Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2019/02471

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2019/02471

Улаанбаатар хот

 

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                       

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: А ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй 

 

Хариуцагч: Б ХХК /РД/-д холбогдох 

 

Гэрээний үүрэгт 358 143 457 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү, хариуцагчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авав.

                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч А ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б ХХК-тай өвс нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу манайх Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Б ХХК-нд өвс нийлүүлж, БХХК хүлээж авсан өвсний үнийг төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний 6-р зүйлд зааснаар А талын талбайд пүүлж гаргасан бодит хэмжээгээр тооцож, шалгаж хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор Б тал нэхэмжлэл илгээнэ. А тал нэг удаагийн төлөлтөөр нэг тооцоог хийнэ. Гэрээний 7-р зүйлд А ХХК хэрэв өвс нийлүүлэх хугацааг хойшлуулсан, Б ХХК төлбөр тооцоог удаасан тохиолдолд өдрийн 0,3 хувиар алданги тооцон нөгөө талдаа төлөхөөр тохиролцсон. Манай компани 2019 оны 01 сараас 2019 оны 03 сарын хугацаанд Б ХХК-нд өвсийг гэрээнд заасан чанарын үзүүлэлт, хэмжээнд нийцүүлж нийт 1306.3 тонн өвсийг нийлүүлсэн. Б ХХК өвс хүлээж авахдаа болон хүлээн авсны дараа өвсний чанарын асуудлаар манай компанитай маргаж байгаагүй болно. Гэрээний 6-р зүйл, гэрээний нэмэлтэд зааснаар манай компани Б ХХК-ний Замын-Үүд дэх байранд нийлүүлсэн даруй 2019 оны 01 сарын 07-нд 46 391 юанийн, 2019 оны 01 сарын 12-нд 28 409 348 төгрөгийн, 2019 оны 01 сарын 14-нд 13 586 170 төгрөгийн, 2019 оны 01 сарын 21-нд 22 075 458 төгрөгийн, 2019 оны 01 сарын 22-нд 55 884 774 төгрөгийн, 2019 оны 01 сарын 28-нд 37 998 852 төгрөгийн, 2019 оны 01 сарын 30-нд 112 082 733 төгрөгийн, 2019 оны 03 сарын 01-ны өдөр 199 006 089 төгрөгийн, 2019 оны 03 сарын 11-нд 61 047 939 төгрөгийн, 2019 оны 03 сарын 18-нд 9 850 755 төгрөгийн нэхэмжлэлүүд хүргүүлсэн. Манай компанийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн дагуу Б ХХК 2019 оны 01 сарын 07-ний 46 391 юань буюу 28 409 348 төгрөг, 2019 оны 01 сарын 14-нд 13 586 170 төгрөгийг хугацаандаа манай компанид шилжүүлсэн. Харин 2019 оны 03 сарын 01-ний өдрийн нэхэмжилсэн 199 006 089 төгрөгийг бүтэн шилжүүлээгүй 107 хоногийн хугацаа хэтрүүлж 2019 оны 06 сарын 15-ны өдрийн байдлаар 63 880 955 төгрөгийн алданги төлөх үүрэг үүссэн байна. Түүнчлэн бусад нэхэмжлэлийн дагуу өвсний үнийг төлөхдөө Б ХХК хугацаандаа төлбөр шилжүүлэх дараах байдлаар зөрчсөн. Үүнд: 2019 оны 01 сарын 16-ны өвсний үнэ 28 887 651 төгрөгийн 9 хоногоор хугацаа хэтрүүлж 779 967 төгрөгийн алданги, 2019 оны 01 сарын 16-ны өвсний үнэ 32 123 752 төгрөгийн 9 хоногоор хугацаа хэтрүүлж 867 341 төгрөгийн алданги, 2019 оны 01 сарын 21-ний өвсний үнэ 22 075 458 төгрөгийн 6 хоногоор хугацаа хэтрүүлж 397 358 төгрөгийн алданги, 2019 оны 01 сарын 22-ны өвсний үнэ 55 884 774 төгрөгийн 5 хоногоор хугацаа хэтрүүлж 838 272 төгрөгийн алданги, 2019.01.28-ны өвсний үнэ 37 998 852 төгрөгийг 95 хоногоор хугацаа хэтрүүлж 10 829 672 төгрөгийн алданги, 2019 оны 01 сарын 30-ны өвсний үнэ 112 082 733 төгрөгийг 93 хоногоор хугацаа хэтрүүлж 31 271 083 төгрөгийн алданги, 2019 оны 03 сарын 11-ний өвсний үнэ 61 047 939 төгрөгийг 76 хоногоор хугацаа хэтрүүлж 13 918 930 төгрөгийн алданги, 2019 оны 03 сарын 18-ны өвсний үнэ 9 850 755 төгрөгийн 70 хоногоор хугацаа хэтрүүлж 2 068 659 төгрөгийн алданги тус бүр манай компанид шилжүүлэх үүрэг үүссэн байна. Иймд Б ХХК-иас 2019 оны 03 сарын 01-ний өдрийн нийлүүлсэн өвсний үнэ 199 006 089 төгрөг, алданги 63 880 955 төгрөг, мөн 2019 оны 01 сарын 16-наас 2019 оны 03 сарын 18-ны өдрүүдэд өвсний үнийг хугацаа хэтрүүлж шилжүүлсний алданги 60 917 281 төгрөг нийт 323 858 326 төгрөг гаргуулахаар анх нэхэмжлэл гаргасан. Мөн ажиллагааны явцад 2019.06.24-нөөс 2019.06.25-ны өдрүүдэд 65 760 кг өвс буюу 30 693 940 төгрөгийн өвсийг хүлээлгэж өгсөн. Гэвч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул уг өвсний үнийг алдангийн 3 591 191 төгрөгийн хамт нийт 34 285 131 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд гэрээний үүрэгт 358 143 457 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Хариуцагч  Б ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 2019 оны 6 сарын 20-ны өдөр 99 006 089 төгрөгийг, 2019 оны 7 сарын 01-ний өдөр 100 000 000 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд нийт нэхэмжлэлийн шаардлагаас 199 006 089 төгрөгийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хасаж тооцоход татгалзах зүйлгүй гэв.  

 

Хариуцагч Бээжин Интоксикэйшн Интэрнэйшнл Трейд Монгол ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нийт 1 306,3 тн өвсийг  авсан асуудлаар маргаан байхгүй, мөн нэхэмжлэлийн шаардлагын сүүлд нэмэгдүүлсэн хэсэг болох 2019.06.24-нөөс 2019.06.25-ны өдрүүдэд 65 760 кг өвсний үнэ 30 693 940 төгрөгийн өвсийг хүлээлгэж өгсөн. Гэвч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул уг өвсний үнийг алдангийн 3 591 191 төгрөгийн хамт нийт 34 285 131 төгрөгийг гаргуулах шаардлагыг зөвшөөрч байна. Манай компани нийт худалдаж авсан өвсний үнийг 2019 оны 7 сарын 01-ний өдөр гэхэд бүрэн төлж барагдуулсан бөгөөд гэрээнд заасан алдангийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд гэрээ байгуулагдсанаас хойш 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 06 сар хүртэл нийт 1306 тонн өвс, тэжээл худалдан авсан. Нийт 1306 тонн өвс авсанд ямар нэг маргаан байхгүй. Нийт 1306 тонн худалдан авснаас 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 46 392 юань буюу тухайн өдрийн ханшаар 377 төгрөгөөр тооцож, 17 489 407 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 41 995 518 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 138 971 635 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 150 081 585 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 70 898 694 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 99 089 000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 100 000 000 төгрөг тус тус шилжүүлсэн. Хариуцагч компани нэхэмжлэгч компаниас сүүлд худалдаж авсан 30 690 900 төгрөгийг төлөөгүй байгаа ба төлөхөө хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй гэрээнд заасан алданги 120 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6 дугаар зүйлд 3 хоногийн дотор төлбөрийг төлнө гэж тохиролцсон. Гэрээ байгуулсанаас хойш 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сар хүртэл тогтмол А ХХК-иас өвс нийлүүлж, хариуцагч компани хүлээн аван санхүүгийн боломж бололцоотой үедээ төлбөрийг шилжүүлж байсан. Нэхэмжлэгч компани манай компанид нэхэмжлэх ирүүлж, түүний дагуу мөнгө шилжүүлсэн гэж тайлбарлах боловч манайд компанид бодитоор хүргүүлж байсан зүйл байдаггүй. 2019 оны 06 дугаар сар хүртэл явахад манай компаниас ямар нэг гэрээний үүрэгт алданги нэхэмжилсэн зүйл байгаагүй учраас хариуцагч компани өвсний үнийг бид боломжоороо төлөөд байж болох юм байна, алдангийн талаар гэрээнд заасан хэдий ч алданги нэхэмжилсэн зүйл байхгүй юм байна гэж ойлгож байсан. Нэхэмжлэгч компани 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг бөгөөд бид нэхэмжлэлийг 2019 оны 7 сарын 1-ний өдөр гардаж авсан. Нэхэмжлэлийг аваагүй байхдаа бид 2019 оны 06 дугаар сарын 20, 7 дугаар сарын 01-ний өдрүүдэд нийт 199 006 089 төгрөг төлсөн. Энэ төлбөрийг хийх явцдаа нэхэмжлэгч компаниас 67 тонн өвс авсан ба энэ худалдан авах явцад ямар нэг алдангийн асуудал яригдаагүй. Бидний зүгээс гэрээнд заасан 1 жилийн хугацааны тэжээл авах юм байна гэж ойлгож байсан ба хамгийн сүүлд 67 тонн өвс авснаас хойш дахин өвс авахаа зогсоосон. Шүүхэд эвийн журмаар шийдвэрлүүлэх санал гаргасан боловч эвлэрлийн журмаар шийдвэрлэгдээгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй 128 389 427 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Бид гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байсан гэдэг ойлголттой байсан. Харин сүүлд нийлүүлсэн 67 тонн өвсний төлбөр 30 693 940 төгрөгийг, алданги 3 591 191 төгрөг, нийт 34 285 131 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Ийм учраас 34 285 131 төгрөгөөс бусад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  А ХХК хариуцагч Б ХХК-д холбогдуулан шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ гэрээний үүрэгт 199 006 089 төгрөг, алданги 124 798 236 төгрөг, нийт 323 858 326 төгрөг гаргуулахаар шаардснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг гэрээний үүрэгт 30 693 940 төгрөг, алданги 3 591 191 төгрөг, нийт 34 285 131 төгрөгөөр нэмэгдүүлж, гэрээний үүрэгт 229 700 029 төгрөг, алданги 128 389 427 төгрөг, нийт 358 143 457 төгрөг болгож нэмэгдүүлжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б ХХК нь нэхэмжлэгч А ХХК-ийг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2019 оны 6 сарын 20-ны өдөр, 2019 оны 7 сарын 01-ний өдөр нийт 199 006 089 төгрөгийг төлж барагдуулсан байх ба зохигчид уг асуудлаар маргаагүй бөгөөд харин нэхэмжлэгч тал уг төлбөрийг нийт нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцуулна гэж тайлбар гаргасан болно.

 

Шүүх дээрх төлбөрийг үндсэн гэрээний үүргээс хасаж, гэрээний үүрэгт 30 693 940 төгрөг, алданги 23 491 800 төгрөг, нийт 54 185 740 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 104 897 627 төгрөгийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хооронд 2019 оны 01 сарын 02-ны өдөр “Өвс нийлүүлэх гэрээ”  бичгийн хэлбэрээр байгуулагдсан байх ба уг гэрээгээр талууд гэрээг байгуулснаас хойш 2019 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл А ХХК /Б тал/ нь нийт 5 500 тн буюу 4 000 тн овьёосны ногоон тэжээл, 1 500 тн байгалийн хадлангийн өвс нийлүүлэх, Б ХХК /А тал/ нь овьёосны ногоон тэжээлийг 1 тонныг 1210 юань, байгалийн хадлангийн өвсийг 1 тонныг 825 юаниар худалдаж авахаар, А талын талбайд пүүлж тооцсон бодит хэмжээгээр тооцож, шалган хүлээж авснаас хойш ажлын 3 хоногийн дотор Б тал нэхэмжлэл илгээнэ. А тал төлбөрийг нэг удаагийн төлөлтөөр төлбөр тооцоог хийх, төлбөр төлөх хугацаа, хожимдуулснаас тооцох алданги зэргийг хэрхэн тооцохыг тохиролцож, улмаар 2019 оны 01 сарын 05-ны өдрийн нэмэлт гэрээнд “... А талын талбайд пүүлж тооцсон бодит хэмжээгээр тооцож, шалган хүлээж авснаас хойш ажлын 3 хоногийн дотор төлбөрийг нэг удаагаар төлөлтөөр төлнө.” гэж гэрээний нэмэлтээр баталгаажуулжээ./хх-ийн 10-15/

Дээрх гэрээнүүдийн дагуу 2019 оны 1 сараас 2019 оны 6 саруудад нийт 13 удаагийн нийлүүлэлт хийгдэж, улмаар төлбөрийг хугацаандаа бүрэн төлөөгүй шалтгаанаар нэхэмжлэгч тал нийлүүлэлтийг хийхээс татгалзаж, хариуцагч Б ХХК-нд нэхэмжлэх хүргүүлж, улмаар төлбөр төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч А ХХК нь 2019 оны 6 сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч Б ХХК нь 2019 оны 6 сарын 20-ны өдөр, 2019 оны 7 сарын 01-ний өдөр худалдаж авсан өвс болон тэжээлийн үнийн нийт 199 006 089 төгрөгийг төлж барагдуулсан үйл баримт тогтоогдож байна.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 8 сарын 9-ний өдөр нэхэмжлэгч нь 2019.06.24-нөөс 2019.06.25-ны өдрүүдэд нийлүүлсэн өвсний үнэ 30 693 940 төгрөгийг, алданги 3 591 191 төгрөг, нийт 34 285 131 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдан авагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Хариуцагч Б ХХК нь нэхэмжлэгч А ХХК-ийн нийлүүлсэн тэжээл болон өвсийг хүлээн авсан боловч үнийг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх ба талууд гэрээний үүрэгт 30 693 940 төгрөгийг төлөөгүй талаар маргаангүй байх ба хариуцагч тал нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алдангийн 3 591 191 төгрөгийн хамт нийт 34 285 131 төгрөгийг төлөхийг зөвшөөрч тайлбар гаргасан байна.

Харин 2019 оны 1 сараас 2019 оны 3 саруудад нийлүүлсэн өвсний үнийг бүрэн шилжүүлээгүй 9-107 хоногийн хугацаа хэтрүүлсэн тул гэрээнд зааснаар алданги 124 798 236 төгрөгийг гаргуулна гэснийг дараах үндэслэлээр бүхэлд нь хангах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Талуудын байгуулсан үндсэн гэрээ болон нэмэлт гэрээнүүдэд худалдан авсан өвсний үнийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3%-иар тооцож, хоног тутамд алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчөөгүй хэдий ч хариуцагч талыг гэрээний үүргийг бүхэлд нь зөрчсөн гэж нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дүнгээр алдангийг тооцож, гаргуулах үндэслэлгүй байна.

Тодруулбал, хариуцагч Б ХХК нь гэрээний төлбөр төлөх үүргийн ихэнх хэсгийг биелүүлсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэл гаргах үед төлөгдөөгүй байсан үндсэн төлбөр 199 006 089 төгрөгийн дүнгээс 10 хувиар алданги тооцож, алдангийг 19 900 609 төгрөгийн хэмжээнд гаргуулж шийдвэрлэсэн ба энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасантай нийцэж байна гэж шүүх дүгнэв.

Дээрхийг нэгтгээд хариуцагч Б ХХК-иас гэрээний үүрэгт 30 693 940 төгрөг, алданги 23 491 800 төгрөг /3 591 191+19 900 609/, нийт 54 185 740 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 104 897 627 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас гэрээний үүрэгт 30 693 940 төгрөг, алданги 23 491 800 төгрөг, нийт 54 185 740 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 104 897 627 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2 107 243 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 428 878 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.  

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                              

 

 

    

 

ДАРГАЛАГЧ                                                 Б.МӨНХЖАРГАЛ