Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2021/0717

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: ***овгийн ***О /***/,

  Баянзүрх дүүрэг, ***дугаар хороо, **дугаар гудамж, ***тоот,

Хариуцагч:     ***ын улсын байцаагч М.Б,

Гуравдагч этгээд: “***” ХХК,

Гомдлын шаардлага: ”***ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах зар сурталчилгааны газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч М.Б-ын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн *** шийтгэх тогтоолыг хүчингүй болгох” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш*******, хариуцагч М.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Б.О шүүхэд гаргасан шаардлагадаа:  “2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “***” ХХК-иас ***т хандан иргэн Б.О намайг манай Zinc power буюу цайрын хүч гэх нэршил бүхий бараа бүтээгдэхүүнийг өөрийн бараа бүтээгдэхүүнтэй адилтган худалдан борлуулж, зар сурталчилгаа явуулсан гэсэн үндэслэлээр гомдол гаргасан. Гэвч миний борлуулж буй бүтээгдэхүүн нь олон улсад alkaline stick нэршлээр нээлттэйгээр олон улсын Amazon, Alibaba, Taoboa гэх мэт худалдааны сайтуудаар борлуулагддаг. Өөрөөр хэлбэл сонирхсон хүн бүрд нээлттэй бүтээгдэхүүн юм. Тэгээд ч ”***” ХХК-ийн худалдан борлуулдаг Цайрын хүч /Zinc *******/ бүтээгдэхүүнээс “Хан *******” брэндийн буюу Б.О миний худалдан борлуулдаг ус эрдэсжүүлэгч савх нь гадаад харагдах байдал, хэмжээ, орц найрлага, үйлдвэрлэгч, тухайн савхан дээрх барааны тэмдэгтийн дардас зэрэг байдлаар ялгаатай. 

Мөн миний бие цайрын хүч /Zinc *******/ гэх уг бүтээгдэхүүнийг өөрийн худалдан борлуулдаг ус эрдэсжүүлэгч савхтай адилтгаж ямар нэгэн байдлаар сурталчилж байгаагүй болно. Өмнөх тайлбар мэдүүлгүүдэд энэ талаар дэлгэрэнгүй тайлбарласан ба бараа бүтээгдэхүүнийг адилтган сурталчилсан гэх ямар ч нотлох баримт байхгүй байхад уг гомдлын дагуу надад ***ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч М.Б шийтгэл оногдуулсан. Иймд уг шийтгэлийн хуудсыг хүлээн авахаас татгалзах дараах үндэслэлүүд байна. Үүнд:

1. Тус шийтгэлийн хуудаст үндэслэл болгон тусгасан Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.3-д “тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг сурталчлах” гэх заалт нь энэ асуудлын хүрээнд ямар ч хамааралгүй гэж үзэж байна. Учир нь би ямар ч хязгаарлалт тогтоосон бараа бүтээгдэхүүн сурталчлаагүй. Миний борлуулж буй бүтээгдэхүүн нь олон улсад alkaline stick нэршлээр нээлттэйгээр олон улсын Amazon, Alibaba, Taoboa гэх мэт худалдааны сайтуудаар борлуулагддаг сонирхсон хүн бүрд нээлттэй бүтээгдэхүүн юм.

2. Чанар, стандарт, эрүүл ахуйн баталгаажуулалтад заавал хамруулах бүтээгдэхүүнийг ийнхүү баталгаажуулаагүйгээр сурталчилсан гэж үзэж байгаа нь уг асуудлын хүрээнд материалуудтай бүрэн танилцах ажиллагаа явуулаагүй гэж үзэж байна. Учир нь 2020 оны 05 дугаар сараас эхлэн худалдан борлуулахын тулд ”Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори”-д шинжилгээ өгч 20-1161 бүртгэлийн дугаартай шинжилгээний хариуг авсан. Үүнд цайрын агууламжийг шалгахад 0,2ppм буюу анх өгсөн дээжээс 10 дахин өндөр цайрын агууламжтай болгож байна гэж шинжилгээний хариу гарсан. Иймд цайрын савх гэсэн нэршлээр худалдан борлуулсан.

3. Миний бие үйл ажиллагаагаа явуулахдаа ямар нэгэн хэлбэрээр хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулсан үйлдэл гаргаагүй байтал Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, 7.3 дахь заалтуудыг үндэслэн шийтгэл оногдуулж байгааг гайхаж байна. Миний бие Хятад улсаас захиалгаар бараа нийлүүлдэг хувь хүмүүс цайрын савх”гэсэн нэршлээр Худалдан борлуулж байсан бүтээгдэхүүнийг бөөний үнээр захиалан авч онлайн шопоор борлуулах үйл ажиллагаа хийсэн. Үүнд ямар нэг иргэдийг төөрөгдүүлсэн, ”***” ХХК-ийн цайрын хүч бүтээгдэхүүнтэй ижилсгэн борлуулсан зүйл огт байхгүй. Интернетээр бусад онлайн шоп, хувь хүмүүсийн  цайрын савх борлуулахдаа ашиглаж байсан усны саванд савх хийсэн загвар бүхий зургийг татан авч сурталчилгаандаа ашигласан нь”***” ХХК-ийн лого, тамгагүй тус газрын оюуны өмчид харьяалах зураг болохыг тодорхойлох ямар ч боломжгүй болохыг улсын байцаагч дүгнэсэн.

Мөн ***” ХХК-ийн зүгээс надад ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг адилтгаж зарж байна гэсэн үндэслэлгүй шалтгаанаар удаа дараа дарамт шахалт үзүүлсэн. Иймээс өөрт байсан цайрын савхнуудыг худалдан борлуулж дуусаад, эрдсийн хувьд ялгаатай агууламж бүхий ус эрдэсжүүлэгч савхыг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр захиалан, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс *** брэнд нэршлээр худалдан борлуулж эхэлсэн. Ус эрдэсжүүлэгч савх бүтээгдэхүүн нь өмнө нь борлуулж байсан бүтээгдэхүүнээс ялгаатай болохыг тайлбарласан боловч ***ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч М.Б нь дүгнэлт гаргахдаа энэ талаар тусгаагүй байхаас гадна өмнө худалдан борлуулж байсан бүтээгдэхүүнийг дахин шинжилгээнд хамруулах боломжтой байсан атал ийм үйл ажиллагаа, үзлэг хийгээгүй дүгнэлт гаргасан. Иймд ***ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч М.Б-ын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү”  гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... нэхэмжлэгчийн борлуулж буй бүтээгдэхүүн нь алькаль ситиль нэршлээр худалдан борлуулдаг. Амазон болон алибаба гэх сайтад сонирхсон хүн бүр тус бүтээгдэхүүнийг худалдан авах эрхтэй байдаг. “***” ХХК-ийн худалдан борлуулж цайрын хүчил бүтээгдэхүүнээс *** буюу нэхэмжлэгчийн худалдан борлуулдаг ус эрдэсжүүлдэг савх нь гадаад харагдах байдал, хэмжээ, орц найрлага, үйлдвэрлэгч тухайн савны барааны тэмдэг, дардас зэрэг байдлаар хангалттай ялгаатай. Нэхэмжлэгч болон түүний хамаарал бүхий “***” менежмент ХХК нь оюуны өмчийн газраас *** гэдэг оюуны өмчийн патент авсан. Б.О нь цайрын хүч бүтээгдэхүүнийг өөрийн худалдан борлуулдаг ус эрдэсжүүлдэг савхтай адилтгаж ямар нэгэн байдлаар сурталчилж байгаагүй болно. Бараа бүтээгдэхүүнийг адилтгаж сурталчилсан гэж ямар ч нотлох баримт байхгүй байхад гомдлын дагуу ***ын байцаагч М.Б шийтгэл оногдуулсан.

...Чанар стандарт эрүүл ахуйн баталгаажуулалтыг заавал хамгаалуулах ёстой байтал баталгаажуулахгүй сурталчилсан гэж үзсэн. Уг асуудлын хүрээнд материалтай бүрэн танилцаагүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Бичлэгээр *** ХХК гэсэн үг өгүүлбэр болон лого байхгүй. н.Д эмч тэгж ярьдаггүй. н.С болохоор тэгж ярьдаг талаар үгүйсгэхгүй. Эрх бүхий албан тушаалтнаас гаргаж байгаа асуудал нь хууль зүйн факт юм. Түүний хүрээнд манайхыг торгосон үндэслэлгүй байна. 2020 оны 5 сарын 15-ны өдрийн мал эмнэлгийн дүгнэлт, 2021 оны 3 сарын 04-ны өдрийн Геологийн төв лабортарын хоёр дүгнэлт мөн 2021 оны 3 сарын 16-ны өдрийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа газрын бичиг, 2021 оны 3 сарын 16-ны өдрийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлт, 2021 оны 6 сарын 16-ны өдрийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан бичиг, 2021 оны 9 сарын 16-ны өдрийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хүнсний аюулгүй байдлын албан бичиг гээд нийтдээ 7 шинжээчийн дүгнэлтээр тухайн хүнсний аюулгүй байдалд нийцсэн байдлаар дүгнэлт гаргасан. ***аас дүгнэлт гаргахдаа гомдол гаргагч ижилхэн цайрын бүтээгдэхүүн зардаг байсан уу? торгох болсон үндэслэл нь нэхэмжлэгч болохоор *** ХХК-ийг дагаж зар сурталчилгаа явуулсан гээд торгосон. Үнэхээр эд нар тус бүтээгдэхүүнийг зардаг байсан талаар тодорхойлоогүй байтал ингэж шийдсэн.

....Бүгд найрамдах хятад ард улсаас импортолно хүснэгтэд дурдсан ус эрдэсжүүлэх бүтээгдэхүүний нөлөө, шинэчлэгдсэн үзүүлбэрийн түвшин болон үйлдвэрлэгчээс ирүүлсэн гэрчилгээ буюу Монгол Улсад мөрдөгдөж буй ундны ус, эрүүл ахуйн шаардлага болон чанар аюулгүй байдлын үнэлгээний стандартад заасан эрүүл ахуйн шаардлагад нийцэж байна гэсэн. Үүгээр Монгол Улсад худалдан борлуулах боломжтой гэж тайлбарлаж гаргаж ирсэн байгаа.

*** тухайд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан зүйл гаргаж байгаагүй. Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дах заалтыг тэр чигт нь оруулсан. Улмаар эдгээр заалтуудаар зааснаар шийтгэл оногдуулсныг гайхаж байна. Хятад улсаас авч цайрын савх гэдэг нэршлээр худалдан борлуулж байсан бүтээгдэхүүнийг бөөний үнээр захиалан авч онлайн шопоор худалдан борлуулсан. “***” ХХК-тай адилхан цайрын хүчлийг борлуулсан зүйл байхгүй. Цахимаар бусад хүмүүс ашиглаж байсан усны саванд ус хийж загвар бүхий зургийг татан авч ашигласан. “***” ХХК-ийн зураг тэмдэг болон логоны талаар Оюуны өмчийн газарт харьяалах баримт хэрэгт байхгүй.  *** гэдэг барааны тэмдэг нь хан тэнгэрийн *** гээд ямар ч хүн унших боломжтой. “***” ХХК-ийн лого нь усны дусалтай байгаа. Ямар ч хүн уншаад хараад мэдэх боломжтой. “***” ХХК-ийн эрдэсжүүлсэн савх нь *** компанийг бодвол өндөр байгаа. Ижил хоёр төрлийн цагаан зүйл оруулж ирж худалдаж байхад нэг нь Зар сурталчилгааны тухай хуулийг зөрчиж “nike” гэдэг брэндийг сурталчилж зарж байна гэдэг үндэслэлээр торгож байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна.

“***” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийг хэд хэдэн бараа бүтээгдэхүүнийг адилхан зарж байна гэсэн үндэслэлээр удаа дараа дарамт үзүүлж байсан. Иймд өөрт байсан цайрын савхыг худалдан борлуулж эрсдэлийн хувьд ялгаатай агуулга бүхий ус эрдэсжүүлэх савхийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс *** нэршлээр худалдан борлуулж эхэлсэн. Тус эрдэсжүүлсэн савх бүтээгдэхүүнийг ялгаатай болохыг тайлбарласан боловч ***аас зар сурталчилгааны ахлах мэргэжилтэн улсын байцаагч М.Б дүгнэлт гаргахдаа энэ талаар тусгаагүй байхаас гадна өмнө нь борлуулж байсан бүтээгдэхүүнд дахин шинжилгээнд хамруулах боломжтой байсан атал ийм үйлдэл хийгээгүй дүгнэлт гаргасан. Хариуцагч нэг талд ажилласан гэх үндэслэл байна” гэв.

 

Хариуцагч ***ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах зар сурталчилгааны газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч М.Б шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“Иргэн Б******* овогтой О /РД: *******/ нь 2020 оны 05 дугаар сараас эхлэн Хятад улсын Тянжинь, Жен Жянь Нано технологийн шинжлэх ухааны компанийн бүтээгдэхүүн болох ”Alkaline stick water” буюу ус эрдэсжүүлэгч шүлтлэгжүүлэгч савх нэрийн усыг эрдэсжүүлэх, шүлтлэгжүүлэх зориулалттай бүтээгдэхүүнийг хувь хүнд захин каргогоор оруулан ирж, Bono shop фейсбүүк хуудас болон *** фейсбүүк аккаунтаар ”Цайрын савх” гэсэн нэрээр сурталчилж, ковид цар тахлын үед эмчилгээнд цайр сайн гэсэн мэдээллийг ашиглан иргэдийг төөрөгдүүлж, 2020 оны 05 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд мэргэжлийн байгууллагын буюу Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт, шинжилгээгүйгээр бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулсан нь Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д ”Зар сурталчилгаа бүтээх, түгээхэд дараах зүйлийг хориглоно”, 6.5.4-т ”хуульд заасны дагуу чанар, стандарт, эрүүл ахуйн баталгаажуулалтад заавал хамруулах бүтээгдэхүүнийг ийнхүү баталгаажуулаагүй бол сурталчлах” гэж, 7 дугаар зүйлийн 7.2-д ”Дараахь зар сурталчилгааг зүй бус зар сурталчилгаанд тооцно” гэж, 7.2.3-д хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан” гэж, 7.3-д ”Дараах зүйлийн талаар хэрэглэгчийг төөрөгдүүлсэн зар сурталчилгааг бодит байдалд үл нийцсэнд тооцно”, 7.3.1-д ”бүтээгдэхүүний зориулалт, бүтэц, найрлага, үйлдвэрлэсэн арга, огноо, шинж чанар, хэрэглэх арга, хугацаа, чанарын гэрчилгээ, тохирлын тэмдэг, чанарын баталгаажуулалт, тоо, хэмжээ, гарал үүсэл” гэж заасныг тус тус зөрчсөн болох нь зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн дагуу шийдвэрлэсэн.

... 6.5.3 дах заалтаар техникийн алдаа гарч шийтгэлийн хуудсын хариу бичигдсэн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд ямар заалтыг үндэслэж торгуулийн арга хэмжээ авах талаар заагаад өгсөн. Шийтгэлийн хуудас дээр 3 заалт байдаг. Цайрын савхтай адилтгаж борлуулсан гэж байна. Манайх энэ талаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл дээр бичсэн. 2020 оны 5 сараас 2021 оны 01 сарын 26-ны өдрийн хугацаанд мэргэжлийн байгууллагын дүгнэлт шинжилгээ байхгүйгээр бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан нь Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.5, 6.5.4, 7.2.3, 7.3-д заасан заалтуудыг зөрчсөн гэж үзэж торгосон. Хүнсний аюулгүй байдлын тухай хуульд хүнс гэж хүний бие мах бодийн хэвийн үйл ажиллагааг хангах, эрүүл мэндийг дэмжин хамгаалах шаардагдах хүнсний хагас боловсруулсан ундны усыг хэлнэ  гэж заасан. Хүнсийг Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортолно гэж заасан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан мэдүүлэг дээр нэхэмжлэгч нь 2020 оны 5 сараас 2021 оны 01 сарын 26-ны өдрийн хугацаанд хувиараа хүнсний бүтээгдэхүүнийг оруулж ирж зарсан. Энэ нь Хүнсний тухай хуулийг зөрчсөн үйлдэл болж байгаа.

Монгол Улсад хуулийн этгээд зөвхөн экспортолж, импортлох ёстой гэж заасан. Эрүүл ахуйн хуульд хүнсний бүтээгдэхүүнийг заавал мэргэжлийн байгууллагын дүгнэлттэйгээр худалдан оруулах ёстой гэдэг заалт орсон байдаг. Энэ бүх заалтыг зөрчсөн учраас Зөрчлийн тухай хуулийн 11.4 дэх заалтаар торгууль оногдуулсан.

... Цайрын савхтай адилтгаж борлуулсан гэж үзээгүй. Иймд иргэн *** гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

 

Гуравдагч этгээд “***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-оос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шинжилгээний бичиг нь стандартын дагуу Монгол Улсад ундны усны стандарттай байдаг. Улмаар мэргэжлийн хяналтын газраас танилцуулсан дүгнэлт гардаг. Дүгнэлт зөвхөн цайрын агууламжийг үзүүлсэн байдаг. Элементүүдээр баяжуулсан гэдэг боловч шинжилгээний бичиг дээр зарим эрдэс байхгүй байна. Өөр өөр бүтээгдэхүүн зарсан талаар үзлэгийн тэмдэглэлээр хүлээн зөвшөөрсөн. Одоогийн байдлаар манай компанитай ижилхэн постууд *** хуудаснаас устсан боловч хамгийн эхэнд оруулсан пост одоог хүртэл байдаг. Маркетингийн хувьд шууд манайхтай адилтгаж зардаг. 1 ширхэг цайрын савхыг 100 юаниар оруулж ирдэг. Өмнө нь цайрын савх одоо болохоор эрдэсжүүлсэн гэж яриад байгаа. Бүгдээрээ нэр ижил төрлийн бүтээгдэхүүн байдаг. 1-5 ам долларын хэмжээтэй худалдаалдаг. Ундны усны стандартыг шалгаад үзэхэд цайрын хэмжээ крантны уснаас багассан байдаг. Тэгсэн мөртлөө цайраар баяжуулдаг гэж бичсэн” гэв.

Гуравдагч этгээд “***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-өөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дах заалтыг үндэслэл болгосон. Зохих баталгаажуулалтыг хамруулах тухай шаардлага тавьсан. Нэхэмжлэгч өөрөө мэдүүлэгтээ худалдан борлуулсан талаар хэлсэн байдаг. 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс худалдан борлуулж байсан мэтээр тайлбарладаг. Аль ч тохиолдолд сорилын хуудас байна. Мөн байцаагчийн зохих баталгаажуулалт байх ёстой. Мэргэжлийн байцаагчийн гаргасан дүгнэлт хууль зөрчсөн. Тухайн дүгнэлтийг үндэслэж худалдан борлуулах боломжгүй. Хүнсний бүтээгдэхүүний асуудал нь өөрөө тусгай шаардлага тавигддаг. Шаардлагын дагуу явах ёстой. Нэхэмжлэгч нь хуулийн этгээд борлуулах тухай заалтыг шууд зөрчсөн. Хилээр оруулж ирэх гэж байгаа тохиолдолд үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулсан байх заалттай байдаг. Гэтэл энэ заалтыг мөн адил зөрчиж байна. Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1-д “экспортлогч улсын үйлдвэртэй шууд, эсхүл түүний албан ёсны гэрээт борлуулагчтай худалдааны гэрээ байгуулсан байх;”-ыг шаарддаг. Шаардлага тавьсан байхад мэргэжлийн хяналтын байцаагч хууль бус дүгнэлт гаргаад өгсөн. Баталгаажуулалт хийгээгүй байж иргэний хувьд борлуулсан.

Зар сурталчилгааны тухай хуульд зааснаар хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан. Тодорхой мэдээллийг орхигдуулсан. Тухайн байгууллагаас зөвшөөрөл авч, гэрээ байгуулаагүй талаар иргэдэд хангалттай мэдээлэл өгөөгүй. Үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнийг худалдан борлуулах эрхтэй мэтээр ойлгуулсан. Өөрөө гэрээ байгуулаагүй байж тухайн хүмүүсийн нэрийг ашигласан. Шинжилгээнд өгсөн мэдээллээр тухайн дээжид хамаарна гэж заасан байдаг. Хэрвээ албан ёсоор борлуулдаг байсан бол тусгайлсан шаардлага тавигдахгүй. Борлуулах эрхгүй байгаа учраас шинжилгээнд хамруулах бүх шаардлага тавигдах юм. Шинжилгээнд хамруулах тухай асуудал ярих гэж байгаа бол 6, 7 бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулсан талаар ярих ёстой. Үйлдвэрлэгчээс авсан худалдааны зөвшөөрөл байхгүй байна. Шинжилгээнд огт хамруулаагүй бүтээгдэхүүнийг иргэдэд сөрөг нөлөөлөх байдлаар мэдэхгүйгээр худалдаалж байна.

Нэхэмжлэгчийн хувьд худалдан авах эрхээ худалдах эрх гэж ойлгоод байна. Тус бүтээгдэхүүнийг худалдаж аваад шинжилгээнд өгнө үү эсвэл гэр бүлээрээ хэрэглэнэ үү гэдэг нь тэр хүний сонголт юм.. 7 шинжилгээний бичигтэй маргах зүйлгүй. Бусад нь шинжилгээний бичиггүй. “***” ХХК гээд бүх постыг харахаар “***” ХХК гэдэг компанитай маргалдаад байгаа асуудал явж байна. Ашигласан, ашиглаагүй гэсэн асуудал нь иргэдийг төөрөгдүүлээд байна. Зах зээл дээр байгаа үнийг доош нь буулгаж байна. Цайрын асуудлыг шинжилгээний дүгнэлтээр дүгнэдэг. Өөрсдөө сугалаа явуулж бусад бүх зүйлийг ашиглаж хэрэглэгчийг төөрүүлж байна. Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дах заалтыг барьсан талаар тэмдэглэлд тодорхой дурдсан. Гарал үүсэл зөрчсөн тухай асуудал мөн яригдаж байна. Үзлэгийн тэмдэглэлээр маш тодорхой тогтоогдож байна гэж үзсэн” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

          Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр Б.О-эс ***ын хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч М.Б-д холбогдуулан гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

***ын ***ын хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч М.Бын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн *** тоот шийтгэлийн хуудсаар “Б.О---ийг Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4-д заасан ... зөрчлийг үйлдсэн нь тогтоогдсон гэж дүгнэж 500,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж” шийдвэрлэжээ[1].

           

            Гомдол гаргагч болон түүний өмгөөлөгчөөс *** тоот шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулсныг эс зөвшөөрч гомдлын үндэслэлээ “Б.О нь өөрийн борлуулж байсан бүтээгдэхүүнээ гуравдагч этгээдийн цайрын савх бүтээгдэхүүнтэй адилтган сурталчилж хэрэглэгчийг төөрөгдүүлсэн зүйл байхгүй байхад, “***” ХХК-иас гаргасан ийм агуулгатай гомдлыг хянан шалгаж, огт өөр үндэслэлээр шийтгэл ногдуулсан нь хууль бус болсон” гэх агуулгаар тайлбарлан маргасан.

            Хариуцагчаас шийтгэлийн хуудаст бичигдсэн Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.3 дахь заалт нь техникийн алдааны улмаас буруу бичигдсэн болохыг хүлээн зөвшөөрч, харин гомдлыг “Б.О нь өөрийн бүтээгдэхүүнд эрх бүхий этгээдээр шинжилгээ хийлгэхгүйгээр 2020 оны 05 сараас 2021 оны 01 сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан борлуулсан нь Зар сурталчилгааны тухай хуулийн 6.5.4, өөрийн бүтээгдэхүүний талаар хангалттай тодорхой мэдээлэл өгөөгүй нь мөн хуулийн 7.2.3-т нийцээгүй тул шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлтэй” гэж тайлбарлан эс зөвшөөрсөн.

 

            Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д “Зар сурталчилгаа бүтээх, түгээхэд дараах зүйлийг хориглоно:”, 6.5.4-т “Хуульд заасны дагуу чанар, стандарт, эрүүл ахуйн баталгаажуулалтад заавал хамруулах бүтээгдэхүүнийг ийнхүү баталгаажуулаагүй бол сурталчлах” 7 дугаар зүйлийн 7.2-т “Дараахь зар сурталчилгааг зүй бус зар сурталчилгаанд тооцно:”, 7.2.1-т “өөрийн барааг бусдынхтай ижилсгэн сурталчилсан;”, 7.2.3-т “хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан” гэж заажээ.

            “***” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандаж 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн гомдлоор мөн сарын 30-ны өдөр 2******* тоот зөрчлийн хэрэг нээж шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан байх ба уг ажиллагааны явцад Б.О нь БНХАУ-ын “alkaline water” савхыг 2020 оны 05 дугаар сараас цахим худалдааны хэлбэрээр худалдаж борлуулж байсан нь холбогдогчоос гаргасан мэдүүлэг, уг бүтээгдэхүүн нь цайр болон бусад эрдсийн агууламжтай бөгөөд “Ундны усны, эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ. MNS 0900:2018” стандартад нийцсэн болох нь мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 26-ний өдрийн 01-03-146/93 тоот дүгнэлтээр тус тус тогтоогдсон байна.

            Мөн зөрчил шалган шийдвэрлэсэн материалд Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “иргэн Б.О*******ээс ирүүлсэн дээж нь 0,2pmm цайрын агууламжтайг болохыг тодорхойлсон дүнгийн хуудас[2], Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Газар зүй-Геоэкологийн хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “...цайрын савхтай цэвэршүүлсэн ус болон Khan aqua ус нь цайр болон элементүүдийн агууламжтай боловч анхны шинжилгээний дүнг ирүүлээгүй учраас харьцуулах боломжгүй, ... Шугамын усыг Khan aqua устай харьцуулахад цайрын агууламж буурсан”[3] гэсэн тодорхойлолтууд тус тус авагдсан байх ба Усны хяналтын төв лабораторийн сорилтын дүнгийн хуудаснаас үзвэл *** борлуулж буй “Alkiline water” савх нь усыг зөвхөн цайр төдийгүй, кальци, магни, төмөр зэрэг өөр бусад эрдсийн агууламжтай болгох боломжтой мэт харагдаж байна[4].

            Дээрхээс үзвэл, хариуцагч улсын байцаагч нь өөрийн худалдан борлуулж буй бүтээгдэхүүний талаар хангалттай мэдээллийг орхигдуулан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан, чанар, стандарт, эрүүл ахуйн баталгаажуулалтад заавал хамруулах бүтээгдэхүүнийг ийнхүү баталгаажуулаагүй бол сурталчлах хориглох заалтыг Б.О нь хэрэгжүүлээгүй гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, Б.О нь хариуцагчийн тайлбарлаж буй зөрчил үйлдсэн гэх хугацаанд өөрийн борлуулж байсан бүтээгдэхүүндээ Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжилгээ хийлгэсэн байх боловч харьцуулсан шинжилгээ хийлгэж байсан талаарх баримтыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөн ирүүлээгүй тул “alkaline water” бүтээгдэхүүн нь усыг хэрхэн эрдэсжүүлж байгаа нь тодорхойгүй байсан байхад тэрээр нь өөрийн борлуулж буй бүтээгдэхүүний талаарх тодорхой мэдээллийг хэрэглэгчдэд хүргээгүй, харьцуулсан шинжилгээ хийлгэлгүй худалдан борлуулсан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон гэж үзэхээр байх тул эрх бүхий албан тушаалтнаас Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4-т заасан “Хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан, эсхүл бүтээсэн, эсхүл түгээсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу торгууль ногдуулж шийдвэрлэсэн зөв байна.

 

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “бусдын барааг ижилсгэн сурталчлаагүй” хэмээн тайлбарласан ба *** ажиллуулдаг “---” нэртэй цахим хуудсанд хийсэн үзлэгээр “***” ХХК-ийн борлуулдаг цайрын савхтай усыг хэрхэн хэрэглэх талаарх н.Д эмч, дуучин С* нарын яриа/live/-г тус цахим хуудсанд нийтэлсэн, хуваалцсан үйл баримт тогтоогдоогүй[5] боловч өмнө нийтэлсэн болон хуваалцсан мэдээллийг технологийн хувьд устгах боломжтой нь нийтэд илэрхий үйл баримт юм.

Харин гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гын гар утасны бичлэгт хийсэн үзлэг болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн бичлэг/CD/, уг үзлэгийн явцад баримтжуулж авсан зургуудаар Б.О нь “***” ХХК-иас борлуулж буй цайрын савхны сурталчилгаанд зориулж хийгдсэн н.Д******* эмч, дуучин С******* нарын яриа/live/-г ашиглаж өөрийн бүтээгдэхүүнийг борлуулсан, сугалаат худалдаа зохион байгуулсан нөхцөл байдал[6] тогтоогдсон гэж үзэхээр байгаагаас үзвэл Б.О нь өөрийн барааг бусдынхтай ижилсгэн сурталчилсан зөрчлийг үйлдсэн гэж үзэхээр байх боловч хариуцагч нь уг зөрчилд хариуцлага хүлээлгээгүй, маргаан бүхий шийтгэлийн хуудсын үндэслэлд хамааралгүй гэж тайлбарласан тул энэ үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох боломжгүй.

Өөрөөр хэлбэл, эрх бүхий албан тушаалтан нь тухайн үйлдлийг зөрчил гэж үзээгүй, шийтгэл ногдуулаагүй тохиолдолд шүүх Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчил тус бүрд шийтгэл ногдуулах ёстой байсан үзэж, хариуцагчийн хэрэгжүүлээгүй эрх хэмжээг хэрэгжүүлж гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулах боломжгүй.

Хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Б.О нь хүнсний бүтээгдэхүүнийг импортлох эрхгүй хувь хүн атлаа үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулалгүйгээр бараа борлуулсан нь хүнсний тухай хууль тогтоомжид нийцэхгүй” хэмээн тайлбарлан маргах боловч хүнсний тухай хууль тогтоомж зөрчсөн зөрчилд мэргэжлийн хяналтын улсын байцаагч шийтгэл ногдуулах эрхтэй байхаар хуульчилсан, хариуцагч ***ын улсын байцаагчийн эрх хэмжээнд хамаарахгүй байна.

Хэрэвзээ хариуцагч Б.О**ийг хүнсний тухай хууль тогтоомжоор тогтоосныг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг “хувиараа борлуулсан” гэж үзсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлд заасан журмын дагуу гомдлыг шилжүүлэхээр хуульчилсан байхад хариуцагч нь уг ажиллагааг хийгээгүй атлаа шүүх хуралдаанд “Хүнсийг Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортолно гэснийг зөрчсөн” гэж тайлбарлаж байгаа нь буруу боловч *** гаргасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон “зар сурталчилгааны хууль тогтоомжийг зөрчсөн зөрчил”-ийг зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Гомдол гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “манай борлуулж буй савх нь гуравдагч этгээдийн борлуулдаг савхнаас сав баглаа боодол, хэлбэр хэмжээний хувьд ялгаатай, *** ХХК-ийг гомдол гаргасан өдөр байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн” зэрэг тайлбарууд нь маргаан бүхий шийтгэлийн хуудасны үндэслэлд хамааралгүй байна. Хэргийн оролцогчдоос барааны тэмдгийн эрх зөрчигдөж байна гэж үзвэл эрх бүхий оюуны өмчийн хяналтын байцаагчид гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх боломжтой юм.

            Иймд Б.О-эс гаргасан ”***ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах зар сурталчилгааны газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч М.Б-ын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн *** шийтгэх тогтоолыг хүчингүй болгох”  тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

             

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

              1. Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4, Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.4, 7 дугаар зүйлийн 7.2.3-т заасныг тус тус баримтлан Б.О-эс гаргасан “***ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах зар сурталчилгааны газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч М.Б-ын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн *** шийтгэх тогтоолыг хүчингүй болгох” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

              2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХЗУЛ

 

[1] Хавтаст хэргийн 6 дахь талд

[2] Хавтаст хэргийн 79 дэх талд

[3] Хавтаст хэргийн 87 дахь талд

[4] Хавтаст хэргийн 8 дахь талд

[5] 2 дугаар хавтаст хэргийн 5-11 дэх талд

[6] Хавтаст хэргийн 141-188 дахь талд