Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 55

 

 

 

 

 

 

 

 

        У.Н-д холбогдох эрүүгийн 

        хэргийн тухай

 

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                    Б.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э

Нарийн бичгийн дарга Г.Д нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.О даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн У.Нид холбогдох 1912002840181 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн 24-03 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, У.Н

 

 Шүүгдэгч У.Н нь 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 20 цагийн үед Архангай аймгийн Цахир сумын Цахир багийн нутагт иргэн Б.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг зодож бие эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 

Архангай аймгийн Прокурорын газраас У.Нид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч У.Н-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Нийг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Нид оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Н нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч У.Нийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, энэ шийтгэх тогтоолоор гаргах хохирол төлбөргүй, хохирогч Б.Б нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.Бын нэхэмжилсэн 2.541.014 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Нид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,  Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Нид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ. 

 

Хохирогч Б.Бын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/186 дугаар шийтгэх тогтоолоор У.Нийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Нийг 10 000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэж, ... энэ шийтгэх тогтоолоор гаргах хохирол төлбөргүй, хохирогч Б.Б нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.Бын нэхэмжилсэн 2.541.014 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай ... гэж шийдвэрлэсэн байна. 

Дээрх шийтгэх тогтоолоос хохирогч Б.Б миний бие нэхэмжилсэн хохирол 2.541.014 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хангаагүйд гомдолтой байна. Учир нь би У.Нид  зодуулсны улмаас эрүүл мэндээрээ хохирсон, хамгийн гол нь ажил хийх ямар ч чадваргүй, боломжгүй байна, одоо эрүүл мэндийн байдал сайнгүй байна. Гэртээ ганцаараа ажил хийдэг байсан бөгөөд одоо ажил хийх боломжгүйгээс шалтгаалан өөрийгөө ч авч явахад хэцүү хүндрэлтэй, өрхийн ямар ч орлогогүй болсон. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/186 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирол 2.541.014 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.М би шүүгдэгч У.Нид холбогдох  1912002840181  тоот эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд  улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор У.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, арван мянган нэгжтэй тэнцэх буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хохирогч Б.Бын шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, тус шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч У.Нийг шүүх хуралдаанд оролцоход хохирогч нь түүнээс 7.000.000 төгрөг нэхэмжилж байсан. Харин хохирогчийн нотлох баримтад 7.000.000 төгрөгийн баримт байхгүй байсан. Шүүгдэгч У.Н нь хэргийн явцад хохирлыг төлөөд дуусгасан байдаг. Хохирогч Б.Бт 2.541.000 төгрөгийг өгөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Харин шүүгдэгч У.Н нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэдгээ бүрэн хүлээн зөвшөөрдөг. У.Н нь хохирлыг цалингаасаа төлсөн байдаг. Хохирогчийн одоо нэхэмжлээд байгаа 2.541.014 төгрөг нь баримтгүй бөгөөд уг хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх бүрэн боломжтой. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь  2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолыг гаргахдаа хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дах хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, хохирогч Б.Бын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч У.Н нь нь 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 20 цагийн үед Архангай аймгийн Цахир сумын Цахир багийн нутагт иргэн Б.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг зодож бие эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан У.Нийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна. 

 

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, эдгээр нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

 

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч У.Нийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирчээ.

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  хохирогчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 Хохирогч Б.Б...миний бие нэхэмжилсэн хохирол 2.541.014 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хангаагүйд гомдолтой байна. Учир нь би У.Нид  зодуулсны улмаас эрүүл мэндээрээ хохирсон, хамгийн гол нь ажил хийх ямар ч чадваргүй, боломжгүй байна, одоо эрүүл мэндийн байдал сайнгүй байна. Гэртээ ганцаараа ажил хийдэг байсан бөгөөд одоо ажил хийх боломжгүйгээс шалтгаалан өөрийгөө ч авч явахад хэцүү хүндрэлтэй, өрхийн ямар ч орлогогүй болсон гэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан нь байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хохирогч шүүгдэгчээс 7.000.000 төгрөг нэхэмжилж, 826.654 төгрөгний хохиролын баримт гаргасан бөгөөд шүүгдэгч 4.458.986 төгрөг хохирогчид эмчилгээний зардал болгон төлжээ. Анхан шатны шүүх хохирогчийн нэхэмжилсэн хохирлоос шүүгдэгчийн хохирогчид төлсөн эмчилгээний зардлыг хасч, үлдсэн 2.541.014 төгрөгийг хохирогч нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд заасан нь үндэслэлтэй бөгөөд ирээдүйд гарах зардлаа ч хохирогч шүүгдэгчээс нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрх нь нээлттэй юм. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт тус тус заасныг  удирдлага болгон 

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

 

 

 

                                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Т.ДАВААСҮРЭН

                                                                            ШҮҮГЧИД                     Д.БЯМБАСҮРЭН

                                                                                                                  В.ЦЭЦЭНБИЛЭГ