрлах хувийн сууц, мөн хаягт байрлах У.Төгсөөгийн эзэмшлийн 700 м.кв газрыг битүүмжлэн, хурааж авсан байх ба талууд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй тул шинжээчээр томилогдсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь орон сууц, газрыг нийт 15,420,000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч Г.Батсайхан үнэлгээг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017.9.15-ны өдрийн 965 дугаар тогтоолоор дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилсэн, хураасан, үнэлгээ тогтоосон ажиллагааг тус тус хүчингүй болгосон, эдгээр үйл баримттай зохигч маргаагүй байна.
Улмаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үргэлжилж, хариуцагчаас төлбөр төлөгч нарт төлбөрөө барагдуулахыг удаа дараа мэдэгдсэн ба шийдвэр гүйцэтгэгчийн 2020.01.22-ны өдрийн 16250967/14 дугаартай тогтоолоор мөн л Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Бэлхийн 11-р гудамж, 282а тоот хаягт байрлах 72 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв газрыг битүүмжлэн, 2020.02.07-ны өдрийн 16250967/15 дугаартай тогтоолоор хураан авч, төлбөр авагч, төлбөр төлөгч нарын гаргасан шинжээч томилж үнэлгээ хийлгэх хүсэлтүүдийг үндэслэн шинжээчээр Баян модот ХХК-ийг томилжээ. Тус үнэлгээний компани нь 2020.3.05-ны өдрийн үнэлгээний тайлангаар орон сууц, газрыг нийт 45.170.400 төгрөгөөр үнэлсэн, дээрх байдлаар үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хураасан, мөн үнэлгээ тогтоосон ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.
Түүнчлэн шийдвэр гүйцэтгэгч үнэлгээний талаарх шинжээчийн дүгнэлтийг төлбөр төлөгч нарт 2020.3.09-ний өдөр мэдэгдсэн /хх-ийн 215-235/, нэхэмжлэгч Г.Батсайхан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болох хугацааг хэтрүүлж, 2020.3.27-ны өдөр гомдол гаргасан нь тогтоогджээ.
Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч үнэлгээний талаар гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн, мөн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдэл зөв тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/01524 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1438 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА
Г.ЦАГААНЦООЖ