Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 53

 

        Л.Г-д холбогдох эрүүгийн 

        хэргийн тухай

 

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                    Б.М

Хохирогчийн өмгөөлөгч                                Д.Б

Нарийн бичгийн дарга Г.Д нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.О даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.Б-ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Л.Г-д холбогдох 1812005960071 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг багийн Талын толгой хорооллын 02-01  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Л.Г

 

Шүүгдэгч Л.Г нь 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн Олон нуур гэх газарт байх иргэн С.Б-ийн гэрийн гадна хохирогч Ц.Б-ы хэвлийн тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Л.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Л.Г-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гыг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-д оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор гаргах хохирол төлбөргүй, хохирогч Ц.Б нь цаашид гарах эмчилгээний хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Г-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ. 

 

Хохирогч Ц.Б-ы гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 188 тоот шийтгэх тогтоолыг хохирогчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Тус шүүхээс Л.Гыг 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Ингэж шийтгэхдээ ялтны эрх, ашиг сонирхлыг шүүхээс хамгаалж нотлох баримтыг буруу үнэлсэн, шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан дүгнэлт нь нотлох баримтад тулгуурлаагүй, хууль зөрчсөн гэж үзэж байна.

1. 188 тоот тогтоолын Тодорхойлох хэсэгт “... харин хохирогч У.Б-ы нэхэмжилсэн 3.219.000 төгрөг буюу хувцас ариун цэврийн хэрэглэл 2.300 төгрөг, ламд ном уншуулсан 80.000 төгрөг, сумаас хот хооронд 3 удаа явсан 430.000 төгрөг, малчны хөлс 2.100.000 төгрөг, түлээний үнэ 240.000 төгрөг... гэх хохирогчийн гаргасан өргөдөлд нотлох баримт ирүүлээгүй, мөн Мон Агро 560.000 төгрөгийн баримтыг хэн авсан нь тодорхойгүй бөгөөд нотлох баримтын шаардлага хангаагүй учир шүүх үнэлээгүй болно” гэжээ. Гэвч хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн. Тодруулбал малчны хөлс болох 2.100.000 төгрөгийг малаа хүнээр маллуулсныг нотлох сумын Засаг дарга болон багийн Засаг даргын тодорхойлолт авагдсан. Хохирогчийн хувьд гэмт хэргийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан гэдэг нь шинжээчийн дүгнэлт болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Нэгэнт хохирогч миний зүгээс малаа маллаж чадахгүй байгаа тохиолдолд өнөө цагт хүнээр хөлсөөр малаа маллуулах асуудал үүснэ. Тийм учраас малаа хүнээр маллуулж 2.100.000 төгрөгийн зардал гарсан байтал анхан шатны шүүх үнэлэхгүй байгаад гайхаж байна. Мөн Мон Агро 560.000 төгрөгийн баримт нь толгойны эм авсан бөгөөд түүний баримтыг өгсөн. Үүнийг шүүгдэгч мэдэж байгаа. Хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд гарсан зардлыг нэхэмжилсэн бөгөөд нэг ч илүү мөнгө нэхэмжлээгүй. Шүүгдэгчийн талаас 08 дугаар сарын 16-ны өдөр “хохирлыг чинь барагдуулна, дансны дугаараа өгчих” гэсэн. Хохирогчийн хувьд гэмт хэргийн улмаас гарсан нийт зардлыг төлөх нь гэж бодоод итгэн дансны дугаараа өгсөн боловч 1.387.000 төгрөг төлж хохирогчийг хуурсан. Ийнхүү хохирол бүрэн төлөгдөөгүй байхад анхан шатны шүүх хохирол төлсөн гэж үзэхийн тулд шүүгдэгчийн төлсөн баримтанд нийцүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Түүнчлэн хохирогч намайг  Ц.Б гэдэг бөгөөд шүүхийн тогтоолд У.Б гэж бичээд байгаа нь өөр хохирогчийн талаар дүгнэсэн  гэж үзэхээр байна. 

2. “Шүүгдэгч Л.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ... хор уршигийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал ... харгалзан торгох ял оногдуулах үндэслэлтэй байна” гэжээ. Гэмт хэрэг 2018 оны 09 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө болсон. Энэхүү хэргээс хойш хохирогчийн хувьд бие, хэл, сэтгэл санаа бүх зүйлээрээ өдийг хүртэл хохирсоор явна. Тодруулбал энэ гэмт хэргээс болж миний биед ходоод болон 12 нугалаа гэдэс язарсан, элэгний доод хэсэгт цус хуралт үүссэн, 2 хавирга хугарсан. Энэхүү гэмтлүүдийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн 560 тоот дүгнэлтээр амь биед аюултай гэмтэл гэж тогтоогдсон. Өөрт авагдсан гэмтлийг эмчлэх гэхээр санхүүгийн нөхцөл боломж байхгүй байдлаас үүсэн өдөр болгон биеийн байдал муудаж, сүүлийн үед босож чадахгүй татаж унадаг боллоо. Энэхүү биед учирсан гэмтлийг шүүхийн тогтоолд дурдсан 1.387.000 төгрөгөөр эмчлэх ямар ч боломжгүй юм. Хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас өөрт учирсан бодит зардал болох 5.074.082 төгрөгийг гаргуулахыг хүссэн. Гэвч энэхүү мөнгийг шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь хүлээн зөвшөөрөөгүй маргасан бололтой. Нэгэнт гэмт хэргээс учирсан бодит хохирол болох гарсан зардлыг шүүгдэгч хүлээн зөвшөөрөхгүй байхад анхан шатны шүүх учруулсан хохирлыг төлсөн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд “Би зүйл ангийг хүлээн зөвшөөрөх эсэхээ мэдэхгүй байна. ... нэг удаа өшиглөснөө маргахгүй, яг хаана нь өшиглөснөө сайн мэдэхгүй байна” гэж мэдүүлсээр байхад түүнийг гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэтээр дүгнэсэн нь учир дутагдалтай. Учир нь шүүгдэгч нь хохирогч надад гэмтэл учруулсанаас хойш “нэг өшиглөсний  төлөө юун сүртэй юм бэ” гэх мэтээр хэлж байсан хүн энэхүү гэмт хэрэгт гэмшиж, хор уршиг арилгасан гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн хавтаст хэрэгт гэрч Х.А “ ... Галаа Б ахад хандан ууланд хэдэн адуу гаргачихаад бууж ирдэггүй, очоод буудаад өгөөч гэж, Баянцагаан ах Галаад би юу гэж адуу буудах вэ дээ гэж ярилцаж байсан. ... Галаа нилээн согтуу байсан”, гэрч Г.Э “ ... Г согтуу Б ахыг муу банди минь ганц адуу буудаад өгчих гэх зэргээр өдөөд байсан. ... Г, О хоёр нилээн согтуу байсан” гэж тус тус мэдүүлдэг. Тодруулбал Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохуурхан  доромжилж үйлдсэн, 1.6-д зааснаар бие хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр  байж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар согтуурсан үедээ санаатай гэмт хэрэг үйлдээд байхад анхан шатны шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн байна гэж гэмт хэргийг хөнгөрүүлэн хэт нэг талыг баримтлан шүүгдэгчид ял завших бололцоог олгосон. Мөн хохирогч миний биед учирсан хүнд гэмтлийн хор уршиг арилаагүй, шүүгдэгчийн зүй бус харьцаанаас болж гэмт хэрэг үйлдэгдээд байхад анхан шатны шүүх дүгнэлт хийлгүй хөнгөрүүлэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. 

3. Анхан шатны шүүх дээр хэрэг шилжиж ирснээс хойш шүүгдэгчийн талаас хэд хэдэн удаа хурлыг хойшлуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхнаасаа оролцож байсан өмгөөлөгч нь хуралд ирсэн байхад дахин өмгөөлөгч авах, тухайн өмгөөлөгчтэйгээ  хуралд оролцох шүүгдэгчийн хүсэлтийг анхан шатны шүүх хүлээж авсан. Энэ байдалд хохирогч болон өмгөөлөгчийн хамт ирсэн байхад хурлыг үргэлжлүүлээгүй. Тиймээс хохирогчийн зүгээс хол газраас бие муу байх тул дахин дахин ирээд байхад хэцүү байсан тул аргагүй эрхэнд байлцуулахгүйгээр хурлыг хийхэд татгалзах зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн. Анхан шатны шүүх арай ч ийм шийдвэр гаргана гэж бодоогүй. Иймээс анхан шатны шүүх хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх бололцоогоор нь хангаагүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч талын 2 өмгөөлөгчийнх нь нэг нь ирээгүй байхад хурлыг хойшлуулах мөртлөө хохирогч талыг очоогүй байхад хурлыг хийж хохирогчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн. Иймээс дараах асуудлуудыг тодруулах шаардлагатай байна гэж үзээд хохирогчийн хувьд дараах саналыг гаргаж байна. 

1. Хавтаст хэрэгт цугларсан хохиролтой холбоотой баримтыг дутуу үнэлсэн, хохирогч миний төлбөр төлөгдөөгүй, гарсан зардал барагдаагүй гомдолтой тул дахин нягталж үзэхийг хүсье. 

2. Хэргийн үйл баримт гэрч нарын мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдсэн байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хөнгөрүүлсэн тул анхаарч үзэхийг хүсье. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх, нотлох баримтыг буруу  үнэлэх зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. 

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Л.Г нь 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн Олон нуур гэх газарт иргэн С.Б-ийн гэрийн гадна хохирогч Ц.Б-ы хэвлий тус газар өшиглөж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож тухайн гэмт хэрэгт ял оногдуулсан байдаг. Үүнтэй холбогдуулж шүүгдэгч Л.Г нь 3 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд: 

1. Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан хохиролтой холбоотой нотлох баримтыг дутуу үнэлж 5.074.182 төгрөг нэхэмжилснээс 1.387.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэлгүй гэсэн байна. Шүүхээс хавтас хэрэгт авагдсан хохиролтой холбоотой нотлох баримтанд хууль ёсны дүгнэлт хийж, шууд учирсан хохирлыг бодож гаргасан байгаа. Хохирогчоос учирсан хохирол төлбөрийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс гаргуулах эрхтэй байдаг. Улсын яллагчаас хохирогчид шууд учирсан хохирлыг зөв дүгнэж гаргасан гэж үзэж байна. 

2. Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар уг гэмт хэргийг үйлдсэн гэсэн үндэслэлийг гаргасан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж онц харгис хэрцгий аргаар, тохуурхан доромжилж үйлдсэн” гэж зааснаар гэмт хэрэгт үйлдсэн бол тухайн гэмт хэргийг хүндрүүлж зүйлчлэх ёстой. Гэвч шүүгдэгч Л.Г нь хохирогч Ц.Б-ы биед хохирол учруулсан, хохирол нь нэг удаагийн үйлдлийн улмаас учрах боломжтой болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг агуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Шүүгдэгчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна. 

3. Шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан гэж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүх хуралдаанд оролцогч нараас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасны дагуу шүүх хуралд оролцох ёстой оролцогчдыг оролцуулахаар шүүх хурлыг хойшлуулсан нь шүүх хуралдааны тэмдэглэл болон хэргийн бичлэг зэргээр тогтоогдож байна. Ийм учраас давж заалдах гомдол гаргасан хохирогч Ц.Б-ы гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна

 

Хохирогчийн өмгөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж гомдол гаргасан байна. Миний хувьд гаргасан гомдлыг дэмжиж байгаа. Харин анхан шатны шүүх нотлох баримт үнэлэхдээ дутуу үнэлсэн байна. Хохирогч эрүүл мэндийн улмаас малаа харж чадахгүй болсныг тухайн сумын Засаг даргын тодорхойлолт болон хавтаст хэргийн материалаас хүртэл харагдаж байгаа. Үүнийг шүүх дутуу үнэлсэн байгаа.  Улаанбаатар хот руу хохирогч нь шүүгдэгчтэй хамт явахдаа өөрөөсөө эмчилгээний зардлыг гаргасан байгаа. Эмчилгээний төлбөр болох 560.000 төгрөгийн баримт хавтас хэрэгт авагдсан боловч үнэлэхгүйгээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Шүүгдэгч хохирогчийг тохуурхан доромжилж, биеэ хамгаалах чадваргүй болгож, гэмт хэрэг үйлдсэн байдал харагдаж байхад хүндрүүлэх нөхцөлгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Энэ нөхцөл байдал нь хавтас хэрэгт авагдсан гэрч Б, Н нарын мэдүүлгээр нотлогдож байгаа. Шүүгдэгчийн зүй бус харилцаанаас үүдэж тухайн гэмт хэрэг гарах үндэс бий болсон байдаг. Шүүгдэгч Л.Г нь хохирогч Ц.Б-ыг адуу буудаалах гэхэд хохирогч Ц.Б “би адуу буудахгүй” гэж хэлсэнд гэмт хэрэг үйлдэх нөхцөл байдал бий болсон. Хохирогч Ц.Б-д эмчилгээний зардал болох 5.000.000 төгрөгийг өгсөн. Үүнээс өөр мөнгө өгөөгүй бөгөөд хохирогчийн хувьд гомдолтой байгаа. Хохирлын төлбөр бүрэн төлөөгүй байхад тухайн гэмт хэргийн хохирлын төлбөрийг барагдуулсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй гэж хэлмээр байна. Ийм учраас Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар “бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж онц харгис хэрцгий аргаар, тохуурхан доромжилж’’ гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа. Мөн шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл талуудын мэтгэлзэх зарчимд үндэслэн шүүх хуралдааныг явуулах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд хохирогчийн өмгөөлөгчийн хувьд дараах  саналуудыг гаргаж байна. Үүнд:

1. Хохиролтой холбоотой баримтуудыг дахин хянаж үзэх,

2. Хүндрүүлэх нөхцөл байдлыг анхаарч үзэх,

3. Талуудын мэтгэлцээнд үндэслэн шүүх хуралдааныг явуулах зэргийг харгалзан үзэж, тус эрүүгийн хэргийг анхан шатны шүүх рүү буцаалгах саналтай байна гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дах хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, хохирогч У.Б-ы гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ. 

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч 3.153.700 төгрөгийг эмчилгээний зардал болгож хохирогчид өгсөн гэх ба хохирогчийн нэхэмжилсэн 5.074.082 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас шүүгдэгчийн төлсөн гэх эмчилгээний зардлыг хасч тооцох эсэх асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан,

 

Хэдийгээр хохирогч шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан нь тухайн хохирогчийн хувьд өөрийнх нь хүсэл зориг мөн эсэх, өөр шалтгаан байгаа эсэхийг шалгаж тодруулаагүй, 

 

Хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хангасны эцэст хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаж шийдвэрлээгүй, 

Анхан шатны шүүх хохирогч үлдэгдэл 3.725.850 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн мөн цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэхээр болсон талаарх дүгнэлтийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурджээ. Гэтэл шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт...хохирогч Ц.Б нь цаашид гарах эмчилгээний хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй, ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. 

 

Өөрөөр хэлбэл хохирогч үлдэгдэл 3.725.850 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн мөн цаашид гарах эмчилгээний зардлын хамт нэхэмжлэх эрх эсхүл зөвхөн цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийн аль нь болох нь эргэлзээтэй байна.

 

Иймд хохирогчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан хүсэлтүүдийн зарим хэсэг болох хавтаст хэрэгт цугларсан хохиролтой холбоотой баримтыг дутуу үнэлсэн, хохирогч миний төлбөр төлөгдөөгүй, гарсан зардал барагдаагүй гомдолтой тул дахин нягталж үзэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх гэсэн хүсэлтүүдийг хангаж, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.  

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Л.Г-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт тус тус заасныг  удирдлага болгон 

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1 дэх  хэсэгт  зааснаар хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Л.Г-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             Т.ДАВААСҮРЭН

                                                                     ШҮҮГЧИД        Д.БЯМБАСҮРЭН

                                                                                              В.ЦЭЦЭНБИЛЭГ