Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
Хэргийн индекс | 183/2019/01108/и |
Дугаар | 183/ШШ2019/01521 |
Огноо | 2019-06-28 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 183/ШШ2019/01521
2019 оны 06 сарын 28 өдөр | Дугаар 183/ШШ2019/01521 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А ХХК /РД:/-д холбогдох
Шаардах эрх шилжүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 112 841 832 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, гэрч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н ХХК нь А ХХК-тай 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр NH/16/8 дугаартай Шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулан гэрээний дагуу А ХХК нь гэрээний хавсралт 01-т заасан 383 987 392 төгрөгийн авлагыг болон үүнтэй холбоотой иргэн хуулийн этгээдээс шаардах үүрэг гүйцэтгүүлэгчийн бүх эрхийг Н ХХК-д шилжүүлсэн. Үүний дагуу Н ХХК нь гэрээний хавсралт 01-т заасан иргэн хуулийн этгээдүүдээс А ХХК-ийн авбал зохих авлагыг барагдуулахаар холбогдох өр төлбөртэй этгээдүүдтэй харилцах эсвэл харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргах замаар өнөөдрийн байдлаар 268 207 810 төгрөгийн авлагыг барагдуулахаар ажиллаж байна. Харин гэрээний хавсралт 01-т заасан 383 987 392 төгрөгийн авлагаас 115 779 582 төгрөгийн авлагыг барагдуулахтай холбоотой нотлох баримт байхгүй, бодит бус, зохиомол авлага байх тул талуудын хооронд байгуулсан Шаардах эрх шилжүүлэх гэрээний 5.1 дахь хэсэгт Гэрээний хавсралт 01-т жагсаалтаар гарган шилжүүлсэн авлагыг шаардах эрх хүлээн авагч барагдуулах, нэхэмжлэх явцад авлага нь бодит бус, зохиомол авлага болох нь нотлогдвол шаардах эрх хүлээн авагч талд учирсан бүх хохирол, зардлыг шаардах эрх шилжүүлэгч тал бүрэн хариуцан нөхөн төлнө” гэж заасны дагуу дээрх үндэслэлээр барагдуулах боломжгүй авлага буюу 115 779 582 төгрөгийн шаардах эрх шилжүүлэгч болох хариуцагч А ХХК-иас гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай хоёр компанийн хооронд 2016 оны 04 сарын 10-ны өдөр “Шаардах эрх шилжүүлэх гэрээ” байгуулагдсан ба уг гэрээгээр 383 987 392,19 төгрөгийн авлагыг болон үүнтэй холбоотой иргэн, хуулийн этгээдээс шаардах үүрэг гүйцэтгүүлэгчийн бүх эрхийг “Н” ХХК-д шилжүүлэн өгсөн юм. Энэхүү гэрээ нь хуулийн дагуу хийгдэж, тус гэрээгээр “Н” ХХК-д өр, авлагатай холбоотой бүх эрх, үүрэг шилжиж, энэхүү өр, авлагыг талууд харилцан хүлээлцэж акт үйлдэж, гарын үсэг зурсан. Манай компанийн нягтланг Н ХХК-иас томилдог байсан ба тэдгээр нягтлангууд нь өр авлагын тооцоог гаргаж, түүнийг нь гэрээний талууд баталгаажуулсан. Нэхэмжлэлд дурдсан 115 779 582 төгрөгийн үнийн дүнтэй барагдаагүй гэх авлага нь ямар гэрээний, ямар үлдэгдэл болох, мөн ямар учраас тэрхүү авлага нь барагдах боломжгүй болоод байгаа нь тодорхойгүй байна. “Н” ХХК нь өөрсдийн зүгээс хөөцөлдөж, авч чадаагүй өр авлагыг биднээс нэхэж, өөрөөс хамаарах асуудлыг бидэнд халдааж энэ тухай албан бичгийг хүртэл бидэнд ирүүлж байсан бөгөөд эцэст нь энэхүү авлагаа бүр нотлох баримтгүй, бодит бус зохиомол авлага гэж үзэж шаардаж байгаа нь шударга бус, бизнесийн ёс зүйд харшилсан үйлдэл болж байна. Харин ч энэ авлагууд нь ажил гүйцэтгэхтэй холбоотой гэрээ болон санхүүгийн баримтаар үлдэгдэл болох үнийн дүн нь нотлогдсон, бодитой өр, авлагууд байсан бөгөөд үүнийг гэрээний талууд харилцан хүлээлцэж, “Н” ХХК-ийн зүгээс манайд хийсэн дотоод аудитын шалгалтын тайлангаар баталгаажсан авлагууд гэдгийг зориуд хэлье. “Н” ХХК нь манай компанийн хувьцааны тодорхой хэсгийг эзэмшдэг байсан бөгөөд бид тэдний байранд үйл жкиллагаа явуулдаг юм. Бид өөрийн компанийн хувьцааг өөртөө шилжүүлэн авахын тулд хувьцааны эрх шилжүүлэх бэлэглэлийн гэрээг байгуулж, энэхүү гэрээг үндэслэн шаардах эрх шилжүүлэх гэрээг байгуулж тодорхой өр авлагыг Н ХХК-д шилжүүлсэн. Бид уг өр, авлагыг нь барагдуулах асуудлыг хариуцахгүй байсан боловч “Н” ХХК-ийн зүгээс хамтын үйл ажиллагааг зогсоож магадгүй, бид түрээсийн байраа алдах нөхцөл байдал үүсэх, харилцагчидаа алдах эрсдэлдэлтэй байдал үүсээд байсан тул арга буюу шахалтанд орж, өөрийн хүсэл зоригоос гадуур тэдний зарим барагдаагүй төлбөрийг нь төлүүлэх талаар албан бичиг бичиж өгсөн. Тиймээс манайхаас Н ХХК-д илгээж байсан төлбөр төлөхтэй холбоотой албан бичгүүд нь гэрээний бус, дарамт үзүүлсэний улмаас бичигдсэн тул тэрхүү албан бичгүүдэд дурдагдсан төлбөрийн бүхий л асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ үүгээр албан ёсоор илэрхийлж байна. Үүнээс гадна Н ХХК-ийн авлага барагдуулахтай холбоотой гарсан ямар ч хохирол зардлыг бид хариуцахгүй. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 123-р зүйлд заасны дагуу байгуулагдаж, мөн хуулийн 123.6-д ...Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлсэнээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ... гэсэн хуулийн заалтаар “Н” ХХК-д өр, авлагатай холбоотой бүх эрх, үүрэг шилжиж, энэхүү өр, авлагыг талууд харилцан хүлээлцсэн. Гэтэл “Н” ХХК-ийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 115 779 582 төгрөгийн үнийн дүнтэй барагдуулах боломжгүй авлага гэх мөнгийг манай компаниас шаардаж байгаа нь хууль болон гэрээнд нийцэхгүй асуудал юм. Нэхэмжлэлд дурдсан барагдаагүй авлага гэх дүн нь ямар гэрээний, ямар үлдэгдэл болох, мөн ямар учраас тэрхүү авлага нь барагдах боломжгүй болоод байгаа нь тодорхойгүй байна. Шаардах эрх шилжүүлэх гэрээний үүрэг гэдэгт эрх шилжүүлэгч нь өр авлагыг тодорхой баримтын дагуу шилжүүлнэ. Эрх хүлээн авагч нь тухайн шилжүүлж өгсөн өр авлагыг барагдуулна гэсэн тохиролцоо байдаг. Манай зүгээс шаардах эрх шилжүүлэх гэрээний үүргийг биелүүлсэн гэж үзэж байна. Нэхэмжлэлд дурдагдаж байгаа үнийн дүнтэй холбоотой баримтуудыг жагсаалтыг гаргаж өгсөн байна. Гэтэл жагсаалтын ******* буюу ******* ХХК -д холбогдох 2 938 042 төгрөгийн барагдаагүй авлага гэсэн зүйл хоёр дахин давтагдсан байдаг. Өөрөөр хэлбэл жагсаалтын 2-д байгаа төлбөр нь жагсаалтын 6-д байгаа төлбөртэй давхцсан байдаг учраас үндэслэлгүй, бодит бус байна гэсэн тайлбарыг гаргаж байна. Шаардах эрх шилжүүлэх гэрээний 5.1-д “авлага нь бодит бус” гэж байна. Бодит бус гэдэг нь хий хоосон зүйлийг хэлж байгаагаас цаасан дээр буусан, санхүүгийн баримтаар тогтоогдсон, бүртгэгдсэн баримтуудыг хэлэхгүй. 2016 оны 4 сарын 10-ны өдөр гэрээ байгуулахдаа гэнэт гаргаж ирээд, зохиосон зүйл байхгүй. түүнээс өмнө ажил үүрэг явагдсаны үндсэн дээр үлдэгдэл үүссэн авлага байгаа боловч үүнийг зохиомол гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. 115 779 582 төгрөгийн үнийн дүн бүхий агуулга нь хохирол мөн үү манай зүгээс хохирол гэж үзэхгүй. Иргэний хуулийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.” гэж заасан. Авлагыг хэрхэн барагдуулах асуудал нь өөрт нь эрх үүрэн шилжсэн байхад бид чадахгүй байна та нар хариуц гэсэн агуулга харагдаж байна. Иргэний хуулийн 123.6-д заасан хангах аргыг өөрсдөө сонгох ёстой байсан боловч аргын мухардалд орж, биднээс шаардаж байгаа нь үндэслэлгүй. Энэхүү авлага нь А ХХК-ийн хувьцааг бэлэглэхээс өмнө үүсэн авлага байдаг. Эрх шилжүүлэх гэрээ байгуулахаас өмнө А ХХК-ийн 50 хувийн хувьцааг Н ХХК-ийн ерөнхий захирал *******аас ******* гэж хүн рүү шилжүүлсэн хувьцаа шилжүүлэх гэрээ байгуулсан байдаг. Шилжүүлэхдээ хоорондоо ярилцаж, тохиролцсон зүйл байдаг. Авлага барагдаагүй тохиолдолд шаардах талаар тусгай тохиролцоо хийгдээгүй. Талууд харилцан зөвшөөрч, хүлээлцсэн буюу талууд харилцан зөвшөөрч, 2014 оны 4 улиралд А ХХК-д шалгалт хийж, зөрчил дутагдалгүй авлагыг хүлээн авсан болохыг авлагын жагсаалтаар гэрээний 1 дүгээр хавсралтаар тохиролцож баталгаажуулсан баримт байна. Эдгээр авлагуудыг бодит бус болохыг нотлосон баримт байхгүй. Хуульд заасны дагуу талууд тайлбар нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүрэгтэй. Энэ хуулийн заалтын дагуу манай зүгээс энэ асуудлаа нотлохгүй байна гэж үзэж байна авлага бүхий этгээдүүдэд хэрхэн хандсан, авлагыг хэрхэн шаардсан, авлагыг яагаад төлөхгүй байгаа талаар нотлох баримт байхгүй. үүнээс гадна тодорхой хуулийн этгээдтэй холбоотой өр авлагын асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн байдаг. Жишээ нь хан, Сэлэнгийн цахилгаан түгээх станц ХХК -тай холбоотой асуудлыг хан-Уул аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 8 сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргаж, асуудал хэлэлцэхээр ажиллагаа явагдаж байсан боловч нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлээ татан авснаа илэрхийлж хүсэлттэй холбоотой шүүгчийн захирамж гарсан. Шүүхээр нэгэнт шийдвэрлэсэн асуудлыг өр төлбөрийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн ******* ХХК-ийн асуудалтай холбоотойгоор 2018 оны 3 сарын 7-ны өдөр хандаж, нэхэмжлэл гаргаж шүүх хуралдаанаар талууд хоорондоо эвлэрч, 71 000 000 төгрөгийн төлбөрөөс татгалзсан байдаг. Гэтэл шүүгчийн захирамж гарсны дараа Н ХХК-иас 2018 оны 3 сарын 13-ны өдөр А ХХК руу албан бичиг ирүүлж, төлбөр төлөх шаардлага гаргасан. Өнөөдрийн шүүх хуралдаанд ******* ХХК-ийн нэгэнт шүүхээр шийдвэрлүүлсэн асуудлыг дахин хэлэлцэж байгаа нь үндэслэлгүй. НХХК-иас 2 300 000 төгрөгийг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2018 оны 3 сарын 19-ний өдөр нэхэмжлэлээс татгалзсан. А ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал дээр хэлэлцэхдээ Н ХХК-ийн дарга ******* гэх хүний хүсэлтийн дагуу эрх шилжүүлсэн байдаг. Шилжүүлэхдээ хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл дээр “Н ХХК-д ашиг орлого тооцоолон өгч байгаагүй учраас хувьцаа шилжүүлэхээс өмнө үүссэн авлага эрхийг шилжүүлэн авах хүсэлттэй байна” гэдгээ илэрхийлж шийдсэн байдаг. Түүнээс авлагыг хариу төлбөрөөр шилжүүлсэн авлага биш учраас түүнийг шаардах эрхийг эргээд хариуцах эрхийг А ХХК хүлээх үндэслэл болохгүй. Бэлэглэлийн гэрээний 5.4-т “Авлага шилжүүлэхийг зөвшөөрсөн нөхцөлд компанийн хувьцааг үнэ төлбөргүй шилжүүлнэ” гэж тохирсон. Үнэ төлбөргүй 50 хувийн хувьцааг шилжүүлж авахын тулд эрх шилжүүлэх гэрээг хийсэн. Бэлэглэлийн гэрээний үндсэн талууд харилцан тохиролцсон. Иргэний хуулийн 111.1-д “Тодорхой этгээд эрх шилжүүлснээр өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно” гэж заасны дагуу Н ХХК-иас хувьцаа шилжүүлсэн А ХХК-иас авлага шилжүүлж, эрх шилжүүлэх гэрээний дагуу харилцаа дуусгавар болсон. Шаардах эрх шилжүүлэх гэрээ хуулийн дагуу хийгдсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н ХХК шаардах эрх шилжүүлэх гэрээний үүрэгт 115 779 582 төгрөг гаргуулахаар хариуцагч А ХХК-иас шаардаж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед 112 841 832 гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан ба шаардах эрх шилжүүлэх гэрээнд дурьдсан зарим авлага бодит бус бөгөөд энэ тохиолдолд эрх шилжүүлэгч тухайн авлагыг барагдуулахаар гэрээгээр тохиролцсон тул шаардах эрхтэй гэж үндэслэлээ тайлбарлаж байна.
Хариуцагч А ХХК нэхэмжлэлийн шаардлагаас “Ад” ХХК-д холбогдох 1 358 353 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөх ба үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй, зарим авлагад холбогдох хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа, зарим авлага бодит бус гэдэг нь нотлогдохгүй, шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу тухайн авлагыг барагдуулахтай холбоотой үүргийн гүйцэтгэлийг эрх шилжүүлэгч хариуцахгүй, авлагыг хариу төлбөртэй шилжүүлээгүй тул шаардах эрхийг хариуцах үүргийг хариуцагч хүлээхгүй гэж тайлбарлажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангахаар шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, зохигч
-2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр NH/16/48 дугаар шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээний хавсралт 1-д дурдсан 383 987 392 төгрөгийн авлагыг иргэн хуулийн этгээдээс шаардах үүрэг гүйцэтгүүлэгчийн бүх эрхийг Н ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон,
-2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 01 дугаар хувьцаа бэлэглэлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Н ХХК нь А ХХК-ийн өөрийн эзэмшлийн 50 хувь буюу нэг бүр нь 182 800 төгрөгийн үнэ бүхий, 1000 ширхэг хувьцааг А ХХК-ийн хувьцаа эзэмшигч *******ид шилжүүлэхээр тохиролцсон зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 7-8, 179 ху/
Шүүх дээрх гэрээг шинжлэн судлаад, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгээр илэрхийлж, тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан шаардах эрх шилжүүлэх харилцаа үүссэн гэж дүгнэсэн бөгөөд шаардах эрх шилжүүлэх гэрээний үндэслэл нь хувьцаа бэлэглэлийн гэрээ гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, хувьцаа бэлэглэлийн гэрээний 5.4-т “бэлэг хүлээн авагч тал нь энэхүү гэрээний 6.3-т заасан нөхцлийг хүлээн зөвшөөрснөөр бэлэглэгчийн өмчлөлийн хувьцааг үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авах нөхцөл бүрдэхээр талууд тохиролцсон болно” гэж, 6.3-т “талуудын тохиролцсоноор энэхүү гэрээг байгуулахаас өмнөх үеийн компанийн авлага болох гэрэний хавсралт №1-д жагсаалтаар гаргасан 383 987 392 төгрөгийн авлагыг болон холбогдох гэрээнүүдийн шаардах эрхийг Монгол улсын Иргэний хуулийн 123 дугаар зүйлд зааснаар бэлэглэгч талд шилжүүлэх, энэхүү гэрээ байгуулагдахаас өмнө үүссэн компаний хариуцан төлөх бүр өр төлбөрийг бэлэг хүлээн авагч нь хариуцан барагдуулах үүрэгтэй” гэж, Шаардах эрх шилжүүлэх гэрээний 5.1-д “...жагсаалтаар гарган шилжүүлсэн авлагыг шаардах эрх хүлээн авагч тал барагдуулах, нэхэмжлэх явцад авлага нь бодит бус зохиомол авлага болох нь нотлогдвол шаардах эрх хүлээн авагч талд учирсан бүх хохирол зардлыг шаардах эрх шилжүүлэгч тал бүрэн хариуцан төлнө” гэж тус тус тохиролцсоноос үзэхэд, зохигчдын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан “Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ.” гэж заасан арилжааны гэрээний үүргийн гүйцэтгэлд шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан байна.
Талууд хувьцаа шилжүүлсэн болон шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаангүй бол шаардах эрх шилжүүлэх гэрээний хавсралт 1-д дурдсан авлагын жагсаалт, үнийн дүн бодит эсэх талаар маргасан.
Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.2-т арилжааны гэрээгээр талууд нь арилжиж байгаа хөрөнгийн хувьд худалдагч, арилжин авч байгаа хөрөнгийн хувьд худалдан авагч болохоор, 274.3-т арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарахаар тус тус зохицуулснаас үзэхэд тухайн төрлийн харилцаанд Н ХХК худалдан авагч, А ХХК худалдагч болох ба хэн аль нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасанхудалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ.
Иймээс нэхэмжлэгчийг арилжааны гэрээний доголдлыг арилгахыг хариуцагчаас шаардаж байна гэж үзэх ба энэ талаар шаардах эрх шилжүүлэх гэрээний 5.1 дэх заалтаар талууд тохиролцсон байх тул нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж үзэх боловч хэрэгт авагдсан баримтыг үндэслээд нэхэмжлэлийн заримыг хангах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа
-иргэн *******ын 1 055 000, ын 575 221 төгрөг, ы 108 404 төгрөг, Щвайцер ХХК-ний 2 938 000 төгрөг, Мас ХХК-ний 5 000 000 төгрөг, А ХХК-ний 65 077 682 төгрөг, ТӨХК-ний 9 110 056 төгрөг, Г ХХК-ний 351 781 төгрөг, ХХК-ний 10 336 429 төгрөг, Э ХХК-ний 346 720 төгрөг, Ад ХХК-ний 1 358 383 төгрөг, О нуур ХХК-ний 15 066 446 төгрөг, ХХК-ний 271 320 төгрөг, Н ХХК-ний 2 300 000 төгрөг, нийт 112 841 832 төгрөг нь бодит бус авлага гэж,
Хариуцагч татгалзлаа
- ******* ХХК, Н ХХК нарт холбогдох авлагатай холбогдох хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй бөгөөд уг шүүхийн шийдвэрээр хангагдаагүй үнийн зөрүүг хариуцахгүй, ХХК болон ТӨХК-ниас авах авлагууд нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно, бусад иргэн болон хуулийн этгээдээс авах авлагуудыг нэхэмжлэгч нэхэмжлэх эрхээ хэрхэн хэрэгжүүлсэн болох нь нотлогдохгүй бөгөөд үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс эрх шилжүүлэгч хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж маргах ба Ад ХХК-иас авах авлагыг хариуцан төлөхөд татгалзахгүй гэж тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан баримтаар,
-ХХК-иас авах авлага жагсаалтад 38 311 386 төгрөгөөр тусгагдаж, 17 000 000 төгрөг төлөгдөж, 10 974 958 төгрөгийн авлага үлдэж, 10 336 429 төгрөгөөр илүү тусгагдсан болох нь А ХХК-ний 2017.05.22-ны өдрийн 31/17 дугаар, Н ХХК-ний 05.24-ний өдрийн 011287 дугаар албан бичгүүд, ХХК, А ХХК нарын тооцоо нийлсэн акт зэргээр,
-ТӨХК-иас авах авлага жагсаалтад 15 368 071 төгрөгөөр тусгагдсан боловч 6 258 014 төгрөгийн авлага үлдэж, 9 110 056 төгрөгөөр илүү тусгагдсан болох нь А ХХК-ний 2017.11.22-ны өдрийн 85/17 дугаар албан бичиг, ТӨХК, А ХХК нарын тооцоо нийлсэн акт зэргээр,
-******* ХХК-иас авах авлага жагсаалтад 117 767 210 төгрөгөөр бүртгэгдсэн боловч үүнээс 52 689 528 төгрөгийг ******* ХХК хариуцан төлж, үлдэх 65 077 682 төгрөгийг А ХХК төлөхөөр тохиролцсон болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.03.07-ны өдрийн 184/ШШ2018/00563 дугаар захирамж, 2018.03.03-ны өдрийн 01/123 дугаар Н ХХк-ний албан бичиг, 2017.03.21-ний өдрийн 43/18 дугаар А ХХК-ний албан бичиг зэргээр,
-НХХК-иас авах авлага жагсаалтад 2 300 000 төгрөгөөр тусгагсдан боловч АХХК-д НХХК төлчихсөн үндэслэлээр хариуцагч төлөх үүрэг хүлээсэн болох нь А ХХК-ний 2018.03.19-ний өдрийн 41/18 дугаар албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.03.19-ний өдрийн 184/ШШ2018/00649 дугаар захирамж зэргээр тус тус нотлогдож байна. /хх 13-15, 28-29, 23-27, 177 ху/
Иймд дээр дурдсан 86 824 167 төгрөгийн авлагыг бодит бус авлага болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна гэх үндэслэлээр, Ад ХХК-ниас авах 1 358 383 төгрөгийг хариуцагч маргаагүй гэж үндэслэлээр, нийт 88 182 550 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Харин нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу иргэн *******ын 1 055 000, ын 575 221 төгрөг, ы 108 404 төгрөг, Щвайцер-ХХК-ний 2 938 000 төгрөг, М ХХК-ний 5 000 000 төгрөг, Г ХХК-ний 351 781 төгрөг, Э ХХК-ний 346 720 төгрөг, О ХХК-ний 15 066 446 төгрөг, Эле ХХК-ний 271 320 төгрөг зэрэг нийт 24 658 989 төгрөгийн авлага бодит бус болох нь нотлогдохгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Хариуцагчийн ******* ХХК болон НХХК-д холбогдох авлага хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэх татгалзлын тухайд, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.03.07-ны өдрийн 184/ШШ2018/00563 дугаар захирамжаар Н ХХК-ний нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох иргэний хэргийг, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.03.19-ний өдрийн 184/ШШ2018/00649 дугаар захирамжаар Н ХХК-ний нэхэмжлэлтэй, НХХК-д холбогдох иргэний хэргийг тус тус шийдвэрлэсэн байгаагаас үзэхэд Н ХХК-ний нэхэмжлэлтэй, А ХХК-д холбогдох нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүх өмнө нь шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй.
Нөгөө талаас дээрх шүүхийн шийдвэрүүдээр авлага шаардах эрхийг хариуцагч шилжүүлэн өгөхдөө авлагын үнийн дүнг жагсаалтад буруу тусгасан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь хэрэгт авагдсан А ХХК-ний албан бичгүүдээр нотлогдож байх тул Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д “Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ гэж заасан эрсдэлд хамаарахгүй тул хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзсэнийг тайлбарлах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул нэхэмжлэгч, хариуцагч нарт хангасан үнийн дүнгийн хэмжээнд ногдох хэмжээгээр хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан А ХХК /РД:/-иас 88 182 550 /наян найман сая нэг зуун наян хоёр мянга таван зуун тавин/ төгрөг гаргуулж, Н ХХК /РД:/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24 658 989 /хорин дөрвөн сая зургаан зуун тавин найман мянга, есөн зуун наян есөн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 736 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 598 862 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ