Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 00019

 

 

 

 

 

 

П.Б-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Э үйлдвэр ХХК-д холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 142/ШШ2018/0009 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : П.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Э үйлдвэр ХХК-д холбогдох,

“Э үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирлын 2017.08.18-ны өдрийн Б/1180 тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1.400.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч П.Б-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч П.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

П.Б миний бие Э үйлдвэр ХХК-ийн Ган бөмбөлөгийн цехэд 2005 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 12 жил тасралтгүй операторчоор ажилласаар ирсэн. 2017 оны 07 дугаар сарын 22-нд ажлаасаа буугаад гэртээ амарч байтал миний толгой эргэж нүд бүрэлзэлсний улмаас түр зуур ухаан балартсан юм. Ингээд маргааш нь буюу 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр миний бие ээлжийн ажилтай байсан боловч дахин миний толгой эргэж, дотор муухай оргиод унах гээд байсан мөн зүүн хөл гишгэхэд хөндүүр болсон байсан тул ажилдаа гарч чадаагүй. Энэ тухайгаа хамт ажилладаг операторч Болд, кранчин Отгонтуяа, цахилгаанчин Ариунболд нарт утсаар мэдэгдсэн. Тухайн өдөр нь амралтын өдөр буюу бүтэн сайн байсан учраас Э үйлдвэр ХХК-ийн Сувилал амарсан учраас үзүүлж чадаагүй. Харин Орхон аймгийн БОЭТ-ийн гэмтлийн эмч Энхбатад үзүүлэхэд ...хөл зөөлөн эдийн гэмтэл авсан байна унаж татсан уу гэж асууж хөлний зургаа авахуулах шаардлагатай гээд рентгений эмч Энх-Амарт хөлийн зургаа авахуулсан. Энхбат эмч надад эмчилгээ бичиж өгсөн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ажилдаа очоод инженер Сумъяабазар, инженер технологи Анх-Эрдэнэ нарт миний бие өвдөөд эмнэлэгт хэвтмээр байна, амралтаа авмаар байна гэж хэлэхэд ...ажиллах хүн байхгүй тул ажлаа хий гээд чөлөө өгөлгүй ажиллуулсан.Үүнээс хойш гэрээрээ эмчилгээ хийлгээд ажлаа хийгээд явсан. 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ажилдаа очтол инженер технологи Анх-Эрдэнэ өөрийн чинь ажлаас халагдсан тушаал гарсан гээд ажилд гаргаагүй. 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Э үйлдвэр-ийн захиргааны 201 тоотод намайг дуудаж 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/1180 тоот захирлын тушаалыг өгсөн. Уг тушаалд намайг 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс цуцалсугай гэсэн байсан. Намайг өвчтэй байхад Б/1180 тоот тушаалаар ажлаас халсан нь Хөдөлмөринй тухай хуулийн 35.1.3 дахь заалтыг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй байгаа тул гомдолтой байна. Иймд 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Э үйлдвэр ХХК-ны Ерөнхий захирлын Б/1180 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 1.400.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

П.Б нь тус компанийн Ган бөмбөлгийн цехэд буулгах тоноглолын операторчиноор ажиллаж байсан бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж Ган бөмбөлгийн цехийн даргын 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн Б/06 тоот тушаалаар үндсэн цалинг нэг сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл мөн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө ажилд гарахын өмнөх эмчийн үзлэгээр 0.15 хувийн согтолтын зэрэг илэрсэн тул Ган бөмбөлгийн цехийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/15 тоот тушаалаар үндсэн цалинг 3 сарын хугацаагаар бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан болно. Мөн 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүндэггэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 8.2, 8.9.16 дахь заалтууд, П.Бтэй байгуулсан 6 тоот хөдөлмөрийн гэрээний 4.4.9 дэх заалтыг үндэслэн Ерөнхий захирлын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/1180 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 142/ШШ2018/00009 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Б-ийн Э үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/1180 тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар П.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч П.Б давж заалдсан гомдолдоо:

П.Б миний бие Э үйлдвэр ХХК-ний ган бөмбөлөгийн цехэд 2005 оноос хойш 12 жил операторчоор ажилласаар ирлээ. 2017 оны 07 дугаар сарын 22-нд ажпаасаа буугаад гэртээ амарч байхад бие өвдөөд түр зуур ухаан балартсан. Маргааш нь ээлжийн ажилтай байсан боловч зүүн хөл хүндүүр байсан тул ажилдаа очиж чадаагүй. Энэ өдөр бүтэн сайн өдөр байсан тул сувилал орж үзүүлж чадалгүй Орхон аймгийн Зэст багийн 1 микрийн 6 дугаар байранд байрладаг Энхбат эмчийн гэмтлийн хувийн эмнэлэгт үзүүлсэн. Эмч үзээд бүсийн оношлогооны төв ороод рентгин зургаа авахуулаад ир гэсэн. Би зургаа авахуулж Энхбат эмчээр эмчилгээ бичүүлсэн. Тэр өдөр авахуулсан рентгин зураг болон Энхбат эмчид үзүүлсэн төлбөр төлсөн баримт, эмчилгээний картыг хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Үүнийг шүүх анхаарч үзсэнгүй. Маргааш нь ажил дээрээ очоод инженер Сумъяа, инженер технолги Анх-Эрдэнэ нарт миний бие өвдөөд байна. Эмнэлэгт хэвтмээр байна гэхэд .... ажиллах хүн байхгүй хүн дутуу байгаа ажлаа хий.... гээд чөлөө өгөлгүй ажиллуулсан. Үүнээс хойш гэрээрээ эмчилгээ хийлгэж ажпаа хийгээд явсан. Э үйлдвэр ХХК-ний ерөнхий захирлын 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/1180 дугаартай тушаал намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж ажлаас халсан байдаг.2017оны 7 дугаар сарын 23-ны өдөр би өвчтэй байсан гэдгээ нотолж холбогдох баримт бичгийг шүүхэд ирүүлсэн. Үүнийг шүүх шийдвэртэй нотлох баримтын хүрээнд авч үзэлгүй дээрх тушаалыг хууль зүйн үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэхүү тушаал нь хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-дахь заалтыг зөрчсөн тушаал юм. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

                                                  ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч П.Б нь Э үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирлын 2017.08.18-ны өдрийн Б/1180 тушаалыг хүчингүй болгох,  тус үйлдвэрийн Ган бөмбөлгийн цехийн операторчны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 1.400.000 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон “... нэхэмжлэгч нэг жилийн дотор хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан   учраас түүнийг ажлаас нь чөлөөлсөн, ...нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргаж мэтгэлцсэн байна.

Шүүх нэхэмжлэгч П.Б-ийг гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч П.Б нь тус үйлдвэрийн Ган бөмбөлгийн цехийн операторчноор ажиллаж байх хугацаандаа буюу 2017 оны 3, 4 дүгээр сард сахилгын арга хэмжээ авагдсан ба тухайн үед сахилгын шийтгэл буруу ногдуулсан талаар гомдол гаргаагүй, сахилгын шийтгэл  ногдуулснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрөөгүй байхад 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан болох нь хэрэгт авагдсан тус цехийн захиргаанд гаргаж өгсөн нэхэмжлэгчийн тайлбар хуудас, гэрч Пүрэвням, Б.Болд нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Нэхэмжлэгч П.Б нь тухайн өдөр эмчид үзүүлсэн өвчтэй байсан гэж тайлбарлаж байх боловч тэрээр хариуцагчийн гаргаж буй “...ажил олгогчид урьдчилж мэдэгдээгүй, тайлбар өгөхдөө эмчид үзүүлсэн гэж бичээгүй, эмчид үзүүлсэн гэх баримтаа Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын 3 хоногийн дотор ирүүлээгүй тул хуульд заасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн ...” гэх тайлбар, татгалзлал, түүнтэй холбоотой нотлох баримтыг үгүйсгэж няцааж чадаагүй өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч П.Б нь ажил тасалсан өдөр буюу  7 дугаар сарын 23-ны өдөр өвчтэй байсан, эмчид үзүүлсэн талаарх баримтаа зохих ёсоор ажил олгогчдоо гаргаж өгөх, ажилд гарч чадахгүй тохиолдолд урьдчилж мэдэгдэх тухай Хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс тухайн өдөр ажил тасалж хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзсэн ажил олгогчийн Б/1180 дугаар тушаалын үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан зохицуулалттай нийцсэн байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, эргэлзээтэй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг хэрэгжүүлсэн, хэргийг оролцогчийн хуулиар олгогдсон эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч П.Б-ийн гаргасан “...шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэх давж заалдах үндэслэлгүй байх тул түүнийг хангахгүй орхиж, анхан  шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж  шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 142/ШШ2018/00009 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч П.Б давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.БАТТӨР

 

ШҮҮГЧИД                                                                С.УРАНЧИМЭГ

 

                                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ