Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 57

 

             У.Э, Х.Ц нарт  холбогдох эрүүгийн 

               хэргийн тухай

 

             Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                    С.Б

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                          Б.Э

Нарийн бичгийн дарга Г.Д  нарыг оролцуулан

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Г даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч У.Э, Х.Ц нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Х.Ц, У.Э нарт холбогдох 1912003420200 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ... оны 05 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, эрэгтэй, ... настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн .... гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ц.Э

Монгол Улсын иргэн, ... оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн .. суманд төрсөн, эрэгтэй, 38 настай, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн ....гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, Х.Ц

Шүүгдэгч У.Э, Х.Ц нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Архангай аймгийн ... гэх газраас иргэн Д.Ц-ын өмчлөлийн 4 тооны адууг хулгайлж, түүнд 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 

Архангай аймгийн Прокурорын газраас У.Э, Х.Ц нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч  Ц.Э, Х.Ц нарыг бүлэглэн бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Эыг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Х.Цг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э, Х.Ц нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Цгийн цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийн 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагаар тооцож эдлэх ялаас хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Эод оногдуулсан 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Х.Цд оногдуулсан 284 /хоёр зуун наян дөрөв/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 33, 34 тоот тогтоолуудыг хүчингүй болгож шүүгдэгч У.Эын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 1 /нэг/ тооны морь, шүүгдэгч Х.Цгийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 1 /нэг/ тооны морийг тус тус хураан улсын орлого болгож, Шүүгдэгч У.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,  Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.Цд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч У.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгч У.Эын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор Архангай аймгийн ... багт оршин суудаг Ц.Э надад Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүгдэгч У.Э миний бие нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байтал надад 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэснийг хөнгөрүүлэхээр давж заалдах гомдол гаргаж байна гэжээ. 

 

Шүүгдэгч Х.Цгийн гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багт оршин суудаг Х.Ц надад Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүгдэгч Х.Ц миний бие нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байтал надад 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэснийг хөнгөрүүлэхээр давж заалдах гомдол гаргаж байна гэжээ. 

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч У.Э, Х.Ц нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Архангай аймгийн... гэх газраас иргэн Д.Ц-ын өмчлөлийн 4 тооны адууг хулгайлж, түүнд 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарт тус бүрт нь 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Иймд шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч У.Э, Х.Ц нарт Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор  тус бүрт нь 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь хүндэдсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгч У.Э нь 3 сартайгаас 3 нас хүртэл бага насны гурван хүүхэдтэй. Харин шүүгдэгч Х.Ц нь бага насны хоёр хүүхэдтэй. Мөн шүүгдэгч нар хувийн малаа маллан амьдардаг бөгөөд одоо өвлийн улирал болж байгаатай холбоотойгоор тэдний хувьд Архангай аймгийн төвд ирж нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхэд хүндрэлтэй байна. Учир нь шүүгдэгч нар аймгийн төвд ирэхэд ар гэрт нь малыг нь харах хүнгүй болоод байгаа юм. Мөн шүүгдэгч нар нь хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл, 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч У.Э, Х.Ц нарт оногдуулах  ялыг тэнсэж үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авахаар өөрчилж өгнө үү гэжээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дах хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч У.Э, Х.Ц нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч У.Э, Х.Ц нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Баян гэх газраас иргэн Д.Ц-ын өмчлөлийн 4 тооны адууг хулгайлж, түүнд 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан шүүгдэгч У.Э, Х.Ц нарыг бүлэглэн бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна. 

 

 Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, эдгээр нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч У.Э, Х.Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт оногдуулж болохоор хууль тогтоогчоос хуульчилсан “нийтэд тустай ажил хийлгэх” ял тус тус оногдуулсан нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон байна. 

 

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байтал биднийг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэснийг хөнгөрүүлж өгнө үү гэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.

  

            Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлавал шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг бүлэглэн, санаатай үйлдсэн, анхан шатны шүүх шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж хорихоос өөр төрлийн ял оногдуулсан нь хэргийн бодит байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг зөв үнэлсэн, тэдгээрийн үйлдсэн хэрэгт тохирсон ял оногдуулсан гэж үзлээ. 

 

 Шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүгдэгч У.Э нь 3 сартайгаас 3 нас хүртэл бага насны гурван хүүхэдтэй, шүүгдэгч Х.Ц нь бага насны хоёр хүүхэдтэй, шүүгдэгч нар хувийн малаа маллан амьдардаг бөгөөд одоо өвлийн улирал болж байгаатай холбоотойгоор тэдний хувьд Архангай аймгийн төвд ирж нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхэд хүндрэлтэй байна гэж санал гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

 

Өмгөөлөгчийн гаргасан дээрх санал нь шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас хөнгөлөх, чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхээр тогтоогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дах хэсэгт зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ДАВААСҮРЭН

                                                ШҮҮГЧИД                              Д.БЯМБАСҮРЭН

                                                                                              В.ЦЭЦЭНБИЛЭГ