Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 00008

 

 

                                      Э үйлдвэр ХХК-ийн нэхэмжлэлтэй,

                             хариуцагч М.Т-дхолбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШШ2017/01221 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : “Э үйлдвэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: М.Т-дхолбогдох,

“Орон сууцнаас албадан гаргуулах, 2.179.827 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх, хариуцагчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх, хариуцагч М.Т, нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

Нэхэмжлэгч Э үйлдвэр ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Э үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/283 дугаартай тушаалаар иргэн М.Т-ыг тус компанийн Захиргаа аж ахуйн цехийн даргаар томилсон. Э үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/979 дугаартай тушаалаар М.Т-дажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс цуцалсан. М.Т нь Э үйлдвэр ХХК-д ажиллах хугацаандаа компанийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6 дугаар баг Согоот 6 дугаар хороолол 17 дугаар байрны 27 тоот 62,98 м талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Орон сууц хөлслөх гэрээгээр хөлсөлж байсан. М.Т нь ажлаас халагдахдаа Орон сууц хөлслөх гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дахь заалтуудыг зөрчиж дээрх хөлсөлж байсан орон сууцаа .Э үйлдвэр ХХК-д хүлээлгэж өгөх үүргээ биелүүлэхгүй, мөн 2017 оны 06, 07, 08, 09 дүгээр саруудын орон сууц ашиглалтын төлбөр 546 444 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй компанийг хохироож байна. Иргэн М.Т-д Э үйлдвэр ХХК-ийн хувьчлагдаагүй орон сууцны хэсгээс 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр №50/1-119 дугаартай Орон сууц хүлээлгэн өгөх мэдэгдэл, Э үйлдвэр ХХК-ийн Хууль, эрх зүйн газраас 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 130/156 тоот, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 130/448 тоот мэдэгдлүүдийг тус тус хүргүүлсэн боловч шаардлагыг хүлээж авахгүй, биелүүлэхгүй өнөөдрийг хүрлээ. Иймд Иргэний хуулийн 310 дугаар зүйлийн 310.1, 310.2, 311 дүгээр зүйлийн 311.1, 311.2 заалтууд, Иргэн М.Тын Э үйлдвэр ХХК-тай байгуулсан Орон сууц хөлслөх гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтыг тус тус үндэслэн иргэн М.Таас орон сууц ашиглалтын төлбөр болох 546,444 /таван зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун дөчин дөрвөн/ төгрөгийг гаргуулж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6 дугаар баг Согоот 6 дугаар хороолол 17 дугаар байрны 27 тоот 2 өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

Э үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/979 дугаартай тушаалаар “Орон сууцнаас албадан гаргуулах, 2.179.827 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

009 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 73 дугаартай тушаалаар компаний эзэмшлийн орон сууцны түрээсийн төлбөрийг Э үйлдвэр ХХК-нд хөдөлмөрийн гэрээгээр ажилладаггүй бусад иргэдэд 1 м.кв талбайн түрээсийг 2100 төгрөгөөр тогтоосон байдаг. Иймд орон сууцны үнэ тарифт өөрчлөлт оруулсан Ерөнхий захирлын 73 дугаартай дээрх тушаалын дагуу иргэн М.Тыг ажлаас халагдсан 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тооцож 2017 оны 10 дугаар сарын 31-ныг дуустал нийт 2.179.827 төгрөгийн хохирол учруулсан байх тул иргэн М.Таас нэхэмжилж буй орон сууцны ашиглалтын төлбөр 546.444 төгрөг дээрээ 1.633.383 төгрөгийг нэмэгдүүлж нийт 2.179.827 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч М.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр надад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан гэх боловч удирдлагын зүгээс ажлаас халах шийдвэрийг ч татаж, өөр ажлын байраар хангана гэсэн амлалт өгч тухайн 2016 оны 09 сарын 07-ны өдрийн Э үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Б/979 дугаартай тушаалд гомдол нэхэмжлэл гаргуулаагүй ба орон сууцанд хөлслөх гэрээгээр амьдарч бай гэсэн ойлголт өгсөн. Гэтэл 2017 оны 05 сард миний амьдарч байгаа байрны гэрэл цахилгааныг тасалж амьдрах боломжгүй болгосон учраас би энэ оны 6, 7, 9 саруудын төлбөрийг төлөөгүй болно. Э үйлдвэр ХХК-тай байгуулсан гэрээнд ажлаас халагдсан тохиолдолд гэрээг цуцлана гэсэн заалт байхгүй мөн намайг өөр ажлын байранд томилно гэсэн амлалт хэвээр байгаа тул хөлсөлж байгаа байрныхаа гэрэл, цахилгаан, хэрэглээний усыг зохих ёсоор нь авч цаашид хөлслөх гэрээгээ сунган амьдрах байх гэж үзэж байна. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШШ2017/01221 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д заасныг тус тус баримтлан хариуцагч М.Тыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг Согтоот 6-17-27 тоот орон сууцнаас албадан гаргаж, Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 310 дугаар зүйлийн 310.1-д заасныг баримтлан Э үйлдвэр ХХК-ийн М.Таас орон сууц хөлслөх гэрээний үүрэг 2 179 827 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 128.346 төгрөгийг төрийн санд хэвээо үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч талаас гаргасан Э үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын орон сууцны үнэ тарифт өөрчлөлт оруулах тухай 2009 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 73 дугаар тушаал, 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/283 дугаар тушаал, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/979 дугаартай тушаалууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.4 дэх хэсэгт заасан төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд гэдэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хэргийн оролцогч хамаарахгүй гэж шүүх үзсэн нь алдаатай байна.  Э үйлдвэр ХХК нь Монгол улсын компаний тухай хуулийн 3,15 дугаар зүйлд заасны дагуу улсын бүртгэлийн гэрчилгээтэй, дүрэмтэй, тамга түшдэг, ашгийн төлөө үйл ажиллагаа эрхэлдэг хууль ёсны хуулийн этгээд. Ийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч талаас гаргасан дээрх тушаалуудыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулсныг нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэнэ гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрт хариуцагчийг хөдөлмөрийн гэрээгээр ажилладаггүй бусад иргэдийн нэгэн адил үзэж орон сууцны талбайн хэмжээг 2 100 төгрөгөөр бодож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх ба хэдэн м.кв талбай байр болох, төлбөрийг яаж бодсон, сарын төлбөр нь хэд болох зэрэг нь тодорхойгүй байна гэж үзсэн нь ташаа дүгнэлт хийсэн байна гэж үзэж байна.

Иргэн М.Т нь байрны ашиглалтын төлбөрт ажиллаж байх хугацаандаа сар тутам 115.999 төгрөг төлж байсан бол М.Тын Э үйлдвэр ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан өдрөөс хойш Э үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын орон сууцны үнэ тарифт өөрчлөлт оруулах тухай 2009 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 73 дугаар тушаалын дагуу гадны иргэдийн тооцох тарифаар /1 м.кв-ыг 2100 төгрөг/ тооцогдох ба энэ нь сар тутам 233.875 төгрөг төлөх ёстой. М.Тын сар тутам төлөх орон сууц ашиглалтын санхүүгийн тооцоог хэргийн материалд хавсаргасан. Орон сууц ашиглалтын төлбөрт дулаан, халуун, хүйтэн, бохир ус, хог, иахилгаан, цахилгаан, ус, дулааны суурь хураамж, СӨХ, орцны гэрэлтүүлэг, цэвэрлэгээ, түрээсийн төлбөр багтдаг ба зуны улирал буюу 6,7,8 дугаар саруудад дулаан хаагддаг учир дулааны зардлыг хасч тооцдог. Иргэн М.Т нь 2016 оны 09 дүгээр сараас хойш 2017 оны 10 дугаар сарыг дуустал нийт 3.100.003 төгрөг түрээсийн төлбөрт төлөхөөс Э үйлдвэр ХХК-ийн Голомт банкны салбарт 920.176 төгрөг төлсөн чраас Э үйлдвэр ХХК-д төлөх түрээсийн төлбөрийн зөрүү үлдэгдэл 2.179.827 төгрөг болж байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШШ2017/01221 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтанд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШШ2017/01221 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т заасныг буюу М.Тыг орон сууцнаас албадан гаргах гэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь:

М.Т-дажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан боловч удирдлагын зүгээс өөр ажлын байраар хангана гэж амлалт өгч тухайн орон сууцанд амьдарч болно гэсэн ойлголт төрүүлсэн. Мөн орон сууц хөлслөх гэрээнд ажилтан ажлаас халагдсан тохиолдолд гэрээг цуцлана гэсэн тодорхой заалт байхгүй. М.Т хөлсөлж байгаа байрныхаа хөлсийг төлж үүргээ зөрчөөгүй байхад Э үйлдвэр ХХК эхэлж үүргээ зөрчиж гэрэл цахилгаан, усыг хааж амьдрах боломжгүй болгосон. Орон сууц чөлөөлөх тухай мэдэгдлийг М.Т-дхууль болон гэрээнд заасны өгөөгүйгээр хөлслөгчийн эрхэнд бүдүүлгээр халдсан зэргийг анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож Э үйлдвэр ХХК-иас М.Т-дхолбогдуулан гаргасан Орон сууцнаас албадан гаргуулах, 2.179.827 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                  ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Э үйлдвэр” ХХК нь хариуцагч М.Т-дхолбогдуулан төлбөр 546.444 төгрөг болон орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууц ашиглалтын төлбөр 2.179.827 төгрөг  гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Хариуцагч М.Т тус компаний Захиргаа аж ахуйн цехийн даргаар ажиллаж байх хугацаандаа албаны 62.98 кв/м талбай бүхий 2 өрөө орон сууцыг хөлсөлж, байрны ашиглалтын төлбөрийг төлж байсан ба 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн Ерөнхий захирлын Б/979 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсний дараа нэхэмжлэгч байгууллагаас албаны 2 өрөө орон сууцыг хүлээлгэж өгөхийг удаа дараа мэдэгдсэн боловч тэрээр заасан хугацаанд орон сууцыг хүлээлгэж өгөөгүй болох нь тогтоогдсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд БаянӨндөр сумын Согоот баг, 6 дугаар хороолол 17 дугаар байрны 27 тоот, 62.98 м/к талбай  бүхий 2 орон сууц нь нэхэмжлэгч байгууллагын өмчлөлийн орон сууц ба хариуцагч тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан, гэрээний хугацаа дууссан, цаашид сунгагдах боломжгүй болсон байхад тэрээр ажлаас чөлөөлөгдсөний дараа уг орон сууцыг хууль бусаар эзэмшиж байсан тул шүүх хариуцагч М.Тыг орон сууцнаас албадан гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч байгууллага нь орон сууцны ашиглалтын төлбөр 2.179.827 төгрөг нэхэмжлэхдээ орон сууцны ашиглалтын зардлыг гадны байгууллагын оршин суугчдын төлөх төлбөр буюу сард 2100 төгрөгөөр, 2017 оны 5 дугаар сард цахилгаан тасалж улмаар хариуцагч цахилгаан хэрэглээгүй байхад өмнө нь төлөгдөж байсан цахилгаан хэрэглэсний төлбөрийн үнийн дүн буюу сард 26.004 төгрөгөөр цахилгаан хэрэглэсний зардлыг тус тус тооцсон нь буруу байна. /хх-ийн 54, 55 тал/

Хариуцагч М.Т дээрх нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцны ашиглалтын зардлыг сард 420 төгрөгөөр тооцож төлөх бусад зардлыг хариуцах ёстой боловч дээрх зардал нь түүний төлсөн 920.176 төгрөгт дүйцэж байх тул орон сууцны төлбөр 2.179.827 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хариуцагч М.Т тус компаниас ажлаас чөлөөлөхдөө дахин ажлаар хангана, орон сууцаа хөлсөлж бай гэсэн ойлголт өгсөн тул шүүхэд ажлаас үндэслэлгүй халагдсан талаарх гомдлоо гаргаагүй, байрны цахилгаан тасалсан тул амьдрах боломжгүй болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж буй боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүхийн гаргасан “...хариуцагч 920.176 төгрөг төлсөн учраас түрээсийн төлбөрийн зөрүү үлдэгдэл 2.179.827 төгрөг болж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтанд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэх, хариуцагчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очирын гаргасан “...орон сууцнаас албадан гаргуулах, 2.179.827 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх давж заалдах гомдлын үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШШ2017/01221 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх, хариуцагчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Э үйлдвэр ХХК-ийн давж заалдах

 

 

гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49.827 төгрөгийг, хариуцагчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очирын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.БАТТӨР

 

ШҮҮГЧИД                                                                С.УРАНЧИМЭГ

 

                                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ