Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2021/0776

 

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2021/0776

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: """ХХК /РД: """/,  

Хариуцагч: """

Нэхэмжлэлийн шаардлага: Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар """ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгуулах тухай хүсэлтийг эс зөвшөөрсөн шийдвэрийг хүчингүйд тооцуулж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд """ХХК-ийн газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, хариуцагч """ итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: """ХХК нь Улаанбаатар хот """дүүргийн нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн """тоот шийдвэрийг үндэслэн 300 га газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмших зөвшөөрөл авсан. Улмаар гэрээний дагуу газрын төлбөр тооцоог тухай бүр нийлж газрын төлбөрт жилд 132,000 төгрөгөөр 2010 оноос 2016 он хүртэл тухай бүрт нь төлсөн, 2016 онд Нийслэлийн газрын албанд дуудлага худалдаанд 990000 /есөн зуун ерэн мянган төгрөг/ төлсөн бөгөөд түүнээс хойших хугацаанд газрын төлбөрийг тухайн жилдээ төлсөн бөгөөд хамгийн сүүлд 2020 онд 612000 /зургаан зуун арван хоёр мянган/ төгрөг газар эзэмшиж ашиглах гэрээний газрын төлбөрийг тус тус төлсөн байдаг.

Энэ хугацаанд газрын гэрээг манай компанитай бичгээр байгуулаагүй боловч гэрээний үүрэг тухай бүр үргэлжилж төлбөрийн тооцоо нийлэн төлбөр төлж явагдаж байсан. 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр газрын гэрээг сунган байгуулах мөн өөрийн газрын гэрчилгээг үрэгдүүлсэн тул шинээр олгож өгөх талаар хүсэхэд Газар зохион байгуулах албаны 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн """ тоот албан бичигт Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар газар эзэмших эрхийг сунгуулах тухай хүсэлтийг хэлэлцүүлэн эс зөвшөөрсөн шийдвэр гаргасан гэсэн мэдэгдлийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өгсөн болно.

...Энэ хугацаанд 2010 онд """ХХК орон сууц, үйлчилгээний барилга /эксиз зураг/, 2011 онд """ХХК үйлчилгээтэй орон сууц /ажлын зураг/, Архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлт, зэргийг батлуулан авч 2012 оны """ тоот барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон ба 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх """ тоот зөвшөөрөл зэргийг авсан байдаг.

... иргэн М.Т """ХХК төлөвлөж барихаар зэхэж буй үйлчилгээтэй орон сууц нь """, """, """болон """ байрнуудын оршин суугчдын байр хоорондын нийтийн эзэмшлийн талбайг хүч хэрэглэн авч газрыг эргэн тойрон хашаалж, газрыг нь ухаж эхэлсэн нь оршин суугчдын эрх ашгийг хөндөж байгаа тул газар эзэмшүүлэх тухай захирамж, барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл зэргийг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж захиргааны хэргийн шүүхээр маргааныг шийдвэрлүүлсэн.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 03-ны 354 дүгээр тогтоолоор 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 306 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн буюу нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй байдаг. Энэ хугацаанд шүүхийн маргаантай байсан шалтгаанаар """ХХК-ийн барилга барих үйл явц зогссон.

... 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр """дүүргийн газрын албанд """ХХК нь уг газартаа зураг төслийн дагуу барилга угсралтын ажлыг эхлүүлж байгаагаа мэдэгдэж мөн ондоо газар эзэмшил газрынхаа эрхийн гэрчилгээг нөхөн авах, хугацаа сунгаж баталгаажуулахаар хүсэлт гаргаж байсан бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нийслэлийн газрын албанаас хүсэлтийг хүлээн авч судалж үзэж байна гэсэн хариу ирүүлж байсан. Ингэхдээ 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр газрын төлбөр тооцоо нийлсэн акт гаргуулан авсан бөгөөд энэхүү актад газрын төлбөр тооцоог тухай бүрд төлөн барагдуулж байсан төлбөрийн үлдэгдэл байхгүй байсан. 2020 онд """ХХК нь Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх эрх бүхий мэргэжлийн байгууллага """ ХХК-иар Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажлын тайлан гаргуулсан.

... Иймд Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар """ХХК-ийн газар сунгуулах тухай хүсэлтийг эс зөвшөөрсөн шийдвэрийг хүчингүйд тооцуулж, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд """ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийн гэрээ байгуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газар эзэмших эрх 2016 онд хугацаа дуусахаар байсан. 2016 оноос хойш 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуусах хүртэл хугацааны газрын төлбөрийг шаардсаны дагуу тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан. Гэрээний үүрэг үргэлжлээд явж байгаа талаар нотлох нөхцөл байдал юм. Эс үйлдэхүйн тухайд манайх хүсэлтээ 8 сарын өмнө Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд өгсөн байсан. 2020 оны 10 дугаар сард энэ асуудлыг шийдвэрлээд Нийслэлийн Газрын алба газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлөөс шийдвэр гарснаас хойш хоёр сарын дараа мэдэгдэж байна. Нийслэлийн Засаг дарга нь мэргэжлийн зөвлөлийн асуудлыг баталгаажуулаагүй байгаа нь эс үйлдэхүй юм. Энэ асуудлаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа нь эс үйлдэл гэж үзэж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Газар эзэмшүүлэх хүсэлт хүлээж авснаас хойш 15 хоногийн дотор энэ асуудлыг тухайн Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэж хариу өгөх ёстой гэдэг шаардлагыг хангаагүй байгаа эс үйлдэл юм. Хариуцагч Газрын тухай хуулийн 37.2 дах заалтыг үндэслэж шийдвэр гаргасан талаар тайлбарлаж байгаа боловч шийдвэрийн тэмдэглэл хэсэгт шийдвэрийн үндэслэл заагдаагүй байна. Үндэслэл бүхий тайлбар өгч чадаагүй мөн энэ шийдвэр өөрөө сонсох ажиллагаа явагдаагүй учраас шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдож байна гэв.

 

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У болон, хариуцагч даргын үүрэг гүйцэтгэгч А.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн """дугаар захирамжаар """ХХК-д Баянзүрх, 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 300 мкв газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн.

"""ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний хугацаа сунгах хүсэлтээ гаргасны дагуу 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр болон 2020 лны 10 дугаар сарын 22-ны өдрийн Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлаар тус тус хэлэлцүүлж, эс зөвшөөрч шийдвэрлэснийг тус компанид 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн """ дугаар албан бичгээр мэдэгдсэн.

Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөл нь нийслэлийн Засаг даргын газар ашиглалтын зориулалт, талбайн хэмжээ, байршилд өөрчлөлт оруулах, эрийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, хугацаа сунгах, газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгуулах шийдвэрийн хууль ёсны байх эрх зүйн үндсийг хангах үүрэг бүхий зөвлөл бөгөөд нэхэмжлэгч """ХХК-д газар эзэмших гэрчилгээний хугацаа сунгах хүсэлтэд эс зөвшөөрч хүсэлтэд эс зөвшөөрч шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх заалт, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг, 37.2 дэх хэсгийг баримталсан болно.

Мөн нэхэмжлэгч """ХХК нь гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.3, 54.1.8 дахь заалтад тус тус заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэв.

Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Угоос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Газрын тухай хуулийн 37.2-т зааснаар нөхцөл байдлыг хангаж ажилласан тохиолдолд хугацаа сунгах шийдвэрийг Засаг дарга гаргах ёстой. Тухайн мэргэжлийн зөвлөлийн хурлаар ороод хугацаа сунгана гэдэг дүгнэлт зөвлөмжийг өгсөн бол захирамжийн дагуу эрхийн гэрчилгээг сунгана. Сонсох ажиллагаа хийгдээгүй гэж байна. Нэхэмжлэгч компанийн хүсэлтийн дагуу ажиллагаа явагдаад эс зөвшөөрсөн хариуг хүргүүлээд байна. Үүн дээр ямар ч эс үйлдэхүй байхгүй. Хугацааны хувьд хугацаандаа шийдвэрлээгүй. Гэхдээ дүгнэлт 6 сарын хүчинтэй байна гээд 3 сард оруулаад 10 сард талуудад зөвшөөрөх боломжгүй хариу өгсөн. Хугацаа алдсан асуудлын тухайд хоёр сард өгсөн гэх юм бол тухайн үедээ шийдвэрлээгүй гэсэн зүйлээр шүүхэд хандах эрх нээлттэй мөн хөөн хэлэлцэх хугацааны асуудал байхгүй учир эс үйлдэхгүй байна гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч """ХХК нь Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлд холбогдуулан Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар """ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгуулах тухай хүсэлтийг эс зөвшөөрсөн шийдвэрийг хүчингүйд тооцуулж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд """ХХК-ийн газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргах-аар заажээ.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/"" [1], 2020 оны А/"" , 2021 оны А/"" дүгээр захирамжуудаар нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хот байгуулалт, газар, барилгажилтын асуудлыг судалж санал, дүгнэлт, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүн-ийг тухай бүрд баталж, зөвлөлийн дүрмийн нийтлэг үндэслэл хэсэгт зааснаар зөвлөл нь ...иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах .... эрхийн ... хугацааг сунгах зэрэг асуудлыг хэлэлцэж дүгнэлт, зөвлөмж гарган нийслэлийн Засаг даргын ... шийдвэр хууль ёсны байх эрх зүйн үндсийг хангах зорилготойгоор ажиллахаар журамласан байна[2].

Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтаас үзвэл, нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар шаардаж буй Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хуралдааны шийдвэр нь бие даасан захиргааны акт болохооргүй, газар эзэмших эрхийн хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэх эрх хэмжээ бүхий этгээдийн шийдвэр гаргах урьдчилсан нөхцөл болохоор байх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс мэргэжлийн зөвлөлийн эс зөвшөөрөв дүгнэлт гарсан тохиолдолд нийслэлийн Засаг даргад хугацааг сунгахаас татгалзсан шийдвэр тусдаа гардаггүй гэж тайлбарлаж байгаагаас үзвэл, Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн шийдвэр нь нийслэлийн Засаг даргаас эрх шилжүүлэн авсны үндсэн дээр Засаг даргын нэрийн өмнөөс гарсан """ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэр байна. Мөн нэхэмжлэгч нь уг шийдвэрийг мэдсэнээс хойш хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ анх ирүүлжээ.

Иймд шүүх хариуцагчийн тайлбарт дурьдсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгч хуулийн этгээд нь газрын төлбөрийг цаг тухайд нь төлж байсан, иргэний гаргасан нэхэмжлэлтэй холбоотойгоор шүүхэд маргаан хянан шийдвэрлэгдэж байснаас хамаарч сунгуулж чадаагүй, газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурал нь процессын алдаатай гэх агуулгаар тайлбарлан маргасан ба хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий акт нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасны дагуу гарсан шийдвэр тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах-аар заасан байх ба ингэхдээ газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын төлбөрийг төлсөн тухай баримт, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолтыг хүсэлтдээ хавсаргахаар заажээ.

Нэхэмжлэгч хуулийн этгээд нь газар эзэмших эрхийн гэрчилгээг үрэгдүүлсэн гэж дурьдсан болон Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажлын тайланг 2020 онд хийлгэснээ шүүхэд ирүүлснээс үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээдийн хүсэлт нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.3-т заасан шаардлагыг хангаагүй байх тул маргаан бүхий актыг хууль бус үзэхгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маргаан бүхий акт нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасны дагуу гарсан шийдвэр юм гэх агуулга бүхий тайлбарыг буруутгах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс газрын дуудлага худалдааны анхны үнэ болон газрын төлбөрийг тухай бүрд төлж байсан хэмээн тайлбарлан маргах боловч газрын төлбөр төлсөн байдал нь газар эзэмшигчээс эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байдлыг хадгалах нөхцөл болохоос биш, дуусгавар болсон эрхийг гэрчилгээний хугацааг сунгах үндэслэл болохгүй, уг илүү төлсөн төлбөрийг буцаан авах эрхийг шүүхийн энэхүү шийдвэр хязгаарлахгүй юм.

 

Мөн нэхэмжлэгч """ХХК нь хуульд заасан дээрх хугацаанд хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлээгүй байх ба газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон байхад газар эзэмших эрхийн хугацааг сунгуулахаар, гэрчилгээ дахин гаргуулахаар хүсэлт гаргасан байна. Тодруулбал,

"""ХХК нь анх """дүүргийн газар зохион байгуулалтын албатай 2004 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан гэрээний дагуу тус дүүргийн ""дугаар хороо, """ байрны баруун урд талд 0,36га (90мкв) газрыг автомашины гражийн зориулалтаар анх эзэмшсэн байх ба нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн """дугаар захирамжаар дээрх газрын зориулалтыг орон сууц, үйлчилгээний зориулалттайгаар, 300мкв талбайтайгаар, 5 жилийн хугацаагаар мөн хуулийн этгээдэд эзэмшүүлсэн[3]-ийг баталгаажуулж, 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г 5 жилийн хугацаатай байгуулжээ.

"""ХХК нь газар эзэмшүүлэх гэрээний хугацаа дуусгавар болсны дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр уг газрын дуудлага худалдааны анхны үнэнд 990,000 төгрөг төлж ...газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дуусаж байгаа тул хугацааг сунгах тухай хүсэлтийг гаргаж байсан[4] байх ба нийслэлийн Газрын алба/хуучин нэрээр/-ны 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 03/""" тоот албан бичгээр уг байршилд гараж эзэмшдэг нэр бүхий иргэдээс гомдол ирүүлж байсан тул уг асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх тайлбарыг нотлох баримтын хамт ирүүлнэ үү[5] гэж мэдэгджээ.

Дээрх албан бичгийн дагуу """ХХК-иас тайлбар, нотлох баримт гаргаж байсан талаарх баримт тус хуулийн этгээдийн газар баталгаажилтын хувийн хэрэгт авагдаагүй байх ба нэхэмжлэгч хуулийн этгээдээс газар эзэмших эрхийн хугацаа сунгуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүйтэй холбоотой гомдол, нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн талаар баримт гаргаж маргаагүй.

Гэтэл хариуцагч нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл нь нэхэмжлэгч хуулийн этгээдээс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гаргасан ...газар эзэмших эрхийн хугацаа дууссан бөгөөд гэрчилгээг үрэгдүүлсэн тул хугацааг сунгаж гэрчилгээг дахин олгож өгнө үү[6] гэсэн хүсэлтийг 2020 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн 11 болон мөн оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 04 дүгээр хуралдаанаараа хэлэлцэж тус бүр эс зөвшөөрөв гэсэн дүгнэлт[7] гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, 47.1.3-т тухайн байгууллага өөрийн чиг үүрэг үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан бол гэж заасан илт хууль бус захиргааны актын шинжтэй байна.

Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар хариуцагч захиргааны байгууллага нь хуульд заасан хугацааны дотор гаргасан газар эзэмшигчийн хүсэлтийг шийдвэрлэх эрх хэмжээтэй гэж үзэхээр байх тул нийслэлийн Засаг даргын 2019 оны А/"" дүгээр захирамжаар эрх шилжүүлэн авсан Мэргэжлийн зөвлөл нь газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлт гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлж гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх эрхгүй, хариуцагч нь өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргасан гэж үзнэ.

Түүнчлэн хариуцагчаас Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 он 10 дугаар сарын 22-ны өдрийн 04 дүгээр хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлийг шүүхээс шаардсаны дагуу ирүүлээгүй, шүүхээс хийсэн баримт бичгийн үзлэгээр мөн дэлгэрэнгүй тэмдэглэл хадгалагдаагүй байснаас үзвэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Хариуцагч Газрын тухай хуулийн 37.2 дах заалтыг үндэслэж шийдвэр гаргасан талаар тайлбарлаж байгаа боловч шийдвэрийн тэмдэглэл хэсэгт шийдвэрийн үндэслэл заагаагүй тул хууль бус гэх агуулга бүхий тайлбар үндэслэлтэй бөгөөд эс зөвшөөрөв дүгнэлтийн үндэслэл тодорхойгүй тохиолдолд маргаан бүхий акт нь мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын хувьд илэрхий алдаатай захиргааны актад тооцогдоно.

Нөгөө талаас, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д зааснаар газар эзэмшигч нь Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах эрхтэй ба маргааны тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд нь хуульд заасан хугацааны дотор гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбоотой маргаагүй, харин хуульд заасан хугацааг хэтрүүлж гаргасан хүсэлтийг эс зөвшөөрч шийдвэрлэснийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байх тул маргаан бүхий актын улмаас зөрчигдөх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй юм.

Өөрөөр хэлбэл, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах талаарх хуульд заасан хугацаанд гаргасан хүсэлтийг эс зөвшөөрч шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болох боловч хугацаа сунгуулах хүсэлт гаргах эрх-ээ нэгэнт алдсан буюу хүсэлт гаргахаар хуульд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон, газар эзэмшигч бус этгээдийн гаргасан хүсэлтийг эс зөвшөөрч шийдвэрлэсний улмаас хамгаалагдах эрх, хууль ёсны ашиг сонирхол нэхэмжлэгчийн хувьд үүсэхгүй.

 

Мөн нэхэмжлэгчээс шүүхийн маргаантай байсан гэж тайлбарлах боловч маргаан бүхий газарт холбогдох иргэн М.Т нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн """дугаар захирамжийн """ХХК-д холбогдох хэсэг, мөн нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өрийн """ тоот барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 308 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн мөн оны 354 дүгээр магадлалаар эцэслэн шийдвэрлэсэн байх ба энэ нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болохоос цаг хугацааны хувьд өмнө байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Сонсох ажиллагаа хийгээгүй нь хууль бус гэж тайлбарлан маргах боловч Захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийг сонсох ажиллагаа нь захиргаа өөрийн санаачилгаар акт гаргахын өмнө уг шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдийн оролцоог хангах ажиллагаа тул оролцогчийн өөрийнх нь гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэх тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй.

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахаар шаардаж буй Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар """ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгуулах тухай хүсэлтийг эс зөвшөөрсөн шийдвэрийг хууль бус акт гэж үзэх үндэслэлгүй боловч захиргааны илт хууль бус актын шинжийг агуулж байх тул уг шийдвэрийг хүчингүй болгох нь шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэлийн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд """ХХК-ийн газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Учир нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т зааснаар ...газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэх хуулийн зохицуулалттай байх ба нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгах тухай нэхэмжлэлийг нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргаагүй, түүнчлэн уг компанийн газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг эс зөвшөөрсөн шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, харин илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байх тул даалгах шаардлагыг ханган шийдвэрлэх боломжгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч байгууллага баримт бүрэн ирүүлээгүй, гэрээ дүгнэсэн акт гаргуулах шаардлагатай гэж тайлбарлах боловч тодорхой хугацаа, эх сурвалж нэрлээгүй, мөн шүүхээс шаардсаны дагуу хариуцагчаас ирүүлсэн газар баталгаажилтын хувийн хэрэгт гэрээ дүгнэсэн аливаа акт авагдаагүйн дээр хариуцагчаас нэмж гаргаж өгөх баримт байхгүй гэж тайлбарласан, түүнчлэн 2016 онд хугацаа дуусгавар болсон гэрээний хувьд гэрээ дүгнэсэн акт үйлдэгдэх эрх зүйн үндэслэл байхгүйг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч """ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар """ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгуулах тухай хүсэлтийг эс зөвшөөрсөн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нийслэлийн Засаг даргаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай..

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ

 

 

дахь талд