Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2021/01150

 

  

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Г.Алтланчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/02419 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр магадлалтай,

 

*******-ийн нэхэмжлэлтэй,

*******-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 659,964,088 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Тэсэлгээний ажлыг технологийн дагуу хийгээгүйгээс учирсан хохиролд 920,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Тунгалагтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваажав, хариуцагчийн өмгөөлөгч Л.Банзрагч, Б.Тунгалагтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баяржавхлан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь *******-тай харилцан тохиролцож 2017.03.01-ний өдөр Тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх хамтын ажиллагааны 17346 тоот дугаар бүхий гэрээг Монгол Улсын Иргэний хууль болон бусад хууль тогтоомжуудад заасан үндэслэл журмын дагуу хийж уул уурхайн тэсэлгээний ажил, үйлчилгээг чанар, стандартын шаардлагад нийцүүлэн бүрэн хийж гүйцэтгэн ажилласан болно. Гэвч талуудын хооронд үл ойлголцох маргаан гарч хариуцагч тал болох *******-ийн хууль бус шаардлага шахалт болон тус компаниас 2018.07.16-ны өдөр ирүүлсэн 18/167 дугаартай гэрээ цуцлах агуулга бүхий мэдэгдлийн үндсэн дээр гэрээний дагуу хийгдэж байсан үйл ажиллагаа бүхэлдээ зогсож, гэрээг цуцлахаар болсон. Манай компанийн зүгээс гэрээ байгууллагдсанаас хойш Монгол Улсын Иргэний хуулийн холбогдох хэсэг, талуудын хооронд байгуулагдсан гэрээнийхээ үүргийг бүрэн, шударгаар биелүүлж ажиллаж ирсэн. Гэвч захиалагч тал болох *******-ийн зүгээс гэрээнийхээ үүргийг шударгаар биелүүлэлгүй хууль бус, шударга бус шаардлага тавих, гэрээгээр тохиролцоогүй ажил үүргийг хүлээлгэх, тулгах, шахалтанд оруулах, ажил гүйцэтгэлийн шатанд гүйцэтгэж буй ажил үйлчилгээтэй холбоотой нэг ч шаардлага, акт гаргаагүй, ирүүлээгүй хэрнээ гэнэт гэрээгээ цуцална, ажил үйлчилгээгээ дуусгавар болгоно гэх мэтээр гэрээгээ зөрчиж улмаар хамтын үйл ажиллагааг дуусгавар болгосон. Ингээд манай компанийн зүгээс асуудалд хүндэтгэлтэй хандаж улмаар гэрээгээ дуусгавар болгож байгаа бол гэрээнийхээ дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөө гэрээний 3 дугаар зүйлийн 3.15-д заасан гүйцэтгэгч нь тэсэлгээний ажил үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан үнэ, нөхцөлөөр авах эрхтэй, гэрээний 2 дугаар зүйлийн 2.15-д заасан Захиалагч нь гүйцэтгэсэн ажлын төлбөрийг энэхүү гэрээнд заасан үнэ нөхцөлөөр барагдуулах үүрэгтэй гэсний дагуу гүйцэтгэсэн ажлын болон гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл болох нийт 642,286,709 төгрөгийг төлж барагдуулахыг удаа дараа шаардаж байсан. Түүнчлэн энэ талаараа манай компанийн зүгээс 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 09/831 тоо дугаар Гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг шаардах агуулга бүхий шаардлагыг хүргүүлсэн ч тухайн компани нь одоог хүртэл гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй байна. Дээрхээс гадна Мост майнинг XXК нь манай компаниас явуулсан шаардлагын хариуд 2018.09.21-ны өдөр 18/215 дугаар бүхий албан бичиг ирүүлж үүндээ ******* нь байгуулсан гэрээний дагуу Айл Баян уурхайн тэсэлгээний ажил гүйцэтгэж байх хугацаандаа алдаа гаргаж, тэсэлгээ буруу хийсний улмаас урд хананд нуралт үүссэн. Энэхүү нуралтыг 2 талаас хэмжин баталгаажуулж, акт үйлдсэний дараа төлбөр тооцоо шилжигдэхийг уламжилж байна хэмээн дурьджээ. Гэтэл гэрээний дагуу бидний хийж гүйцэтгэсэн тэсэлгээний ажил үйлчилгээ бүрэн хийгдэж, бүгд амжилттай болж байсан. Ажил гүйцэтгэж байсан шатандаа огт алдаа гаргаж байгаагүй, захиалагч компанийн зүгээс ч алдаа гарсан акт, мэдэгдлийг хэзээ ч ирүүлж байгаагүй мөн түүнчлэн гэрээний дагуу ч бид хариуцагч талын хэлээд байгаа шиг ямар нэгэн эрсдэл, хариуцлага хүлээгээгүй гэрээнээс бэлхнээ харж болохоор байна. Харин тухайн компани нь хугацаа хожих гэсэндээ ингэж байгаа юу, эсвэл төлбөр төлөхөөс үнэхээр санаатайгаар зайлсхийж хуурч мэхлэх арга замаар гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй санаатай байгаа юу гэдгийг үнэхээр хэлж мэдэхгүй байгаа ба ийм хууль бус үйлдлүүд гаргаад байгаад нь бидний зүгээс харамсаж байна. Иймд талуудын хооронд 2017.03.01-ны өдөр байгуулагдсан Тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх хамтын ажиллагааны 17348 тоот дугаар бүхий гэрээний үүргийн биелэлтэд үндсэн төлбөрт 627,342,289 төгрөг, алдангид 32,621,799 төгрөг, нийт 659,964,088 төгрөгийг хариуцагчаас гаргуулан авахаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийг маань хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн холбогдох хэсэгт заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч компани нь нэхэмжлэлд дурдсан ажлыг хийсэн гэх боловч ажлаа хүлээлгэн өгөөгүй, тодорхойгүй, технологийн бус ажилласнаас их хэмжээний хохирлыг манай компанид учруулсан. 2018 оны 07 дугаар сар хүртэл тэсэлгээний ажлыг нэхэмжлэгч компаниар хийлгэж гүйцэтгэсэн. Тухайн үед тэсэлгээний далд доголдол маш их илэрч байсан. 2018 оны 07 дугаар сард уурхайн 2-р амны 760м, 750м, 740м болон 730м түвшингүүдийн эцсийн хязгаарт тулж хөрсний гулгалт үүсэж компанид маш их хэмжээний хохирол үүссэн. 765м, 750м, 740м, 730м түвшингүүдэд нийт 383,780 м.куб уулын цул, тухайн үед 720м түвшинд олборлож байсан нүүрсний давхаргыг давсан, мөн 760м түвшингөөс хананы цэвэрлэгээний ажил гэх мэт хийгдэх шаардлагагүй ажил хийж манайд их хэмжээний хохирол учирсан. Нуралт юунаас үүдэлтэй вэ гэхээр тухайн үед *******-ийн хийж байсан тэсэлгээний паспорт дээр тэсэлгээний холболтын зураг гэж өгч байгаагүй, тухайн чулуунд таарсан хэрэгсэл буруу сонгон хэрэглэж байсан үүднээс манай уурхайн эцсийн хязгаарт байдаг бермийн болон тогтворжилтын чулуу бүгд тодорхой хэмжээний битүү цохилтын нөлөөнд олон үе шатлалтай өртсөнөөр бүтэц шинж чанарын өөрчлөлтөд орж ан цавшил, сийрэгжилт авсан болно. 730м доод түвшингийн тэсэлгээнүүд үе шаттай хагарал авч нуралт үүссэн. Тухайн үед ******* цооног өдөлт, гадаргуу холболт дээр гадагшаа буюу хором удаашруулах цооног холболтын систем ашигласны улмаас хором хугацаанд буюу 21 миллсекундэд дотор тэсрэх бодисын хэмжээ маш их байснаас үүдээд хажуугийн эцсийн хана маш ихээр өртөж хагарал үүссэн. Манай уурхайд хором удаашруулалттай тэсэлгээ хийж байгаа. Энэ ямар давуу талтай вэ гэхээр хором хугацаанд тэсрэх бодисын хэмжээ маш бага байхаар. Хором хугацаанд тэсэлгээний бодис их бага байхаас шалтгаалаад доргилтын радиус их багаар тооцох боломжтой. 2018.04.21-ний хийсэн тэсэлгээг зөв хийсэн бол хажуугийн ханын хөрс нурах хэмжээ 0 байх байсан гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Оюунчулуун шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Тус шүүхэд ******* нь *******-д холбогдуулан 2017.03.01-ний өдөр байгуулагдсан Тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх хамтын ажиллагааны 17348 дугаар гэрээний төлбөрт 627,342,289 төгрөг, алдангид 32,621,799 гаргуулах нэхэмжлэл гаргасан. ******* нь тэсэлгээний ажил технологийн дагуу бус хийснээс манай компанид 920,000,000 төгрөгийн хохирол учирсан. Иймд *******-иас 920,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунтуяа сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дэх хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Гэвч Мост Майнинг ХХК-ийн зүгээс 2018.11.01-ны өдөр нэхэмжлэлтэй танилцаж, нэхэмжлэлийг гардан авсан боловч хуульд заасан хугацааны дотор хариу тайлбар гаргаж өгөөгүй бөгөөд 2018.11.27-ны өдөр шүүхэд хариу тайлбар гаргаж өгсөн явдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож... гэж заасны дагуу хариуцагч хуульд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй буюу хугацаа хожимдож үүргээ биелүүлсэн нь хариуцагч тал болох ******* нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох бүрэн үндэслэлтэй байна гэж үзэж байна. ******* нь 2018.11.30-ны өдөр *******-ийн үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Сөрөг нэхэмжлэл энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна." гэж заасан. Уг шаардлагад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлд 62.1.4 нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтаа тусгасан байна гэсний дагуу Мост Майнинг ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь энэхүү шаардлагыг бүрэн хангахгүй байна гэж үзэж байна. Учир нь сөрөг нэхэмжлэлд ******* нь тэсэлгээний ажлаа технологийн дагуу бус хийснээс манай компанид 920,000,000 төгрөгийн хохирол учирсан. Иймд ******* тэсэлгээний ажлаас технологийн дагуу бус хийсэн гэж үзэж байгаа талаарх үндэслэл түүнийг нотлох баримтаа сөрөг нэхэмжлэлд хавсаргаагүй нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Мөн түүнчлэн манай компани нь ажлаа чанар стандартын дагуу бүрэн бүтэн хийж гүйцэтгэж байсан бөгөөд Мост Майнинг ХХК-иас ажлаа буруу хийсэн талаар акт шаардлага гаргаж байгаагүй. Иймд *******-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/02419 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч *******-иас 348,662,986.73 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, үлдсэн шаардлага 311,301,101.27 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.2-т зааснаар нэхэмжлэгч *******-иас 920,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 3,457,770 төгрөгийг, хариуцагчаас 2018 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр төлсөн 4,757,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,901,265 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/02419 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дахь заалтын 348,662,986.73 гэснийг 627,342,289 гэж, 311,301,101.27 гэснийг 32,621,800 гэж, 3 дахь заалтын 1,901,265 гэснийг 3,294,661 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,714,460 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Тунгалагтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.23-ны өдрийн 01 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэг. Давж заалдах шатны шүүхийн хийсэн тооцооллын тухайд.

Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ ...маргаж байгаа үйл баримт тогтоогдсон байх боловч шүүх ажлын хөлсний хэмжээг тооцоолохдоо нотлох баримтыг буруу үнэлсэн байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Учир нь нэхэмжлэгч талын зүгээс хариуцагч компанийн төлж байсан төлбөрийн жагсаалтыг гаргаж өгсөн бөгөөд төлсөн төлбөр дээр маргасан зүйл байхгүй, харин нэхэмжлэлийн шаардлагаар шаардсан төлбөрийг нэхэмжлэгч нь бүхэлд нь эс зөвшөөрч маргасан. Анхан шатны шүүхээс хуралдааныг нэг удаа хойшлуулж, нэхэмжлэгч талаас шаардсаны дагуу ажлын паспортуудыг гаргаж өгсөн байдаг. Хариуцагч нь нэхэмжлэгч талтай тооцоо нийлж, хэдий хэмжээний ажил хийгдсэн, хэдий хэмжээний нуралт үүссэн талаар хэмжилт хийх гэсэн боловч татгалзсан хариуг өгсөн. Гэтэл давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хариуцагч талын татгалзлыг анхаарч үзэхгүйгээр зөвхөн нэхэмжлэгч талын амаар гаргасан гомдолд дурдсан тооцооллоор хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч нь 2,521,543,330 төгрөгийг ******* нь төлсөн, нийт хийсэн ажил нь 2,227,773,978 төгрөг гэсэн нотлох баримт гаргаж өгсөн. Хариуцагч компанийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд тухайн үед тооцоо нийлье гэдэг асуудлыг тавьж байсан боловч өөрөө нэхэмжлэлийн шаардлагын дүнгээ тодорхойлоод шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ ИХШХШтХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Хоёр. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаагүй тухайд.

Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж хуульчилсны дагуу хэргийг бүхэлд нь хянах хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан тайлбарыг үндэслэж хэргийг зөвхөн нэг талыг барьж шийдвэрлээгүй бол, хэргийн бусад нөхцөл байдлыг харгалзан үзсэн бол үндэслэлгүй шийдвэр гаргахгүй байсан нь харагдаж байна.

Хариуцагчийн зүгээс шүүхэд нэхэмжлэлийн шаардлагын татгалзал, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс ИХШХШтХ-ийн 25 дугаар зүйлд заасан эрхээ эдэлж шинжээч томилуулах хүсэлт гаргаж, шүүх хүлээн авсан боловч тухайн томилогдсон шинжээч нь шүүгчийн захирамжид заасан нэг л асуултад хариулж бусад асуултад хариулах боломжгүй зөвхөн мэргэжлийн хүмүүсээр хийлгэх боломжтой гэсэн дүгнэлтийг гаргасан. Тухайн үед хариуцагч талын зүгээс дахин шинжээч томилуулъя, мөн хүчин төгөлдөр байгаа 2019.05.17-ны өдрийн 183/Ш32019/06038 дугаар захирамжийн биелэлтийг хангуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх шаардлагагүй гэж үзэн хүлээн авахаас татгалзсан. Хариуцагч талын зүгээс хэрэв тийм бол ядаж шүүгчийн захирамжийн биелэлтийг хангая нэмэлт шинжээч томилж өгөөч гэсэн хүсэлт гаргасан боловч шүүх хуралдаанаа хийхийн тулд мөн л хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан, шүүх үргэлжлүүлэн хуралдсан боловч нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага хангалттай нотлогдохгүй байна үүнийг нотолсон баримтыг зайлшгүй гаргуулах шаардлагатай гэж үзэн шүүх хуралдааныг хойшлуулсан. Нэхэмжлэлийн шаардлагын татгалзал буюу уулын тэсэлгээний ажлын доголдлыг нотлохын тулд зайлшгүй хөндлөнгийн нарийн мэргэжлийн байгууллагын дүгнэлт хэрэгтэй байсан бөгөөд хариуцагч талын зүгээс өөрийн инженерийн дүгнэлтийг өгсөн боловч дүгнэлт гаргах эрхгүй учраас үнэлэх боломжгүй нөхцөл байдалтай тулгарсан.

Анхан шатны шүүхийн хэргийн нөхцөл байдалд хийсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй хууль бус юм. Учир нь анхан шатны шүүх Үндэслэх хэсэгтээ ...хариуцагч тал үзлэг хийлгэх эрхээ хэрэгжүүлээгүй, ИХШХШтХ-ийн 38.1, 25.2.2 дахь хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэн хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байх бөгөөд шүүхээс маргаан бүхий талбайд шинжилгээ хийлгэх хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж байсаар байхад хариуцагч тал давхар үзлэг хийлгүүлэх шаардлагагүй бөгөөд шинжээч нь мэргэжлийн шинжилгээ явуулахдаа тухайн газарт ажиллагаа хийх, хэмжилт хийх явцад энэ ажиллагаа нь давхар хийгдэх бүрэн боломжтой байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх хүчин төгөлдөр байгаа шүүгчийн захирамж, хариуцагч талын өөрөө бүрдүүлэх боломжгүй баримтыг шүүхээр бүрдүүлэх, шаардлагатай бол шинжээчийн дүгнэлт гаргуулах эрхийг зөрчсөн эсэхийг ч анхаарч үзээгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.23-ны өдрийн 01 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 659,964,088 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, тэсэлгээний ажлыг технологийн дагуу хийгээгүйгээс учирсан хохиролд 920,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас 348,662,986.73 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 627,342,289 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

1.   Зохигч 2017.03.01-ний өдөр Тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээгээр гүйцэтгэгч ******* захиалагчийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших MV-016865 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй ил уурхайн тэсэлгээний ажлын холбогдох хууль, дүрмийг баримтлан гүйцэтгэхээр, захиалагч ******* тэсэлгээний ажлын аюулгүй байдлыг бүрэн хангаж, шаардлагатай зааварчилгаа, зохион байгуулалт, удирдлагаар хангаж, гүйцэтгэсэн ажлын төлбөрийг гэрээнд заасан үнэ, нөхцөлөөр барагдуулахаар харилцан тохиролцжээ.

 

Зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д нийцжээ.

 

а/. Үндсэн нэхэмжлэлийн талаар:

 

Талууд гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан, гэрээний хугацаа дууссан боловч үргэлжлүүлэн ажиллаж байсан тул гэрээний хугацааг гэрээний 9.2.-т заасан нөхцөлөөр сунгагдсан гэж үзсэн. 2018.07.16-ны өдрөөс хариуцагч буюу захиалагч ажлын гүйцэтгэл чанарын доголдолтой гэх үндэслэлээр гэрээг цуцалсан тул гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдлийг алдангийн хамт гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: ...гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр 642,286,709 төгрөг, гэрээний 5.3.-т заасан алданги 17,677,379 төгрөг, нийт 659,964,088 төгрөг гаргуулна... гэжээ.

 

Хэрэгт Харилцагч тооцоо-2018, Тооцооны үлдэгдлийн баталгаа, төлбөр барагдуулах тухай хариуцагчид хүргүүлсэн 2018.09.13-ны өдрийн 09/831 албан тоот, хариуцагчийн 2018.09.21-ний өдрийн 18/215 албан бичиг, ажлын гүйцэтгэлийг нотолсон Тэсэлгээний ажлын паспортууд зэрэг баримт авагджээ.

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж хэрэгт цугларсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч тооцооны алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс засч, гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр 624,286,709 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т нийцжээ.

 

Зохигчийн хооронд байгуулсан гэрээний алдангитай холбоотой заалт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т заасан зохицуулалтад нийцээгүй үндэслэлээр алданги нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

б/. Сөрөг нэхэмжлэлийн талаар.

 

Хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: ...нэхэмжлэгч нь тэсэлгээний ажлыг технологийн дагуу хийгээгүйгээс компанид 920,000,000 төгрөгийн хохирол учирсан... гэж тайлбарлажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбараа баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй, шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд шийдвэрийг гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3.-т нийцсэн байна.

 

2.   Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлээ: ...нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, ...шинжээчийн дүгнэлт гаргуулах шүүгчийн захирамж биелэгдээгүй, дахин шинжээч томилуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн ... гэжээ.

 

Хэрэг шүүхэд хянагдах явцад хариуцагчийн хүсэлтээр ******* тэсэлгээг стандарт, дүрмийн дагуу хийсэн эсэх, тэсэлгээний ажил хийгдсэний дараа уулын нуралт үүссэн шалтгаан нөхцөл, нуралтын хэмжээ, тухайн нуралт үүссэн хэсэгт нүүрсний олборлолт явуулах боломжтой эсэхийг тогтоолгохоор шүүхээс Геологи уул уурхайн хяналтын байцаагчийг шинжээчээр томилжээ.

 

Шинжээч 2019.06.05-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд тэсэлгээний ажил технологийн дагуу, Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийн дагуу хийгдсэн болохыг баталж, уулын нуралтын шалтгаан, тухайн нуралтаас нүүрс олборлох тухай дүгнэлтийг геотехнологийн судалгааны мэргэжлийн байгууллага, эрх бүхий мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагаар маркшейдерийн хэмжилт хийлгэж гаргуулах нь зүйтэй гэжээ.

 

Нэгэнт тэсэлгээний ажил технологийн стандарт, дүрмийн дагуу хийгдсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул нуралтын хэмжээ, тэндээс нүүрс олборлох боломжтой эсэх нь маргааны зүйлд хамааралгүй болно.

 

Иймд дээрх дүгнэлтийг үндэслэн хариуцагчаас дахин шинжээч томилуулах, нэмэлт шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Түүнчлэн талууд 2017.01 сараас 2018.07 сар хүртэл хамтран ажиллах хугацаанд гүйцэтгэгч гэрээний дагуу тэсэлгээний ажлыг гүйцэтгэж, тэсэлгээ тухай бүрд Тэсэлгээний ажлын паспорт үйлдэж, хариуцагч ******* тэслэгдсэн блокийг хүлээн авч байсан, энэ хугацаанд ажлын доголдлын талаар гомдол гаргаж байсан тухай баримт хэрэгт байхгүй байна.

 

Иймд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч Б.Тунгалагтуяагийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******-иас 2020.01.24-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,551,347 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД