Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2020/02105

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.Б

Нэхэмжлэгч: Ж.М нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: НШШГГ-т  холбогдох

Үнэлгээ хүчингүй болгох тухай  нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Б, гэрч О.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд, А.Б шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн иргэнийхрэгэийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 ооны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2019/******* дугаар захирамжаар А.Б, Ж.******* нараас 73,212,950 төгрөгийг гаргуулж ******* ОМЗ ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй БЗД, 0 хороо,  0 хороолол, 0 байрны 2 тоотыг 75,539,000 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 4/******* дугаар мэдэгдлээр мэдэгдсэн. Миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй БЗД, 0 хороо,  0 хороолол, 0 байрны 2 тооторон сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий багаар буюу 78,539,000 төгрөгөөр үнэлсэн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу гомдлын шаардлага гаргаж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэнийхрэгэийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 ооны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2019/******* дугаар захирамжаар А.Б, Ж.******* нараас 73,212,950 төгрөгийг гаргуулж ******* ОМЗ ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүгчийн захирамжид гүйцэтгэх баримт бичгийн үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч А.Б, Ж.М нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд Ж.*******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй БЗД, 0 хороо,  0 хороолол, 0 байрны 2 тоотыг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр *******/07 дугаартай тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны дотор төлөхийг мэдэгдсэн. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн *******/08 дугаартай тогтоолоор барьцаалан хурааж Иргэний хуулийн  177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 4/193 тогтоолоор мэргэжлийнүнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг ******* ХХК-иар тогтоолгоход 78,539,000 төгрөгөөр үнэлсэн тайланг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан,мэдэгдлийг 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн албан бичгээр талуудад мэдэгдэж холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заагдсаны дагуу явагдсан Виннэр–Вэй ХХК-ийн үнэлгээг үндэслэлтэй тогтоосон гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Б, Ж.М нар эрхийн улсын бүртгэлийн  Ү-00000000 дугаарт бүртгэлтэй БЗД, 0 хороо,  0 хороолол, 0 байрны 2 тооторон сууцыг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус  маргасан.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 ооны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2019/******* дугаар захирамжаар А.Б, Ж.М нараас 73,212,950 төгрөгийг гаргуулж ******* ОМЗ ББСБ ХХК-д, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Ү-00000000 дугаарт бүртгэлтэй, БЗД, 0 хороо,  0 хороолол, 0 байрны 2 тооторон сууцыг хангуулахаар шийдвэрлэжээ./хх-ийн 25-26 дугаар тал/

Дээрх захирамжийн дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 0925 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар тогтоолоор үүсгэж, А.Б, Ж.М нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй БЗД, 0 хороо,  0 хороолол, 0 байрны 2 тоотыг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 192661525/07 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 192661525/08 дугаар тогтоолоор хураажээ. /хх-ийн 27-35 дугаар тал/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно.” гэж заасны дагуу төлбөр төлөгч төлбөр авагч нар барьцааны хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй тул 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 4/193 дугаар “Шинжээч томилох тухай” тогтмолоор “*******” ХХК-ийг шинжээчээр томилж, барьцаа хөрөнгийг 78,539,000 төгрөгөөр үнэлсэн байна./хх-ийн 42-55 дугаар тал/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө.” гэж зааснаар шийдвэр гүйцэтгэгч 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн албан тоотоор шинжээчийн дүгнэлтийг төлбөр авагч, төлбөр төлөгч нарт 4 дүгээр сарын 22-нд тус тус мэдэгдэж, тайланг хүлээн авсан нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, тэдгээрийн  дүгнэлтийг хүлээн авсан талаарх бичигдсэн гарын үсгийн бичвэрээр нотлогдож байна. /хх-ийн 56-58 дугаар талууд/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д ”Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж хуульчилсан.

Нэхэмжлэгч нар Виннэр–Вэй ХХК-ийн шинжээчийн үнэлсэн БЗД, 0 хороо,  0 хороолол, 0 байрны 2 тоотыг 78,539,000 төгрөгөөр үнэлсэн  дүгнэлтийг үл зөвшөөрч тус шүүхэд гомдлыг 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл төлбөр төлөгч нар шийдвэр гүйцэтгэгчийн танилцуулсан шинжээчийн дүгнэлтийг 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр танилцсан бол 4 дүгээр сарын 29-ний өдөр, 4 дүгээр сарын 23-ы өдөр танилцсан бол 4 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд гомдол гаргах эрхтэй байжээ.

Нэхэмжлэгч А.Бын шүүхийн хэлэлцүүлэгт “шинжээчийн дүгнэлтийг би 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авсан“ гэсэн тайлбарыг гаргасан хэдий ч хуульд дүгнэлтийг мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор гомдлыг гаргахаар хуульчилсан байна.

Иймд нэхэмжлэгч А.Б, Ж.М нар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Ж.М хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй, шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүү А.Б дэмжих болно, шүүх хуралдааныг миний эзгүйд хуралдуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 100.3-д зааснаар хавтас хэрэгт авагдсан зохигчдоос шүүхэд ирүүлсэн тайлбар, бичгийн нотлох баримт үндэслэн хуралдааныг тэдний эзгүйд шийдвэрлэсэн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Б, Ж.М нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.ГАНЧИМЭГ