Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2011 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 142/шш2017/01221

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2017/01221

Орхон аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг ................... байрлах “ЭҮ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг ...........................  тоотод оршин суух М.Тд холбогдох,

“Орон сууцнаас албадан гаргуулах, 2 179 827 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч М.Т, хариуцагчийн өмгөөлөгч С.Б, гэрч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ЭҮ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захирлын 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/283 дугаартай тушаалаар иргэн М.Тыг тус компанийн Захиргаа аж ахуйн цехийн даргаар томилсон. “ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/979 дугаартай тушаалаар М.Тд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс цуцалсан. М.Т нь “ЭҮ” ХХК-д ажиллах хугацаандаа компанийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6 дугаар баг Согоот 6 дугаар хороолол 17 дугаар байрны 27 тоот 62,98 м талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Орон сууц хөлслөх гэрээгээр хөлсөлж байсан. М.Т нь ажлаас халагдахдаа Орон сууц хөлслөх гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дахь заалтуудыг зөрчиж дээрх хөлсөлж байсан орон сууцаа .ЭҮ. ХХК-д хүлээлгэж өгөх үүргээ биелүүлэхгүй, мөн 2017 оны 06, 07, 08, 09 дүгээр саруудын орон сууц ашиглалтын төлбөр 546 444 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй компанийг хохироож байна. Иргэн М.Тд “ЭҮ” ХХК-ийн хувьчлагдаагүй орон сууцны хэсгээс 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр №50/1-119 дугаартай Орон сууц хүлээлгэн өгөх мэдэгдэл, “ЭҮ” ХХК-ийн Хууль, эрх зүйн газраас 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 130/156 тоот, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 130/448 тоот мэдэгдлүүдийг тус тус хүргүүлсэн боловч шаардлагыг хүлээж авахгүй, биелүүлэхгүй өнөөдрийг хүрлээ. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 310 дугаар зүйлийн 310.1, 310.2, 311 дүгээр зүйлийн 311.1, 311.2 заалтууд, Иргэн М.Тын “ЭҮ” ХХК-тай байгуулсан Орон сууц хөлслөх гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтыг тус тус үндэслэн иргэн М.Таас орон сууц ашиглалтын төлбөр болох 546,444 /таван зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун дөчин дөрвөн/ төгрөгийг гаргуулж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6 дугаар баг Согоот 6 дугаар хороолол 17 дугаар байрны 27 тоот 2 өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: “ЭҮ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч иргэн М.Таас орон сууцны ашиглалтын төлбөр 546 444 төгрөг гаргуулах нэхэмжлэлд доорх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. “ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/979 дугаартай тушаалаар тус компанийн Захиргаа аж ахуйн цехийн даргаар ажиллаж байсан М.Ттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. “ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захирлын орон сууцны үнэ тарифт өөрчлөлт оруулах тухай 2009 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 73 дугаартай тушаалаар компаний эзэмшлийн орон сууцны түрээсийн төлбөрийг “ЭҮ” ХХК-нд хөдөлмөрийн гэрээгээр ажилладаггүй бусад иргэдэд 1 м.кв талбайн түрээсийг 2100 төгрөгөөр тогтоосон байдаг. Иймд орон сууцны үнэ тарифт өөрчлөлт оруулсан Ерөнхий захирлын 73 дугаартай дээрх тушаалын дагуу иргэн М.Тыг ажлаас халагдсан 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тооцож 2017 оны 10 дугаар сарын 31-ныг дуустал нийт 2 179 827 төгрөгийн хохирол учруулсан байх тул иргэн М.Таас нэхэмжилж буй орон сууцны ашиглалтын төлбөр 546 444 төгрөг дээрээ 1 633 383 төгрөгийг нэмэгдүүлж нийт 2 179 827 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ.

Хариуцагч М.Т шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “ЭҮ” ХХК-иас гаргасан М.Таас орон сууцны ашиглалтын төлбөр 546 444 төгрөгийг гаргуулж, орон сууцнаас албадан чөлөөлүүлэх гэсэн нэхэмжлэлтэй танилцлаа. Би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр надад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан гэх боловч удирдлагын зүгээс ажлаас халах шийдвэрийг ч татаж, өөр ажлын байраар хангана гэсэн амлалт өгч тухайн 2016 оны 09 сарын 07-ны өдрийн “ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захирлын Б/979 дугаартай тушаалд гомдол нэхэмжлэл гаргуулаагүй ба орон сууцанд хөлслөх гэрээгээр амьдарч бай гэсэн ойлголт өгсөн. Гэтэл 2017 оны 05 сард миний амьдарч байгаа байрны гэрэл цахилгааныг тасалж амьдрах боломжгүй болгосон учраас би энэ оны 6, 7, 9 саруудын төлбөрийг төлөөгүй болно. “ЭҮ” ХХК-тай байгуулсан гэрээнд ажлаас халагдсан тохиолдолд гэрээг цуцлана гэсэн заалт байхгүй мөн намайг өөр ажлын байранд томилно гэсэн амлалт хэвээр байгаа тул хөлсөлж байгаа байрныхаа гэрэл, цахилгаан, хэрэглээний усыг зохих ёсоор нь авч цаашид хөлслөх гэрээгээ сунган амьдрах байх гэж үзэж байна. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна” гэжээ.

Зохигчидын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ЭҮ” ХХК нь хариуцагч М.Т-д холбогдуулан “орон сууцнаас албадан гаргуулах, орон сууц хөлслөх гэрээний үүрэг гэж 2 179 827 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндсэлэлтэй гэж үзэв.

М.Т нь “ЭҮ” ХХК-ийн Захиргаа аж ахуйн цехийн даргаар ажиллаж байгаад ажлаасаа халагдсан, ажиллаж байх хугацаандаа “ЭҮ” ХХК-ийн мэдлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг ........ тоот орон сууцыг хөлсөн амьдарч байсан болох нь талуудын тайлбар, хэргийн 10 дугаар хуудас дахь орон сууц хөлслөх гэрээгээр нотлогдож байна.

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэлээ: “... 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр надад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан гэх боловч удирдлагын зүгээс ажлаас халах шийдвэртэй ч таныг өөр ажлын байраар хангана гэсэн амлалт өгч тухайн 2016 оны 09 сарын 07-ны өдрийн “ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захирлын Б/979 дугаартай тушаалд гомдол нэхэмжлэл гаргуулаагүй, тухайн орон сууцандаа хөлслөх гэрээгээр амьдарч бай гэсэн ойлголт өгсөн. Гэтэл 2017 оны 05 сард миний амьдарч байгаа байрны гэрэл цахилгааныг тасалж амьдрах боломжгүй болгосон учраас би энэ оны 6, 7, 9 саруудын төлбөрийг төлөөгүй болно. “ЭҮ” ХХК-тай байгуулсан гэрээнд ажлаас халагдсан тохиолдолд гэрээг цуцална гэсэн заалт байхгүй, мөн намайг өөр ажлын байранд томилно гэсэн амлалт хэвээр байгаа тул хөлсөлж байгаа байрныхаа гэрэл, цахилгаан, хэрэглээний усыг зохих ёсоор нь авч цаашид хөлслөх гэрээгээ сунган амьдрах байх гэж үзэж байна...” гэсэн.

“ЭҮ” ХХК-ийн М.Т-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

Иргэний хуулийн 310 дугаар зүйлийн 310.1-д ажил олгогч нь өөрийн мэдлийн орон сууцыг хөлслүүлэхээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчтай тодорхой бус хугацаагаар гэрээ байгуулсан тохиолдолд тухайн ажиллагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон бол ажил олгогч орон сууц хөлслөх гэрээг цуцлах эрхтэй, мөн хуулийн 310.2-т ажил олгогч хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчтай орон сууц хөлслөх гэрээг тодорхой хугацаатай байгуулсан бөгөөд уг хугацаа болохоос өмнө ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон бол орон сууц хөлслөх гэрээг цуцлахад энэ хуулийн 294.2, 294.3-т заасан журам нэгэн адил үйлчилнэ гэжээ.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч “ЭҮ” ХХК өөрийн мэдлийн орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.

Хэргийн 10 дугаар хуудас Орон сууц хөлслөх гэрээний 5.1.4-д Иргэний хуулийн 310 дугаар зүйлд заасан үндэслэлд Иргэний хуулийн 294.3-т заасан хугацааг баримтлахгүй гэжээ.

Тиймээс М.Ттай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон байх тул байрнаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй.

            Харин орон сууц хөлслөх гэрээний дагуу шаардсан 2 179 827 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч: “...ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захирлын орон сууцны үнэ тарифт өөрчлөлт оруулах тухай 2009 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 73 дугаартай тушаалаар компаний эзэмшлийн орон сууцны түрээсийн төлбөрийг “ЭҮ” ХХК-нд хөдөлмөрийн гэрээгээр ажилладаггүй бусад иргэдэд 1 м.кв талбайн түрээсийг 2100 төгрөгөөр тогтоосон байдаг. Иймд орон сууцны үнэ тарифт өөрчлөлт оруулсан Ерөнхий захирлын 73 дугаартай дээрх тушаалын дагуу иргэн М.Тыг ажлаас халагдсан 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тооцож 2017 оны 10 дугаар сарын 31-ныг дуустал нийт 2 179 827 төгрөгийн хохирол учруулсан байх тул иргэн М.Таас нэхэмжилж буй орон сууцны ашиглалтын төлбөр 546 444 төгрөг дээрээ 1 633 383 төгрөгийг нэмэгдүүлж нийт 2 179 827 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна...” гэсэн.

Анх хариуцагч нь уг үйлдвэрт хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байхдаа тухайн орон сууцанд орон сууц хөлслөх гэрээгээр амьдарч байсан бөгөөд, орон сууц хөлслөх гэрээг цуцлах үндэслэл бий болсон, хөлслөгч гараагүй тохиолдолд яах талаар гэрээндээ тодорхой тусгаагүй тохиролцоогүй байх ба, хариуцагчийг хөдөлмөрийн гэрээгээр ажилладаггүй бусад иргэдийн нэгэн адил үзэж орон сууцны талбайн хэмжээг 2 100 төгрөгөөр бодож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх ба, хэдэн м.кв талбай байр болох, төлбөрийг яаж бодсон, сарын төлбөр нь хэд болох зэрэг нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл 2 179 827 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгчийг нотлоогүй гэж үзнэ.  

Түүнчлэн нэхэмжлэгч талаас гаргасан “ЭҮ” ХХК-ийн Ерөнхий захирлын орон сууцны үнэ тарифт өөрчлөлт оруулах тухай 2009 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 73 дугаар тушаал, 2013.07.02-ны өдрийн Б/283 дугаар тушаал, 2016.09.06-ны өдрийн Б/979 дугаартай тушаалууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэсэн. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэлэх тухай хуулийн 44.4 дэх хэсэгт заасан “төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд” гэдэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хэргийн оролцогч хамаарахгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 128 346 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д заасныг тус тус баримтлан хариуцагч М.Т-ыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг Согтоот ...... тоот орон сууцнаас албадан гаргасугай.   

2. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 310 дугаар зүйлийн 310.1-д заасныг баримтлан “ЭҮ” ХХК-ийн М.Т-аас орон сууц хөлслөх гэрээний үүрэг 2 179 827 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 128 346 төгрөгийг төрийн санд хэвээо үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА