Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2021/01153

 

  

 

Э.Энхбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/02322 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 76 дугаар магадлалтай,

 

Э.Энхбатын нэхэмжлэлтэй,

Х.Оюун-Эрдэнэд холбогдох,

 

Эд хөрөнгөд гэм хор учруулсны хохиролд 21,640,324 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Х.Оюун-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э.Энхбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Э.Энхбат нь Да хүрээ худалдааны төвөөс 2016.06.26-ны өдөр 2006 онд үйлдвэрлэгдсэн, саарал өнгийн 5057 УНИ улсын дугаартай Тоёота алпард маркийн тээврийн хэрэгслийг 15,500,000 төгрөгөөр худалдан авсан. Тээврийн хэрэгслээ 2017.01.14-ны өдөр хадам аавынхаа байрны гадна буюу Баянзүрх дүүрэг 18-р хороо 14-р байрны ил зогсоол дээр байрлуулсан байсан. Гэтэл үүрээр 5-7 цагийн үед Х.Оюун-Эрдэнэ гэх эмэгтэй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, 2000 УНТ улсын дугаартай тоёота кроун маркийн тээврийн хэрэгсэлтэй утаа гал савсалзуулан 14-р байрны зогсоол руу орж зогсохдоо хажууд зогсож байсан миний 5057 УНИ Тоёота алпард, иргэн Б.Энхбаярын 9404 УНӨ тоёота волтз маркийн 2 тээврийн хэрэгслийг шатаасан. Х.Оюун-Эрдэнийг утаа, гал савсалзуулсан машинтай зогсоол руу орж зогсохыг 14-р байрны орцны жижүүр харсан байдаг. Х.Оюун-Эрдэнэ нь машинаа шатаж байгааг мэдсээр атлаа шатаж буй тээврийн хэрэгсэлтэй 14-р байрны зогсоол руу орж зогсохдоо 2 талын тээврийн хэрэгсэл руу гал тархаан миний тээврийн хэрэгсэл болон ажлын тусгай хувцас, бусад эд зүйлс хамт шатаж үгүй болсон. ЦЕГ-ын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2017.01.26-ны өдрийн 9/01 тоот Шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг зэрэг баримтаар Х.Оюун-Эрдэнийн 2000 УНТ улсын дугаартай Тоёота кроун маркийн тээврийн хэрэгслийн цахилгаан дамжуулах утсанд богино холбоо үүсч гал түймэр гарсан нь түүний буруутай болохыг тогтоосон болно. Би шатсан тээврийн хэрэгслээ 2017.02.21-ний өдөр Мастер үнэлгээ ХХК-иар үнэлгээ хийлгэхэд 11,545,500 төгрөгийн засвар, үйлчилгээ орно гэсэн дүгнэлт гарсан. Гэвч Х.Оюун-Эрдэнэ нь шатаад үлдсэн тээврийн хэрэгслийн эд ангийг мөн авч явж зарсан. Би тээврийн хэрэгслээ 2019.05.06-ны өдөр улсын бүртгэлээс хасалт хийлгэсэн. Би 2019.03.02-ны өдөр зарын unegvi.mn сайтаар Тоёота алпард тээврийн хэрэгслийн худалдаалах үнийг судалж үзэхэд 2006-2007 онд үйлдвэрлэгдэж, 2019 онд Монголд орж ирсэн нь 19,000,000-21,500,000 төгрөгийн ханштай байна. Миний шатсан машин худалдаж аваад удаагүй дөнгөж 7 сар болж байсан юм. Х.Оюун-Эрдэнийн буруутай үйлдлийн улмаас шатсан төдийгүй эд ангийг нь хүртэл худалдсан. Иймд Х.Оюун-Эрдэнээс гэм хор учруулсан төлбөр 21,640,324 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2017.01.14-ний өдөр ...05:00 цагийн орчим ...2000 УНТ улсын дугаартай тоёота кроун маркийн тээврийн хэрэгслээ барин 13-р хороололд амьдардаг найз хүүхнийх рүүгээ явсан. Очоод зогсоол олдохгүй байсан бөгөөд нилээн хайж байгаад байрнуудын дунд ороод 1 сул зогсоолд тээврийн хэрэгслээ байрлуулсан. Тээврийн хэрэгслээ унтраах үед хэншүү үнэртэх ... сэжигтэй зүйл мэдэгдээгүй, түгжээд найзындаа хальт ороод 10-15 минутын дараа гараад иртэл тээврийн хэрэгслээс минь уур утаа гарч байх шиг болохоор нь сандраад гүйж очтол утаа гарч байсан. Сандраад гал унтраагуураар унтраах гэсэн боловч унтрааж дийлээгүй. Гал команд руу залгаж дуудлага өгсөн. Би маш их айж сандарч байсан ба хажууд зөндөө тээврийн хэрэгслүүд байсан тул юу ч гэсэн өөрийнхийгөө урагшлуулья шатвал ганцаараа шатаг гэж бодоод хөдөлгөх гэж оролдсон боловч огт хөдлөхгүй байсан. Хүмүүсээс тусламж хүссэн боловч туслаагүй. Тэгээд гал команд ирэхэд 2 талын тээврийн хэрэгслүүд шатсан байсан. Э.Энхбатын шатсан тээврийн хэрэгслийн эд ангийг нь худалдан борлуулсан явдал огт байхгүй, сэгнүүдийг зайлуул гэж СӨХ-оос шаардсан болохоор манай дүү дуудлагын үйлчилгээ дуудаж хогийн цэг рүү ачуулсан. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрнө, Э.Энхбатад учирсан хохирол хэт өндөр байна. Иймд Э.Энхбатын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/02322 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Х.Оюун-Эрдэнээс 17,957,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Энхбатад олгож, 3,683,324 төгрөг үлдсэнийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 247,735 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 76 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/02322 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,735 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Х.Оюун-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.14-ний өдрийн 181/ШШ2019/02322 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.10-ны өдрийн 76 дугаар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх ...Хариуцагч Х.Оюун-Эрдэнэ өөрийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч Э.Энхбатын эд хөрөнгөд учирсан хохиролд шалтгаант холбоотой байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан гэм хорыг арилгахдаа хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй байна. Э.Энхбатын эзэмшлийн тээврийн хэрэгсэл, эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг Мастер үнэлгээ ХХК 11,545,000 төгрөгөөр үнэлсэн /хх-34-47/, хариуцагч Х.Оюун- Эрдэнэ энэ хэмжээнд хохирлыг төлж барагдуулна гэж тайлбарлах бөгөөд энэ үнэлгээ нь тээврийн хэрэгсэлд учирсан шууд ба шууд бус зардал, засварлах үнэлгээ байна. Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбараар дээрх тээврийн хэрэгсэл шатсан, улмаар төмрийн хаягдалд хариуцагч тал авч явсан, засварлах боломжгүй, хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн нь тогтоогдож байна. Э.Энхбатын Тоёота алпард маркийн тээврийн хэрэгсэл 2006 онд үйлдвэрлэгдсэн, 2016.06.26-ны өдөр худалдан авсан байх бөгөөд тусгай зөвшөөрөл бүхий Хөрөнгө Үнэлгээний төв ХХК-ийн 2019.10.30-ны өдрийн №445 тоот үнэлгээ /хх-116-135/-нд заасан хавтаст хэргийн 129, хүснэгт 15-д авагдсан тухайн шинж бүхий тээврийн хэрэгсэл одоогийн зах зээлийн үнэ /17,637,000 төгрөг/-ээр тооцон хохирлыг арилгуулах нь зүйтэй байна. гэж шийдвэрийнхээ ҮНДЭСЛЭХ нь хэсэгт дүгнээд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Х.Оюун-Эрдэнээс 17,957,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Энхбатад олгож, 3,683,324 төгрөг үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Анхан шатны шүүх ийнхүү шийдвэр болон магадлал нь шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх буюу шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй, хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна гэж хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Учир нь нэхэмжлэгч Э.Энхбат нь Тоёота алпард машинаа 15,500,000 төгрөгөөр худалдан авсан гэдэгээ илэрхийлж, нотолсоор байтал анхан шатны шүүхээс 17,957,000 мянган төгрөг гаргуулах шийдвэр гаргаж байгаа нь бодит нөхцөл байдалтай нийцэхгүй байна. 2016 онд худалдан авч байсан тээврийн хэрэгслийн элэгдэл хорогдлын хэмжээг эс тооцон бүхэл бүтэн 3 жил эдэлж хэрэглэсэн машиныг одоогийн зах зээлийн ханштай харьцуулан үнэлсэн нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй болсон байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэг хүлээхээр зохицуулжээ. Тодруулбал, яг адил нэр, төрөл, чанарын автотээврийн хэрэгсэл буюу автомашин авч өгөхөд 11,000,000 төгрөг болох бөгөөд хариуцагчийн зүгээс ийм бодит нөхцөл байдал байгаа тул Э.Энхбатын эзэмшлийн тээврийн хэрэгсэл, эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг Мастер Үнэлгээ ХХК 11,545,000 төгрөгөөр үнэлсэн /хх-34-47/, хариуцагч Х.Оюун-Эрдэнэ энэ хэмжээнд хохирлыг төлж барагдуулна гэж тайлбарласаар байхад шүүх үүнийг хэрхэн үгүйсгэж байгааг шийдвэр болон магадлалынхаа үндэслэх хэсэгт заасангүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын зарим хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2, 176.2.3- т тус тус заасны дагуу өөрчлөлт оруулан хариуцагчаас гаргуулах хохирлын мөнгийг бодитоор буюу 15,500,000 төгрөг, эсхүл 11,545,000 төгрөгөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцжээ.

 

Э.Энхбат нь Х.Оюун-Эрдэнэд холбогдуулан эд хөрөнгөд гэм хор учруулсны хохиролд 21,640,324 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 17,957,000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Хяналтын журмаар гаргасан хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

1.   Хэрэгт цугларсан баримтаар 2017.01.14-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 14 дүгээр байрны гаднах автомашины зогсоол дээр тавьсан хариуцагч Х.Оюун-Эрдэнийн эзэмшлийн Тоёота кроун маркийн 20-00 УНТ дугаартай автомашины цахилгаан дамжуулах утсанд богино холбоо үүссэнээс гал гарч зэрэгцээ зогсож байсан нэхэмжлэгч Э.Энхбатын эзэмшлийн Тоёота алпард маркийн 50-57 УНИ улсын дугаартай автомашин шатсан үйл баримт тогтоогдсон, Мастер үнэлгээ ХХК нэхэмжлэгчийн автомашинд учирсан хохирлыг 11,545,500 төгрөгөөр үнэлсэн, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нэхэмжлэгчийн автомашины өнөөгийн зах зээлийн дундаж үнийг 17,640,000 төгрөгөөр тус тус үнэлжээ.

 

Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.

 

Нэхэмжлэгч автомашины үнэ 21,000,000 төгрөг, автомашины татвар 320,324 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 320,000 төгрөгийг өөрт учирсан хохиролд тооцож, 21,640,324 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр хариуцагчийн гэм буруу нэхэмжлэгчид учирсан хохиролтой шалтгаант холбоотой гэж үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас автомашины үнэ, шинжээчид төлсөн ажлын хөлсийг нэхэмжлэгчид учирсан хохиролд тооцож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1. дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

2.   Хариуцагч, түүний өмгөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлээ: ...шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, ...хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ...шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Учир нь нэхэмжлэгч автомашиныг 15,500,000 төгрөгөөр худалдаж авсан гэдгээ илэрхийлж нотолсоор байтал автомашины хохирлыг 17,957,000 төгрөгөөр үнэлсэн, ...тээврийн хэрэгслийн элэгдэл хорогдлыг тооцоогүй, ...адил чанарын автомашин авч өгөхөд 11,000,000 төгрөг болох бөгөөд хариуцагч нь Мастер үнэлгээ ХХК-ийн үнэлсэн 11,545,000 төгрөгийн хэмжээнд хохирлыг зөвшөөрч байхад энэ талаар магадлалд заагаагүй тул хариуцагчаас гаргуулах хохирлыг бодитойгоор буюу 15,500,5000 төгрөгөөр, эсхүл 11,545,000 төгрөгөөр тогтоож өгнө үү... гэжээ.

 

Мастер үнэлгээ ХХК нь автомашинд учирсан хохирлыг үнэлсэн бөгөөд тухайн автомашин дахин сэргээгдэх боломжгүй, устсан тул Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлсэн автомашины өнөөгийн зах зээлийн үнэ болох 17,640,000 төгрөгөөр нэхэмжлэгчид учирсан хохирлыг тооцсон нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1.-д заасан шаардлагад нийцжээ.

 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлсний үндсэн дээр хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/02322 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 76 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Х.Оюун-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Х.Оюун-Эрдэнээс 2020.01.31-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,735 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД