Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 134/ШШ2019/00102

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Д.Н- ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.Ц

Хариуцагч: А.М нарт холбогдох

 

жонш авахаар тохиролцсон мөнгө болох 4 500 000 төгрөг, текник хөлсөлснөөс учирсан хохирол 8 500 000 төгрөг нийт 13 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэгтгэсэн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н, түүний өмгөөлөгч П.Н, хариуцагч Н.Ц, А.М, тэдгээрийн өмгөөлөгч Э.С, С.С, гэрч О.Э, Д.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжаргал нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Н миний бие нь Н.Ц, А.М нарт 4 500 000 төгрөгийг жонш авахаар тохирч,урьдчилгаа болгож өгсөн боловч өнөөдрийг хүртэл жоншоо ч өгөөгүй, мөнгөө ч төлөөгүй. Анх 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр манай гэрт ирээд жоншоо гаргах гэсэн боловч гараар дийлдэхгүй байна, техник түрээслэх гэсэн мөнгө дутаад гээд өөрийн гараар баримт бичиж 3 500 000 төгрөгийг бэлэн тоолж авсан. Дараа нь А.М мөн ингэж гуйгаад 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 5990177279 тоот дансаар 1 000 000 төгрөг шилжүүлж авсан.  Үүнээс хойш энэ хоёр жонш авчирсан боловч надаас зугтаад өөр хүнд зараад явсан байсан. Би мөнгөө авахаар удаа дараа шаардсан боловч өгөөгүй. Тэгээд 8 дугаар сарын сүүл 9 дүгээр сарын эхээр, надад том техник олоод өг, тэнд нэг том хад байна тэрийг л нураачих юм бол танд өгөх мөнгө, түрээсийн мөнгө асуудал байхгүй, тэгээд ашгаа тавь, тавин хувиар хувааж авъя гэж тохиролцож хамтран ажиллах гэрээг амаар хийсэн. Ингээд би экскаватор түрээсэлж, хүн цалинжуулж ажиллуулаад 31,8 тонн жонш олборлож, худалдаад нийт 7 сая шахуу төгрөг болсон. Гэхдээ миний нэхэмжилсэн 4 500 000 төгрөгтэй энэ жоншны мөнгө ямар ч хамааралгүй. Эд нарт зээлсэн мөнгө биш, жонш авахаар тохиролцсон мөнгө учраас 4 500 000 төгрөгийг А.М, Н.Ц нараас тэнцүү хэмжээгээр гаргуулна. Мөн зөвшөөрөлгүй байж надтай хамтран ажиллахаар тохиролцож, надаар экскаватор түрээслүүлж 8 500 000 төгрөгийн хохирол учруулсан. Намайг 4 500 000 төгрөгөө нэхэхэд олборлосон жоншоороо төлсөн гэхээр нь  надад ийм хэмжээний хохирол учирсан гээд бүхнийг тодруулахын тулд би дараа нь 8 500 000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Иймд намайг хуурч мэхлэн худлаа ярьж зөвшөөрөлгүй газарт техник хөлслүүлэн нийтдээ 8 500 000 төгрөгийн хохирол учруулсан тул мөн хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж өгнө үү  гэв.

 

Хариуцагч Н.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 08 дугаар сараас Ооёо гэдэг хүнтэй Гишгэр гэх газар хамтран жонш олборлож эхэлсэн. Тэндээс олсон жоншоо Н гэдэг хүнд 250 000 төгрөгөөр өгч байсан. Би Ооёо гэдэг хүнтэй ажиллахаа болиод Н гэдэг хүнтэй хамтран ажиллахаар аман хэлбэрээр тохиролцсон байсан. Хамтарч ажиллахаас 1 сарын өмнө А.М, Д.Н нар П.Отгончимэг болон түүний нөхөртэй намайг Даланжаргалан суманд байхад очсон. Тэгээд би газраас үзүүлэхэд Д.Н болно гэсэн. Би урьд нь Д.Н-с 4 500 000 төгрөг авсан байсан. 3 500 000 төгрөгийг нь бэлнээр, 1 000 000 төгрөгийг А.М-н дансаар авсан. Тэгээд хэд хоногийн дараа намайг Угтаалын наана явахад миний утас дуугарч Д.Н экскаватор машинд ачуулаад явуулсан шүү гэж хэлэхэд нь би П.Ог, А.М хоёрыг тэр машинтай нь жонш олборлох газар руу хүргээд өгчих гэсэн. Тэгээд би 2 хоногийн дараа очиход тэр экскаватор нь миний нүхэнд орсон байж байсан. Хажуу талд Ооёо бас нэг экскаватор аваад ирсэн, жонш олборлож байсан. Би Ооёо ахад та одоо гарчих, би 1 сар жонш олборлоё хоёулаа нэг, нэг сараар ээлжилж орно гэж тохиролцсон. Одоо миний орох ээлж гэхэд ах нь чадахгүй. Хажуу талд чинь байж байя гэсэн. 2 экскаватор аваад ирэхээр сумын байгаль орчны байцаагч ирж хэл ам гараад байна. 2 машиныг чинь хураана шүү гэж анхааруулахад тоохгүй, жонш олборлосон. Тэгэхэд нэхэмжлэгчид 8 500 000 төгрөгийн хохирол учрах үндэслэл байхгүй. Жонш ялгуулахаар авч ирсэн 3 хүнийг 10 000 төгрөгөөр ажиллуулсан гэсэн. 31,8 тонн жоншийг 3 хүнээр ялгуулахад 700 000 төгрөг гарахгүй. Үүнийг би тооцоход 260 000 төгрөг болсон. Мөн экскаваторыг 1 сар ажиллуулахад 18 000 000 төгрөг байдаг. Тэр экскаватор 2 хоног л ажилласан. 1 өдөрт 26 тонн жонш гарлаа, ер нь сайн жонш гарах юм байна гэж цаг бүртгэж байсан П.О хэлж байсан. Тэгээд 18 000 000 төгрөгийг 3 өдөрт хуваахад 1 өдрийн 600 000 төгрөг болно. П.О бүх цагийг нь бичиж байсан. Тэр хүн 1 өдрийн хэдэн цаг, хэдэн төгрөг болсныг нь мэднэ. 4 500  000 төгрөгийн хэрэгт гэрчээр асуусан. Би анхны түлшийг хэрхэн авч ирснийг мэднэ. Сүүлд авч ирсэн түлшийг нь мэдэхгүй. Пронтер машинтай авч ирсэн түлшийг нь буцаасан. 31,8 тонн жоншийг гаргахад би маргааш шалгалт ирнэ гээд өнөөдөр жоншоо ачаарай гэхэд жоншоо ачсан. Мөн одоо жонш олборлохоо болъё гэхэд Д.Н болихгүй гэсэн. Тэгээд маргааш нь Байгаль орчноос хүн ирээд экскаваторын бичиг баримтыг аваад явсан. Тухайн экскаваторын буцах зардлыг хэн ч өгөөгүй. Түүнийг төлөөлөгч замын унаанд хэлээд буцаасан гэсэн. Тэгээд хоолонд 1 300 000 төгрөг гараагүй. Би өөрөөсөө нэг ямааны мах, Б бас нэг ямааны мах гаргасан. Д.Н нэг шуудай гурил, нэг шуудай төмс, хэдэн хоолны амтлагч авчирсан. Өөр зүйл аваагүй. Тиймээс 13 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. 3 хүнээр 1 тонн жоншийг 10 000 төгрөгөөр ялгуулсан байж, яагаад Урангоо гэдэг хүнд 500 000 төгрөгийн урьдчилгаа өгөөд мөн нөхөрт нь яагаад дахин 300 000 төгрөг өгсөн бэ? үүнийг бодохоор ялгасан жоншноосоо илүү гараад байна гэж би харж байна. Би боловсролгүй хүн. Мөн надаас 8 500 000 төгрөг гаргуулж намайг шатаасан гэж хэлсэн. Тийм зүйл болоогүй. Урьд нь өөрөө надаас энэ  85 чанартай сайн жонш гэж 240 000 төгрөгөөр авч байсан. Бас Элбэг гэж жонш авдаг хүн 85 чанартай жонш гэж авч байсан. Тиймээс би 8 500 000 төгрөг гараагүй гэж үзэж байна. Харин 4 500 000 төгрөгийг авсан нь үнэн. Тэгэхдээ тэр газраас гарсан 31,8 тонн жоншоороо төлсөн гэж үзэж байна. 31,8 тонн жоншийг хэдэн төгрөгөөр өгсөн нь тодорхойгүй байна. Тиймээс 8 500 000 төгрөгийн хэмжээний их хохирол гараагүй гэв.

 

Хариуцагч А.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ооёо гэдэг хүнтэй бид тухайн газар 5-6 сар хамтарч ажилласан. Тэгээд сүүлдээ нэг, нэг сараар ээлжилж ажиллая гээд тохиролцоод ээлжээр ажиллаад 08 сарын эхээр бид ажиллая гээд очсон. Тэгэхдээ Д.Н гэдэг хүн экскаватор аваад ирсэн байсан. Экскаватор ажиллуулах тухай бид огт мэдээгүй. Түүнээс өмнө бид 2 Д.Н эгчээс 4 500 000 төгрөг зээлсэн гэдгийг хүлээн зөвшөөрнө. Д.Н эгч танайхтай хамтарч ажиллая гэдэг саналыг өөрөө тавьсан. Би түүний талаар мэдээгүй.  4 500 000 төгрөгийг өгөхгүй гэж хэлээгүй. Бид 2 гараараа жонш олборлож өгдөг байсан. Гараараа 5-6 тонн жонш бид 2 олборлосон байсан. Мөн би эгчийнхээ гэрийг түрээслэсэн байсан. Д.Н өөрөө эгчийнхээ гэрийг түрээсэлчих, намайг гал тогоогоо барьчих, Н.Ц гараараа ялгаагаа хийчих гэсэн. Тэгээд бид 2 ажил хийсэн. Түүний цалин хөлс гэж аваагүй. 31,8 тонн жоншийг ачихад бид 2-ын гар аргаар олборлосон 4-5 тонн жонш хамт ачигдаад явсан. Үүнээс надад огт мөнгө өгөөгүй. Тэр хавьд байсан бүх жоншийг П.О гэх хүн Ж.А гэдэг хүнтэй хамт ачаад явсан. Бид 2 Байгаль орчноос хүмүүс ирэх гээд байна. Жоншоо ачаарай гэж хэлсэн. Тэгэхэд өөрсдөө хүлээн зөвшөөрөхгүй ажиллагаагаа явуулсан. Тэгэхдээ Байгаль орноос торгууль тавьсан зүйлгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага болох 8 500 000 төгрөгийг огт мэдэхгүй учир түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед тийм их хэмжээний мөнгөний зарлага гарсан бол бид түүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид өдрийн хоолоо арай гэж болгож байгаа хүмүүс. Харин 4 500 000 төгрөгийг авсан нь үнэн. Тэгэхдээ өөрсдийн олсон 4-5 тонн жоншийг үнэлүүлээд өөрийн тогооч хийсэн хөлсөө, мөн түрээсэлсэн гэрийнхээ хөлсийг болон манай аваачсан хоол, хүнсээ оруулан тооцох хэрэгтэй. 31,8 тонн жоншийг хамтарч хийсэн. Тэгээд түүгээр өрөө төлсөн гэж бодож байна гэв. 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Н.Ц, А.М нарт холбогдуулан жонш  авахаар тохиролцсон мөнгө болох 4 500 000 төгрөг, техник хөлсөлснөөс учирсан хохирол 8 500 000 төгрөг нийт 13 000 000 төгрөгийг хариуцагч тус бүрээс хувь тэнцүүлэн гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба уг хэргүүдийг шүүх нэгтгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

 

Нэхэмжлэгч Д.Н нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Н.Ц, А.М нар урьд нь надад жонш худалддаг байсан бөгөөд дараа дахин жонш авахаар тохирч, урьдчилгаа болгож 4 500 000 төгрөгийг өгсөн боловч буцааж өгөөгүй, мөн энэ мөнгөө авахаар гэрт нь очиход надад өгөх мөнгө байхгүй, миний жонш олборлодог газарт хамтран ажиллая гэж тохиролцоод надаар экскаватор түрээслүүлэн ажилласан боловч зөвшөөрөлгүйн улмаас хамтран ажиллах боломжгүй болж намайг 8 500 000 төгрөгөөр хохироосон хэмээн тайлбарласан, хариуцагч Н.Ц, А.М нар нь 4 500 00 төгрөгийн шаардлагын үндэслэлийг хүлээн зөвшөөрч маргаагүй, харин хамтран ажиллаж олсон 31,8 тонн жоншны орлогоос дээрх төлбөр төлөгдсөн, мөн бид экскаватор түрээслэн ажиллуулахаар тохиролцоогүй, дээрх жоншийг борлуулсан байдлаас тооцож үзэхэд ийм хэмжээний хохирол учраагүй тул 8 500 000 төгрөгийг төлөхгүй хэмээн маргасан.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  

1.Нэхэмжлэгч П.Н, хариуцагч Н.Ц, А.М нар нь  Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Гишгэр гэх газраас түгээмэл тархацтайгаас бусад төрлийн ашигт малтмал буюу жонш олборлохоор хамтран ажиллах хэлцэл байгуулсан болох нь талуудын маргаангүй тайлбараар тогтоогдож байна.

 

Талууд хэлцэл хийх үед үйлчилж байсан Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 308 дугаар тогтоолоор баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 6.1-д зааснаар бичил уурхайгаар ашигт малтмал олборлох иргэд нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасны дагуу хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулж, мөн хуулийн 481 дүгээр зүйлийн 481.1-д зааснаар бүртгэгдээгүй нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулагдсан байна. Улмаар 7.1-д зааснаар сум, дүүргийн Засаг даргад бичгээр өргөдөл гаргаж, 8.1-д зааснаар Засаг даргатай бичгээр гэрээ байгуулна гэжээ.

 

Гэтэл талуудын хэн аль нь дээрх эрх зүйн зохицуулалтын дагуу гэрээ байгуулаагүй, хууль бусаар ашигт малтмал олборлосон болох нь тэдгээрийн тайлбар, пүүний баримт, гэрч М.У, Л.Б, Б.У, П.О, Ж.А Д.Б, Б.Э нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж хийсэн хамтран ажиллах хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна.

 

Иймд нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Н.Ц, А.М нарт 8 500 000 төгрөг шилжүүлээгүй, тэднийг хүчин төгөлдөр бус хэлцэл хийж нэхэмжлэгчид хохирол учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул техник хөлсөлснөөс учирсан хохирол 8 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

2.Хариуцагч Н.Ц, А.М нар нь нэхэмжлэгч Д.Н жонш худалдахаар тохиролцож 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр бэлнээр 3 500 000 төгрөг, мөн хүүхдийнхээ хичээлийн хэрэглэлийг бэлдэх зорилгоор, оронд нь жонш өгнө хэмээн тохиролцож 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр дансаар 1 000 000 төгрөг нийт 4 500 000 төгрөгийг авсан болох нь хариуцагч нарын маргаангүй тайлбар, мөнгө хүлээн авсан баримт, ХААН банкны дансны хуулга, гэрч Д.О, Д.П нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзлээ.

 

 Гэтэл хариуцагч нар нь хамтран ажиллаж олсон 31,8 тонн жоншны орлогоос дээрх төлбөр төлөгдөж гэрээний үүргээ биелүүлсэн гэж тайлбарласан боловч жонш олборлосон үйл ажиллагаа нь хууль зөрчсөн үйлдэл болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч Д.Н нь худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр урьдчилж төлсөн 4 500 000 төгрөгөө хариуцагч тус бүрээс буцаан шаардах эрхтэй.

 

          Нэхэмжлэгч Д.Н-н улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн нийт 238 900 төгрөгнөөс илүү төлсөн 1 000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгож, үлдэх хэсгийг хэвээр үлээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 86 950 төгрөгийг хариуцагч нараас мөн хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Н, хариуцагч Н.Ц, А.Н нарын хооронд байгуулагдсан хамтран ажиллах хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.

 

2.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Н-н техник хөлсөлснөөс учирсан хохирол 8 500 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Н.Ц, А.М нарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Н.Ц, А. нараас жонш авахаар тохиролцсон мөнгө болох 4 500 000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Д.Н-т олгосугай.  

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Н-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238 900 төгрөгнөөс илүү төлсөн 1 000 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан олгож, үлдэх хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 86 950 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан, хариуцагч А.М-н өмчлөлийн 19 толгой бог малыг битүүмжилсэн арга хэмжээ дуусгавар болохыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй. 

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.НАРАНЧИМЭГ