Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 123/2017/0001/З |
Дугаар | 156 |
Огноо | 2017-05-01 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 156
Д.Энхмаагийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жанчив, Д.Хаш-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвасүрэн, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Мөнхтулга нарыг оролцуулан, Д.Энхмаагийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 123/ШШ2017/0003 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2017/0183 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 123/ШШ2017/0003 дугаар шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19, 11 дүгээр зүйлийн 11.8, 154 дүгээр зүйлийн 154.3.5, 158 дугаар зүйлийн 158.1.2, 160 дугаар зүйлийн 160.4, 163 дугаар зүйлийн 163.1.1, 163 дугаар зүйлийн 163.3-д заасныг тус тус баримтлан иргэн Д.Энхмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Цээл сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Нэр дэвшигчдийг бүртгэх тухай” 03 дугаар тогтоол, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалтын дүнгийн тухай” 09 дүгээр тогтоолын Д.Ууганбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Цээл сумын Сүүл буга багийн сонгуулийн 4 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахыг Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2017/0183 дугаар магадлалаар: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 123/ШШ2017/0003 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Энхмаагийн Төв аймгийн Цээл сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Нэр дэвшигчдийг бүртгэх тухай” 03 дугаар тогтоол, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалтын дүнгийн тухай” 09 дүгээр тогтоолын Д.Ууганбаярт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Цээл сумын Сүүл буга багийн сонгуулийн 4 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жанчив хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2017/0183 дугаар магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
Нэхэмжлэгч нь Төв аймгийн Цээл сумын Сонгуулийн хороонд холбогдуулан 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэх тухай” 03 дугаар тогтоол, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалтын дүнгийн тухай” 09 дүгээр тогтоолуудын Д.Ууганбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Цээл сумын “Сүүл буга” багийн сонгуулийн 4-р тойрогт дахин сонгууль явуулахыг хариуцагчид даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргасан.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцээд маргаан бүхий хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй Д.Ууганбаярыг нэр дэвшигчээр бүртгэхдээ хариуцагч “...Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-д Монгол Улсын иргэн ...эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ” гэж заасан болон хуулиар хүлээсэн цэргийн алба хаасан байх үүргээ бүрэн биелүүлээгүй, цэргийн дүйцүүлэх албыг дүйцүүлэн хаах хугацаа дуусаагүй байхад орон нутгийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж, түүний авсан саналыг баталгаажуулсан нь Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19, 11 дүгээр зүйлийн 11.8, 154 дүгээр зүйлийн 154.3.5, 158 дугаар зүйлийн 158.1.2-д заасныг болон бусад хууль тогтоомжийн холбогдох заалтыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул...” хэмээн дүгнэж, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 123/ШШ2017/0003 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн.
Хариуцагч Сонгуулийн тухай хуулийн дээрх заалтууд болон Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг зөрчин байж Д.Ууганбаярыг нэр дэвшигчээр бүртгэсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байгаа.
Анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 123/ШШ2017/0003 дугаар шийдвэрт хариуцагч болон гуравдагч этгээдийн төлөөлөгч нар давж заалдах шатны журмаар гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд “...Анхан шатны шүүх “...цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн байх шаардлагыг хангасан эсэхийг сонгуулийн хороо нэр дэвшигчээр бүртгэхээс өмнө шалгах ёстой хуулийн зохицуулалт байхад энэ үүргээ хариуцагч нь хангалтгүй биелүүлж...” хэмээн дүгнэсэн байж анхан шатны шүүхийг “...Төв аймгийн Цээл сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэх тухай” 03 дугаар тогтоол, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалтын дүнгийн тухай” 09 дүгээр тогтоолын Д. Ууганбаярт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Цээл сумын “Сүүл буга” багийн сонгуулийн 4-р тойрогт дахин сонгууль явуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна...” хэмээн дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүх өөрөө хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Мөн шүүх “...Төв аймгийн Цээл сумын сонгуулийн хороо гуравдагч этгээд Д.Ууганбаярыг бүртгэсэн нь дээрх Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-д заасантай нийцэхгүй байна...” хэмээн дүгнэсэн, гэвч мөн л “...аливаа захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл нь захиргааны байгууллага хууль зөрчсөн байхаас гадна мөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол тус захиргааны актын улмаас зөрчигдсөн болох нь эн тэнцүү тогтоогдох учиртай...” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх хариуцагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болохыг дээрх хоёр дүгнэлтээрээ маш тодорхой хийсэн мөртлөө маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй хэмээн өөрийн хийсэн дүгнэлтээ үгүйсгэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 106 дугаар зүйлийн 106.1.3-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.
Түүнчлэн давж заалдах шатны шүүх “...Д.Ууганбаярын сонгуульд өрсөлдөх, сонгогдох эрхийг баталгаажуулан бүртгэсэн Төв аймгийн Цээл сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэх тухай” 03 дугаар тогтоол, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалтын дүнгийн тухай” 09 дүгээр тогтоолуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсхүл хязгаарлагдсан гэх үйл баримт тогтоогдоогүй, нэхэмжлэгч эрх ашиг нь хөндөгдөөгүй асуудлаар шүүхэд маргах эрхгүй байна...” хэмээн дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Учир нь, Сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Сонгуулийн үндсэн зарчим нь сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох зарчмын үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгох эрхийг хангахад үндэслэнэ”, 4.3-д “Сонгогч сонгуульд шууд сонгох эрхийнхээ үндсэн дээр ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож, саналаа өөрөө өгнө...” гэж заасан сонгуулийн үндсэн зарчим мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д заасан сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулах зарчим тус тус зөрчигдөж, нэхэмжлэгчид өгөх саналыг Д.Ууганбаяр нэг нам эвслээс нэр дэвшиж байгаа нэрийн дор хувааж, нэхэмжлэгч болон нийт сонгогчдыг хууран мэхэлж тэдний саналыг шударга бусаар авч сонгуульд ялалт байгуулсан болох нь илэрхий байна.
Гэтэл давж заалдах шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр хэргийг шийдвэрлээд зогсохгүй “...Д.Ууганбаярыг “...цэргийн алба хаагаагүй, сумын сонгуулийн хороо хууль бусаар бүртгэсэн ...сонгуулийн дүнг нэгтгэсэн...” гэж маргаж байгаа нь хуулийн үндэслэлгүй буюу нэхэмжлэгчтэй нэг эвслээс нэр дэвшсэн гуравдагч этгээд Д.Ууганбаярыг бүртгэсэн бүртгэл болон санал хураалтын дүнг хүчингүй болгож, дахин сонгууль явуулахыг хариуцагчид даалгаснаар нэхэмжлэгчийн ямар эрх сэргэх нь тодорхойгүй байна...” гэж дүгнэж байгаа нь дээр дурдсанчлан сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулахад шударга ёсыг баримтлах зарчим зөрчигдөж, нэхэмжлэгчийн сонгох эрх, Д.Ууганбаяртай шударгаар үнэн зөвөөр өрсөлдсөн нэр дэвшигч ялалт байгуулах зэрэг бүхий л боломжийг хязгаарласан хариуцагчийн буруутай үйлдлийг шууд хаацайлсан, төрийн захиргааны байгууллага хууль зөрчиж шийдвэр гаргах нөхцөл боломжийг олгосон шийдвэр боллоо.
Иймд, энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2017/0183 дугаар магадлалыг хүчингүй болгож, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 123/ШШ2017/0003 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасантай нийцсэн тул магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Төв аймгийн Цээл сумын Сонгуулийн хороо нь 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Нэр дэвшигчдийг бүртгэх тухай” 03 дугаар тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд тус сумын “Сүүл буга” багийн 4 дүгээр тойрогт Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт намын “Төв нутаг” эвслээс нэр дэвшигч Д.Ууганбаяр, Д.Энхмаа нарыг бүртгэж, тус хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 09 дүгээр “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалтын дүнгийн тухай” тогтоолоор 4 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Ууганбаярыг 85 санал /43,37 хувь/, Д.Энхмааг 68 санал /34,69 хувь/ авсныг баталгаажуулан, санал хураалтыг хүчинтэйд тооцон, Д.Ууганбаярт сумын иргэдийн Төлөөлөгчдийн “Хурлын Төлөөлөгчийн түр үнэмлэх”-ийг олгохоор шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.Энхмаагаас “сумын Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.5-д заасныг зөрчиж, хуулийн шаардлага хангаагүй, цэргийн дүйцүүлэх албанд хууль бусаар бүртгэгдсэн дүйцүүлэх цэргийн албан хаагч Д.Ууганбаярыг нэр дэвшигчээр бүртгэн сонгуульд оролцуулж миний эрхийг зөрчлөө” гэж марган, сумын Сонгуулийн хорооны дээрх тогтоолуудын Д.Ууганбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгох, тус сонгуулийн тойрогт дахин сонгууль явуулахыг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-д нэр дэвшигчид тавигдах шаардлагыг тодорхойлсон байх бөгөөд 154.3.5-д “цэргийн жинхэнэ хугацаат алба хаах насны иргэн Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийн дагуу цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн байх” гэж зааж, 3 дугаар зүйлийн 3.1.19-д “цэргийн алба хаасан байх” гэдгийг Монгол Улсын иргэн зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд цэргийн үүрэг гүйцэтгэж цэргийн жинхэнэ алба хаасан, эсхүл Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12.5, 12.8-д заасан үндэслэлээр цэргийн албыг дүйцүүлэн хаасан байхыг ойлгоно гэж тодорхойлжээ.
Дээрх хуулийн 12.5, 12.8-д заасан үндэслэлийг Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль /1992 оны/-ийн 12 дугаар зүйлийн 5-д “Монгол Улсын 18-25 насны, ...иргэн ...цэргийн албыг дүйцүүлэн хааж болно. ...Цэргийн албыг дүйцүүлэн хаах журам, алба хаах иргэний дээд хязгаарыг Засгийн газар тогтооно”, 8-д “...цэргийн албыг биеэр хаагаагүйн төлөө мөнгөн төлбөрийн хэлбэрээр цэргийн албыг орлуулан хаана” гэж тус тус хуульчилсан байна.
Түүнчлэн, Засгийн газрын 2008 оны 49 дүгээр тогтоолоор баталсан “Цэргийн албыг дүйцүүлэн хаах журам”-ын 2-т “Монгол Улсын 18-25 насны, ...иргэн ...өөрийн хүсэлтээр орон нутаг дахь батлан хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, түүнчлэн онцгой байдлын асуудал хариуцсан чиг үүрэг бүхий алба, мэргэжлийн анги, салбар, хилийн цэрэгт туслах хүчин, хүмүүнлэгийн байгууллагад цэргийн албыг дүйцүүлэн хааж болно” гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, гуравдагч этгээд Д.Ууганбаяр нь цэргийн албыг дүйцүүлэн хаах хүсэлтийг 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр багийн Засаг даргад гаргасан байх бөгөөд Төв аймгийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/239 дүгээр захирамжаар Д.Ууганбаярыг цэргийн албыг дүйцүүлэн биеэр хаалгахаар шийдвэрлэж, хугацааг 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд гэж тогтоосон байна.
Дээрхээс үзвэл Д.Ууганбаярын цэргийн албыг дүйцүүлэн хаах хугацаа, нэр дэвшигчээр бүртгүүлэх тухайн үед дуусгавар болоогүй байсан тул түүнийг цэргийн албыг дүйцүүлэн биеэр хаасан гэж үзэх үндэслэлгүй, анхан болон давж заалдах шатны шүүхүүд “Сонгуулийн хороо нь Д.Ууганбаярыг цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн байх шаардлагыг хангасан эсэхийг нэр дэвшигчээр бүртгэхээс өмнө шалгах ёстой хуулийн зохицуулалт байхад энэ үүргээ хангалтгүй биелүүлж, нэр дэвшигчээр бүртгэсэн нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-д заасантай нийцээгүй” гэж зөв дүгнэжээ.
Гэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.1-д хуульд нийцээгүй захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлийг уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдсон байх гэж хуульчилсан байна.
Давж заалдах шатны шүүхийн, Цээл сумын Сонгуулийн хорооны 03, 09 дүгээр тогтоолуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, маргаан бүхий актуудыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар эрх сэргэх нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Тодруулбал, Цээл сумын Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт намын “Төв нутаг” эвслийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/02 дугаар тогтоолоор тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцох нэр дэвшигчдийн жагсаалтыг баталжээ.
Уг тогтоолоор Цээл сумын “Сүүл буга” багийн сонгуулийн 4 дүгээр тойрогт Д.Ууганбаяр /АН/, Д.Энхмаа /МАХН/, Г.Базаррагчаа /МАХН/ нарыг нэр дэвшүүлэн, нэр дэвшигчдийн бүрдүүлэх баримт бичгийг бүрдүүлж, Төв аймгийн Цээл сумын Сонгуулийн хороонд хүргүүлэн бүртгүүлж сонгуульд оролцсон, өөрөөр хэлбэл, эдгээр иргэд нь орон нутгийн сонгуульд эрх ашиг сонирхлын хувьд нэгдсэн буюу Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт намын “Төв нутаг” эвслээс нэр дэвшин нэг баг болж, нэгдмэл сонирхолтойгоор сонгуульд оролцсон байна.
Түүнчлэн тус сонгуулийн 4 дүгээр тойрог нь 3 мандаттай бөгөөд дээрх Сонгуулийн хорооны 09 дүгээр тогтоолоос харахад 4 дүгээр тойрогт нэр дэвшигч 9 хүнээс саналын тоогоор жагсаалтын 1-д Д.Ууганбаяр, 2-т М.Ханд, 3-д Г.Базаррагчаа, 4-д Б.Борхүү, 5-д Д.Энхмаа жагссан, өөрөөр хэлбэл, тус тойрогт хамгийн олон санал авсан Д.Ууганбаяр, М.Ханд, Г.Базаррагчаа нарыг иргэдийн төлөөлөгчөөр сонгосон шийдвэрийн улмаас нэг баг болж сонгуульд оролцсон Д.Энхмаагийн эрхийг зөрчихгүй юм.
Иймд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулахад шударга ёсыг баримтлах зарчим зөрчигдөж, нэхэмжлэгчийн сонгох эрх, Д.Ууганбаяртай шударгаар үнэн зөвөөр өрсөлдсөн нэр дэвшигч ялалт байгуулах зэрэг бүхий л боломжийг хязгаарласан хариуцагчийн буруутай үйлдлийг шууд хаацайлсан, төрийн захиргааны байгууллага хууль зөрчиж шийдвэр гаргах нөхцөл боломжийг олгосон шийдвэр боллоо” гэсэн хяналтын гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2017/0183 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч өмгөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА