Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/01263

 

 

Ашид аривжих үндэс ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/02471 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 116 дугаар магадлалтай,

 

Ашид аривжих үндэс ХХК-ийн нэхэмжлэлтэй

Бээжин интоксикэйшн интернэйшнл трейд монгол ХХК-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 358,143,457 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүүгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2019.01.02-ны өдөр Бээжин интоксикэйшин интэрнэйшнл трейд монгол ХХК-тай өвс нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу манайх Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Бээжин интоксикэйшн интернэйшнл трейд монгол ХХК-д өвс нийлүүлж, хүлээж авсан өвсний үнийг төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний 6 дугаар зүйлд зааснаар А талын талбайд пүүлж гаргасан бодит хэмжээгээр тооцож, шалгаж хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор Б тал нэхэмжлэл илгээнэ. А тал нэг удаагийн төлөлтөөр нэг тооцоог хийнэ. Гэрээний 7 дугаар зүйлд Ашид аривжих үндэс ХХК хэрэв өвс нийлүүлэх хугацааг хойшлуулсан, Бээжин интоксикэйшн интернэйшнл трейд монгол ХХК төлбөр тооцоог удаасан тохиолдолд өдрийн 0.3 хувиар алданги тооцон нөгөө талдаа төлөхөөр тохиролцсон. Манай компани 2019.01 сараас 2019.03 сарын хугацаанд Бээжин интоксикэйшн интернэйшнл трейд монгол ХХК-д өвсийг гэрээнд заасан чанарын үзүүлэлт, хэмжээнд нийцүүлж нийт 1306.3 тонн өвсийг нийлүүлсэн. Бээжин интоксикэйшн интернэйшнл трейд монгол ХХК өвс хүлээж авахдаа болон хүлээн авсны дараа өвсний чанарын асуудлаар манай компанитай маргаж байгаагүй болно. Гэрээний 6 дугаар зүйл, гэрээний нэмэлтэд зааснаар манай компани Бээжин интоксикэйшн интернэйшнл трейд монгол ХХК-ийн Замын-Үүд дэх байранд нийлүүлсэн даруй 2019.01.07-ны өдөр 46,391 юанийн, 2019.01.12-ны өдөр 28,409,348 төгрөгийн, 2019.01.14-ний өдөр 13,586,170 төгрөгийн, 2019.01.21-ний өдөр 22,075,458 төгрөгийн, 2019.01.22-ны өдөр 55,884,774 төгрөгийн, 2019.01.28-ны өдөр 37,998,852 төгрөгийн, 2019.01.30-ны өдөр 112,082,733 төгрөгийн, 2019.03.01-ний өдөр 199,006,089 төгрөгийн, 2019.03.11-ний өдөр 61,047,939 төгрөгийн, 2019.03.18-ны өдөр 9,850,755 төгрөгийн нэхэмжлэлүүд хүргүүлсэн. Манай компанийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн дагуу Бээжин интоксикэйшн интернэйшнл трейд монгол ХХК 2019.01.07-ны өдөр 46,391 юань буюу 28,409,348 төгрөг, 2019.01.14-ний өдөр 13,586,170 төгрөгийг хугацаандаа манай компанид шилжүүлсэн. Харин 2019.03.01-ний өдрийн нэхэмжилсэн 199,006,089 төгрөгийг бүтэн шилжүүлээгүй 107 хоногийн хугацаа хэтрүүлж 2019.06.15-ны өдрийн байдлаар 63,880,955 төгрөгийн алданги төлөх үүрэг үүссэн байна. Түүнчлэн бусад нэхэмжлэлийн дагуу өвсний үнийг төлөхдөө Бээжин интоксикэйшн интернэйшнл трейд монгол ХХК хугацаандаа төлбөр шилжүүлэх дараах байдлаар зөрчсөн. Үүнд, 2019.01.16-ны өдөр өвсний үнэ 28,887,651 төгрөгийн 9 хоногоор хугацаа хэтрүүлж 779,967 төгрөгийн алданги, 2019.01.16-ны өдөр өвсний үнэ 32,123,752 төгрөгийн 9 хоногоор хугацаа хэтрүүлж 867.341 төгрөгийн алданги, 2019.01.21-ний өдөр өвсний үнэ 22,075,458 төгрөгийн 6 хоногоор хугацаа хэтрүүлж 397,358 төгрөгийн алданги, 2019.01.22-ны өдөр өвсний үнэ 55,884,774 төгрөгийн 5 хоногоор хугацаа хэтрүүлж 838,272 төгрөгийн алданги, 2019.01.28-ны өдөр өвсний үнэ 37,998,852 төгрөгийг 95 хоногоор хугацаа хэтрүүлж 10,829,672 төгрөгийн алданги, 2019.01.30-ны өдөр өвсний үнэ 112,082,733 төгрөгийг 93 хоногоор хугацаа хэтрүүлж 31,271,083 төгрөгийн алданги, 2019.03.11-ний өдөр өвсний үнэ 61,047,939 төгрөгийг 76 хоногоор хугацаа хэтрүүлж 13,918,930 төгрөгийн алданги, 2019.03.18-ны өдөр өвсний үнэ 9,850,755 төгрөгийн 70 хоногоор хугацаа хэтрүүлж 2,068,659 төгрөгийн алданги тус бүр манай компанид шилжүүлэх үүрэг үүссэн байна. Иймд Бээжин интоксикэйшн интернэйшнл трейд монгол ХХК-аас 2019.03.01-ний өдрийн нийлүүлсэн өвсний үнэ 199,006,089 төгрөг, алданги 63,880,955 төгрөг, мөн 2019.01.16-ны өдрөөс 2019.03.18-ны өдрүүдэд өвсний үнийг хугацаа хэтрүүлж шилжүүлсний алданги 60,917,281 төгрөг нийт 323,858,326 төгрөг гаргуулахаар анх нэхэмжлэл гаргасан. Мөн ажиллагааны явцад 2019.06.24-ний өдрөөс 2019.06.25-ны өдрүүдэд 65760 кг өвс буюу 30,693,940 төгрөгийн өвсийг хүлээлгэж өгсөн. Гэвч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул уг өвсний үнийг алдангийн 3,591,191 төгрөгийн хамт нийт 34,285,131 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд гэрээний үүрэгт 358,143,457 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Хариуцагч Бээжин интоксикэйшн интернэйшнл трейд монгол ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 2019.06.20-ны өдөр 99,006,089 төгрөгийг, 2019.07.01-ний өдөр 100,000,000 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд нийт нэхэмжлэлийн шаардлагаас 199,006,089 төгрөгийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хасаж тооцоход татгалзах зүйлгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нийт 1306.3 тн өвсийг авсан асуудлаар маргаан байхгүй, мөн нэхэмжлэлийн шаардлагын сүүлд нэмэгдүүлсэн хэсэг болох 2019.06.24-ний өдрөөс 2019.06.25-ны өдрүүдэд 65760 кг өвсний үнэ 30,693,940 төгрөгийн өвсийг хүлээлгэж өгсөн. Гэвч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул уг өвсний үнийг алдангийн 3,591,191 төгрөгийн хамт нийт 34,285,131 төгрөгийг гаргуулах шаардлагыг зөвшөөрч байна. Манай компани нийт худалдаж авсан өвсний үнийг 2019.07.01-ний өдөр гэхэд бүрэн төлж барагдуулсан бөгөөд гэрээнд заасан алдангийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд гэрээ байгуулагдсанаас хойш 2019.01.03-ны өдрөөс 2019.06 дугаар сар хүртэл нийт 1306 тонн өвс, тэжээл худалдан авсан. Нийт 1306 тонн өвс авсанд ямар нэг маргаан байхгүй. Нийт 1306 тонн худалдан авснаас 2019.01.07-ны өдөр 46,392 юань буюу тухайн өдрийн ханшаар 377 төгрөгөөр тооцож, 17,489,407 төгрөг, 2019.01.19-ний өдөр 41,995,518 төгрөг, 2019.01.30-ны өдөр 138,971,635 төгрөг, 2019.05.07-ны өдөр 150,081,585 төгрөг, 2019.05.30-ны өдөр 70,898,694 төгрөг, 2019.06.20-ны өдөр 99,089,000 төгрөг, 2019.07.01-ний өдөр 100,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Хариуцагч компани нэхэмжлэгч компаниас сүүлд худалдаж авсан 30,690,900 төгрөгийг төлөөгүй байгаа ба төлөхөө хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй гэрээнд заасан алданги 120,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6 дугаар зүйлд 3 хоногийн дотор төлбөрийг төлнө гэж тохиролцсон. Гэрээ байгуулснаас хойш 2019.01.03-ны өдрөөс 2019.06 дугаар сар хүртэл тогтмол Ашид аривжих үндэс ХХК-аас өвс нийлүүлж, хариуцагч компани хүлээн аван санхүүгийн боломж бололцоотой үедээ төлбөрийг шилжүүлж байсан. Нэхэмжлэгч компани манай компанид нэхэмжлэх ирүүлж, түүний дагуу мөнгө шилжүүлсэн гэж тайлбарлах боловч манай компанид бодитоор хүргүүлж байсан зүйл байдаггүй. 2019.06 дугаар сар хүртэл явахад манай компаниас ямар нэг гэрээний үүрэгт алданги нэхэмжилсэн зүйл байгаагүй учраас хариуцагч компани өвсний үнийг бид боломжоороо төлөөд байж болох юм байна, алдангийн талаар гэрээнд заасан хэдий ч алданги нэхэмжилсэн зүйл байхгүй юм байна гэж ойлгож байсан. Нэхэмжлэгч компани 2019.06.20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг бөгөөд бид нэхэмжлэлийг 2019.07.01-ний өдөр гардаж авсан. Нэхэмжлэлийг аваагүй байхдаа бид 2019.06.20-ны өдөр, 2021.07.01-ний өдрүүдэд нийт 199,006,089 төгрөг төлсөн. Энэ төлбөрийг хийх явцдаа нэхэмжлэгч компаниас 67 тонн өвс авсан ба энэ худалдан авах явцад ямар нэг алдангийн асуудал яригдаагүй. Бидний зүгээс гэрээнд заасан 1 жилийн хугацааны тэжээл авах юм байна гэж ойлгож байсан ба хамгийн сүүлд 67 тонн өвс авснаас хойш дахин өвс авахаа зогсоосон. Шүүхэд эвийн журмаар шийдвэрлүүлэх санал гаргасан боловч эвлэрлийн журмаар шийдвэрлэгдээгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй 128,389,427 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Бид гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байсан гэдэг ойлголттой байсан. Харин сүүлд нийлүүлсэн 67 тонн өвсний төлбөр 30,693,940 төгрөгийг, алданги 3,591,191 төгрөг, нийт 34,285,131 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Ийм учраас 34,285,131 төгрөгөөс бусад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/02471 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Бээжин интоксикэйшн интернэйшнл трейд монгол ХХК-аас гэрээний үүрэгт 30,693,940 төгрөг, алданги 23,491,800 төгрөг, нийт 54,185,740 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ашид аривжих үндэс ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 104,897,627 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ашид аривжих үндэс ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,107,243 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Бээжин интоксикэйшн интернэйшнл трейд монгол ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 428,878 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ашид аривжих үндэс ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 116 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/02471 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 232.8 гэсний дараа 232.4 гэж, алданги 23,491,800 төгрөг, нийт 54,185,740 төгрөгийг гэснийг алданги 67,472,146 төгрөг, нийт 98,166,086 төгрөгийг гэж, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 104,897,627 төгрөгийг гэснийг үлдэх 60,917,281 төгрөгийг гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын 428,878 гэснийг 648,780 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 682,440 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү миний бие 2020.02.07-ны өдөр хүлээн авч танилцаад магадлалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах гомдлыг гаргаж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагад нийцсэн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэсэн бодит байдалд нийцсэн шийдвэр гэж үзэж байгаа бөгөөд тухайн маргааныг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй хууль хэрэглээний алдаатай магадлал гарсан гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт ...Өвс тэжээлийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор тухай бүр төлбөрийг нэг удаагийн төлөлтөөр төлөх гэрээний үүргээ худалдан авагч Бээжин интоксикейшн интернэйшнл трейд монгол ХХК зөрчиж хугацаа хожимдуулсан хоногийн жагсаалтаар гаргаж, алдангийг гэрээнд заасан 0.3 хувиар тооцож нэгтгэсэн тооцооллыг нэхэмжлэгчээс шүүхэд гаргасныг хариуцагч баримтаар үгүйсгэж няцаагаагүй ...Харин хариуцагч нь 2019.03.01-ний өдөр хүлээж авсан өвс тэжээлийн үнэ 199,006,089 төгрөгийг болон 2019.06.24-25- ны өдрүүдэд нийлүүлсэн 67.760 кг өвсний үнэ 30,693,940 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч шүүхэд хандсан байх бөгөөд дурдсан төлбөрийг, алдангийн хамт гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг болон гэрээний заалтад нийцнэ... гэж дүгнэсэн нь өөрөө хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад тулгуурлаагүй, хууль хэрэглээний хувьд алдаатай магадлал гаргах үндэслэл болжээ. Тодруулбал талуудын хооронд 2019.01.02-ны өдөр нэг жилийн хугацаанд Ашид арвижих үндэс ХХК-аас манай компани 5500 тонн өвс, тэжээл авахаар гэрээ байгуулсны дагуу 2019.01.03-ны өдрөөс эхлэн өвс, тэжээл авч эхэлсэн. Худалдах худалдан авах гэрээний 6 дугаар зүйлд нэхэмжлэгчийн ирүүлсэн нэхэмжлэлийг үндэслэн төлбөрийг 3 хоногийн хугацаанд бөөнд нь төлнө гэж заасан заалтын дагуу Ашид арвижих үндэс ХХК-аас манай компаниас тогтмол нийлүүлж буй өвсний үнийг хэд хэдэн өвс нийлүүлсэн төлбөрийг санхүүгийн боломжтой үедээ төлсөөр ирсэн бөгөөд өвс нийлүүлэгч талын зүгээс ч биднийг өвс нийлүүлэх хугацаанд ямар нэг байдлаар гэрээний үүргээ зөрчиж байгаа тухай мэдэгдээгүй, гомдлын шаардлага гаргаж байгаагүй бөгөөд энэхүү нөхцөл байдлыг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т заасны дагуу манай компани гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байна гэж үзсэн. Давж заалдах шатны шүүх манай компанийг гэрээний үүргээ зөрчсөн алданги тооцох үндэслэлтэй гэж дүгнэхдээ нэг ижил тохиолдлыг хоёр өөр байдлаар тайлбарлан дүгнэсэн нь ойлгомжгүй юм. Учир нь нэхэмжлэл гаргахаас өмнө төлөгдөж дууссан өвсний төлбөрт алданги тооцож 60,971,282 төгрөгийг хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн атлаа 2019.06.20-ны өдөр буюу нэхэмжлэл гаргахаас өмнө төлөгдсөн 100,000,000 төгрөгийн төлбөрт алданги тооцож байгаа нь дээр хийсэн дүгнэлтээ үгүйсгэсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ашид арвижих үндэс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2019.06.20, 2019.07.01-ний өдрүүдэд төлсөн 199,006,089 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан зэргээс үзэхэд шүүхэд хандан нэхэмжлээгүй төлбөрт алданги тооцох нь давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлээ болгосон хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзэх боломжгүй байна. Манай компанийн хувьд өвс худалдах худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж тухайн үүргийг Ашид арвижих үндэс ХХК нь хүлээн авсаар байсан нь 2019.06.24-25 хүртэл гэрээнд заасны дагуу өвс нийлүүлж байсан зэргээс тодорхой харагддаг. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Ашид аривжих үндэс ХХК, Бээжин интоксикэйшн интернэйшнл трейд монгол ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 229,700,029 төгрөг, алданги 128,389,427 төгрөг, нийт 358,143,457 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч үндсэн төлбөрөөс 199,006,089 төгрөг /2019.03.01-ний өдөр нийлүүлсэн өвсний үнэ/ төлж, үлдэх 30,693,940 төгрөг /2019.06.01-ний өдөр нийлүүлсэн өвсний үнэ/, уг төлбөрийн хугацаа хэтрүүлсний алданги 3,591,191 төгрөг, нийт 34,285,131 төгрөг төлөхийг зөвшөөрч, бусад алданги гаргуулах шаардлагыг зөвшөөрөөгүй маргажээ.

 

Анхан шатны шүүх 54,185,740 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нийт 98,166,086 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

 

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Зохигчийн хооронд 2019.01.02-ны өдөр байгуулагдсан Өвс нийлүүлэх гэрээ-ээр Ашид арвижих үндэс ХХК нь гэрээ байгуулснаас хойш тухайн оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 4000 тн овъёосны ногоон тэжээл, 1500 тн байгалийн хадлангийн өвс нийлүүлэх үүргийг, Бээжин интоксикэйшн интернэйшнл трейд монгол ХХК нь овъёосны ногоон тэжээлийг 1 тн тутмыг 1210 юань, байгалийн хадлангийн өвсийг 1 тн тутмыг 825 юань төлж авахаар тохирсон нь тогтоогджээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, ...буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Дээрхээс үзвэл, зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн үндсэн төлбөрийн төлөөгүй хэсэг 30,693,940 төгрөг, уг төлбөрт ногдох алданги 3,591,191 төгрөг, бүгд 34,285,131 төгрөгийг хариуцагч төлөхөө хүлээн зөвшөөрчээ.

 

Гэрээний 7.1-д ...А тал төлбөр тооцоог удаасан тохиолдолд үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.3 хувиар алданги төлнө гэж заасан бөгөөд 2019.01.02-ны өдрөөс мөн оны 3 дугаар сарын 01-ний өдөр нийт 9 удаа нийлүүлсэн өвсний үнийг хариуцагч хугацаа хэтрүүлж төлсөнтэй холбоотой алданги төлөх эсэх нь зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл болсон байна.

 

Анхан шатны шүүх, хариуцагч нь өмнөх 8 удаагийн төлбөрийг боломжит байдлаар төлсөн гэж үзэн, харин 2019.03.01-ний өдрийн нийлүүлсэн өвсний үнэ 199,006,089 төгрөгийн /нэхэмжлэл гарсны дараа төлөгдсөн/ 10 хувиар алдангид 19,900,609 төгрөг гаргуулахдаа тооцооллыг алдангийн агуулгаас өөрөөр тодорхойлсноос гадна анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэсэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан ямар нөхцөлийг үндэслэл болгож алдангийг бууруулснаа шийдвэртээ тайлбарлаагүй байна.

 

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг харьцуулан үнэлж дээрх 199,006,089 төгрөг төлөх хугацаа хэтрүүлсэн 107 хоногоор алдангид 63,880,955 төгрөг /нэхэмжлэгчийн тооцоолсон хэмжээгээр/ гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчөөгүй байна. Уг үндсэн төлбөр болон түүнд ногдох алдангийг нэхэмжлэгч шаардсан бөгөөд хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн төлбөрийг төлсөн нь түүнд бодогдох хугацаа хэтрүүлсний алданги шаардах эрхийг үгүйсгэхгүй тул хариуцагчийн давж заалдах шатны шүүх нэхэмжлээгүй төлбөрт алданги тооцсон гэх гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 116 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.02.21-ний өдөр төлсөн 378,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД