Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/01326

 

 

Г.Ганбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/03202 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 243 дугаар магадлалтай,

 

Г.Ганбаатарын нэхэмжлэлтэй

П.Анхбаатар, Ч.Нямцэрэн нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэг, хариуцагч Ч.Нямцэрэнгийн өмгөөлөгч Б.Баярмаа, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016.04.06-ны өдөр П.Анхбаатартай 14,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй зээлж зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа 2018.06.04-ний өдөр дууссан боловч зээлдэгч үүргээ бүрэн биелүүлээгүй. 2018 оны сүүлээр бид тооцоо нийлж 8,000,000 төгрөгийн үлдэгдэл байгааг баталгаажуулсан. Тодруулбал, Г.Ганбаатар нь 2010 онд Ч.Нямцэрэнд 10,000,000 төгрөг зээлсэн, мөн гэрчээр асуугдсан П.Гантөмөрийн нэхэмжлэгч Г.Ганбаатарт төлөх 4,000,000 төгрөгийг Ч.Нямцэрэн нь П.Гантөмөрт төлөх ёстой байсан тул эдгээр мөнгөн хөрөнгийн дүнг нэгтгэснээр Ч.Нямцэрэн нь нийт 14,000,000 төгрөгийг Г.Ганбаатарт төлөхөөр хүлээн зөвшөөрсөн. Харин түүний зааснаар хариуцагч П.Анхбаатартай гэрээг өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр хуульд заасан шаардлага хангасан зээлийн гэрээ байгуулж, 2 зуслангийн газар барьцаалсан боловч газрын гэрчилгээг Ч.Нямцэрэн түр хэрэглээд буцаагаад өгнө гэсэн боловч өгөөгүй. Нэхэмжлэгч нь Ч.Нямцэрэнгийн хүсэлтээр түүний сэлбэгийн дэлгүүрт сарын 450,000 төгрөгийн цалинтай, худалдагчийн ажил хийсэн. Хариуцагч 2016 оноос цалин олгосон гээд хуанли гэх баримтад үзлэг хийлгэхэд 2016 оны 1 дүгээр сард 230,000 төгрөг, 3 дугаар сард 150,000 төгрөг, 4 дүгээр сард нийт 325,000 төгрөг, 5 дугаар сард 120,000 төгрөг, 7 дугаар сарын 19-ний өдөр 153,000 төгрөгийг нэхэмжлэгч авсан байдаг, цалин авсантай маргадаггүй. Хариуцагч Ч.Нямцэрэн цалин бэлнээр, зээлийн төлбөрийг дансаар шилжүүлсэн гэж тайлбарласан. 2016.12.24-ний өдрийг хүртэл бэлнээр 3,067,000 төгрөг, дансаар 1,655,000 төгрөгийг шилжүүлсэн байна. 2018.07.05-ны өдрөөс эхлэн 1,000,000 төгрөгөөр хэсэгчлэн төлсөөр 2019.03.17-ны өдрийг хүртэл нийт 9,000,000 төгрөгийг төлсөн. Хоёр тал хүсэл сонирхлоо илэрхийлж, гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болдог. 2016.04.06-ны өдөр байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Үүнд 14,000,000 төгрөгийг 2 хувийн хүүтэй 2 жилийн хугацаанд тооцоход 20,720,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх ёстой. Үүнээс төлсөн 9,000,000 төгрөгийг хасвал 11,720,000 төгрөгийн үлдэгдэл байх боловч 8,000,000 төгрөгийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжинэ. Гэрч П.Гантөмөр 6 жилийн хугацаанд сар бүр зээлийн мөнгийг зөөсөн гэж хэлдэг. Манай талаас гэрчийг худал мэдүүлэг өгсөн гэж үзэж байна. 6 жилийн турш зээлийн хүү бус өөрөө Г.Ганбаатараас худалдаж авсан орон сууцны төлбөрийг төлж байсан гэдэг нь тодорхой болсон. Иймд 8,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.Анхбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 14,000,000 төгрөгийн зээлийн гэрээг Г.Ганбаатартай байгуулсан боловч бодитоор мөнгийг шилжүүлж аваагүй. Гэрээг Ч.Нямцэрэнгийн хүсэлтээр байгуулсан тул 8,000,000 төгрөгийг надаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй, мөн цаашид намайг оролцуулахгүйгээр, эзгүйд шүүх хуралдааныг хийхэд татгалзах зүйлгүй, энэ мөнгийг Ч.Нямцэрэн мэдэж байгаа гэжээ.

 

Хариуцагч Ч.Нямцэрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г.Ганбаатараас анх 10,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн. Тухайн үед би өөрийн нэрээр зээлийн гэрээ байгуулах боломжгүй байсан тул П.Анхбаатарын нэр дээр гэрээг байгуулж, төлбөрийг би өөрөө төлөхөөр тохиролцсон. 10,000,000 төгрөгийн зээлийн хүүг төлсөн, үндсэн төлбөр төлөөгүй учраас Н.Төмөрөөд өгөх ёстой 4,000,000 төгрөгийг Г.Ганбаатарт төлөх болж, 14,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан. Миний тооцоогоор бол зээлийг төлж дууссан. Зээлийн төлбөрийг дансаар шилжүүлсэн, цалин шилжүүлж байгаагүй. Г.Ганбаатарт дансаар зээл чинь орно, харин гарын үсгээ зураад цалингаа бэлнээр авч байгаарай гэж хэлсэн. 2016 он хүртэл сард 560,000 төгрөг буюу жилд 6,720,000 төгрөгийн хүү төлсөн, 2010 оноос хойш нийт 50,000,000 гаруй төгрөг өгсөн байхад 8,000,000 төгрөг өг гэж байгаа нь шударга бус байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/03202 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан Бугат овогт Чулуунбаатарын Нямцэрэнгээс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 7,200,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Бүргэдэй овогт Гомбын Ганбаатарт олгож, үлдсэн 800,000 төгрөг, хариуцагч Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Анхбаатарт холбогдох шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213,150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ч.Нямцэрэнгээс улсын тэмдэгтийн хураамж 130,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 243 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/03202 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Нямцэрэнгээс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 480,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Ганбаатарт олгож, үлдсэн 7,520,000 төгрөг, хариуцагч П.Анхбаатарт холбогдох шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын ...130,150... гэснийг ...15,050... гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 23,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Нямцэрэнгийн төлсөн 130,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Баянзүрх дүүргийн 14-р хорооны иргэн Г.Ганбаатар нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд П.Анхбаатар, Ч.Нямцэрэн нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан юм. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019.11.28-ны өдрийн 03202 дугаар Шийдвэрээр Ч.Нямцэрэнгээс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 7,200,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Ганбаатарт олгож, үлдэх 800,000 төгрөг, барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах, П.Анхбаатарт холбогдох шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Нямцэрэнгээс зээлийн гэрээний үүрэгт 480,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Ганбаатарт олгож, үлдэх 7,520,000 төгрөг, хариуцагч П.Анхбаатарт холбогдох шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Үүнийг давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэнгүй гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч үзэж байгаа юм. Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна. Үүнд: Хариуцагч Ч.Нямцэрэн нь өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр хүргэн дүү П.Анхбаатараар Г.Ганбаатартай зээлийн гэрээ байгуулсан. 2010.03.20-нд анх байгуулсан зээлийн гэрээ 2 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй байсан. Гэтэл Ч.Нямцэрэн уг зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй Г.Ганбаатарын 10,000,000 төгрөгийг огт төлөхгүй 2016 оныг хүргэсэн. Хариуцагч Ч.Нямцэрэн зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй гэдгээ зөвшөөрдөг бөгөөд зөвхөн хүү 6 жил Төмөрбаатар гэдэг хүнээр өгүүлдэг байсан гэж тайлбарладаг. Гэтэл гэрч Н.Төмөрбаатар нь Нямцэрэнгээс 560,000 төгрөг сар бүр авч түүнийгээ Г.Ганбаатарт өгдөг байсан гэж бодит үнэнээс зөрүүтэй мэдүүлдэг, уг зээлийн гэрээ нь 2 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай байхад бүтэн 6 жил 560,000 төгрөгийн хүү төлсөн гэдэг үндэслэлгүй юм. 6 жилийн хугацаанд сар бүр 560,000 төгрөг өгч авалцсан тухай хэрэгт ямарч баримт байдаггүй юм. Хариуцагч Ч.Нямцэрэн нь гэрээний хугацаа дууссан байхад хүү төлөхгүй үндсэн зээлээ төлөх ёстой байсан. Нэхэмжлэгч Г.Ганбаатар Ч.Нямцэрэнгээс сар болгон хүү авч 6 жилийн хугацаанд 40,000,000 төгрөг авсан бол шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байсан. Гэрч Төмөрбаатар нь нэхэмжлэгч Г.Ганбаатараас 2 өрөө орон сууцыг нь худалдан авч урьдчилгаа өгч, үлдэгдэл мөнгөө 5-6 жил хэсэгчлэн төлж байгаад 4,000,000 төгрөг үлдсэн байдаг. Хариуцагч Ч.Нямцэрэн нь Төмөрбаатарт өглөгтэй тул Г.Ганбаатарт 4,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсоноос үндсэн зээлийн дүн 14,000,000 төгрөг болсон юм. Энэ талаар Гэрч Ш.Даваасамбуу шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлсэн бөгөөд 6 жил хүү төлсөн гэдэг Нямцэрэнгийн мэдүүлэг няцаагдсан юм. Иймд 2016.04.06-ны өдөр 14,000,000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай төлөхөөр тохиролцож гэрээг байгуулсан байна. Уг гэрээг Ч.Нямцэрэнгийн хүсэлтээр П.Анхбаатар байгуулсан мөн өмнөх 2010 оны гэрээг П.Анхбаатар байгуулсан юм. 2010 онд авсан 10,000,000 төгрөг Төмөрбаатараас авсан 4,000,000 төгрөгийн зээлийг хариуцагч Ч.Нямцэрэн төлөх үүргээ биелүүлээгүй учир 2016.04.06-ны гэрээний дагуу бодитоор 14,000,000 төгрөг хүлээлцээгүй гэж үзэх үндэслэлгүй юм. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Г.Ганбаатар хариуцагч Ч.Нямцэрэн нарын хооронд Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн атлаа 2016.04.06-ны өдрийн зээлийн гэрээнд Ч.Нямцэрэн гарын үсэг зураагүй тул Иргэний хуулийн 282-р зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар Ч.Нямцэрэн нь хүү төлөхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүйгээс гадна хүүний талаар талууд тохиролцсон гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд зээлийн гэрээний хүүд холбогдох хэсгийг нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Гэтэл 2016.04.06-ны өдрийн Зээлийн гэрээ нь Монгол улсын Иргэний хуулийн 281, 282.3-т заасан хуулийн шаардлагыг хангасан хууль ёсны гэрээ юм. Нэхэмжлэгч Г.Ганбаатар, Хариуцагч Ч.Нямцэрэн нарын хооронд хийгдсэн 2 удаагийн Зээлийн гэрээнд Ч.Нямцэрэн гарын үсэг зураагүй түүний хүргэн дүү П.Анхбаатар зурсан, Ч.Нямцэрэн нь өөрийн эд хөрөнгийг барьцаалж барьцааны гэрээ байгуулж байсан юм. Үүнээс дүгнэхэд Ч.Нямцэрэн нь нэхэмжлэгч Г.Ганбаатарт 14,000,000 төгрөгийн зээлийг хүүний хамт төлж барагдуулах хууль зүйн үндэслэлтэй юм. Давж заалдах шатны шүүхийг хэрэглэх ёстой Монгол улсын Иргэний хуулийн 282-р зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг хэрэглэхгүй, үндэслэлгүйгээр хүү 7,520,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон байна гэж үзэж байна. Иймд Хяналтын шатны шүүх бүрэлдэхүүнээс хүсэхэд: Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176-р зүйлийн 176.2.3-т зааснаар Давж заалдах шатны шүүхийн Магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн Шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Г.Ганбаатар хариуцагч П.Анхбаатар, Ч.Нямцэрэн нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа, 2010.03.20 болон 2016.04.06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, нийт 14,000,000 төгрөг 2 жилийн хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй зээлсэн, үндсэн зээл 8,000,000 төгрөг төлөөгүй тул гаргуулна, барьцааны зүйл болох газар, байшингаар үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэсэн, хариуцагч П.Анхбаатар нэхэмжлэлийг эс зөвшөөрч бичгээр гэрээ байгуулсан нь үнэн, гэвч мөнгийг бодитоор аваагүй, хадам ахын хүсэлтийн дагуу гэрээнд гарын үсэг зурсан гэж, хариуцагч Ч.Нямцэрэн нэхэмжлэлийг эс зөвшөөрч мөнгийг буцаан төлсөн гэж маргасан байна.

 

Анхан шатны шүүх Ч.Нямцэрэнгээс 7,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, П.Анхбаатарт холбогдох болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж Ч.Нямцэрэнгээс 480,000 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

1. Нэхэмжлэгч Г.Ганбаатар нь хамтран үүрэг гүйцэтгэгч гэсэн үндэслэлээр П.Анхбаатар, Ч.Нямцэрэн нараас зээлийн үүргийг шаардахдаа 2010.03.20-ны өдрийн зээлийн гэрээ, уг гэрээний үндсэн дээр байгуулагдсан 2016.04.06-ны өдрийн зээлийн гэрээг тус тус үндэслэсэн байх ба эдгээр бичгийн гэрээнд зээлдэгч тал нь хариуцагч П.Анхбаатар гэж гарын үсэг зурагдсан боловч зохигчийн тайлбар хэргийн баримтаар тэрээр гэрээний дагуу мөнгийг бодитоор шилжүүлэн аваагүй, тухайн гэрээ нь Ч.Нямцэрэнгийн Г.Ганбаатараас мөнгө зээлсэнтэй холбоотой болох нь тогтоогджээ.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрлийн чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр бөгөөд гэрээний талуудын хэн аль нь үүргээ биелүүлсэн бол гэрээний үүргийн гүйцэтгэлийг харилцан шаардах эрхтэй.

 

Хариуцагч П.Анхбаатар нь зээл авах хүсэл зориг байгаагүй, гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг шилжүүлж аваагүй тул нэхэмжлэгч Г.Ганбаатар нь хариуцагч П.Анхбаатараас зээлийн үүргийг шаардах эрхгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасантай нийцсэн байна.

 

2. Зээлийн мөнгийг Ч.Нямцэрэн авсан талаар зохигч маргаагүй бөгөөд анхан шатны шүүх түүнээс 7,200,000 төгрөг гаргуулахдаа зээл 14,000,000 төгрөг, 2 жилийн хүү 6,720,000 төгрөг, нийт 20,720,000 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзэн үүнээс хариуцагчийн төлсөн 13,520,000 төгрөгийг хасч үлдэх хэсгийг олгохоор шийдвэрлэсэн нь хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэсэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан зохицуулалтыг зөрчсөн талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Учир нь энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болохыг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан, Г.Ганбаатар болон Ч.Нямцэрэн нарын хооронд зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр бус амаар байгуулагдсан нь тогтоогдсон тул хүү шаардах нь хууль зөрчинө.

 

Нөгөө талаар талууд бичгийн гэрээ байгуулаагүй боловч зээлдэгч нь зээлийн хүү төлж байсан бол уг төлбөрийг Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т зааснаар хүлээн зөвшөөрч гүйцэтгэсэнд тооцох боловч Ч.Нямцэрэнгийн төлсөн 13,520,000 төгрөг нь зээлийн хүү гэсэн утгаар төлөгдөөгүй байна. Иймээс зээлийн гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих үүргийг үндсэн зээл буюу 14,000,000 төгрөг гэж үзнэ.

 

3. Зээлийн үүргийг барьцааны зүйлээр хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасантай нийцсэн байна. Г.Ганбаатар, П.Анхбаатар нарын хооронд байгуулагдсан 2016.04.06-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд мөн өдөр барьцааны гэрээ байгуулсан боловч уг гэрээ улсын бүртгэлд бүртгэгдэх хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бусаас гадна барьцаагаар хангагдах үндсэн үүрэг буюу зээлийн гэрээний үүргийг П.Анхбаатар хүлээх үндэслэлгүйг дээр дурдсан ба Г.Ганбаатар болон Ч.Нямцэрэн нарын хооронд барьцааны гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэгчид барьцааны эрх үүсэхгүй.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх-ийг хүссэн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 243 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэг хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.03.18-ны өдөр төлсөн 130,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ

 

Б.МӨНХТУЯА

 

Х.СОНИНБАЯР