| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
| Хэргийн индекс | 128/2020/0545/З |
| Дугаар | 128/ШШ2021/0517 |
| Огноо | 2021-08-09 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2021/0517
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А ХХК
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/901 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө, иргэдийн төлөөлөгч Ш.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Нийслэлийн Засаг даргын 2007 оны 405 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6860 м.кв талбай бүхий газрыг
үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмших эрхийг авсан. Үүнээс хойш 2012 оны Нийслэлийн Засаг даргын 244 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн зориулалтыг өөрчилж, 2018 оны А/343 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулсан. Хамгийн сүүлд буюу 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын алба газар эзэмших эрхийн 000013289 дугаартай гэрчилгээг бидэнд олгож иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан. Гэтэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр Нийслэлийн Засаг дарга 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр А/901 дүгээр захирамж гарган манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/901 дүгээр захирамжийг хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Хариуцагч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ. Учир нь Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаартай Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай тогтоолын 1.10-т зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь ... тодорхой үйлдвэрлэл үйлчилгээ эрхлээгүй байхыг ойлгоно гэж заасан. Мөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх зорилгоор талуудын хооронд байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 6.4-т энэхүү заалтыг талууд харилцан тохиролцсон байдлаар оруулсан байна. Энэ нь Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан 2 жилийн хугацааг хэдийнээс тоолж эхлэх тухай харилцааг нарийвчлан зохицуулсан буюу 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс тоолж эхлэх тухай зохицуулалт юм. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/901 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг ноцтой зөрчсөн байх тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК нь анх 2005 онд Тээл холдинг ХХК-ийн эзэмшилд, банкны барьцаанд байсан барилгын суурийг дуудлага худалдаагаар худалдаж авсан ба уг барилгын суурийг дагаад Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 6860 м.кв талбай бүхий газрыг эзэмших, ашиглах эрх олгогдсон. 2007 оны Нийслэлийн Засаг даргын 405 дугаартай захирамжаар уг газрыг "А" ХХК-д эзэмшүүлсэн ба түүнээс хойш 2012 онд Нийслэлийн Засаг даргын 204 дугаартай захирамжаар газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний зориулалтыг өөрчилсөн. 2008 онд А/343 дугаартай Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамжаар газар эзэмших эрхээ сунгуулсан. Үүний дараа 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас "А" ХХК-д шинээр газар эзэмших 13/289 дугаар гэрчилгээг олгож, газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулсан. Тухайн гэрээнд уг гэрээг байгуулснаас хойш 2 жилийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газар эзэмших болон ашиглаагүй тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийг гэрчилгээг цуцлах заалт байдаг. Шинэчлэн гэрээ байгуулахдаа 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 2 жилийн хугацааг тооцох юм байна гэсэн ойлголтыг өгсөн боловч өмнөх 2018 оны газар эзэмшүүлэх гэрээнээс хойш 2 жилийн хугацааг тооцож, Нийслэлийн Засаг дарга А ХХК-ийн газар эзэмших, ашиглах гэрчилгээг хүчингүй болгосон. Газар ашиглаагүй 2 жилийн хугацаанд "А" ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Г улаан хоолойн хорт хавдрын улмаас Бүгд Найрамдах Солонгос Улсад эмчилгээ хийлгэсэн. Энэ талаар А ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд бичгээр гаргаж өгсөн тайлбарт дурдсан байдаг. 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдөр гүйцэтгэх захирал Т.Г нь Улаанбаатар хотоос Сөүл хот руу ниссэн ба 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр буцаж ирсэн. Улаанбаатар хотод ирээд зочид буудалд 21 хоног, зочид буудлаас гараад гэртээ 14 хоног тусгаарлагдсан буюу тооцвол нийтдээ 4 сар 2 хоногийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас газраа ашиглаж чадаагүй. Гэтэл Нийслэлийн Засаг дарга уг хугацааг 2 жилийн хугацааг тооцохдоо хасаагүй ба 2018 онд газар эзэмших гэрээ байгуулснаас хойших 2 жил 28 өдрийн хугацааг тооцож, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг цуцалсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох гэж заасныг Нийслэлийн Засаг дарга буруу ашигласан буюу хүндэтгэн үзэх шалтгаантайгаар газар ашиглаагүй байсан хугацааг хасаж тооцолгүй газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг цуцалсан нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Мөн хариуцагч захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасныг баримтлах ёстой. Тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна гэсэн заалт 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн шинэчилсэн хуулиар хүчингүй болсон тул маргаантай холбоотойгоор тусгайлсан Газрын тухай хууль байх боловч Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны актыг гаргах ёстой байсан. Нийслэлийн Засаг дарга нь хэд хэдэн хуулийн заалтыг зөрчсөн. Үүнд:
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчим болон мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан Хууль ёсны итгэлийг хамгаалах, 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно болон Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-д Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэх зүйл заалтуудыг зөрчсөн тул маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж үзэж байна.
Уг захиргааны хэргийг өмнө шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт Уг газарт бетон хашаа байсныг үндэслэн уг маргаан бүхий газрыг огт ашиглаагүй гэж үзэж болохгүй гэсэн дүгнэлтийг тусгасан байдаг. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг дүгнэлтийг үндэслэлтэй болон үндэслэлгүй эсэх талаар шийдвэртээ тусгаагүй. Бетон хашааг "А" ХХК нь Суурь ХХК-аас худалдаж авч, тухайн газарт барьсан үйл баримт байна. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгосон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ хэрэгт авагдсан. Үүнд Т.Г давагдашгүй хүчин зүйлийн улмаас газраа ашиглах боломжгүй байсныг тогтоосон. Нэхэмжлэгч талаас сонсох ажиллагаанд гомдол гаргаагүй. Харин бодит нөхцөл байдлыг тогтоосонгүй буюу гүйцэтгэх захирал Т.Г Солонгос Улсад эмчилгээ хийлгэсэн боловч цар тахлын улмаас ирж чадаагүй ба тусгай үүргийн нислэгээр ирсэн. Үүнтэй холбоотой нотлох баримтууд хэрэгт авагдсан.
Мөн 2008 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн барилгын зургийг харвал бетон хашаа баригдсан байсныг нотолно. Хариуцагч анхнаасаа бетон хашаа байсан гэж маргадаг. Хоёрдугаар хавтаст хэрэгт 2005 оны газрын зурагт бетон хашаа байхгүй. Мөн 2005 оны зурагт харагдах барилгын суурь анх тийм байгаагүй. Илүү өндөр байсныг хүмүүс хулгайлж авснаар намхан болсон. 2011 оны газрын эх зураг төсөл хэрэгт авагдсан, Солонгост байх хугацаандаа хөрөнгө оруулагчтай уулзаж, эх зураг төслийн талаар амаар тохиролцож байсан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч 2019 оны 10 сарын үеэс оношлогдож, эмчилгээ хийлгэж байсан. Гадагшаа явсан хугацаа нь 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдөр байсан.
Хариуцагч хашаа барьсан гэсэн баримтыг нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч "А" ХХК-ийг бетон хашаа барьсан гэдгийг зөвшөөрсөн гэж үзэж байна. Бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хариуцагчаас хангалттай хэмжээнд хийгээгүй гэж үзэж байна. Газар зохион байгуулалтын алба нэхэмжлэгчийн газрыг л шалгасан гэж дурдсан. Газар эзэмшигчтэй холбоотой бодит нөхцөл байдлыг тогтоох үйл ажиллагаа хийгээгүй. Нэхэмжлэгч "А" ХХК мэдэгдэлд хариу тайлбар бичгээр өгөхдөө цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдлыг болон эх загвар зургийг хүргүүлсэн ба ингэж албан бичгээр хандахад хариу ирүүлэлгүйгээр газар ашиглах гэрээг цуцалсан, гэрчилгээг хүчингүй болгосон. Бодит нөхцөл байдал дээр сонсох үйл ажиллагаа хийсэн болж харагдах зорилгоор албан бичгийг явуулсан. 2 жилийн хугацаа дуусаад 28 хоног өнгөрсөн даруй гэрчилгээг хүчингүй болгосон. Маргаан бүхий захирамжийн зорилго тодорхойгүй. Хууль зүйн үндэслэлгүйгээр газар эзэмших, ашиглах гэрчилгээг хүчингүй болгосон. Мөн Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хуульд зааснаар давагдашгүй хүчин зүйлийг тогтоох, нотлох эрхтэй байдаг. Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас давагдашгүй хүчин зүйл байсан гэдгийг нотлон гэрчилгээ олгосон. Хариуцагч үүнтэй маргахгүй байх тул 2 жилийн хугацаа хүндэтгэн үзэх шалтгаантай байхад Нийслэлийн Засаг дарга нөхцөл байдлыг тогтоолгүй захирамж гаргаж, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: "А" ХХК нь 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Банкны өр барагдуулах албатай барилгын суурь худалдах, худалдан авах гэрээ байгуулж Тээл холдинг ХХК-ийн зээлийн өрөнд хураагдсан барилгын суурийг худалдан авсныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 405 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6860 м.кв хэмжээтэй газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмших эрх олгожээ. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/244 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн зориулалтыг үйлчилгээ, орон сууц болгон өөрчилж, улмаар Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/... дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн байна.
Гэтэл А ХХК нь Газрын тухай хуулийн 35.3.1, 35.3.2-т заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байсан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл байдал үүссэн. Энэ талаар Анома ХХК-д шийдвэр гаргах ажиллагаатай холбоотой тус албанаас 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 02-06/2866 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлэн, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу тайлбар, санал гаргах боломжоор хангасан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/901 дүгээр захирамжаар тухайн компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн.
Иймд нэхэмжлэгч АХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А" ХХК нь 2005 онд Банкны өр барагдуулах албанаас зээлд хураагдсан байсан барилгын суурийг худалдаж авснаар газар эзэмших, ашиглах эрхтэй болсон тухай дурдлаа. 6860 м.кв талбай бүхий газар эзэмших, ашиглах эрхийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгосон байдаг талаар нэхэмжлэгч мөн тайлбарласан тул давхцуулахгүйгээр тайлбар хэлье. 2008 онд газар эзэмших, ашиглах эрхийг сунгасан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг дарга 901 дугаартай захирамжийг гаргасан. Анома" ХХК нь 2005 онд барилгын суурийг худалдаж авснаас хойш одоог хүртэл үйл ажиллагаа явуулаагүй хэвээр байна. Анх үйлчилгээний орон сууцны зориулалтаар худалдаж авсан боловч үйлчилгээ явуулаагүй учир Нийслэлийн Засаг дарга А" ХХК-д хугацаатай мэдэгдэл хүргүүлж, сонсох ажиллагаа явуулсан. Мэдэгдэлд "А ХХК нь хариу ирүүлж байсан. Нийслэлийн Засаг дарга тухайн газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, нийтийн эрх ашиг болон бусдад тэгш боломж олгох хүрээнд ашиглахаар газрын эрхийг хүчингүй болгосон. Нэхэмжлэгч талаас гүйцэтгэх захирал нь эмчилгээтэй байсан талаар тайлбарладаг боловч хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй нөхцөл байдал байдаг.
Захирамж гаргахын өмнө хээрийн болон суурин судалгаа хийдэг. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас хариуцсан газар зохион байгуулагч тухайн газарт очиж, хэмжилт хийн газрыг зориулалтын дагуу ашигласан эсэх талаар дүгнэдэг. Хээрийн болон суурин судалгаанд үндэслэн, захирамж гаргаснаас хойш хугацааг тооцон газар ашиглах эрхийг хүчингүй болгох захирамж гардаг. Маргаан бүхий захиргааны актыг гаргахаас өмнө судалгаа хийгдэж, он оны газрын зургуудыг программаас харьцуулан дүгнэснээр А ХХК-ийг үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг тогтоож, захирамж гарсан.
Өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу 2018 оноос хойш буюу сүүлийн захирамж гарснаас хойших хугацааг тоолсон. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон. Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 15 дугаар тогтоолд тайлбарласан байдаг. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд зааснаар 2 жилийн хугацаанд газар ашиглаагүй буюу тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байдлыг харгалзан үзэж, тогтоосон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч 2005 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй тул зөвхөн 2018 оноос хойш 2 жилийн хугацааг тооцолгүй, өмнөх хугацааг мөн харгалзан үзэж, шийдвэр гаргасан. Нийслэлийн Засаг даргын захирамж нь бусдын эрх ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 2005 онд хойш газар эзэмших, ашиглах гэрчилгээг авснаас хойш 2007 оноос 2008 онуудад бетонон хашаа барьсан, 2018 онд Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан гэтэл А ХХК нь үйл ажиллагаагаа эхлүүлээгүй. Энэ нь тухайн компанийн захирал өвдсөнтэй холбоотой гэж тайлбарласан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас удаа дараа шаардлага хүргүүлж байхад үйл ажиллагаа явуулах, эхлүүлэх боломж байсан гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч А ХХК нь тус шүүхэд Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай А/901 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
А ХХК нь Банкны өр барагдуулах газартай 2005 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Зээлийн өрөнд хураагдсан барилгын суурь худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Тээл холдинг ХХК-ийн зээлийн өрөнд шүүхийн шийдвэрээр хураагдсан Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучин модны үйлдвэрийн зориулалттай байсан барилгын суурийг худалдан авч, барилгын газрыг эзэмших хүсэлт гаргаснаар Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 4** дугаар захирамжаар[1] А ХХК-д Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд 6860 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, 0141737 дугаар гэрчилгээ олгосон, АХХК нь 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр газрын зориулалтыг өөрчлүүлэх, хугацаа сунгах хүсэлт гаргаснаар Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/2** дүгээр захирамжаар[2] 6860 м.кв газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/3** дугаар захирамжаар [3] газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, 6860 м.кв газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр газар эзэмших гэрээ байгуулж, 000324133 дугаар гэрчилгээ олгосон, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр газар эзэмших гэрээг дахин байгуулж, мөн өдөр газар эзэмших эрхийн 000013289 дугаар гэрчилгээг олгосон, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр А/901 дүгээр захирамжаар[4] А ХХК-ийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон үйл баримт тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр А/901 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар маргасан, нэхэмжлэлийн үндэслэлээ ...2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдсоноос хойш 2 жилийн хугацааг тооцно. ...Нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт ...бетон хашаа барьсан. ...Захиргааны байгууллага ...бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй. ...Газар ашиглаагүй 2 жилийн хугацаанд компанийн гүйцэтгэх захирал Т.Ганбат нь БНСУ-д улаан хоолойн хорт хавдрын улмаас ...эмчилгээ хийлгэсэн. ...Улсын онцгой комиссоос тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын улмаас 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Монгол Улсад ирэх боломжгүй байсан. ...Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас давагдашгүй хүчин зүйл байсныг нотлон гэрчилгээ олгосон. ...Нийслэлийн Засаг дарга хүндэтгэн үзэх шалтгаантайгаар газар ашиглаагүй байсан хугацааг хасаж тооцолгүйгээр, ... газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус ... гэж, хариуцагч нь ... Гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, ...маргаан бүхий газарт үйл ажиллагаа явуулаагүй. ... Гүйцэтгэх захирал нь эмчилгээтэй гэж тайлбарладаг боловч үүнийг ... хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй. ... Маргаан бүхий захирамж нь ... хуульд нийцсэн... гэж тодорхойлон маргажээ.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 34 дүгээр зүйлийн 34.1-д ...газар эзэмшүүлэх шийдвэрийг үндэслэн ... газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ, 39 дүгээр зүйлийн 39.1-д Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно, 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, 40.2-т Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан этгээдэд ... мэдэгдэнэ гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд газар эзэмших эрх нь газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэснээр үүсэх бөгөөд нэгэнт үүссэн / олгогдсон / газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлээр дуусгавар болгох буюу хүчингүй болгох хуулийн зохицуулалттай байна.
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг гол үндэслэлээ болгожээ.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт нь
1. Газар эзэмшигч нь гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй
2. Ийнхүү ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх
Дээрх 2 нөхцөл зэрэг хангагдсан тохиолдолд Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмшигчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалт юм.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь зээлийн өрөнд хураагдсан барилгын суурь худалдаж авснаар газар эзэмших эрх дагаж үүссэн, маргаан бүхий газарт бетон хашаа барьсан, энэхүү үйл баримтыг хариуцагч үгүйсгэхгүй байгаа, түүнчлэн эзэмшил газартаа барих орон сууцны барилгын эскиз зургийг Эрчим төсөл ХХК-иар хийлгэсэн болох нь тогтоогдож байх ба энэхүү үйл баримттай хэргийн оролцогч нар маргаагүй байна.
Нэхэмжлэгч нь газар эзэмших эрх үүссэнээс хойш маргаан бүхий газарт бетонон хашаа барьсан, эзэмшил газартаа барих барилгын эскиз зургийг боловсруулсан үзэхэд уг маргаан бүхий газрыг огт ашиглаагүй гэж үзэхгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч компанийн захирал Т.Ганбат нь БНСУ-д эмчилгээ хийлгэхээр 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр зорчиж, БНСУ-ын Самсунг Эрүүл мэндийн төвийн Самсунг Сөүл эмнэлэгт улаан хоолойн хорт хавдар авахуулахын тулд цээжний хөндийгөөр дамжих улаан хоолой тайрах /esophagesctomy/ болон улаан хоолойн оронд ходоодонд хоолой залгах /cervical esophagogastrostemy/ мэс заслыг хийлгэн, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 02 дугаар сарын 24-нийг дуустал, 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 03 дугаар сарын 17-ны өдрийг дуустал, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 04 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсад ирсэн, Монгол Улсад ирээд ажиглалтын тусгаарлах байранд болон гэрийн дэглэмд 35 хоногийн хугацаанд тусгаарлагдсан болох нь хэрэгт авагдсан гадаад паспортын хуулга, Хил хамгаалах Ерөнхий газрын лавлагаа, Улсын Онцгой комиссын шуурхай штабын 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2842 дугаар албан бичиг, өвчтөний эмчилгээний тухай тодорхойлолт, эмнэлгийн төлбөрийн хуудас, эмнэлгээс гарах үеийн дүгнэлт, Монголын аж үйлдвэрийн танхимын 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /force majeure/ 02/101 дугаар гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.
Нэхэмжлэгч нь БНСУ-ын Самсунг Эрүүл мэндийн төвийн Самсунг Сөүл эмнэлэгт улаан хоолойн хорт хавдар авахуулах мэс ажилбарт орж хэвтэн эмчлүүлж байсан, COVID-19 буюу корона вирусийн цар тахлын нөхцөл байдал, түүнтэй холбогдуулан Монгол Улсын эрх бүхий байгууллагаас хэрэгжүүлж буй хориг, шийдвэрээс шалтгаалан 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсад ирсэн, ажиглалтын тусгаарлах байр болон гэрийн дэглэмд тусгаарлагдсан зэрэг нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэл болохоор байна.
Хариуцагч нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг нэг үндэслэлээ болгожээ.
Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан ... уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэсэн нь эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл / эс үйлдэхүй /-ээрээ
1. газрын тухай хууль тогтоомж зөрчсөн
2. газар эзэмшигч , ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн
Дээрх 2 нөхцөл зэрэг хангагдсан тохиолдолд уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу дээд шатны байгууллага, албан тушаалтан хууль бус шийдвэрээ хүчингүй болгох зохицуулалт юм.
Энэхүү маргааны тохиолдолд дээрх хуулийн заалт хэрэглэгдэхгүй бөгөөд энэхүү хуулийн заалтыг маргаан бүхий актын нэг үндэслэлээ болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-д ... шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимтай нийцэхгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т зааснаар захиргааны байгууллага нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй.
Гэтэл хариуцагч Нийслэлийн засаг дарга нь маргаан бүхий захиргааны актаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүй байх хуулийн урьдчилсан нөхцөл бүрдээгүй, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан үндэслэл бий болоогүй байхад нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн дээрх заалтууд болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг тус тус зөрчжээ.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...маргаан бүхий захирамж нь ...хуульд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй... гэсэн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох-оор , 34 дүгээр зүйлийн 34.1-д Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн ...аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж тус тус заасан, түүнчлэн нэхэмжлэгчид шинээр олгогдсон 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Газар эзэмшүүлэх гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/343 дугаар захирамжийг үндэслэн олгогдсон, дээрх шийдвэрээс хойш Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгчид шинээр газар эзэмшүүлээгүй, газар эзэмшүүлсэн шийдвэр гаргаагүй зэргээс үзэхэд энэ маргааны тохиолдолд Засаг даргын шийдвэр гарч, 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх хугацаа тоологдоно.
Иймд нэхэмжлэгчийн ...2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдсоноос хойш 2 жилийн хугацааг тооцно гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Дээрхээс дүгнэн үзэхэд нэхэмжлэгч нь өөрийн эзэмшил газраа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 2 жил дараалан ашиглаагүй байх бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хүндэтгэн үзэх шалтгаангүй байх хуулийн урьдчилсан нөхцөл хангагдаагүй, энэхүү үндэслэл үүсээгүй байхад нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/901 дүгээр захирамж хууль бус байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1-д зааснаар хууль бус шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Дээрх үндэслэлээр маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/901 дүгээр захирамж нь Газрын тухай хууль болох Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, уг маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 02-06/2866 дугаар албан бичгээр Анома ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн талаар мэдэгдэж, тайлбар ирүүлэх хугацааг тогтоосон, Анома ХХК нь 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 09 дугаартай албан бичгээр хариу тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийг сонсох ажиллагаа хийгээгүй гэж буруутгах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч хуулийн этгээдэд Монголын аж үйлдвэрийн танхимаас 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл / / 02/101 дугаартай гэрчилгээг олгосон байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/901 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ