Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/01066

 

Н.Учрал, Н.Билгүүн нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/01615 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1500 дугаар магадлалтай,

Н.Учрал, Н.Билгүүн нарын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхамын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Март, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Учрал, Н.Билгүүн нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.02.03-ны өдрийн 102/ШШ2016/01205 тоот шийдвэрээр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 38 дугаар байр, 27 тоот 2 өрөө эрхийн улсын бүртгэлийн Ү-2205023259 тоот үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Н.Учрал, Н.Билгүүн биднийг тогтоосон бөгөөд уг шийдвэрийн дагуу Улсын Бүртгэл Статистикийн Ерөнхий Газрын Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст өмчлөгчид өөрчлөгдсөн тухай бүртгэл хийхийг даалгасан шийдвэр гарсан. Н.Учрал, Н.Билгүүн биднийг Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 38 дугаар байр, 27 тоот 2 өрөө эрхийн улсын бүртгэлийн Ү-2205023259 тоот үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр хуулиар хүчин төгөлдөр болсон учир хууль ёсны хамтран өмчлөгчөөр тогтоогдсон шийдвэрийн дагуу өөрсдийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 38 дугаар байр, 27 тоот 2 өрөө эрхийн улсын бүртгэлийн Ү-2205023259 тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст удаа дараа хандсан боловч дээрх үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас түдгэлзүүлсэн гэх шалтгаанаар Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэс хүсэлт материалыг хүлээн авахгүй байгаа болно. Өөрөөр хэлбэл Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 38-р байр, 27 тоот 2 өрөө эрхийн улсын бүртгэлийн Ү-2205023259 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч бид хамтран өмчлөгчөөр нэмж бүртгэгдэх асуудалд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014.10.21-ний өдрийн №4855 тоот шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Ж.Дэлгэрмаад холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа саад учруулж байх тул Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 38-р байрны 27 тоотод байрлалтай Ү-2205023259 тоот эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасны дагуу битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд хандан гаргаж өмчлөлтэй холбоотой маргааныг нэг мөр эцэслэн шийдвэрлэх шаардлага зайлшгүй үүсэж байгаа болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйл, 122.1 дэх хэсэгт төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл шүүхэд гаргаж болно гэж хуульчилсан байна. Төлбөр гаргуулахаар хураагдсан Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 38 дугаар байр, 27 тоот 2 өрөө эрхийн улсын бүртгэлийн Ү-2205023259 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн холбоотой маргаан 2015 оноос эхлэн үүсэж 2016.02.03-ны өдөр эцэслэн шийдвэрлэгдсэн боловч нэхэмжлэгч Н.Учрал, Н.Билгүүн бид өмчлөлөө хууль ёсоор бүртгүүлэх асуудалд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар саад учруулсны улмаас одоог хүртэл төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа болно. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014.10.21-ний өдрийн 4855 тоот шийдвэр бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлбөр авагчаар оролцож байгаа Энхсар инвест ББСБ гуравдагч этгээдээр оролцсон боловч шүүхээс Баянгол дүүргийн 3-р хороо, 38 дугаар байр, 27 тоот 2 өрөө эрхийн улсын бүртгэлийн Ү-2205023259 тоот үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Н.Учрал, Н.Билгүүн бид хамтран өмчлөгчөөр тогтоогдох нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөхгүй гэсэн шийдвэр гарсан болно. Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 38-р байр, 27 тоот 2 өрөө эрхийн улсын бүртгэлийн Ү-2205023259 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр өнөөдрийн байдлаар дангаар бүртгэлтэй байгаа Ж.Дэлгэрмаад холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн хэрэг үүсэн явагдаж 2015.09.09-ний өдрийн эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж 2015.08.13-ны өдрийн 9/9 тоот тусгай тэмдэглэлээр /түдгэлзүүлэх/ үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хийхийг түдгэлзүүлсэн байна. Өөрөөр хэлбэл Ж.Дэлгэрмаагийн дангаараа бусдад төлөх үүрэг хүлээсэн шийдвэр бүхий төлбөрийг гаргуулахаар үл хөдлөх хөрөнгийг хураахаар шийдвэрлэсэн шийдвэрээ эргэн хянаж хууль ёсны өмчлөгч бидний эрхийг хэрэгжүүлэх боломжийг олгохгүй байгаа асуудал нь бусдад төлөх өр төлбөргүй, хуулийн хүчин төгөлдөр болсон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.02.03-ны өдрийн 102/ШШ2016/01205 тоот шүүхийн шийдвэрээр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 38 дугаар байрны 27 тоотод байрлалтай Ү-2205023259 тоот эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Н.Учрал, Н.Билгүүн бид бүртгэгдэх хууль ёсны ажиллагаанд саад учруулж байгаа болно. Иймд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 38 дугаар байрны 27 тоотод байрлалтай Ү-2205023259 тоот эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014.10.21-ний өдрийн 102/ШШ2014/4855 дугаар шийдвэрээр Ж.Дэлгэрмаагаас 51,936,020 төгрөг гаргуулж Энхсар инвест ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ж.Дэлгэрмаагийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын Ү-2205023259 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 38 байр 27 тоотод байрлах орон сууцыг 2015.09.09-ний өдрийн 183/01 тоот тогтоолоор битүүмжлэн 2019.11.13-ны өдөр хурааж Монгол улсын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нараас үнийн санал асуухад төлбөр төлөгч Ж.Дэлгэрмаа нь үнийн саналыг тогтоосон хугацаанд ирүүлээгүй ба төлбөр авагч Энхсар инвест ХХК хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт өгсний дагуу 2019.12.05-ны өдөр хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгох ажиллагаа явагдаж байна. Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 38 байр 27 тоотод байрлах орон сууцанд амьдардаг төлбөр төлөгч Ж.Дэлгэрмаагийн хүүхдүүд болох Н.Учрал, Н.Билгүүн нар нь тус байрны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжпэлийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд гаргаж тус шүүх 2016.02.03-ны өдөр 102/ШШ2016/01205 тоот шийдвэр гаргаж Н.Учрал, Н.Билгүүн нарыг өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн. Н.Учрал, Н.Билгүүн нар нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг хариуцагчаар татсан нэхэмжлэлдээ Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 38 байр 27 тоотод байрлах орон сууцыг битүүмжлэх хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх тухай дурдсан байна. Тус орон сууц нь 2012.07.20-ны өдрийн Энхсар инвест ХХК-тай байгуулсан барьцааны гэрээнд бүртгэлтэй ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 47 тоот магадлалаар Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 38 байр 27 тоотод байрлах орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн ба Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх 2015.05.31-ний өдрийн 204 тоот тогтоолоор 47 тоот магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014.10.21-ний өдрийн 4855 тоот шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015.01.14-ний өдрийн 47 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2015.03.31-ний өдрийн 204 дугаартай тогтоолууд хуулийн хүчин төгөлдөр хэвээр байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/01615 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянгол дүүргийн 3 дугаар хороо 38 дугаар байрны 27 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205023259 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Н.Учрал, Н.Билгүүн нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1500 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/01615 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Р.Пүрэвлхам хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.21-ний өдрийн 102/ШШ2020/01615 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.06-ны өдрийн 1500 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг ноцгой зөрчсөн буюу өөрөөр хэлбэл ялангуяа нэхэмжлэгч Н.Билгүүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг хязгаарласан байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж шийдвэр гаргасан байх бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн 166-р зүйл, 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Н.Билгүүний хувьд анхан шатны шүүх ИХШХШТХ-ийн 67-р зүйл, 67.1 дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн баримг огт тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн илт хууль бус шийдвэрийг хянан үзэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үүргээ биелүүлээгүй. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээс хойш хугацаанд нэхэмжлэгч Н.Билгүүнд эрх үүрэг тайлбарлан өгөх, нөлөөллийн мэдүүлэг танилцуулах, хэргийн баримт танилцуулах ажиллагааг огт хийж гүйцэтгээгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 25-р зүйл, 25.1.1, 25-р зүйл, 25.1.2-т зааснаар хэргийн магериалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх зэрэг хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн үйл баримт болсон гэж үзэж байна. Энэ нь шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан ИХШХШТХ-ийн 4-р зүйл, 4.1., мөн хуулийн 6-р зүйлд заасантай нийцээгүй байна. Мөн нэхэмжлэгч Н.Учралын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анхтуяа, нэхэмжлэгч Н.Учрал, Н.Билгүүн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Пүрэвлхам нар 2020.05.21-ний өдрийн шүүх хуралдаанд өөрсдөдөө олгогдсон итгэмжлэлээсээ татгалзсан учир шүүх нэхэмжлэгч Н.Учралын хувьд ч Н.Билгүүний нэгэн адил эрх нь зөрчигдсөн үйл баримт тогтоогдсоор байхад давж заалдах шатны шүүх мөн үндэслэл бүхий магадлал гаргаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хуульд зааснаар төлөөлөгчийн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж шүүх хуралдааныг орхин гарсан бөгөөд харин шүүх нэгэнт итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эрх дуусгавар болсонтой холбоотойгоор нэхэмжлэгч нарыг шүүхэд дуудан ирүүлж ИХШХШТХ-ийн 67-р зүйл, 67.1 дэх хэсэгт заасан ажиллагааг хийж гүйцэтгэж байж шүүхийн хэлэлцүүлгийг явуулах үүрэгтэй байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хуульд зааснаар төлөөлөгчийн эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй... шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслэгдсэн байна... гэж дүгнэсэн нь илт хууль бус дүгнэлт болсон байна. Анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 115-р зүйл, 115.2.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй бөгөөд давж заалдах шатны шүүх энэ тухайд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байсан учир давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн 166-р зүйл, 166.4 дэх хэсэгг заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж үзээд ИХШХШТХ-ийн 168-р зүйл, 168.1.3 дахь хэсэгт зааснаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх ШШГТХ-ийн 122-р зүйл, 122.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч нарын хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан хариуцагчийн хууль бус үйлдлийг зөвтгөсөнд гомдолтой байна. Нэхэмжлэгч нарыг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоосон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.02.03-ны өдрийн 102/ШШ/2016/01205 тоот хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу эдлэх эрхийг нь НШШГГ үндэслэлгүйгээр хязгаарлаж 3 жилийн хугацааг өнгөрөөсөн учир нэхэмжлэгч нар эрхээ хуулиар хамгаалуулахаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нарын хамтран өмчлөгчөөр нь тогтоогдсон үл хөдлөх эд хөрөнгийг НШШГГ зөвхөн битүүмжлээд зогсохгүй цаашилбал хураан авсан учир нэхэмжлэгч нар шүүхэд хандан гомдол гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд НШШГГ нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа ШШГТХ-ийн 27-р зүйлд заасны дагуу үргэлжлэн явагдах боломжгүйг мэдсээр байж НШШГГ-аас дээрх үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг үйлдсэн байдаг. Энэ үйл баримт нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.02.03-ны өдрийн 102/ШШ/2016/01205 тоот шүүхийн шийдвэр огтоос биелэгдэх боломжгүй болох нөхцөл байдал үүсч нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх зөрчигдөхөд хүрэх нөхцөл байдалтай болсон нь ИХШХШТХ-ийн 38-р зүйл, 38.3 дахь хэсэгт заасны дагуу НШШГГ-аас шүүхэд шүүгчийн захирамжийн дагуу хүргүүлсэн нотлох баримтуудаас харагддаг. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийг хянасан давж заалдах шатны шүүх ...нэхэмжлэгч нарын төлбөр төлөгчид холбогдуулан гаргасан өмчлөлийн маргаан шийдвэрлэгдсэн байх тул өмчлөх эрхийн бүртгэлтэй холбоотойгоор хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөхгүй... шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр орон сууцны хамтран өмчлөх эрхтэй болох нь тогтоогдсон өмчлөгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхтэй, энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна... гэж дүгнэжээ. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд нэхэмжлэгч нарын өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн тухайд ажиллагаа хийсэн баримтгүй, нэхэмжлэгч нар өмчлөгчөөр бүртгэгдэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд тус бүрийн нэрээрээ бүргэгдээгүй учир шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцох эрхтэй гэж дүгнэх үндэслэлгүй юм. Мөн хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч нар удаа дараа шүүхэд хандан ШШГТХ-ийн 27-р зүйл, 27.1.2 дахь хэсэгт заасан арга хэмжээг авч өгөхийг хүссэн нэхэмжлэгч нарын хүсэлтийг нь шүүх ханган шийдвэрлэхэд хуульд харшлах ямар нэг шалтгаан байхгүй байсан нь тогтоогдож байгаа болно. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2020/00005 тоот Мөнгөн торгууль оногдуулах тухай шүүхийн шийтгэврийг гарган хэргийн оролцогч Н.Учралыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэж үндэслэлгүй дүгнэлт хийж 300,000 төгрөгийн мөнгөн торгууль ногдуулсан үйл баримт нь 168-р зүйл, 168.1.3 дахь хэсэгт заасан ...хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэх хуулийн заалттай нийцэж байна. Нэгэнт нэхэмжлэгч нар нь хуульд заасан шаардлагыг хангасан итгэмжлэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгчдөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж байхад шүүгч нэхэмжлэгч Н.Учралын хуулиар олгогдсон эрхийг нь зөрчиж үндэслэлгүйгээр мөнгөн торгууль оногдуулах шийтгэвэр гаргах эрхгүй байсан. Шүүх шийдвэр гаргахдаа ИХШХШТХ-ийн 40-р зүйл, 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлээгүй нь, Иргэний хуулийн 126-р зүйл, 126.2.4 дэх хэсэг, 110-р зүйл, 110.1 дэх хэсэг, мөн ШШГТХ-ийн 122-р зүйл, 122.1 дэх хэсгийг тус тус буруу тайлбарлан хэрэглэж илтэд хууль бус ажиллагаа явуулж байгаа НШШГГ-ын ажиллагааг зөвтгөсөн дүгнэлтийг хийсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгон ИХШХШТХ-ийн 168-р зүйл, 168.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Н.Учрал, Н.Билгүүн нар нь ...Ж.Дэлгэрмаагийн бусдад төлөх төлбөрийг бидний үл хөдлөх хөрөнгөөс төлж барагдуулахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны өмчлөгчийг эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж, хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх ажиллагаанд саад учруулж байна гэж марган, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн тайлбар гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015.01.14-ний өдрийн 47 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015.3.31-ний өдрийн 204 дүгээр тогтоолоор Ж.Дэлгэрмаагаас зээлийн гэрээний үүрэгт 51,936,020 төгрөг гаргуулан Энхсар инвест ХХК-д олгож, Ж.Дэлгэрмаагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 38 дугаар байр 27 тоотод байрлах 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Төлбөр төлөгч Ж.Дэлгэрмаа нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцааны хөрөнгө болох төлбөр төлөгчийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 38 дугаар байр 27 тоотын 2 өрөө орон сууцыг битүүмжлэх, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх, төлбөр төлөх хугацаа олгох зэрэг ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.3 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Н.Учрал, Н.Билгүүн нар нь төлбөр төлөгч Ж.Дэлгэрмаагийн төрсөн хүүхдүүд бөгөөд 2015.7.28-ны өдөр шүүхэд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 38 дугаар байрны 27 тоотын 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчид өөрчлөгдсөн тухай бүртгэл хийхийг Баянгол дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хэлтэст даалгах, орон сууцнаас эх Ж.Дэлгэрмаад ногдох хэсгийг тодорхойлуулах тухай нэхэмжлэл гаргасныг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хянаж, тус шүүхийн 2016.02.03-ны өдрийн 1205 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч нарыг тухайн 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Баянгол дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хэлтэст өмчлөгчид өөрчлөгдсөн бүртгэл хийхийг даалгаж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Н.Учрал, Н.Билгүүн нар шүүхийн шийдвэрээр орон сууцны өмчлөгчөөр тогтоогдсон, өмчлөх эрхээ бүртгүүлэх эрхтэй боловч уг орон сууцанд ногдуулсан барьцааны үүрэг Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1, 172 дугаар зүйлийн 172.4-т зааснаар хэвээр үлддэг тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг буруутгах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нарын ...хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр газраас Ж.Дэлгэрмаад холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдэх ажиллагаанд саад учруулж байна гэж маргасан нь үндэслэлгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасан төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэсэн зохицуулалт энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй, нэхэмжлэгч нарын төлбөр төлөгчид холбогдуулан гаргасан өмчлөлийн маргаан шийдвэрлэгдсэн үндэслэлээр өмчлөх эрхийн бүртгэлтэй холбоотойгоор хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөх боломжгүй талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Шүүхүүд тухайн маргаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/01615 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1500 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

Б.МӨНХТУЯА

Г.ЦАГААНЦООЖ