Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 129/2017/00628/И |
Дугаар | 05 |
Огноо | 2018-02-27 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 05
Н.Цгийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 129/ШШ2018/00016 дугаар шийдвэртэй
Н.Цгийн нэхэмжлэлтэй
М.Бт холбогдох
эрүүл мэндийн хохиролд 3 784 570 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
хариуцагчийн төлөөлөгч В.Удвалын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн
шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Ц, хариуцагчийн төлөөлөгч В.Удвал, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний төлөөлөгчийн тайлбарт: “Миний бие 2015.10.13-ны өдөр М.Бт зодуулж биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсан. Биеийн эрүүл мэндийн байдал сайжрахгүй, удаа дараа эмчилгээ хийлгэж байнгын эмчилгээтэй байсан тул хөнгөн гэмтэл учирсан гэдэгт эргэлзээ төрсөн. Иймд удаа дараа шинжээчээр дүгнэлт гаргуулсан боловч хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон дүгнэлт гарсан. Тархиндаа учирсан гэмтэлдээ тасралтгүй эмчилгээ хийлгэсэн нь нотлох баримтаар өгсөн амбулаторын эмчилгээний картаар нотлогддог. М.Бт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссаны улмаас хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймээс би өөрт учирсан бодит хохирол болох акттай байсан хугацааны цалингийн зөрүү 517 110 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 200 000 төгрөг, эм тарианы үнэ 680 010 төгрөг, замын зардал 120 400 төгрөг, эрүүгийн хэргийн салбар архиваас баримтын хуулбар авахад төлсөн хураамж 3 000 төгрөг, нийт 2 520 520 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Мөрдөн байцаалтын шатанд М.Бээс төлсөн төлбөр болон шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай давхцуулахгүйгээр 2016.03.16-ны өдрөөс хойших хугацаанд хийлгэсэн эмчилгээний зардал 1 264 050 төгрөгийг баримтаар нэмж нэхэмжилж байна. Үүнд:
1. 2016.03.17-ны өдрийн эмчилгээний зардалд 37 500 төгрөг,
2. 2016.04.20-ны өдрийн эмчилгээний зардалд 40 950 төгрөг,
3. 2016.11.27-ны өдрийн эмчилгээний зардалд 159 750 төгрөг,
4. 2016.11.24-ний өдрийн эмчилгээний зардалд 83 000 төгрөг,
5. 2017.01.02-ны өдрийн эмчилгээний зардалд 57 100 төгрөг,
6. 2017.04.20-2017.04.30-ны өдрийг хүртэлх эмчилгээнд болон цаашид уух эм, эмчилгээнд 805 350 төгрөг,
7. Эрдэнэбулган сумаас Улаанбаатар хот руу явсан замын зардал 23 400 төгрөг,
8. Улаанбаатар хотоос Батцэнгэл сум руу явсан замын зардал 25 000 төгрөг,
9. Батцэнгэл сумаас Улаанбаатар хот руу явсан замын зардал 25 000 төгрөг,
10. Батцэнгэл сумаас Архангай аймгийн төв рүү явсан замын зардал 7 000 төгрөг, эмчилгээний зардалд нийт 1 183 650 төгрөг, замын зардалд нийт 80 400 төгрөг, нийт 1 264 050 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Ингээд эмчилгээний зардал, өмгөөлөгчийн хөлсөнд нийт 3 784 570 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Өмнө нь М.Б 2 070 000 төгрөгийг хохиролд төлсөн. Өмнөх хохирол гаргуулсан баримт нь өнөөдрийн хэрэгт авагдсан нотлох баримттай давхцаагүй болно. Мөн хариуцагч талаас өмнөх нотлох баримттай давхацсан гэсэн нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: “Нэхэмжлэгч Н.Ц нь М.Бээс гэм хор учруулсан хохирлыг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцагч М.Б нь хэдийгээр Н.Цгийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэж Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан боловч түүний гэм буруутай эсэх нь шүүхээр тогтоогдоогүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тиймээс гэм хорын хохирлын асуудал тогтоогдоход хэцүү. Хэрэг шалгагдаж байх явцад М.Б 2015.12.07-ны өдөр нэхэмжлэгч Н.Цд 2 070 000 төгрөг төлсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Одоо нэхэмжилж байгаа хохирлын мөнгө нь өмнөх хохиролд төлсөн төлбөртэй хамааралгүй гэдгийг нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. М.Бт зодуулсаны улмаас Н.Цгийн биед зөвхөн “тархи доргилт” гэсэн хөнгөн гэмтэл учирсан. Мөн хуйханд няцрал, шарх, зөөлөн эдийн няцрал тогтоогдсон бөгөөд үүнтэй маргахгүй. Нэхэмжлэгч удаа дараа байнга эмчид үзүүлсэн гэдэг. Энэ нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн амбулаторын картаар нотлогддог. Хөнгөн зэргийн гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн 4-5 шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн шинжээч эмчийг байцаасан. Давж заалдах шатны шүүхээс Н.Цд учирсан гэмтэл цаг хугацааны хувьд болон өмнө нь өөр гэмтэлтэй байсан эсэх нь эргэлзээтэй байна, мөн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг тогтоолгохоор хэргийг буцаасан. Үүний дагуу шинжээчийн 900 тоот дүгнэлт гарсан. Нэхэмжлэгч талаас шинжээчийн 900 тоот дүгнэлтийг нотлох баримтаар гаргаж өгсөн. М.Б “Н.Цд өмнө нь өөр гэмтэл байсан, хэрвээ хөнгөн зэргийн гэмтэл учирсан бол эмчилгээ удаан хугацаагаар үргэлжлэхгүй байсан, хөнгөн зэргийн гэмтлээс гадна өөр өвчтэй байсан, тэр өвчнөө эмчлүүлж байгаа тул нэхэмжлэлийг нь зөвшөөрөхгүй” гэсэн. М.Бийн учруулсан гэмтлээс болж 2015.11-12 дугаар сар, 2016.01 дүгээр сард эмчлүүлсэн нь эргэлзээтэй байдаг. Н.Ц ямар өвчний оношоор яаж эмчлүүлж ямар эм тариа авсан нь тодорхойгүй. Мөн М.Бийн учруулсан гэмтлийн улмаас Н.Ц байнга эмнэлэгт үзүүлж хэвтсэн гэдэг нь тогтоогдохгүй байна.” гэжээ.
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 129/ШШ2018/00016 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Бээс 1 780 530 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 004 040 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Н.Цгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 43 438 төгрөг гаргуулан орон нутгийн төсөвт оруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэх арга, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч В.Удвалын давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 129/ШШ2018/00016 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Н.Цгийн биед хариуцагч М.Б нь 2015.10.13-ны өдөр тархи доргилт, хуйханд язарсан шарх гэмтэл учруулсан нь үнэн. Энэ нь шүүхийн шинжилгээний удаа дараагийн дүгнэлтүүдээр хангалттай тогтоогдож байгаа. Гэтэл Н.Ц нь тархи доргилт, хуйханд язарсан шарх гэмтлээс өөр тархины няцрал, хаван гэх мэт шинжээчийн дүгнэлтээр тогтоогдохгүй, үгүйсгэгдэж байгаа өвчнөө эмчлүүлж үзүүлж харуулсан, үзүүлж харуулахаар явсан, ажлаасаа чөлөө авсан зэрэг нь хавтаст хэрэгт цугларсан баримтуудаас маш тодорхой харагдаж байдаг. Н.Цд М.Б нь 2 070 000 төгрөгийг хохирол төлбөрт төлсөн байхад энэ талаар анхаарч үзсэнгүй. Мөн түүнчлэн Н.Цд учирсан гэмтэл хөнгөн зэргийн гэмтэл /гэмтлийг эмчлэх, нөхөн сэргээх явц нь 4 долоо хоног/ бөгөөд шинжээчийн 900 дугаартай дүгнэлт болон шинжээч эмчийн мэдүүлгээр Н.Цгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болох нь нотлогдож байхад түүний 2015.11-2016.01.15-ны өдөр хүртэл акттай байсан хугацааны цалинг М.Бээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Н.Цгийн өмгөөлөгчид төлсөн 1 200 000 төгрөгийг хариуцагч М.Бээс эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад гарсан зардалд тооцож гаргуулсан нь буруу байна. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явагдаж байгаад хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. М.Б гэм буруутайд тооцогдоогүй. Н.Ц нь өмгөөлөгч хөлслөн хууль зүйн туслалцаа авч байгаа нь өөрийнх нь эрхийн асуудал юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Н.Ц 2017.10.12-ны өдөр М.Бт холбогдуулан нэхэмжлэл гаргаж гэм хорын хохиролд 2 520 520 төгрөг нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж 3 784 570 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. /хх-1, 41-42/
Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргажээ. /хх-16, 75/,
Анхан шатны шүүх зохигчдын хооронд гэм хор учруулсны улмаас үүрэг үүссэн гэж дүгнэн, хариуцагчаас эмчилгээний зардал 53 420 төгрөг, унааны зардал 7 000 төгрөг, цалингийн зөрүү 517 110 төгрөг, өмгөөлөгчид төлсөн зардал 1 200 000 төгрөг, нотлох баримт бүрдүүлэхэд гарсан зардал 3 000 төгрөг, нийт 1 780 530 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.
Шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Анхан шатны шүүх “2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төлөгдсөн хохирлоос өмнөх хугацаанд, мөн акттай байх хугацаа дуусгавар болсон 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хойших хугацаанд тус тус хамаарч буй эмчилгээний зардал 1 810 240 төгрөг... хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэсэн үндэслэлээр эмчилгээний зардалд 53 420 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж чадаагүй байна.
Хариуцагч М.Бийн үйлдлээс нэхэмжлэгч Н.Цгийн эрүүл мэндэд гэм хор учирсан нь хэргийн баримтаар тогтоогджээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан үндэслэлээ учирсан хохиролд 2 070 000 төгрөг төлсөн ба эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусснаар хэрэгсэхгүй болгосон тул дахин нэхэмжилсэн мөнгийг өгөх боломжгүй гэсэн тайлбар гаргасан нь гэм хорын хариуцлагаас түүнийг чөлөөлөх үндэслэл болохгүй байна.
Нэхэмжлэгч эмчилгээний зардалд 1 863 660 төгрөг нэхэмжилсэн боловч 2015.11.15-ны өдрөөс 2017.01.02-ны өдрийг хүртэлх хугацаанд эмчилгээнд нийт 1 786 660 төгрөг зарцуулсан тухай баримт хавтаст хэрэгт авагдсан байна.
Хариуцагчийн төлөөлөгч В.Удвал нь “Нэхэмжлэгч Н.Цгийн биед хариуцагч М.Б нь 2015.10.13-ны өдөр тархи доргилт, хуйханд язарсан шарх гэмтэл учруулсан нь үнэн... Гэтэл Н.Ц нь тархи доргилт, хуйханд язарсан шарх гэмтлээс өөр тархины няцрал, хаван гэх мэт шинжээчийн дүгнэлтээр тогтоогдохгүй, үгүйсгэгдэж байгаа өвчнөө эмчлүүлж үзүүлж харуулсан, үзүүлж харуулахаар явсан, ажлаасаа чөлөө авсан...” гэх тайлбараа баримтаар нотолж чадаагүй байна.
Шүүх хохиролд 2 070 000 төгрөг төлөгдсөн 2015.12.17-ны өдрөөс өмнөх хугацааны зардлыг гаргуулаагүй нь буруу болжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагчийн үйлдлээс нэхэмжлэгчид 2015.10.13-ны өдөр гэм хор учирсан ба хариуцагч нь 2015.12.17-ны өдөр хохиролд 2 070 000 төгрөг төлснөөр энэ хугацааны хохирлыг бүрэн барагдуулсан тухай нотлох баримт байхгүй тул 2 070 000 төгрөг төлснөөр 2015.12.17-ны өдрийг хүртэлх хугацааны бүх хохирол төлөгдсөн гэж үзэх боломжгүй байна. Хэргийн 3 дугаар хуудсанд 2015.11.17-ны өдрийн 521 200 төгрөгийн, 7 дугаар хуудсанд 2015.11.15-ны өдрийн 19 080 төгрөгийн, 2015.11.28-ны өдрийн 23 280 төгрөгийн, нийт 563 560 төгрөгийн эмчилгээний зардлыг нотолсон баримтууд авагдсан байх бөгөөд эдгээр нь цаг хугацааны хувьд хохиролд өмнө төлсөн гэх 2 070 000 төгрөгөөс өмнөх хугацаанд цугларсан баримтууд байх хэдий ч эдгээр зардлыг хариуцагч нэхэмжлэгчид төлсөн талаар нотлоогүй байх тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагчаас эмчилгээний зардалд 563 560 төгрөг нэмж гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгчид учирсан гэмтэл хөнгөн зэргийн гэмтэл бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Архангай аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн 11 тоот албан бичиг нь нэхэмжлэгчийг 2016.01.15 хүртэл акттай байсан гэсэн агуулгатай байх тул энэ хугацаанаас хойших эмчилгээний зардлыг гаргуулах боломжгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.
Харин хэргийн 7 дугаар хуудсанд авагдсан 2015.12.26-ны өдрийн 13 970 төгрөгийн баримт нь эмчилгээний зардалтай холбоогүй байна.
Иймд анхан шатны шүүхийн эмчилгээний зардалд гаргуулсан 53 420 төгрөгөөс дээрх 13 970 төгрөгийн зардлыг хасч, 563 560 төгрөгийн зардлыг нэмж, нийт 603 010 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
2. 2015.12.29-ний өдрийн унааны зардал 7 000 төгрөг нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй зардал мөн эсэх нь тодорхойгүй, шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ талаар дүгнэлт өгөөгүй тул хариуцагчаас уг зардлыг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой зардлыг хариуцагч нөхөн төлөх нь Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад тодорхой тусгагджээ. Иймд гэм хорын хохирол гэж нэхэмжлэлд тусгагдсан боловч баримтаар нотолж чадаагүй унааны зардал нийт 174 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.
3. Нэхэмжлэгч нь дээрх зардлуудаас гадна хэргийн 7 дугаар хуудсанд авагдсан 2015.12.26-ны өдрийн 13 970 төгрөгийн, 2016.01.25-ны өдрийн 72 250 төгрөгийн, 2016.01.28-ны өдрийн 48 380 төгрөгийн, нийт 120 630 төгрөгийн бараа бүтээгдэхүүний үнийг шаардсан боловч уг бараа бүтээгдэхүүн нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай ямар холбоотой нь тодорхойгүй, үүнтэй холбоотой нотлох баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй тул 120 630 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
4. Архангай аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 11 тоот албан бичигт “...Н.Ц нь... 2015 оны 11, 12 сар, 2016 оны 01 сарын 15 хүртэл акттай байсан хугацааны цалингийн зөрүү 25% болох 517 110 төгрөг болно” гэснийг үндэслэн хариуцагчаас нэхэмжлэгчийн дутуу авсан цалин хөлс 517 110 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан зохицуулалтад нийцсэн байна.
5. Нэхэмжлэгч Н.Ц эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад өмгөөлөгчид 1 200 000 төгрөгийн зардал төлсөн /хх-4, 48-50/ боловч шүүх хариуцагчаас уг зардлыг гаргуулах нь хуульд нийцэхгүй гэж үзлээ. Маргааны үйл баримт 2015.10.13-ны өдөр болсон байх ба энэ үед 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хууль хүчин төгөлдөр үйлчилж байжээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4-д өмгөөлөгчид төлсөн зардал байцаан шийтгэх ажиллагааны зардалд тооцогдохоор заажээ.
Мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар шүүгдэгч гэм буруутай болохыг тогтоовол шүүх түүнээс байцаан шийтгэх ажиллагааны зардлыг гаргуулахаар байна.
Хариуцагч М.Бт холбогдох эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь зохигчдын тайлбар, Архангай аймгийн Прокурорын газрын мэдэгдэх хуудсаар тогтоогдож байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй ба М.Б гэм буруутайд тооцогдоогүй байна. Иймд эрүүгийн хэрэгт холбогдсон боловч гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй хариуцагч М.Бт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Н.Цгийн өмгөөлөгчид төлсөн зардал гаргуулах шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Хариуцагч М.Б нэхэмжлэгч Н.Цд гэм хор учруулснаа хүлээн зөвшөөрсөн байдал нь түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэглээгүй нь алдаатай болсон байх тул өмгөөлөгчид төлсөн зардал гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
6. Нэхэмжлэгч нотлох баримт бүрдүүлэх явцад гарсан зардал болох 3 000 төгрөг нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь буруу биш байна.
Дээр дурдсан үндэслэлээр М.Бээс эмчилгээний зардал 603 010 төгрөг, цалингийн зөрүү 517 110 төгрөг, нотлох баримт бүрдүүлэх явцад гарсан зардал 3 000 төгрөг, нийт 1 123 120 төгрөг гаргуулж шийдвэрт өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 129/ШШ2018/00016 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1 780 530” гэснийг “1 123 120” гэж, “2 004 040” гэснийг “2 661 450” гэж, 2 дахь заалтын “43 438” гэснийг “31 505” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 43 438 төгрөгөөс 31 505 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 11 933 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ
Д.БЯМБАСҮРЭН