Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2021/01018

 

 

А.Батжаргал, Ж.Мягмарсүрэн нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/02105 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1602 дугаар магадлалтай,

А.Батжаргал, Ж.Мягмарсүрэн нарын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч А.Батжаргал, Ж.Мягмарсүрэн нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.04.23-ны өдрийн 101/ШШ2019/01530 дугаар захирамжаар А.Батжаргал, Ж.Мягмарсүрэн нараас 73,212,950 төгрөгийг гаргуулж Очир-Ундраа ОМЗ ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204006976 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 7а дугаар байрны 45 тоотод байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 75,539,000 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2020.04.21-ний өдрийн 4/14706 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн. Миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204006976 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 7а байрны 45 тоотод байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий багаар буюу 78,539,000 төгрөгөөр үнэлсэн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу гомдлын шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.04.23-ны өдрийн 101/ШШ2019/01530 дугаар захирамжаар А.Батжаргал, Ж.Мягмарсүрэн нараас 73,212,950 төгрөгийг гаргуулж Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч А.Батжаргал, Ж.Мягмарсүрэн нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд Ж.Мягмарсүрэнгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204006976 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 7а дугаар байрны 45 тоотод байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2020.01.28-ны өдөр 19261525/07 дугаартай тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2020.02.20-ны дотор төлөхийг мэдэгдсэн. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2020.03.26-ны өдрийн 19261525/08 дугаартай тогтоолоор барьцаалан хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2020.04.13-ны өдрийн 4/193 тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг Виннэрвэй ХХК-иар тогтоолгоход 78,539,000 төгрөгөөр үнэлсэн тайланг 2020.04.20-ны өдөр хүлээн авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2020.04.22-ны өдрийн албан бичгээр талуудад мэдэгдэж холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заагдсаны дагуу явагдсан Виннэрвэй ХХК-ийн үнэлгээг үндэслэлтэй тогтоосон гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/02105 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Батжаргал, Ж.Мягмарсүрэн нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1602 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/02105 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч А.Батжаргал, Ж.Мягмарсүрэн нар хяналын журмаар гаргасан гомдолдоо: ...Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.04.23-ны өдрийн 101/ШШ2019/01530 дугаар захирамжаар А.Батжаргал, Ж.Мягмарсүрэн нараас 73,212,950 төгрөгийг гаргуулж Очир-Ундраа ОМЗ ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204006976 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 7а дугаар байрны 45 тоотод байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 78.539.000 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2020.04.21-ний өдрийн 4/14706 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн. Миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204006976 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 7а дугаар байрны 45 тоотод байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий багаар буюу 78,539,000 төгрөгөөр үнэлсэн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу БЗД-ийн анхан шатны шүүхэд гомдлын шаардлага гаргаж иргэний хэрэг үүссэн тул 2020.05.05-ны өдрийн 4/16745 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тогтоол шийдвэрийг хүчингүй болгож өгөх хүсэлт гаргаж байна. Виннэрвэй ХХК-ийн гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл: Үнэлгээний мэргэжлийн үнэмлэх бүхий мэргэжлийн үнэлгээчин ирж манай байрыг биеэр ирж үнэлээгүй. /Анхан шатны шүүх хурал дээр нотлогдсон/ Төлөөлөн ирсэн ажилтан нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ ханшийн мэдээлэл судалгааг мэргэжлийн байдлаар судлаагүй хангалтгүй гаргасан. Эрх зүйн мэдлэг боловсрол хангалтгүй байснаас болоод үнэлгээний тайланг гардаж авснаас хойш хуулийн дагуу гомдол хүсэлт гаргах хугацаанд нь гомдол хүсэлтээ гаргаж чадаагүй нь бидний буруу хүлээн зөвшөөрч байна. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүхэд хүсэлт гомдол гаргасан ч шийдвэрийг хэвээр үлдээсэнд харамсалтай байна. Би болон ээжийн минь зүгээс гал голомт болсон энэхүү байрыг минь үнэлсэн үнэлгээг бодит судалгаа харьцуулалтад үндэслэж зах зээлийн үнэлгээг дахин хийж өгөх нөхцөл боломжийг гаргаж өгнө үү гэж хүсэж байгааг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч А.Батжаргал, Ж.Мягмарсүрэн нар нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үнэлгээ хуульд нийцсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна гэж үзэв.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.5.23-ны өдрийн 101/ШШ2019/01530 дугаар захирамжаар А.Батжаргал, Ж.Мягмарсүрэн нараас 73,212,950 төгрөгийг гаргуулж Очир-Ундраа ОМЗ ББСБ ХХК-д олгохоор, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар эвлэрсэнийг баталж шийдвэрлэжээ.

Төлбөр төлөгч нар захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэгчээс албадан гүйцэтгүүлэхээр гаргасан шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн барьцааны хөрөнгө болох Баянзүрх дүүрэг 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 7а байрны 45 тоотод байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2020.01.28-ны өдрийн 19261525/07 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2020.3.26-ны өдрийн 19261525/08 дугаартай тогтоолоор хураан авсан байх ба төлбөр авагч, төлбөр төлөгч нар үл хөдлөх хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгох ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан ...тодорхойлно гэж заасан. Шийдвэр гүйцэтгэгчийн 2020.4.13-ны өдрийн 4/193 дугаар тогтоолоор томилогдсон Виннэр Вэй ХХК нь барьцаа хөрөнгийг зах зээлийн жишиг үнийн хандлагын аргаар үнэлсэн байх ба үнэлгээ хийхдээ тухайн үед зарагдаж байсан, уг орон сууцтай ижил төсөөтэй орон сууцнуудтай харьцуулж, 78,539,000 төгрөгөөр үнэлсэн нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Түүнчлэн шийдвэр гүйцэтгэгч үнэлгээний талаарх шинжээчийн дүгнэлтийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт 2020.4.22-ны өдөр мэдэгдсэн, нэхэмжлэгч нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болох хугацааг хэтрүүлж, 2020.5.05-ны өдөр гомдол гаргасан нь тогтоогджээ.

Иймд эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн, мөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчсөн гэх нөхцөл тогтоогдоогүй, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдэл зөв тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/02105 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1602 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

Б.МӨНХТУЯА

Г.ЦАГААНЦООЖ