| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 105/2017/0086/Э |
| Дугаар | 68 |
| Огноо | 2018-02-21 |
| Зүйл хэсэг | 091.2.1, 091.2.11, 091.2.12, |
| Улсын яллагч | Х.Батчимэг |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 68
Б.А, Б.Ө нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, хохирогчийн өмгөөлөгч Д.Туяа, Б.Баян-Очир, цагаатгагдсан этгээд Б.А, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв, Д.Батбаяр, цагаатгагдсан этгээд Б.Ө, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 444 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 822 дугаар магадлалтай, 201625012681 дугаартай эрүүгийн хэргийг цагаатгагдсан этгээд Б.А өмгөөлөгч Б.Ганпүрэвийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1996 онд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Б-ы Ө нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11-д заасан “Бүлэглэж шунахайн сэдэлтээр хүнийг санаатай алахыг завдах”, мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11, 91.2.12-д заасан “Бүлэглэж шунахайн сэдэлтээр онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах” гэмт хэрэгт,
2. Монгол Улсын иргэн, 1996 онд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, А овогт Б-ийн А нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11-д заасан “Бүлэглэж шунахайн сэдэлтээр хүнийг санаатай алахыг завдах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.9 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокуророос Б.А-д 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11-д зааснаар, Б.Ө-т 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11, мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11, 91.2.12-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан 11 хуудас баримт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1-д заасан шаардлагыг ноцтой зөрчсөнөөс гадна нотлох баримтуудаар хэрхэн тогтоогдож байгаа болон ямар баримтаар үгүйсгэгдэн няцаагдаж байгаа талаар дүгнэлт хийгээгүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Б.А, Б.Ө нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд цагаатгагдсан этгээд Б.Алтанбаганы өмгөөлөгч Б.Ганпүрэв гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүхээс Б.Б, Б.Ө, Б.А нарт холбогдох 201301022326 дугаартай эрүүгийн хэргээс Б.Ө, Б.А нарт холбогдох хэргийг тусгаарлаж 201625012681 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн 201301022326 дугаартай эрүүгийн хэргээс холбогдох нотлох баримтуудыг хуулбарлан авахдаа хэзээ, хэрхэн хуулбарлан авсан нь тодорхойгүй, хуулбарлаж авсан баримтуудын “үнэн зөв”-ийг баталгаажуулаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримтад тавигдах шаардлагыг ноцтой зөрчсөн байна. Мөн анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа хэргийн үйл баримтыг хэрэгт авагдсан ямар нотлох баримтуудаар хэрхэн тогтоогдож байгаа болон ямар нотлох баримтаар хэрхэн үгүйсгэгдэн няцаагдаж байгаа байгаа талаар ямар ч дүгнэлт хийгээгүй гэж дүгнэн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Б.Б, Б.Ө. Б.А нарт холбогдох 201301022326 дугаартай эрүүгийн хэргээс Б.Ө, Б.А нарт холбогдох хэргийг тусгаарлахдаа мөрдөн байцаагч Б.У нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Б.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл үйлдэн нотлох баримтуудыг хэрэгт хавсаргасан бөгөөд Улсын дээд шүүхээс хэргийг тусгаарласан тогтоолын заалтыг хангахдаа прокурор, мөрдөн байцаагч нь хуульд заасны дагуу зохих ажиллагааг хийсэн байдаг. Энэхүү ажиллагаа нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу явагдсан бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримтын “үнэн зөв"-ийг баталгаажуулах тухай заалт нь аль нэг төрийн байгууллагаас нотлох баримтыг гаргаж өгөх ажиллагааг зохицуулсан шинжтэй заалт байхад мөн зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу цуглуулж авсан нотлох баримтын хувьд дээрх зохицуулалт хамаарахгүй. Мөн хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудаар Б.Ө, Б.А нар нь гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцоогүй, гэмт хэрэг үйлдэхээр завдсан ямар нэгэн үйлдэл хийгээгүй болох нь хангалттай нотлогдож үгүйсгэгдсэн талаар анхан шатны шүүх хуульд нийцүүлэн дүгнэж шийдвэрлэсэн. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв
Мөн шүүх хуралдаанд цагаатгагдсан этгээд Б.А-ы өмгөөлөгч Д.Батбаяр хэлсэн саналдаа “Б.Ганпүрэв өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 822 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд цагаатгагдсан этгээд Б.Ө-ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт хэлсэн саналдаа “Б.Ганпүрэв өмгөөлөгчтэй нэг байр суурьтай байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын 10 дахь тал дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1-д заасныг ноцтой зөрчсөн дүгнэлт гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1-д хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримт мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно гэж тодорхой заасан байхад тус заалтыг давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл болгосон нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа хэргийн үйл баримтыг хэрэгт авагдсан ямар нотлох баримтуудаар хэрхэн тогтоогдож байгаа болон ямар нотлох баримтаар үгүйсгэгдэн няцаагдаж байгаа талаар ямар ч дүгнэлт хийгээгүй тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн. Үүнтэй санал нийлэхгүй байна. Тус хэрэг 3 удаа цагаатгагдсан байдаг. Хамгийн сүүлд хяналтын шатны шүүхээс эдгээр үндэслэлийг тодруул хэмээн тодорхой заалт өгч, хэргийг буцаасан. Үүний дагуу анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг болж, Б.Ө тус гэмт хэрэгт оролцоогүй болохыг тогтоосон тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Мөн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Д.Туяа хэлсэн саналдаа “Хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа үйл баримтыг тогтоогоогүй, яллах талын нотлох баримтыг няцаахгүйгээр цагаатгасан гэсэн үндэслэлийг тусгасан. Анхан шатны шүүх тус заалтыг биелүүлээгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэлтэй гэж үзэж байна. Хэрэгт эх баримтаар хийх боломжгүй бичгийн баримтыг баталгаажуулан хавсаргаж, шийдвэрлэх ёстой байсан. Баталгаажаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэлээс хасагддаг. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Б.Баян-Очир хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Нотлох баримтыг хуулбарлах үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 4-т зааснаар үнэн зөвийг заавал баталгаажуулна. Тухайн гэмт хэргийн хувьд бусад хүн амины гэмт хэргээс онцлогтой. Гэмт хэрэг гарах үе шатуудыг бүрэн дамжиж үйлдэгдсэн. Бусад хүн амны гэмт хэрэг ихэвчлэн тохиолдлын шинж чанартай үйлдэгддэг бол тус гэмт хэргийн тухайд бэлтгэсэн, завдсан, эцэст нь үйлдэгдсэн бөгөөд төлөвлөгөөтэй, нууц далд аргаар хийгдсэн гэмт хэрэг юм. Анхан шатны шүүхээс цагаатгах тогтоол гаргахдаа бэлтгэсэн, завдсан үйлдлийг ямар нотлох баримтаар няцааж, үгүйсгэж байгааг тодорхой зааж өгөөгүй. Яллах талын нотлох баримтууд хангалттай цугларсан. Үйлдэл хоорондын уялдаа холбоог анхан шатны шүүх анхаараагүй. Яллах талын нотлох баримтыг ямар үндэслэлээр няцааж байгааг бүрэн зааж чадаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3-д заасан шийдвэр хүчингүй болгох үндэслэлийг бүрэн хангаж байна гэв.
Мөн шүүх хуралдаанд хяналтын прокурор Х.Батчимэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг дэмжиж байна. Анхан шатны шүүхээс цагаатгах үндэслэлээ тодорхой зааж өгөөгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.11 дүгээр зүйлд “Мөрдөгч, прокурор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь оролцогч, бусад оролцогчоос гаргасан хүсэлт, гомдол, мэдээлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шийдвэр, бусад баримт бичиг, эд зүйлийг тэмдэглэл үйлдэж, эсхүл төрийн албан хэрэг хөтлөх журмын дагуу бүртгэж, хавтаст хэрэгт тусгаж, хавсаргана” гэснийг эх хувийг авна гэж ойлгож байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэвийн гаргасан гомдлыг үндэслэн Б.А, Б.Ө нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох бөгөөд ингэхдээ уг нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан байх хуулийн шаардлага тавигддаг ба бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авч болох боловч үнэн зөвийг баталгаажуулахаар хуульчлагдсан байна.
Б.Б, Б.Ө. Б.А нарт холбогдох 201301022326 дугаартай эрүүгийн хэргээс 11 хавтас, 2700 хуудас материалыг хуулбарлан Б.Ө, Б.А нарт холбогдох хэргийг тусгаарлахдаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу баталгаажуулаагүйгээс нотолгооны ач холбогдолд эргэлзээ үүсч уг баримтуудад тулгуурлан хэргийг шийдвэрлэх нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж болзошгүй байдлыг бий болгожээ.
Анхан шатны шүүх дээрх байдлаар нотлох баримтын шаардлага хангаагүй баримт сэлтийг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэснээс гадна шүүгдэгч Б.А, Б.Ө нарыг цагаатгахдаа хэрэгт авагдсан тэдгээрийн гэм бурууг нотлох зарим баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тогтоолд тусгаагүй зэрэг зөрчил гаргасан бөгөөд уг зөрчлүүдийг арилгуулахаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй болжээ.
Иймд цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Б.Ганпүрэвийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 822 дугаар магадлалыг хэвээр үлдээж, цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Б.Ганпүрэвийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН