Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 142/2018/00206/И |
Дугаар | 001/ХТ2021/01284 |
Огноо | 2021-10-26 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 001/ХТ2021/01284
Сэцэн ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Л.Атарцэцэг, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2019/01384 дүгээр шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 14 дүгээр магадлалтай,
Сэцэн ХХК-ийн нэхэмжлэлтэй
Ж.Самбадагва, Т.Алтанхүү нарт холбогдох
Гэм хорын хохирол 41,845,120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Т.Алтанхүүгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цэдэндорж, хариуцагч Ж.Самбадагвын өмгөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017.11.03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Сэцэн ХХК-ийн өмчлөлийн Булган аймаг Орхон сумын Халиун багийн Хөх чулуут гэх газарт байрлах 2 давхар сууцанд сахиул болох Н.Амгаланбаатар төвд орж ирээд хонож байх хойгуур түүний найз гэх Т.Алтанхүү, Ж.Самбадагва нар 2 эмэгтэйн хамт очиж архи ууж гал алдсанаас байшин шатаж компанид маань 41,845,120 төгрөгийн хохирол учирсан. 2017.11.04-ний өглөө 06 цаг 16 минутад Орхон аймгийн Онцгой байдлын газарт иргэн Т.Буянхишиг 99384673 дугаарын утсаар байшин шатаж байгаа тухай дуудлага өгснөөр Гал унтраах аврах нэгдүгээр зэрэглэлийн 56-р ангийн 2-р салааны захирагч, ахлах ахлагч Б.Амарбаяр салааны захирагч 1 хүн, аврагч жолооч 1 хүн, аврагч гал сөнөөгч 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр DEIWOO ОРХ 99-94 улсын дугаартай автоцистерн /АЦ-40У/-1 авто машинтай 14 км замыг 15 минут туулж очоод гал түймрийг бүрэн унтраасан болох нь 2017.11.06-ны өдрийн Гал түймэр гарсан тухай 118/28 дугаартай актаар нотлогдоно. Дээрх актыг үндэслээд эрүүгийн хэрэг үүсэн шалгагдсан боловч хохирлын хэмжээгээр хэрэг хэрэгсэхгүй болсон. Нэхэмжилж байгаа сууцны үнээс гадна 3.0 сая гаруй төгрөгийн хохирол учирсан болохыг хариуцагч нар мэдэж байгаа болно. Иймд дур мэдэн хүний орон байранд хууль бусаар орж улмаар эд хөрөнгийг маань галдан шатааж хохирол учруулсан Т.Алтанхүү, Ж.Самбадагва нараас сууцны үнэ 41,845,120 төгрөг гаргуулан Сэцэн ХХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Самбадагва шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Самбадагва нь Б.Цэдэндоржийн нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие Самбадагва нь Б.Цэдэндорж гэдэг хүнийг танихгүй. 2017.11.03-ны өдөр таксинд явж байтал Т.Алтанхүү Хүлэг захын урд тааралдсан. Тэрээр саяхан танилцсан 2 хүнтэйгээ жаахан ярьж архи машинд чинь ууя гэж гуйсаар би зөвшөөрсөн. Т.Алтанхүү 2 эмэгтэй дагуулж ирээд машинаа гэртээ орхиод миний машинд 2 шил архи уусан. Ингээд би явлаа гэхэд хонох газар хайж 2 айлд очсон. Дараа нь Бүрэнбүст орно, тэнд байшин байгаа хүргээд өг гэсэн. Ингээд 10,000 төгрөгөөр бензин хийж хүргүүлсэн. Тэнд очоод байшингийн ойролцоо нэг айлд орсон. Нэг эмэгтэй хүн байсан. Тэр эмэгтэй Т.Алтанхүүгийн асуусан Амгаа гэгч хүнийг байхгүй гэж хэлээд Т.Алтанхүүтэй машинд орж суун, байшинд очоод уг байшинг онгойлгож өгсөн. Энэ үед 24 цаг болж байсан байх. Би Т.Алтанхүүд хандан явлаа гэхэд биднийг нэг мөсөн явахад яв, буцах унаа байхгүй гэсэн. Тэр 3 нэг шил архи задалж ууж байгаад унтацгаасан. Би ч бас унтсан. Гэнэт чимээ гарах чимээгээр сэрээд хартал байшингийн яндангийн орчим таазнаас шатаж байсан. Ингээд бид тэднийг дуудаж сэрээгээд галыг унтраах гэсэн боловч дийлэхгүй байсан. Гал команд дуудах гэтэл гар утас унтарсан байсан. Т.Алтанхүү хая, явъя гэсээр явсан. Энэ үед 04:30 цаг болж байсан. Миний хувьд энэ айлын байшин гал авалцсан шалтгааныг юунаас болсныг сайн мэдэхгүй байгаа. Би өөрөө галдаж шатаагаагүй, тэр байр саванд очих шаардлага байхгүй тул нэхэж буй 41,845,120 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй. Харин Сэцэн ХХК-ийн өмчлөлийн уг байшинг хэн хариуцаж, харж хамгаалж байсан, тэр хариуцаж буй хүмүүс нь Т.Алтанхүүтэй ямар харилцаа холбоотой болох зэргийг тогтоож байж хариуцах эзнийг олж зөв тогтоох ёстой гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч Т.Алтанхүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Сэцэн ХХК-ийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Тус амралтын газар 3 хүний хамт очсон бөгөөд бидний санамсар болгоомжгүй байдлаас болж уг гал түймэр гараагүй, тэгээд ч тус амралтын газрын сахиул Н.Амгаланбаатарын эхнэр бидэнтэй хамт худаг орж 20 литр ус авч өгч өөрөө байшин онгойлгож гал түлж өгсөн. Түүнчлэн тус Сэцэн ХХК пийшин зуухны галын аюулгүй байдлыг хангаагүйгээс гал түймэр гарсан гэж үзэж байна. Тольдох оюуны өгөөж ХХК-ийн гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гал түймэр хэний буруутай үйлдлээс болж гарсныг тогтоолгож байж буруутай этгээдүүд уг хохирлыг хувааж төлөх нь зүйтэй гэж үзэж байна. Байшин дотор нь 4 гэр хураасан байсан, нарны энергийн толь, аккумлятор, паркетан шал зэрэг эд зүйлс байсан гэж нэхэмжилж байгаа. Тийм эд зүйлс огт байгаагүй. Би дараа нь манаач хийж байсан хүнтэй нь хүнсний зах дээр уулзаад та үнэн зөвөөр нь гэрчилж өгөхгүй яасан юм бэ? гэхэд Би сайн мэдэхгүй байна. Б.Цэдэндорж гуай л тэгэж хэл гэсэн гэж хэлсэн. Тиймээс хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгөхийг хүсэж байна гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2019/01384 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан Т.Алтанхүү, Ж.Самбадагва нараас 22,933,400 /хорин хоёр сая есөн зуун гучин гурван мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Сэцэн ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18,911,720 /арван найман сая есөн зуун арван нэгэн мянга долоон зуун хорь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367,176 /гурван зуун жаран долоон мянга нэг зуун далан зургаа/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Т.Алтанхүү, Ж.Самбадагва нараас тус бүр 136,308 /нэг зуун гучин зургаан мянга гурван зуун найм/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Сэцэн ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 14 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2019/01384 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т.Алтанхүү, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Т.Алтанхүү, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 136,309 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Т.Алтанхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хариуцагч Т.Алтанхүү миний бие дараах байдлаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүхийн үндэслэх хэсэгт хариуцагч Т.Алтанхүү, Ж.Самбадагва нар нь 2017.11.03-наас 04-нд шилжих шөнө Сэцэн ХХК-ийн Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Хөх чулуут гэх газарт байрлах 2 давхар байшинд очиж гал түлж, архи уусан бөгөөд тэднийг унтаж байхад гал гарсан нь нотлогдож байна гэжээ. Гэтэл хавтас хэрэгт авагдсан баримтаар /зөрчлийн арга хэмжээ авагдах үедээ өгсөн мэдүүлэгтээ/ Т.Алтанхүүг гал түлсэн тухай байдаггүй. Гал түймэр тус байшингийн пийшингийн яндангаас, дээврийн хэсгээс гарч байсан тухай гэрч нар мэдүүлсэн. Орхон аймгийн Онцгой байдлын газрын 2017.11.06-ны өдрийн 118/28 дугаартай Гал түймэр гарсан тухай актад гал түймэр хаанаас гарсан, юунаас болсон шалтгаан нөхцөлийг дурдаагүй. Мөн энэ гал түймэр гарах болсон шалтгаан нөхцөлийг мэргэжлийн шинжээчээр тогтоолгохоор хүсэлт удаа дараа гаргасан ч хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй, шаардлагагүй гэж 2 шатны шүүх үзсэн нь хэргийн оролцогчдын эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. 2018.01.03-ны өдрийн 39/01 дугаартай зөрчлийн хэрэг нээж тогтоол үйлдэхэд Т.Алтанхүү, Ж.Самбадагва нар нь Онцгой байдлын гал түймэр унтраах, аврах ангид дуудлага өгөлгүй хэргийн газрыг орхисон болох нь тогтоогдож байна гээд 100,000 төгрөгөөр торгож шийтгэл ногдуулсан байдаг. Хариуцагч нарыг Галын аюулгүй тухай хуулийн 16.2.2 дахь заалтыг зөрчсөн талаар тусгасан байна. Мөн тухайн үед анх гал түлж өгсөн болон хамт байсан гэх эмэгтэйчүүд ч гэсэн хамтран хариуцлага хүлээж хохирол төлөх нь хуульд нийцэх ёстой юм. Нэхэмжлэгч нь шаардлагаа Тольдох оюуны өгөөж ХХК-ийн үнэлгээгээр 12x5 харьцаатай байшин 35,055,720 төгрөг, гэр доторх эд зүйлс, тавилга 6,789,400 төгрөг нийт 41,845,120 төгрөгийг нэхэмжилдэг. Энэ эд хөрөнгө нь нэхэмжлэгч компанийн эд хөрөнгийн бүртгэлгүй, өмчлөх эрхийн гэрчилгээгүй, иргэн Б.Цэдэндоржийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээгүй байхад компанийн нэр дээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шаардлагыг бүхэлд нь хангасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Б.Цэдэндорж нь 2 шатны шүүх хурал дээр маргаж буй эд хөрөнгийг 1970, 1980 онд баригдсан хуучны бракан байшинг нурааж зөөвөрлөж барьсан тухайгаа хэлж мэдүүлдэг. Гэтэл тэр байшингийн элэгдэл, хорогдлыг эс тооцож одоогийн зах зээлийн мансарттай байшингийн үнэлгээгээр үнэлсэн нь үндэслэлгүй юм. 2 шатны шүүх үүнийг анхаар үзэлгүй нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь үнэлсэнд гомдолтой байна. Гэрч Ягаанцэцэг шүүх хурал дээр мэдүүлэхдээ урьд нь надтай хамт энэ байранд бургас авахаар хэд хэдэн удаа очиж байсан ба үнэлгээнд дурдсан эд зүйлс тавилганууд байгаагүй гэдгийг мэдүүлдэг. Байшингийн хойд талд цагаан өнгийн буйдан, цоохор модон ширээ, урд цонхны доор жижиг буйдан, модон сандал 3-4 ширхэг байсан тухай мэдүүлдэг. Хариуцагч нар ч гэсэн юу юу хаана байсан талаар тодорхой хэлж мэдүүлдэг. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрлэхдээ Тольдох оюуны өгөөж ХХК-ийн үнэлгээг баримтлан 6,789,400 төгрөгийн эд зүйлс байсан мэтээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй байна. Мөн Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээгээр шатсан байшинг зах зээлийн дундаж үнийг 16,144,000 төгрөг, гэрийн доторх тавилганы үнэлгээ 6,789,400 төгрөгөөр тус тус тооцож хариуцагч нараас 22,933,400 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Сэцэн ХХК нь Ж.Самбадагва, Т.Алтанхүү нараас гэм хорын хохирол 41,845,120 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ, ...хариуцагч нарын буруугаас гал гарч байшин, эд зүйл шатсан гэснийг хариуцагч ...гал бидний буруутай үйлдлээс гарсан нь тогтоогдоогүй, хохирлыг бодитоор үнэлээгүй... гэж маргасан байна.
Анхан шатны шүүх хариуцагч нараас 22,933,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, 18,911,720 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Хариуцагч Т.Алтанхүүгийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн зүйлийн 497.2-т гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж тус тус заасан байна.
Хэргийн баримтаас үзвэл 2017.11.03-наас 04-нд шилжих шөнө Булган аймаг, Орхон сумын Халиун багийн Хөх Чулуут гэх газарт байрлах 2 давхар байшин, доторх эд зүйл шатаж хохирол учирсан үйл баримт тогтоогджээ.
Гал түймэр гарсан тухай Орхон аймгийн Онцгой байдлын газрын 2017.11.06-ны өдрийн 118/28 тоот актад гал гарсан шалтгааныг бүрэн тогтоогоогүй боловч галыг байшингийн баруун талаас зуухны ойролцоогоос гарсан байх магадлалтай гэж галын нотломжид дурдсан, хариуцагч Т.Алтанхүү, Ж.Самбадагва нар нь тухайн өдөр бусдын хамт сахиулын эзгүйд байшинд хонохоор түлхүүр авч орон гал түлж, архи ууж байгаад унтсан, шөнө дундын үед гал гарсан, галын дуудлага өгөөгүй орхиж явснаас байшин бүрэн шатсан нь нотлогдсон байна.
Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд дүгнэлт хийж хариуцагч нар байшинд эзнийх нь зөвшөөрөлгүй орж, гал түлсэн, архи ууж хоносон үед гал гарсан, улмаар галын дуудлага өгөх үүргээ биелүүлээгүй хаяж явсан нь тэдний гэм буруутай үйлдлээс бусдын эд хөрөнгөд гэм хор учирсан гэж үзэх шалтгаант холбоотой бөгөөд хариуцагч нар гэм буруугүй болохоо нотолж чадаагүй гэж үзсэнийг үгүйсгэх үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч нарын гэм буруутай хууль бус үйлдэл, уг үйлдлийн улмаас учирсан хохирол, эдгээрийн хоорондох шалтгаант холбоо тогтоогдсон тул гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзнэ.
Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхийг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасан байна.
Шүүх Тольдох оюуны өгөөж ХХК болон Ашид билгүүн ХХК-ийн тогтоосон үнэлгээг харьцуулан байшингийн хохиролд 16,144,000 төгрөг, байшинд байсан эд зүйлийн хохиролд 6,789,400 төгрөг, нийт 22,933,400 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
Байшингийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулаагүй байсан нь тогтоогдсон бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэгдээгүй нь өмчлөгчийн өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглах, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй, тухайн байшингийн өмчлөх эрхийн талаар аливаа этгээд маргаан гаргаагүй тул нэхэмжлэгч Сэцэн ХХК-ийн өмчлөлийн зүйл гэж үзэх үндэслэлтэй.
Иймд нэхэмжлэгч нь өмчлөгч болох нь тогтоогдоогүй гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй болно.
Дурдсан үндэслэлээр хариуцагч Т.Алтанхүүгийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2019/01384 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 14 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагч Т.Алтанхүү хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.02.11-ний өдөр төлсөн 136,308 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ
П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ