| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 183/2019/01584/И |
| Дугаар | 001/ХТ2021/01200 |
| Огноо | 2021-10-07 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2021/01200
Очир төв зам ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/02485 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 72 дугаар магадлалтай,
Очир төв зам ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Түшигт зам ХХК, Н.Батчулуун нарт холбогдох,
Хамтран ажиллах гэрээ-ний үүрэгт шилжүүлсэн 44,899,900 төгрөгийг алдангийн хамт нийт 67,349,850 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Самалын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунзул, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Самал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цэгмэд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2016.06.09-ний өдөр Түшигт зам ХХК-тай Өмнөговь аймаг, Ханбогд сумын цагаан хаданд байрлах Очир төв зам ХХК-ийн үйлдвэрийн хашаанд цагаан хаднаас гашуун сухайт чиглэлийн 18.6 км авто замын ажилд шаардлагатай буталсан чулуун хайргыг хөдөлгөөнт чулуу бутлуурын төхөөрөмжөөр нь гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож ТГ-16/09/09-003 хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Тус компанийн зүгээс хамтран ажиллах гэрээний төлбөрт тооцон хамтран ажиллах гэрээний 4.2, 4.3-т заасны дагуу 150,000,000 төгрөгийг Түшигт зам ХХК-д төлсөн. Түшигт зам ХХК нь 2016 оны 8 сараас 2016.11.24 хүртэл 21,449 м.куб хайрга буталж гүйцэтгэсэн юм. Гэвч Түшигт зам ХХК нь чулууг бутлан бэлтгэх төхөөрөмжид эвдрэл гэмтэл гарлаа гэх шалтгааны улмаас гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэт хийж дуусаагүй билээ. Түшигт зам ХХК-тай 2016.11.24-ний өдөр тооцоо нийлэхэд 44,899,900 төгрөгийн ажлыг хийж дуусаагүй байсан.
Ингээд манай компанид Түшигт зам ХХК-ийн хөдөлгөөнт чулуу бутлуурын төхөөрөмж нь хадгалагдаж байсан боловч захирал Н.Батчулуун бид төхөөрөмждөө засвар угаалга буюу сервис үйлчилгээ хийх шаардлагатай байна гэж гуйсаар төхөөрөмжийг авч явсан. Түшигт зам ХХК, Н.Батчулуун нар нь төхөөрөмжөө авч явсан төдийгүй хайргыг бүрэн буталж гүйцэтгээгүй, гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй явсаар өнөөдрийг хүрч байна. Манай компаниас шалтгаалахгүйгээр хамтран ажиллах гэрээ цуцлагдаж Түшигт зам ХХК-тай цаашид хамтран ажиллах боломжгүй болсон тул хамтран ажиллах гэрээний урьдчилгаанд төлсөн 44,899,900 төгрөг, гэрээний 4.6 дахь хэсэгт заасны дагуу түүний алдангийн хамт нийт 67,349,850 төгрөгийг Түшигт зам ХХК-иас гаргуулж өгнө үү. Н.Батчулуунд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Самал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хамтран ажиллах гэрээгээр Очир төв зам ХХК-ийн ирүүлсэн чулууг гэрээнд заасан хэмжээгээр бутлан бэлтгэж нийлүүлэхээр харилцан тохиролцсон. Түшигт зам ХХК нь гэрээгээр тохиролцсоны дагуу өөрийн тоног төхөөрөмжийг хашаанд нь байрлуулан ажлыг гүйцэтгэж байсан боловч Очир төв зам ХХК-ийн өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж 45 орчим хоног сул зогсолт хийж, цаашид үйл ажиллагааг хэвийн явуулж, сул зогсохгүйгээр хамтран ажиллах талаар 2016.07.25-ны өдөр албан тоотоор хүргүүлж байсан. Дээрх ажил хугацаанаасаа хожимдсон үйл явдал нь аль аль талын буруутай үйл ажиллагаатай холбоотой бөгөөд дараагийн ажлыг авах үедээ үлдэгдэл ажлаа гүйцэтгүүлье гэсэн тохиролцоог Очир төв зам ХХК тавьж байсан. Мөн Очир төв зам ХХК гэрээгээр тохиролцсон хугацаандаа төлбөрөө шилжүүлээгүйгээс Түшигт зам ХХК мөн адил алдагдал хүлээсэн. Түүнчлэн хамтран ажиллах гэрээ нь 2 компанийн хоорондын харилцаа байтал иргэн Н.Батчулууныг хариуцагчаар татсаныг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/02485 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Түшигт зам ХХК-иас 67,349,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Очир төв зам ХХК-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 494,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 494,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 72 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/02485 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Түшигт зам ХХК-аас 44,899,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Очир төв зам ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 22,449,950 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, 2 дахь заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Очир төв зам ХХК нь хариуцагч Н.Батчулуунд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж нэмж, 2, 3 гэсэн дугаарлалтыг 3, 4 гэж өөрчлөн, 3 дахь заалтын хариуцагчаас 494,700 төгрөг гэснийг хариуцагч Түшигт зам ХХК-аас 382,450 төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Түшигт зам ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 494,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Самал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.10-ны өдрийн 72 дугаар магадлалыг хариуцагч Түшигт зам ХХК-ийн зүгээс дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.
Шүүх магадлалын үндэслэх хэсэгт ...2016 оны 8 дугаар сараас 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааг хамруулан ажил гүйцэтгэх гэрээг дүгнэж, хариуцагч Түшигт зам ХХК 44,899,900 төгрөгт ногдох ажлыг гүйцэтгээгүй, өглөгтэй талаар акт үйлдэн, гарын үсэг зурж баталгаажуулсан баримт нь хэдийгээр нотлох баримтын шаардлага хангаагүй хэдий ч бусад бичгийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон гэж шүүх зөв дүгнэжээ гээд хариуцагч Түшигт зам ХХК-иас 44,899,900 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна гэжээ.
Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх ажлын гүйцэтгэлийг баталгаажуулсан гэх хамтран ажиллах гэрээний №16/06/09-003 акт нь энэхүү хэрэг маргааныг шийдвэрлэх үндсэн баримт бөгөөд хэргийг хянан шийдвэрлэх үндсэн баримт нь өөрөө нотлох баримтын шаардлага хангахгүй, мөн хэдий хэмжээний ажил хийгдээгүй үлдсэн нь тодорхой бус бөгөөд үүнийг тогтоолгохоор ажил хүлээлцсэн актыг гаргуулах хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгөлгүйгээр анхан шатны шүүх дээр уг хэргийг хянан шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хангалттай нотлох баримтгүй байхад шийдвэрлэсэн гэж харж байна. Хэрэгт цугларсан баримтын дагуу хариуцагч нь авсан мөнгөндөө тааруулж ажлыг нь хийсэн байдаг. Хурал бүр дээр цаана нь дахиад их хэмжээний хайрга буталсан үлдэгдэл байсан гэдгийг, үүнийг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгч байсан гэдгийг тодорхой тайлбарлаж хэлдэг. Гэвч дээрх хамтран ажиллах гэрээний акт гэсэн баримтаас өөр тооцоо нийлсэн акт баримт байхгүй, уг акт нь өөрөө хуулийн шаардлага хангаагүй байхад шүүх зөв гэж дүгнэж байгааг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн актаас өөр баримтаар нотлоогүй, мөн хариуцагчийн зүгээс дээрх ажлын тоо хэмжээг хүлээн зөвшөөрөөгүй байхад зөвшөөрсөн мэтээр дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь буруу үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцжээ.
Нэхэмжлэгч Очир төв зам ХХК хариуцагч Түшигт зам ХХК, Н.Батчулуун нарт холбогдуулан Хамтран ажиллах гэрээ-ний үүрэгт шилжүүлсэн 44,899,900 төгрөгийг алдангийн хамт нийт 67,349,850 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хариуцагч Н.Батчулуунд холбогдох шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Түшигт зам ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Түшигт зам ХХК-иас 67,349,850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангажээ.
Хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
1. Хэрэгт авагдсан баримтаар зохигч 2016.06.09-ний өдөр №ТГ-16/06/09-003 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулж, тус гэрээгээр гүйцэтгэгч Түшигт зам ХХК нь захиалагч Очир төв зам ХХК-ийн үйлдвэрийн хашаанд Цагаан хаднаас Гашуун сухайт чиглэлийн 18.6 км авто замын ажилд шаардлагатай 70,000 м.куб чулууг гэрээнд заасан хэмжээгээр бутлан нийлүүлэх, захиалагч Очир төв зам ХХК гэрээний нийт үнэ 343,000,000 төгрөгийн 30,000,000 төгрөгийг чулуу бутлуурын үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэхээс өмнө гүйцэтгэгчид шилжүүлэх, үлдэгдэл төлбөрийг 07 сарын 01-ний өдөр шилжүүлэх бөгөөд нийт буталж гүйцэтгэсэн ажлын актыг үндэслэн төлбөрийг шилжүүлэхээр /1 м.куб буталсан чулууны өртөг 4,900 төгрөг/ тохиролцжээ.
Гэрээний дагуу захиалагч 150,000,000 төгрөгийг гүйцэтгэгчид шилжүүлсэн, Түшигт зам ХХК 2016.08 сараас 11.24-ний өдрийг хүртэл 21,449 м.куб хайрга буталж гүйцэтгэсэн, 2016.11.24-ний байдлаар шилжүүлсэн хөрөнгөөс 44,899,900 төгрөгийн ажлын үлдэгдэлтэй талаар тооцоо нийлсэн акт үйлдсэн,
Гүйцэтгэгч Түшигт зам ХХК нь чулууг бутлан бэлтгэх төхөөрөмжид эвдрэл, гэмтэл гарсан гэх шалтгааны улмаас ажлыг бүрэн хийж дуусгалгүй, төхөөрөмжийг авч явснаар цаашид хамтран ажиллаагүй үйл баримт тогтоогджээ.
2. Зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д нийцсэн байна.
Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй, хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.
Гэрээгээр тохирсон ажлыг хариуцагч гүйцэтгэж эхэлсэн боловч ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй ажлыг орхиж явсан үндэслэлээр нэхэмжлэгч гэрээг цуцалж, 44,899,900 төгрөг шаардсныг шүүх олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1.-д заасантай нийцсэн байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...хариуцагч ажлыг орхиж явснаас гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон тул гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн хөрөнгийн үлдэгдэл төлбөр 44,899,900 төгрөгийг гэрээнд заасан алдангийн хамт буцаан гаргуулна... гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...өөрийн тоног төхөөрөмжийг захиалагчийн хашаанд байршуулан ажлыг гүйцэтгэж байсан боловч нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан 45 хоног орчим сул зогсолт хийж, цаашид үйл ажиллагааг хэвийн явуулахаар албан тоот хүргүүлж байсан, ...ажил гэрээнд заасан хугацаанаас хожимдсон үйл явдал нь аль аль талын буруутай үйл ажиллагаатай холбоотой, ...нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрөө шилжүүлээгүйгээс хариуцагч мөн алдагдал хүлээсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлж, гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл 44,899,900 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв. Харин алдангид 22,449,950 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ гэрээний зохицуулалтыг анхаараагүй алдаа гаргажээ.
Хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д зохицуулсан.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, гэрээнд заасан анз тохирсон агуулга нь хуулийн шаардлагад нийцээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлээс алданги шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн хариуцагч Н.Батчулуунаас татгалзсан татгалзлыг баталж шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хэргийн оролцогч нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Хамтран ажиллах гэрээний акт №16/06/09-003 нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан нотлох баримтын шаардлагыг хангасан, нэхэмжлэгч нь дээрх төлбөрийг 2017.01.17, 2017.05.18-ны өдөр Очир төв зам ХХК-иас Түшигт зам ХХК-д хаяглаж хүргүүлсэн албан бичгээр нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон байх тул ...нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэн, хангалттай нотлох баримтгүй байхад хэргийг шийдвэрлэсэн... гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.
Шүүх хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3. дахь заалтад нийцжээ.
Дээр дурдснаар хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 72 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Самалын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Самалаас 2020.02.17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 383,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.ЦАГААНЦООЖ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД