Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2019/01743

 

 

 

 

 

 

 

 

 

                              

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг*** дүгээр хороолол, Жаргалант *** дүгээр гудамж,*** тоотод оршин суух, Э.Х-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг *****байранд байрлах, СХДТХ холбогдох   

 

Ажилгүй байсан хугацааны цалинд 3,994,403 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2019 оны  04 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Э.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, А.М, гэрч Б.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Чогчмаа нар оролцов.

 

                                                                                                     

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х миний бие СХД-ийн татварын хэлтэсийн даргын 2018 оны 01-р сарын 10-ны өдрийн Б/04-р тушаалаар ажлаас халагдсан. Ажлаас буруу халагдсан тул гомдол гаргаж шүүхэд хандсан. Шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажилгаагаа явуулж Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04-р сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/00964 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ч Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06-р сарын 20-ны өдрийн 1427 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж , Улсын дээд шүүхийн 2018 оны 11 сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/01711 дугаартай тогтоолоор Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж , намайг урьд эрхэлж байсан ажил , албан тушаалд 2018 оны 04 сарын 18-ны өдрөөр эгүүлэн тогтоож , ажилгүй байсан хугацааны цалин, хөлс 1,884,400 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч дээрх шүүхийн шийдвэрүүдийг сайн дураараа биелүүлээгүй тул миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандасан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд 2019 оны 03-р сарын 15-ны өдөр хариуцагч Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсээс гэрээ байгуулах тухай мэдэгдэл ирүүлсний дагуу 2019 оны 03-р сарын 18-ны өдөр очиход ажил олгогч нь тухайн ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээ байгуулахаа больсон хөлсөөр ажиллах гэрээ байгуулна гэсний дагуу хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажилдаа эргэн орсон бөгөөд ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1,884,400 төгрөгийг хариуцагч гаргаж өгөхгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжилж байна. Мөн ажил олгогч нь хөлсөөр ажиллах гэрээ байгуулж байгаа учир хүүхэд асрах чөлөө олгох боломжгүй ажлаа хий гэдэг шаардлага тавьсан. Миний бие өөрийн хүүхдээ өөрөө асрахаас өөр аргагүй байсан тул ажил хийх боломжгүй болж 2019 оны 03 сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Миний бие ажилдаа эргэн орохоор шүүхэд хандснаас хойш Улсын дээд шүүхийн тогтоол гарч ажилдаа эргэн орох хүртэл хугацаанд 2018 оны 11 сарын 17-ны өдөр хүүхэд төрүлсэн. Жирэмсэн байх хугацаандаа эмнэлгийн хяналтад байж төрөхийн өмнөх жирэмсний 60 хоног, төрсний дараах амаржсаны 60 хоног тус бүрт эмнэлгийн магадлагаагаар Нийгмийн даатгалаас олгодог тэтгэмжийн мөнгөө авах гэсэн боловч шүүхийн шийдвэрийн дагуу нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийсэн тохиолдолд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн мөнгийг Нийгмийн даатгалын сангаас олгоно гэж нийгмийн даатгалын байцаагч тайлбарласан. Иймд ажилтан миний 2018 оны 04 сарын 18-ны өдрөөс хойш 2018 оны 09 сарын 17-ны өдөр хүртэлх мөн 2019 оны 01 сарын 17-ны өдрөөс 2019 оны 03 сарын 18-ны өдөр хүртэлх нийт 7 сар буюу 213 хоног ажилгүй байснаас амралтын бүх хоногийг хасаад ажлын 151 ажлын хоногийн цалин хөлс 3,994,403 төгрөгийг  хариуцагч Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсээс гаргуулж нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулсан. Нэхэмжлэлийн үндсэн хэсэгт “Иймд ажилтан миний 2018 оны 04 сарын 18-ны өдрөөс 2018 оны 09 сарын 17-ны өдөр хүртэлх, мөн 2019 оны 01 сарын 17-ны өдрөөс 2019 оны 03 сарын 18-ны өдөр хүртэл нийт 7 сар буюу 213 хоног ажилгүй байснаас” гэх хэсгийн 2018 оны 09 сарын 17-ны өдрөөс 2019 оны 01 сарын  17-ны өдрийн хооронд байх 120 хоногийн хугацаанд төрөхийн өмнөх болон төрсний дараах эмнэлэгийн магадлагаатай байсан учир энэ хугацааны цалин хөлсийг нэхэмжлээгүй, харин энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих нөхөх бичилтийг хуулийн дагуу хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно. 

Манай нөхөр 2 сарын 27-ны өдөр над руу мэссэж бичсэн. Б чиний хоёр тушаалыг танилцууллаа гэсэн байсан. Удалгүй Б буцаагаад хоёр тушаалыг авсан гэж хэлсэн. Тэгснээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаахгүй бол дарга тушаалыг чинь битгий өг гэж байна гээд тушаалыг надаас авчихлаа гэж нөхөр хэлсэн.  Тэгээд 3 сарын 15-ны өдөр надад албан бичиг ирээд 3 сарын 18-ны өдөр ирж уулзсан. Түүнээс өмнө 01 сарын 22-ны өдөр тушаал гарсан гэдгийг мэдээгүй. Би Б-аас 7 хоногт нэг удаа утсаар залгаж тушаал гарсан эсэхийг асуудаг байсан. Б гараагүй гэсэн хариу өгдөг байсан. 2 сар араад тушаал гарсан уу гэж залгахад тушаал гарсан гэхээр нь 2 сарын 19-ний өдөр би Б дээр очиж уулзаад тушаалаа авъя гэхэд Б тушаал чинь гараагүй байна. Гарахаар нь хэлье гэсэн. Би өмгөөлөгчтэйгээ ярилцаад тушаал гараагүй байна гэхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлтээ өгье гээд өгсөн. 

Нэхэмжлэлдээ өмнөх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан магадлалаар анхан шатны шийдвэр гарсан хугацаа хүртэл тооцож цалинг олгохоор шийдвэрлэсэн учир энэ өдрөөс хойшхи ажилд орох хүртэл хугацаагаар тооцон нэг өдрийн ажилгүй байсан хугацааны цалингаа нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 3 сарын дунджаар тооцон 26,452 төгрөг, сарын дундаж цалингаа 581,959 төгрөг гэж тооцсон гэв.

 

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гурван шатны шүүхийн шийдвэр, тогтоол, магадлалаар Э.Х ажилд нь эгүүлэн томилохоор тогтоосон байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” ба түүнийг ажил олгогч 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ажилтантай тухайн орон тоон дээрээ хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн  69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж хуульчилсан. Үүний дагуу Э.Х шаардах эрхтэй гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Нийт ажилгүй байсан хугацааг задалвал 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Үүнээс хойш 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Тасралтгүй 11 сар байгаа. Эхний 5 сар нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа төрөхийн өмнөх буюу 60 хоногийн амралт буюу 2018 оны 09 дүгээр сарын 17-нөөс 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл, дараагийн 2 сар буюу 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх төрсний дараах 60 хоногийн амралтыг хасаад  нийлээд нийт 120 хоног эмнэлэгийн магадлалтай байсан. Эмнэлгийн магадалгаатай байсан хугацааны үеийн ажилгүй байсан үеийн цалин хөлс нэхээгүй. Харин хуульд заасан журмын дагуу зохих нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сүүлийн 2 сар буюу хариуцагчийн зөвшөөрөхгүй гээд байгаа 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаа буюу 60 хоногийн ажилгүй байсан хугацаа нь эмнэлгийн магадалгаатай байсан хугацааг хасахаар 7 сар буюу 213 хоног байгаа. Үүнээс бүх амралтын хоногоо хасаад 151 хоног ажилгүй байсан. Энэ хугацааны цалин хөлс 3,994,403 төгрөгийг нэхэмжилсэн. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны сайдын тушаалаар ажилтын сүүлийн 3 сарын хугацааны цалингийн дунджаар тооцно гэж журамласан. Мөн журмын 9 дээр дундаж цалин хөлсийг тогтоох баримт нь ажилтын цалин хөлс, бүртгэл, данс байна гэж журамласан. Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс энэ журмыг баримтлаад нэгэнт тогтоосон баримт учраас дахин тогтоох шаардлагагүй гэж үзээд нийт 1,844,400 төгрөгийг хангасан байдаг. Ажил олгогчийн ажилд авсан 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн тушаал нь ямар шүүхийн, ямар дугаар шийдвэрийг үндэслэн ажилд эгүүлэн аваад байгаа нь тодорхойгүй байгаа. Үүнийг шүүх анхаарч үзнэ үү. Хөдөлмөрийн гэрээ байгуулах, тушаал шийдвэр гаргах нь ажил олгогчийн хуулиар олгосон үүрэг байдаг учир ажил олгогч тушаалаа гаргаад олон сарын дараа ажилд аваад байгаа хариуцагч тал тайлбарлаад байна. Ажил олгогч тушаал, шийдвэр гаргах, хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулахдаа ямар зүй бус нөлөө үзүүлж байна. 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ажилдаа орох өргөддлөө өг гэхээр нь нэхэмжлэгч ажилд орох өргөдлөө өгсөн. Үүнээс хойш өргөдлийн хариу яаж байна гэхээр хариу гаргаагүй гэсээр байгаад 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тушаал чинь гараагүй байна гэсэн хариу өгдөг байсан. Нэхэмжлэгч 7 хоног болгон ажлаа асууж очдог байсан.  Нэхэмжлэгч аргагүй эрхэнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандахаар ажил олгогчоос шийдвэр гүйцэтгэлд хандсан байна. Хүсэлтээ татаж авахгүй бол тушаалыг чинь гаргахгүй, ажилд оруулахгүй гэж дарамталж эхэлсэн байдаг. Зүй бус нөлөө үзүүлж ирсэн. Э.Х Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байхад 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа зогссон. Учир нь Сонгинохайрхан дүүргийн Татвварын хэлтсийн захиргааны хэлтсийн дарга нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг чинь гацаана гэж хэлсэн байдаг. Ийм зүй бус үйлдэл ажил олгогч талаас гарч байна. Хугацаандаа гаргах ёстой тушаал шийдвэрээ гаргахгүй. Нэхэмжлэгч байнга араас нь хөөцөлддөг нөхцөл байдалтай байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагаас 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны мөнгөн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Харин 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны ажиллаж байсан хугацааны төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.6-д  “төрийн жинхэнэ албан хаагч жирэмсний болон амаржсаны амралттай байгаа, эсхүл 3 сараас дээш хугацааны сургалтад хамрагдаж сул орон тоо гарснаас бусад тохиолдолд төрийн албаны сул орон тоонд гэрээт ажилтан томилохгүй байх зарчим баримталж, төрийн байгууллагад албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн богино хугацаагаар ажиллуулахаас бусад тохиолдолд гэрээт ажилтан ажиллуулахгүй байх” гэж заасны дагуу 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст орон тооны бус байцаагч гэсэн албан тушаал байхгүй болсон. 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн А05 тоот тогтоолоор орон тооны бус ажилтан ажиллуулах журам батлуулаад 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А27 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст эрх олгосны дагуу 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тус Сонгинохайрхан дүүргийн Татварын Хэлтэст 45 орон тооны бус ажилтнуудад хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллана уу гэсний дагуу Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс орон тооны бус ажилтан буцаан авч ажиллуулж эхэлсэн. Эрх олгогдсон захирамж гарсан өдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Э.Х ажилд нь буцаан авах тухай тушаал гарсан. Тушаал нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б15 тоот хэлтсийн даргын  Э.Х ажилд буцаан томилох тухай тушаал гарсан. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш Э.Х хөлсөөр ажиллах гэрээ байгуулна уу гэж удаа дараа дуудсан боловч ажилдаа ирж гэрээгээ байгуулаагүй учраас манай байгууллага 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр албан бичиг хүргүүлсэн. Албан бичигтээ 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр тус татварын хэлтсийн 204 тоот өрөөнд хөлсөөр ажиллах гэрээ байгуулна уу гэсэн албан бичгийн дагуу ирж гэрээ байгуулсан. Иймд 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлсийг олгох боломжгүй учраас хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Орон тооны бус байцаагч гэсэн албан тушаал нь 2018 оны 258 дугаар тогтоолоор байхгүй болсон. Үүний дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэж заасны дагуу орон тооны бус ажилтан гэдэг албан тушаал дээр 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тушаал гаргаж Э.Х ажилд нь эгүүлэн томилсон. Гэтэл Э.Х нь өөрийн хариуцлагагүй үйлдлийн улмаас ажилдаа ирж орохгүй, 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэл гэрээ байгуулаагүйн улмаас Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст хохирол үүсээд байгааг анхаарч үзнэ үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч н.Ч гэдэг хүн тус Татварын хэлтсийн Захиргааны хэлтсийн дарга н.М ярилцлагын тэмдэглэл хийгээд нэхэмжлэлийн шаардлага болох 1,800,000 төгрөгийг 4 хувааж төлнө гэсэн байдаг.  Нотлох баримт байгаа. 4 хувааж төлөх төлөлтийн эцсийн хугацаа 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр цалин тавихаар ойролцоогоор сард 272,000 төгрөгийг олгох болно. Энэ асуудал ярилцлагын тэмдэглэлд тусгагдсны дагуу хуулийн дагуу цаг хугацаандаа төлөлт хийгдэж байгаа. Зүй бус дарамт шахалт гэж байгаа нь ямар ч нотлох баримтгүйгээр хүний нэр төрд халдаж байна. Үнэхээр энэ асуудлыг ярих гэж байгаа бол нотлох баримттай ярих хэрэгтэй. Нэхэмжлэгч байнга тушаалынхаа араас хөөцөлддөг гээд тайлбарлаад байна. Манай Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн хүний нөөцийн ажилтан Б нь 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Э.Хишигсүрэн өөрөө залгаад миний тушаал гарсан уу гэж асуусан байна. 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хүний нөөцийн мэргэжилтэн Б иргэн Э.Х рүү залгаад тушаал арай гараагүй байна гэсэн байна. Мөн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Э.Х тушаал гарсан уу гэж залгахад –Би Сонгинохайрхан дүүрэг дээр явж байна. Тушаал чинь өнөөдөр гарсан гэсэн хариу өгсөн байсан. 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Булгамаа залгаж ирж гэрээгээ байгуулна уу гэхэд ирэх боломжгүй гэсэн хариу өгсөн байсан. Үүний дараа 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ирж гэрээгээ байгуулна уу гэхээр иргэн Э.Х би ойрхон хөдөө байна. очихоороо гэрээгээ байгуулъя гэсэн хариу өгсөн байсан. 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр дахин ирж гэрээгээ байгуулна уу гэхэд иргэн Э.Х нь би Паритизанд байна. Эргээд яръя гээд түүнээс хойш 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Б дахин залгахад- Э.Х хотын төвд явж байна. Одоо очлоо гэж худлаа хэлээд утсаа аваагүй байдаг. Нэхэмжлэгч энэ хугацаанд нэхэмжлэлийн шаардлагын дагуу 2 удаа асуусан байхад хариуцагч талаас 5 удаа утсаар ярьж албан бичиг хүргүүлж, гэрээг нь танилцуулах гэж удаа дараа оролдсон байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Х нь хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинд 3,994,403 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна гэж үзэв.

Нэхэмжлэгч Э.Х нь Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 97 дугаар тушаалаар тус хэлтэст бичиг хэрэг нарийн бичиг, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/3 тоот тушаалаар орлогын бүртгэл хариуцсан байцаагчийн албан тушаалд томилогдон, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад тус хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/04 тоот тушаалаар мөн өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Нэхэмжлэгч Э.Х уг Б/04 тоот тушаалыг эс зөвшөөрч, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан ажлаас буруу халсан тушаалыг хүчингүй болгож, ажил албан тушаалаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шүүх хэргийг хянаад Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04-р сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/00964 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч гомдол гаргасны дагуу  Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2018 оны 06-р сарын 20-ны өдрийн 1427 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11 сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/01711 дугаартай тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн талаар талууд маргахгүй, энэ үйл баримт тогтоогдсон гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойшхи хугацааны буюу  2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх, мөн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлж, ажил аваагүй тул энэ хугацааны цалин, хөлс гаргуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/18 дугаартай “Э.Х ажилд томилох тухай” тушаал гарч нэхэмжлэгч Э.Х Хувь хүний татварын тасагт орон тооны бус ажилтнаар томилон, түүнтэй хөлсөөр ажиллах тухай гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн байна.  Дээрх тушаалыг үндэслэн талууд 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 047 дугаартай “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-г байгуулж, мөн өдрөөс Э.Х үүрэгт ажилдаа оржээ. Хариуцагч тал “...ажилд томилсон тушаал гарсан боловч Э.Х ажилдаа ирэхгүй, гэрээгээ байгуулахгүй байсан учир  тушаал гарсан өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг төлөхийг зөвшөөрнө, үүнээс хойшхи хугацааны цалин хөлсийг зөвшөөрөхгүй...” гэсэн тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргаж байна. Хариуцагч энэхүү эс зөвшөөрсөн тайлбараа нотлох зорилгоор Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Б гэрчээр оролцуулсан ба түүний “...2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Э.Х над руу залгахад нь тушаал хянагдаж байгаа удахгүй ажилд орох тушаал гарна гэж хэлсэн. Дараа нь би залгаад тушаал гарсан ирж гэрээгээ байгуулаарай гэж 2-3 удаа залгаж хэлж байсан..., миний санаж байгаагаар Э.Х ярьсан чинь хол байна гэж байсан. Хаана байгаагаа тодорхой хэлээгүй. дараад нь залгахад Партизанд байна. Хот орохоороо гэрээ байгуулъя гэж хэлж байсан. Би тодорхой ярьж чадахгүй, санахгүй байна. ...Нөхөр нь манай хэлтэст ажилладаг түүнд мөн хэлсэн..., ...Би хоног хугацааг нь сайн санахгүй байна. Хугацааг нь хооронд нь хольсон байж магадгүй... Дарга тушаал гарсан гэдгийг эхлээд дарга утсаар хэлээд дуудаад уулзчих гэж хэлсэн. Сүүлдээ манай дарга энэ хүн ирэхгүй байна гээд албан бичиг явуулчих гээд албан бичиг явуулсан..., Тушаал гараад нөхөрт нь танилцуулаад дарга өөрөө ирээд танилцах ёстой гэж хэлээд буцаагаад авсан шиг санагдаж байна..., ... ер нь бол тушаал гараад буцаагаад авсан явдал бол болох нь болсон..., ...би худлаа хэлэхийг хүсэхгүй байна...” гэх мэдүүлэг нь нэхэмжлэгчийн “...би 7 хоног бүр тушаал гарсан эсэх талаар лавлаж байсан.., ...манай нөхөрт 2 тушаал танилцуулаад буцаагаад авсан гэсэн. Учир нь шийдвэр гүйцэтгэлд байгаа материалаа татаж авсны дараа ажилд нь оруулна гэж хэлсэн гэсэн...” тайлбарыг үгүйсгэж чадахгүй байна. Мөн хэрэгт авагдсан гэрч Б.Б үйлдсэн утсаар ярьсан тэмдэглэл нь хэзээ үйлдсэн нь тодорхойгүй байхаас гадна уг тэмдэглэлд бичигдсэн цаг хугацааг гэрч одоо сайн санахгүй байна гэж байгаа нь уг баримтыг өөрөө хангалттай нотолж чадахгүй байна гэж үзэх үндэстэй юм.

Мөн хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1/626 тоот Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн “Гүйцэтгэх хуудас хаах тухай” албан бичиг болон 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01 дугаартай ярилцлагын тэмдэглэлээс үзвэл хариуцагч тал Э.Х ажилд томилсон тушаал гарсныг мэдэгдэж байсан, нэхэмжлэгч ирээгүй гэх байдал тогтоогдохгүйгээс гадна нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан 2019 оны  тайлбар үндэслэлттэй гэж үзэхээр байна.

 

 хариуцагч тал Э.Х ажилд томилсон тушаалыг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан боловч түүнтэй гэрээ байгуулаагүй, ажил албан тушаалд нь томилж ажлаар хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр буюу “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулагдсан өдрөөс Э.Х орон тооны бус ажилтнаар авч ажилд эгүүлэн томилсон гэж үзэв.

Ийнхүү хариуцагч байгууллага Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн  2018 оны 06-р сарын 20-ны өдрийн 1427 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11 сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/01711 дугаартай тогтоолыг биелүүлэхгүй, Э.Х ажлаар хангаагүй болон нь тогтоогдож байх тул ажилгүй байсан хугацааны олговрыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ажилгүй байсан хугацааг тооцохдоо 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл, мөн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэл нийт 7 сар буюу 151 хоног ажилгүй байсан хугацааны цалинг тооцон нэхэмжилж байна. Харин үлдэх 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлээгүй ба энэ хугацаанд жирэмсний болон төрсний дараах эмнэлгийн магадлагаатай байсан гэж тайлбарлан “Жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудас” №0438207, №0438205-уудыг ирүүлсэн байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй дээрх хугацааны олговорыг тооцохдоо Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар нэхэмжлэгчийн үндсэн цалин 581,959 төгрөг байх бөгөөд нэг өдрийн цалинг 26,452 төгрөгөөр тооцож, түүний ажилгүй байсан 151 хоногийн цалинд хариуцагч байгууллагаас 3,994,404 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэстэй байна.

Мөн ажил олгогч байгууллага нь ажилтны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг сар тутам зохих байгууллагад шилжүүлж, дэвтэрт бичилт хийж баталгаажуулах үүрэгтэй байдаг тул Э.Х дээрх ажилгүй байсан хугацааны шимтгэлийг зохих байгууллагуудад шилжүүлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,870 төгрөгийг улсын төвсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 78,870 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан ТХ-с 3,994,404  /гурван сая есөн зуун ерэн дөрвөн мянга, дөрвөн зуун дөрөв/ төгрөгийг гаргуулан Э.Х олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан Э.Хишигсүрэнгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлэн, дэвтэрт нь нөхөн бичилт хийхийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТХ-с 78,870 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Х олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.НЯМСҮРЭН