| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 186/2019/0215/Э |
| Дугаар | 1123 |
| Огноо | 2019-11-07 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 1123
2019 11 7 2019/ДШМ/1123
У.Б-од холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Оюун-Эрдэнэ,
шүүгдэгч У.Б-ын өмгөөлөгч О.Санчирбал,
нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 706 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.Б-ын өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан давж заалдах гомдлоор У.Б-од холбогдох 18110297700037 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
......... Б-, 2000 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “........ ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт ..... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......./;
У.Б- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 11 цаг 05 минутын үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн автомашины зогсоол бүхий замд Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, ...ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэж, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 3.1-т “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм, ...-ээс бага болсон” гэж тус тус заасныг зөрчин “УНӨулсын дугаартай бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэж заасныг зөрчсөнөөс явган зорчигч Ц.Уыг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: У.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ....... овгийн ......н Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан хугацаанаас эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 2 /хоёр/ ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч У.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, “..... 40-87 УНӨ улсын дугаартай Тээврийн хэрэгслийн №0261318 дугаартай гэрчилгээг өмчлөгч О.Хундэлхийд буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-оос 6.827.397 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.У /..../-т олгож, хохирогч Ц.Уын нэхэмжлэлээс сэтгэл санааны хохирол болох 10.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ талаарх гомдлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, У.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч У.Б-ын өмгөөлөгч О.Санчирбал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...У.Б- нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, хохирогч гомдол саналгүй гэх хүсэлтээ ирүүлсэн. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж шударга ёсны зарчимд заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүйгээр хэлбэрээр үйлдэгддэг, бусад санаатай үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдээс ялгагдах онцлогтой. ...Иймд шүүгдэгч У.Б-од холбогдох хэргийн нөхцөл байдлыг харгалзаж, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр хуульд заасан хугацаагаар тэнсэж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх хуралдааны өмнө өмгөөлөгчийн гаргаж өгч байгаа баримттай танилцсан. 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч хохирол төлөх талаар завсарлага авсан боловч төлөөгүй байсан. Харин өнөөдрийн шүүх хуралдаанд хохирлоо төлөөд, хохирогч гомдолгүй гэсэн хүсэлтээ ирүүлсэн байна. ...Хохирогчид учирсан хүндэвтэр хохирол нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэсэн. Зам тээврийн осол гарсан 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байдал нь хохирогчийн “миний биеийн байдал сайжирч байна” гэж бичсэнтэй нийцэж байгаа бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэхэд татгалзах зүйлгүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч У.Б- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 11 цаг 05 минутын үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн автомашины зогсоол бүхий замд Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, ...ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэж, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 3.1-т “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм, ...-ээс бага болсон” гэж тус тус заасныг зөрчин “УНӨулсын дугаартай бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэж заасныг зөрчсөнөөс явган зорчигч Ц.Уыг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Ц.Уын “...Бөмбөгөр орох гээд машин замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чигт алхаж явтал “Hyundai Sonata-5” загварын автомашин намайг мөргөж, би шидэгдэж газарт унасан. ...” /хх 25-26/,
У.Б-ын яллагдагчаар өгсөн “...Бөмбөгөрийн голын нэг чигийн хөдөлгөөнтэй замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чигт явж байхад зам дээр нэг бараан өнгийн хувцастай эмэгтэй хүн явж байгаа харагдсан. ...Би нилээн зайнаас хурдаа хасаад тормозлох үед тэр хүн урдуур гүйж орж ирээд машинд мөргүүлэн унасан. ...” /хх 90-91/,
“...Ц.Уын биед баруун шуу ясны далд хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, зовхи, хамрын нуруу, зүүн сарвуу, баруун өвдөг шилбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 12411 дугаартай дүгнэлт /хх 68/,
“...“Hyundai Sonota 5” загварын автомашин нь 2018-10-11 11:04:53-аас 11:05:22 секундэд дэлгэцийн зүүн дээд /авто зогсоолын хаалт/ хэсгээр зүүн гар тийш буюу цаанаас наашаа чиглэлтэй эргэж 2018-10-11 11:05:29 секундэд зам хөндлөн гарч явсан бараан өнгийн хувцастай хүнийг автомашины зүүн урд хэсгээр мөргөөд зогсож байгаа дүрс дүрслэгдсэн байна. ...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 6367 дугаартай дүгнэлт /хх 48-53/,
“...Уг автотээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангахгүй байна. ...Дээрх автотээврийн хэрэгслийг үзлэгийн төвийн тоног төхөөрөмж дээр шалган үзэхэд баруун хойд талын тормос зогсоогүй. ...” гэх Автотехникийн Үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 66117 дугаартай дүгнэлт /хх 60-65/,
“У.Б- нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.3, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 3.1, 9.1-т заасан заалтуудыг зөрчсөн болохыг тогтоосон...” 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 308 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хх 66/,
зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11-12/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 13-16/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч У.Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байж, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцон, Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин Ц.Уын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч У.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа автомашин жолоодож, улмаар Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөс бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч У.Б-ын өмгөөлөгч О.Санчирбал “...шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр хуульд заасан хугацаагаар тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгожээ.
Шүүгдэгч У.Б- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч У.Б- нь хохирогч Ц.Ут гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 6.230.000 төгрөг төлсөн болох нь “ХААН” банкны бэлэн бус гүйлгээний баримт, хохирогчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлт зэргээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч У.Б-ын өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан “...шүүгдэгчийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 706 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч У.Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. …” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч У.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. ...” гэж,
4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар У.Б-од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан хугацаанаас эхлэн тоолсугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар У.Б-од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. …” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...шүүгдэгч У.Б-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй. ...” гэсэн,
“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг У.Б-од мэдэгдсүгэй. ...” гэсэн тус тус нэмэлт заалтууд оруулсугай.
4. Шүүгдэгч У.Б-ын өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
5. Шүүгдэгч У.Б- нь 52 /тавин хоёр/ хоног цагдан хоригдсон болохыг, хохирогч Ц.Ут 6.230.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.
6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН