Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2016/0612

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2016/0612

Улаанбаатар хот

 

               

Иргэн Я.Баясгалан, Я.Баярбат нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Даваасүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэрэндэжид, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхмаа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 475 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Я.Баярбат, Я.Баясгалан нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны албанд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.Баярбат, Я.Баясгалан нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 461 дүгээр захирамжаар “Чежү” ХХК-д 17568 м.кв газар эзэмшүүлэхдээ иргэн Я.Баясгалан болон түүний гэр бүлийнхний эзэмшлийн 1602 м.кв эзэмшил газрын тодорхой хэсэгтэй давхардуулан олгосон хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар захирамжийн “Орчлон констракшн” ХХК-д олгосон газраас иргэн Я.Баясгалан, Я.Баярбат нарын эзэмшил газартай давхардуулсан хэсгийг, мөн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/1032 дугаар захирамжийн “Орчлон констракшн” ХХК-д холбогдох хэсгийг, Нийслэлийн өмчийн харилцааны газар анх 2006 онд “Чежү” ХХК-д 17568 м.кв газрын кадастрын зураглалыг хийхдээ Я.Баясгалангийн хашаа байшин барьж амьдарч байсан 1602 м.кв газартай давхцал үүсгэж газрын кадастрын зураг хийсэн нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны алба нь 2004 онд иргэн Я.Баясгалангийн 565 м.кв  газар эзэмшихийг хүссэн өргөдлийг үрэгдүүлсэн эс үйлдэхүйг хүлээн зөвшөөрүүлэх, Я.Баясгаланд одоо амьдарч байгаа 565 м.кв газрын кадастрын зургийг баталгаажуулж, газар эзэмших захирамж гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 475 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4-д заасныг баримтлан иргэн Я.Баярбат, Я.Баясгалан нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны албанд тус тус холбогдох захиргааны хэргийн Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 461 дүгээр захирамж, мөн 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар захирамж, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/1032 дугаар захирамжуудын иргэн Я.Баярбат, Я.Баясгалан нарт холбогдох хэсгийг захиргааны байгууллага, албан тушаалтнууд хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаадлагатай байх тул дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд “Орчлон констракшн” ХХК давж заалдах гомдолдоо: “Иргэн Я.Баярбат, Я.Баясгалан нар нь Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны албанд тус тус холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 0475 тоот шийдвэрээр шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэргийн гуравдагч этгээд “Орчлон констракшн” ХХК дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

            Нэхэмжлэгч Я.Баярбат, Я.Баясгалан нар нь Нийслэлийн Засаг даргын 2006 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 461 дүгээр захирамжийн “Чежү” ХХК-д холбогдох хэсгийн 2008 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 295 дугаар захирамжийн “Орчлон констракшн” ХХК-д холбогдох хэсгийн Я.Баярбат, Я.Баясгалан нарын газартай давхцалтай хэсгийг, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/1032 захирамжийн “Орчлон констрашн” ХХК-д холбогдох хэсгээс иргэн Я.Баярбатын өмчлөлийн газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан.

            Энэхүү хэргийг шүүхээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-д заасныг удирдлага болгон дээр дурдсан актуудыг захиргааны байгууллага, албан тушаалтнууд хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай байх тул дахин шинэ акт гартал түдгэлзүүлсэн нь шүүх хэргийг буруу шийдвэрлэсэн явдал боллоо.

            Газар нь давхцсан гэж нэхэмжлэгч Я.Баярбатын хувьд 2008 онд Нийслэлийн Засаг даргын 52 дугаар захирамжаар эзэмших эрх үүссэн. Тэрээр хүү Б.Нямжаргалаас шилжүүлэн авсан бөгөөд Б.Нямжаргал нь 2007 оны Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 359 дүгээр захирамжаар 337 м.кв газрыг өмчилжээ.

            Харин “Орчлон  констракшн” ХХК-ийн хувьд 2008 онд “Чежү” ХХК-иас газар шилжүүлэн авсан байдаг бөгөөд “Чежү” ХХК нь татан буугдсан барилгын цэгийн 022 дугаар ангийн эзэмшиж байсан газар дээрх объектуудыг худалдан авч, газар эзэмших эрх үүссэний дагуу газрыг 2006 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 461 дүгээр захирамжаар эзэмших эрхтэй болсон байна. Өөрөөр хэлбэл, давхцалтай гэж байгаа газрын эзэмших эрх түрүүлж “Чежү” ХХК-д үүссэн байдаг. Тухайн үед газар эзэмшүүлэхдээ холбогдох материалууд, кадастрын зураг, нэгж талбараар шалгаж, давхцал үүссэн эсэхийг нягталж байж эзэмшүүлсэн. Нэхэмжлэгч Я.Баярбат нь энэ үед ч гэсэн энэ газар дээр амьдарч байсан гэдэг ч тухайн үед ямар нэгэн нэхэмжлэл гаргасан асуудал байдаггүй.

            Я.Баярбатын хүү Б.Нямжаргалд 2007 онд газар эзэмшүүлэхдээ бусдын эзэмшиж буй газарт (“Чежү” ХХК-д 2006 онд эзэмшүүлсэн) давхардуулан олгосон байдаг.

            Я.Баярбатын давхцалтай газарт “Орчлон констракшн” ХХК нь засмал зам тавьсан байгаа. Энэ зам нь ерөнхий төлөвлөгөөгөөр баталгаажсан байдаг бөгөөд үүнийг нийтээрээ ашиглана.

            Нэхэмжлэгч Я.Баясгалангийн хувьд газар эзэмших эрх бүхий субъект биш. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж маш тодорхой заасан байдаг.  Я.Баясгалан нь газар эзэмших ямар нэгэн эрхийн гэрчилгээ байдаггүй. Шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны албанд хүнээр дамжуулан өргөдөл материалаа өгсөн боловч алга болсон байна гэдэг. Өргөдөл хүлээн авсан газрын алба буцах хуудас, түүнтэй адилтгах баримтыг өргөдөл гаргагчид өгдөг. Я.Баясгаланд тийм баримт байдаггүй мөн архиваас шүүж үзэхэд дүүрэг дээр Я.Баясгалангийн ямар ч өргөдөл материал байдаггүй. Ямар ч байсан би газар эзэмших өргөдөлөө  өгсөн боловч алга болсон байна гэсэн хийсвэр үндэслэлээр Я.Баясгаланг тухайн газар эзэмшигч гэх боломжгүй.

            Захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн субъектив эрх хөндөгдсөн байхыг шаарддаг. Я.Баясгалан нь давхцаад байна гэсэн газраа эзэмших эрхийн гэрчилгээгүй, газар эзэмшигч биш учраас түүний эрх, ашиг сонирхол хөндөгдөж байна гэж үзэх үндэслэлгүй юм. Энэхүү нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс зөв үнэлэлгүйгээр шийдвэрлэсэн болно.

Иймд Я.Баярбат, Я.Баясгалан нарын нэхэмжлэл бүхий хэрэг шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 0475 тоот шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлага тус бүрт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Я.Баярбат, Я.Баясгалан нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 461 дүгээр захирамжаар “Чежү” ХХК-д 17568 м.кв газар эзэмшүүлэхдээ иргэн Я.Баясгалан болон түүний гэр бүлийнхний эзэмшлийн 1602 м.кв эзэмшил газрын тодорхой хэсэгтэй давхардуулан олгосон хэсгийг хүчингүй болгуулах, мөн Нийслэлийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар захирамжийн “Орчлон констракшн” ХХК-д олгосон газраас иргэн Я.Баясгалан, Я.Баярбат нарын эзэмшил газартай давхардуулсан хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/1032 дугаар захирамжийн “Орчлон констракшн” ХХК-д холбогдох хэсгийг, 2006 онд “Чежү” ХХК-ны 17568 м.кв газрын зураглалыг хийхдээ Я.Баясгалангийн хашаа байшин барьж амьдарч байсан 1602 м.кв газартай давхцуулсан байх тул кадастрын зургийг тус тус илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны алба нь 2004 онд иргэн Я.Баясгалангийн 565 м.кв  газар эзэмшихийг хүссэн өргөдлийг үрэгдүүлсэн эс үйлдэхүйг хүлээн зөвшөөрүүлэх, Я.Баясгаланд одоо амьдарч байгаа 565 м.кв газрын кадастрын зургийг баталгаажуулж, газар эзэмших захирамж гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан[1] байна.  

Харин гуравдагч этгээд “Орчлон констракшн” ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 159 дүгээр захирамжийн манай компанийн эзэмших эрх бүхий газартай давхардуулан иргэн Я.Баярбатад газар өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах”[2] бие даасан шаардлагыг гаргасан байна.

Анхан шатны шүүх “...Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ... 461 дүгээр захирамжаар “Чежү” ХХК-д 17568 м.кв газрыг эзэмшүүлсэн, 2008 оны ... 295 дугаар захирамжаар “Орчлон констракшн” ХХК-д 11691 м.кв газрыг эзэмшүүлсэн, 2013 оны А/1032 дугаар захирамжаар “Орчлон констракшн” ХХК-д холбогдох хуульд заасан шаардлагыг хангаж, гуравдагч этгээд нарт хуулийн дагуу газар эзэмших эрх үүссэн мэт боловч эдгээр актууд нь агуулгаараа бодит байдалд нийцээгүй...” гэсэн ойлгомжгүй, утга агуулгын хувьд зөрчилтэй дүгнэлтийг хийсэн байхаас гадна “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 461 дүгээр захирамж, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/1032 дугаар захирамжуудын иргэн Я.Баярбат, Я.Баясгалан нарт холбогдох хэсгийг дахин шинэ акт гартал түдгэлзүүлж...” гэж нэхэмжлэгч нарт чиглэгдээгүй захиргааны актуудыг “...дахин шинэ акт гартал түдгэлзүүлж” шийдвэрлэсэн нь буруу байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан  загварын дагуу гаргана” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн дагуу аливаа иргэн, хуулийн этгээд нь бусдын эзэмшил, өмчлөлийн газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй газрыг эзэмшихээр тухайн асуудлыг эрхлэн хариуцсан эрх бүхий төрийн байгууллагад хандаж баталсан загварын дагуу хүсэлт гаргах боломжтой байх ба тодорхой хугацаа болзлыг тусгасан гэрээг үндэслэж гарсан эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байгаа тохиолдолд тухайн газар эзэмших эрхийг “хууль ёсны” гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч Я.Баясгалан нь “...миний бие 2004 онд хувийн сууц барьж, улмаар газрын зөвшөөрөл хүсч Сонгинохайрхан дүүргийн газрын албанд маягтын дагуу өргөдөл гарган, холбогдох баримтуудыг хамт өгсөн тул  “Орчлон констракшн” ХХК-аас түрүүлэн шийдвэр гаргуулах ёстой...” гэж,  харин хариуцагч Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны албанаас “... иргэн Я.Баясгалангийн гаргасан хүсэлт нь үрэгдсэн гэдгийг тодорхойлох баримт нотолгоо байхгүй...” гэх тайлбарыг шүүхэд гаргаж маргасан байна.

Гэтэл шүүх энэ талаар бүрэн гүйцэд тодруулж, шалгаагүйн гадна нэхэмжлэгч Я.Баясгалангийн  “Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны алба нь 2004 онд иргэн Я.Баясгалангийн 565 м.кв газар эзэмшихийг хүссэн өргөдлийг үрэгдүүлсэн эс үйлдэхүйг хүлээн зөвшөөрүүлэх, Я.Баясгаланд одоо амьдарч байгаа 565 м.кв газрын кадастрын зургийг баталгаажуулж, газар эзэмших захирамж гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах”, мөн нэхэмжлэгч нарын “...2006 онд “Чежү” ХХК-д 17568 м.кв газрын кадастрын зураглал хийхдээ Я.Баясгалангийн хашаа байшин барьж амьдарч байсан 1602 м.кв газартай давхцуулж хийсэн кадастрын зургийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” гэх нэхэмжлэлийн шаардлагуудыг мөн гуравдагч этгээдээс гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 159 дүгээр захирамжийн манай компанийн эзэмших эрх бүхий газартай давхардуулан иргэн Я.Баярбатад газар өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлага, үндэслэлийг бүрэн гүйцэд тодруулаагүй, шийдвэрт огт дурдаагүй, дүгнэлт хийгээгүй, шийдвэрлээгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2, 52.5, 106 дугаар зүйлийн 106.2, 107 дугаар зүйлийн 107.3, 107.4, 107.5-д заасантай тус тус нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Я.Баярбат, Я.Баясгалан нараас “...2002 онд Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 8-54 тоотод байрлах газрыг Барилгын цэргийн 022 дугаар ангиас ... 2 хувийн сууцын хамт худалдаж авч гэр бүлээрээ 12 жил амьдарч ирсэн ...” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон, хариуцагчаас “... “Чежү” ХХК нь Барилгын цэргийн 022 дугаар ангийн хуучин эзэмшиж байсан газар дээрх объектууд болох Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах барилгуудыг худалдан авч газар эзэмших эрх хүссэн ... 2007 онд “Орчлон констракшн” ХХК уг объектуудыг худалдан авсан ...” гэж тайлбарласантай  холбогдуулан шүүх нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүссэн эсэх талаар холбогдох баримтыг цуглуулж, тэдгээрийн эзэмшил газрын хэмжээ, хил хязгаар, давхцал байгаа эсэхийг тодруулах, шаардлагатай бол шинжээч томилж, дүгнэлт гаргуулан, нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага тус бүрт дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

Түүнчлэн дараа дараагийн шийдвэрүүдийн улмаас хүчингүй болж үйлчлэл нь зогссон Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 461, 2008 оны 295 дугаар захирамжууд нь маргаан бүхий акт мөн эсэх, тус актуудын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар шүүх бүрэн тодруулж, үнэлэлт дүгнэлт өгөх нь зүйтэй юм.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Шүүх шийдвэрээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргана”, 31 дугаар зүйлийн 32.1-д “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, 31.2-т “Шүүхийн шийдвэрийг бичих аргачлал, журмыг Улсын дээд шүүх тогтооно”, 32.2-т ”Шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөө сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж тус тус заасан.

Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтнаас хэрэг маргааны талаар дүгнэж буй шийдлийг агуулсан, хууль хэрэглээний эрх зүйн акт болох анхан шатны шүүхийн шийдвэр нь тухайн хэрэг маргаанд хамаарал бүхий этгээдэд хуулиар тодорхойлогдсон төрийн хүсэл зоригийг илэрхийлсэн, Монгол Улсын нэрийн өмнөөс гарч буй, заавал биелэгдэх шинжтэй актын хувьд хууль, журмаар тогтоосон албан хэрэг хөтлөлт, шүүхийн шийдвэрийн стандарт шаардлагад нийцсэн байх учиртай.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр нь хэл найруулгын хувьд утга төгөлдөр байж оновчтой зөв томъёологдох, товч тодорхой байх, утга санааг бүрэн илэрхийлсэн байх, логик дэс дараалалтай байх, бичвэрийн агуулга, сэдэв өөрчлөгдөх тохиолдолд догол мөрнөөс эхлэн бичих зэрэг Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Шүүхийн шийдвэрийн тухай” 21 дүгээр тогтоол, 2006 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлалын тухай” зөвлөмж, Архивын Ерөнхий газрын даргын 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар батлах тухай” 68 дугаар тушаалаар батлагдсан аргачлалд тус тус нийцсэн байх учиртайг шүүх  анхаарвал зохилтойг жич тэмдэглэж байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 475 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                                   ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

     ШҮҮГЧ                                                                Г.БИЛГҮҮН

     ШҮҮГЧ                                                                О.НОМУУЛИН

     ШҮҮГЧ                                                                Н.ХОНИНХҮҮ

 

 

 

 


[1] Хавтаст хэрэг №4, 15-18 дугаар тал

[2] Хавтаст хэрэг №1, 204-205 дугаар тал