Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2025/0052

 

“И т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц

Нэхэмжлэлийн шаардлага: Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01/499 дүгээр албан бичгээр татгалзсан татгалзал нь хууль бус болоыг тогтоож, Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/74 дүгээр захирамжийн “И-И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг Ханбогд сумын Засаг даргад даалгах

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/225 дугаар захирамжийн “И т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “И и” ХХК-тай гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаа Ханбогд сумын Газрын даамлын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Ханбогд сумын Газрын даамалд даалгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 24 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Ч.М, өмгөөлөгч Н.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал

Хэргийн индекс: 120/2022/0019/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 60 дугаар зүйлийн 60.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И т” ХХК-ийн “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01/490 дугаар албан бичгээр татгалзсан татгалзал нь хууль бус болохыг тогтоож, Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/74 дүгээр захирамжийн И-И ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг Ханбогд сумын Засаг даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 34 дүгээр зүйлийн 34.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд “И-И” ХХК-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/225 дугаар захирамжийн “И т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “И-И” ХХК-тай гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаа Ханбогд сумын Газрын даамлын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/74 дугаар захирамжийн дагуу газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Ханбогд сумын Газрын даамалд даалгаж шийдвэрлэжээ.

2. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

2.1. “... Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.1-д “Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн тухай дүгнэлт хийсэн. Үүний 2.1.2-т “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга нь “И т” ХХК-д дээрх ****** сумын ***** баг, ******* байршилтай, нэгж талбарын 4601****** дугаартай, 14.5 га газрыг эзэмшүүлэхдээ түрүүлж газар эзэмших эрх үүссэн байсан “И-И” ХХК-ийн газартай 0.9 га буюу 98708 м.кв хэсгээр “бүхэлд нь” давхцуулан олгосон болох тэдгээр газар эзэмшүүлсэн захирамж, газрын кадастрын зураглал, талуудын давхцалтай гэдгээр тогтоогдсон” гэж гуравдагч этгээд болох “И-И” ХХК нь түрүүлж газар эзэмших эрхтэй байхад нь “И т” ХХК-д давхардуулж газар эзэмшүүлсэн хэмээн Газрын тухай хуулийг буруу тайлбарласан байна.

Газрын тухай хуулийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, мөн хуулийн 27.2-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно” гэж, хуулийн 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэж, хуулийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус зохицуулж өгсөн. Газрын тухай хуулийн эдгээр зохицуулалтаар газрыг “гэрээ” болон “гэрчилгээ”-ний үндсэн дээр эзэмшихээр зохицуулж өгсөн болох нь тодорхой харагдах бөгөөд зөвхөн Засar даргын захирамж гарлаа гээд газар эзэмших эрх үүсэхгүй болохыг Газрын тухай хуульд тодорхой хуульчилж өгсөн байна.

-Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.1.12-т “Нэхэмжлэгч “И т” ХХК нь маргаан бүхий захиргааны акт болох Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрх шинээр олгох тухай” А/74 дүгээр захирамжийн “И-И” ХХК-д газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн ямар эрхийг хөндсөн талаар нотолж чадаагүй ба уг захирамжийг хүчингүй болгуулснаар өөрийнх нь газар эзэмших эрх сэргэнэ гэж тайлбарлаж байна” гэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг огтоос ойлгоогүй, ямар хэрэг маргаан шийдвэрлэж шүүх хуралдааныг явуулж байгаа талаар, шүүхэд цугларсан нотлох баримтууд, хэргийн үйл баримтаа огт ойлгоогүй, аль эсвэл шүүх ашиг сонирхлын зөрчилд орж нэг талыг барьсан шийдвэр гаргасан болохыг нь харуулж байна.

Анхан шатны шүүгч шийдвэрийнхээ Үндэслэх хэсгийн 1.1-д “Энэ хэрэгт “хуулийн этгээдүүдэд газар давхардуулан эзэмшүүлсэн захиргааны албан тушаалтны шийдвэрт холбогдох” үйл баримт хэлэлцэгдсэн болно” гэж дүгнэсэн атлаа, ямар учраас дээр дурдсан 2.1.12 дахь хэсэгт бичсэн дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй байна.

-Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.1.13-д “Ханбогд сумын Засаг даргын “И т” ХХК-д газар эзэмшүүлэх тухай 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/225 дугаартай хоёр өөр агуулгаар гарсан хоёр захирамж хэрэгт авагдсан” гээд, мөн үргэлжлүүлээд 2.1.16-д “Иймээс маргаан бүхий газрыг эрх зүйн хоёр өөр үндэслэлээр нэхэмжлэгчид эзэмшүүлсэн хоёр захирамж байгаа гэх гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй” гэж дүгнэсэн байх бөгөөд энэхүү дүгнэлтээрээ ямар асуудлыг дүгнэж шийдвэрлэж байгаа талаараа огтоос дурдаагүй.

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 120/ШШ2023/004 дугаартай шүүхийн шийдвэр болон 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны үед ч энэ асуудлаар талууд мэтгэлцсэн бөгөөд шүүгч ч мөн энэ талаар тодруулж асуусан байдаг. Энэ талаар хариуцагч “Техникийн шинжтэй алдаа гараад дахиж шууд засварлаж гаргасан, “И т” ХХК нь анхдагч байдлаар газар эзэмшиж байгаа бөгөөд газрын хэмжээг өөрчлүүлж газар эзэмших эрх олгосон зүйл байхгүй” хэмээн энэ талаар хангалттай мэтгэлцсэн байдаг. Энэ талаар хэрэгт цугларсан нотлох баримтаар мөн нотлогдох бөгөөд шүүгч ч өөрөө шийдвэрийнхээ Үндэслэх хэсгийн 2.1.1-д “И т” ХХК-д 2020 оны 08 дугаар сарын 7-ны өдрийн А/225 дугаар захирамжаар ***** сумын ******* баг, ******* байршилтай, нэгж талбарын 4601****** дугаартай, 14.5 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ” гэж дүгнэсэн байх атал ямар зорилгоор, ямар үйл баримтыг дүгнэх гэж Үндэслэх хэсгийн 2.1.13-2.1.20 хүртэлх дүгнэлтүүдийг хийсэн нь ойлгомжгүй, шийдвэрт ямар ч ач холбогдолгүй дүгнэлт болжээ. Энэ нь мөн л шүүгч нэг талыг барьж, нэг талын эрх ашгийн үүднээс шийдвэр гаргасан болохыг харуулна.

-Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсгийн 2.2-т Гуравдагч  этгээдийн газар эзэмших эрхийн талаарх үйл баримтад дүгнэлт өгсөн байдаг. Ингэхдээ 2.2.1-ээс 2.2.10 хүртэлх хэсэгт гуравдагч этгээд “И-И” ХХК-д газар эзэмших эрх хэрхэн үүссэн, аль эсвэл гуравдагч этгээд нь газар эзэмших эрхтэй болох талаар нэг ч дүгнэлт хийгээгүй болно. Ийм байтал нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн талаарх дүгнэлтдээ “И-И” ХХК-д түрүүлж газар эзэмших эрх үүссэн, газар эзэмших эрхтэй гэж дүгнэлт хийсэн нь зөрчилдөөнтэй, шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлаж чадаагүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болохыг харуулна.

-Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсгийн 3 дахь хэсэгт маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн талаарх дүгнэлтүүдийг хийсэн. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3.1.1-д “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/225 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн нь мөн сумын Засаг даргаас 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/74 дүгээр захирамжаар “И-И” ХХК-д эзэмшүүлсэн газартай 10 га-гаар давхцуулан тус компанид газар эзэмшүүлсэн үйлдлүүд нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан газар эзэмшүүлэх шаардлагыг хангаагүй, хууль зөрчсөн байна” гэж хуулийг буруу тайлбарлан дүгнэсэн.

Газрын тухай хуулийн 31.3 дахь хэсэгт хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх талаар хуульчилж өгсөн. Өөрөөр хэлбэл хуулийн дээрх заалт нь бусдын эзэмших ашиглах эрхтэй, үйл ажиллагаа явуулж буй газарт өөр бусад этгээдэд газар давхцуулан олгохгүй байх тухай агуулга байна. Манай тохиолдолд гуравдагч этгээд болох “И-И” ХХК-д газар эзэмших эрх үүсээгүй, газраа бодитой ашиглаагүй болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогддог. Газрын тухайн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4-т зааснаар гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдсоноор газар эзэмших эрх үүсэх бөгөөд Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлд газар эзэмших гэрээ, түүнийг хэрхэн байгуулах журмын талаар тодорхой хуульчилж өгсөн. Гэтэл “И и” ХХК нь захирамж гарснаас хойш 90 хоногийн дотор байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгээгүй, дуудлага худалдааны үнэ төлөөгүй тул хариуцагчийн зүгээс газар эзэмших гэрээ байгуулаагүй, гэрээ байгуулагдаагүй улмаас газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй байдаг. Ийнхүү гэрээ байгуулагдаж, гэрчилгээ олгогдоогүй учраас газар эзэмших эрх нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй байдаг.

Дүгнэвэл “И-И” ХХК-д газар эзэмших эрх буюу хуулиар хамгаалагдвал зохих эрх үүсээгүй болох нь харагдана. Мөн газраа бодитойгоор ашиглаагүй, газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй болох нь гуравдагч этгээдийн өөрийн тайлбар болон хариуцагчийн тайлбараар нотлогддог. Иймд анхан шатны шүүхээс Газрын тухай хуулийн 31.3-д заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, үндэслэлгүй дүгнэлт болжээ.

-Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3.1.2-3.1.7-д Ханбогд сумын газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөний талаар дүгнэлтүүд хийжээ.

Ингэхдээ Үндэслэх хэсгийн 3.1.5-д “Ийнхүү нэхэмжлэгч “И т” ХХК-ийг газар эзэмших хүсэлт гаргах үед тус сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд, уг газарт иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэхээр тусгаагүй байгаа учраас нэхэмжлэгчийг хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрх үүссэн гэж үзэхгүй хууль зүйн үндэслэлтэй болно” гэсэн ойлгомжгүй бөгөөд илт худал дүгнэлтийг хийсэн байна.

Тухайлбал 1 дүгээр хавтаст хэргийн 93 дугаар хуудсанд 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Ханбогд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 18 дугаартай “Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2019 оны хэрэгжилт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоол гарсан байдаг. Уг тогтоолын хавсралтын хүснэгт 2-т “Иргэн, аж ахуйн нэгж байгууллагад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээ, хөрөнгө оруулалтын талаар төлөвлөсөн байх бөгөөд хүснэгтийн 1, 2-т ****** баг, ******** 65 га газрыг кемп, засвар үйлчилгээ, газрыг нөхөн сэргээж эзэмших зэргээр төлөвлөсөн байдаг. Түүнчлэн, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Ханбогд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 30 дугаартай “Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоол гарсан байх бөгөөд хавсралт хүснэгтийн 1, 2 дахь хэсэгт нийт 122 га газрыг гаалийн хяналтын талбай, автомашины зогсоол, засварын зориулалтаар төлөвлөсөн байдаг. Үүнээс үзвэл шүүгч хэрэгт цугласан нотлох баримтыг зөвхөн гуравдагч этгээдэд ашигтай байдлаар тайлбарлаж, дүгнэлт өгсөн нь шүүгч хараат бусаар шийдвэр гаргасан эсэхэд эргэлзэх нөхцөл байдлыг үүсгэж байна.

-Анхан шатны шүүх нь шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 3.1.6-д “Тодруулбал, энэ маргааны хувьд сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасан газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхээ хэрэгжүүлэхээс өмнө хуулийн дээрх шаардлагын дагуу шийдвэр гаргах бодит үндэслэл бүрдсэн эсэхийг шалган тогтоох ажиллагаа явуулах ёстой байсан боловч энэ талаар ямар нэгэн ажиллагаа явуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул ийм ажиллагаа явуулаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн”, 3.1.7-д “Ийнхүү дээрх тогтоогдсон үйл баримтуудаар нэхэмжлэгч “И т” ХХК нь бусдын газарт газар давхцуулан эзэмшсэн нь нотлогдсон тул түүний газар эзэмших эрхийг хууль ёсны гэж үзэхгүй тул түүнд шүүхээр хамгаалуулах хууль ёсны эрх байхгүй байна” гэж “И т” ХХК-д шүүхээр хамгаалуулах хууль ёсны эрх байхгүй байна хэмээн дүгнэсэн байна.

Засаг даргад “И т” ХХК-д газар олгох хууль зүйн үндэслэл байгаагүй гээд одоо байгаа газар эзэмших эрхийг хууль бус хүчингүй гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт юм. Учир нь манай компанийн хувьд газар эзэмших эрхээ хуульд заасан журмын дагуу хүсэлтээ гаргаж, газар эзэмших гэрээгээ байгуулж, гэрчилгээгээ гаргуулан авч улсын бүртгэлд бүртгүүлэн хуульд заасан бүхий л шаардлагыг хангаж, газар эзэмших эрхийг олж авсан байдаг. Тиймээс Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “Хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмын дагуу хариуцагчийн зүгээс манай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байсан.

-Анхан шатны шүүх нь шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 3.1.9-3.1.14-д “И т” ХХК-д газар эзэмших эрх үүсээгүй талаар, “И-И” ХХК-д газар эзэмших эрх үүссэн талаар, “И-И” ХХК-ийн газар эзэмших эрх үүссэн тул “И т” ХХК нэхэмжлэл гаргах эрхгүй талаар дурджээ.

“И-И” ХХК-ийн хувьд Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/74 дүгээр шийдвэрийн дагуу газар эзэмших гэрээ байгуулах эрхийг олж авсан. Өөрөөр хэлбэл, уг шийдвэрийн дагуу газар эзэмших эрх олж авах боломжтой болсон боловч хэрэгт авагдсан нотлох баримтад газар эзэмших гэрээ байгуулаагүй, цаашлаад эрхийн гэрчилгээгээ ч олж аваагүй, газрын төлбөрөө цаг хугацаанд нь төлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Мөн тухайн маргаан бүхий газраа огт ашиглалгүй өдий хүрсэн учраас манай зүгээс өөр этгээдэд давхардуулан захирамж гарсан талаар мэдэх боломжгүй нөхцөл байдалтай байсан. Энэ нь өөрөө “И-И” ХХК-д газар эзэмших эрх ер нь үүссэн эсэх талаар эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байгаа юм. Газар нь өөрөө үл хөдлөх хөрөнгө болохын хувьд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрх нь гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээг олж авсны үндсэн дээр үүсэх талаар хуульчилсан байгаа юм. Гэтэл анхан шатны шүүхээс шийдвэртээ “И-И” ХХК-д газар эзэмших эрх хэрхэн үүсэж байгаа талаар огт дүгнэлт хийлгүйгээр газар эзэмших эрхтэй гэж шийдвэрлэж байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр болоогүйг харуулна.

Дээрхээс үзвэл, хэрвээ үнэхээр “И-И” ХХК-д газар эзэмших эрх үүссэн гэж үзэх тохиолдолд, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д заасан “шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй”, 40.1.5-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх газар эзэмших эрхийг дуусгавар болгох хэд хэдэн нөхцөл байдал үүссэн нөгөө талаар гуравдагч этгээд “И-И” ХХК-ийн зүгээс газар эзэмших талаарх үүргээ огтхон ч гүйцэтгээгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогддог.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 3.1.13-д “Нэгэнт нэхэмжлэгчийн газар эзэмших эрх нь гуравдагч этгээд “И-И” ХХК-иас сүүлд үүссэн, энэ талаар шаардах эрхгүй тул тус компанийн шаардлагаар “И-И” ХХК-ийг газраа зориулалтаар нь 2 жилийн хугацаанд ашиглаагүй гэх үндэслэлээр сумын Засаг дарга шийдвэр гаргахаас татгалзсан нь хууль зөрчсөн гэж үзэхгүй. Иймээс иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “нэхэмжлэгч нь бичиг баримтаа бүрэн бүрдүүлж, үйл ажиллагаагаа явуулж байгаа тул гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгох нь зөв” гэх агуулга бүхий дүгнэлтийг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм” гэж тайлбарласан.

Засаг даргын хувьд дээр дурдсанчлан, газар эзэмшүүлсэн захирамжаа цуцлах хэд хэдэн нөхцөл байдал тогтоогдчихоод байхад, мөн хүчингүй болгох хүсэлт гаргасаар байхад А/74 дүгээр захирамжийг хүчингүй болгохгүй байгаа нь өөрөө хууль бус татгалзал болно. Учир нь энэ тохиолдолд Засаг даргын хувьд сонгох боломж нь 0 байх бөгөөд “газар эзэмших эрхийг хүчингүй болгох”-оос өөр ямар нэгэн шийдвэр гаргах хууль зүйн үндэслэл байхгүй, өөр шийдвэр гаргах боломжгүй байгаа юм. Харин энэ хууль зүйн бүхий л үндэслэл, урьдчилсан нөхцөл нь хангагдчихаад байхад шийдвэр гаргахгүй байгаа нь өөрөө хууль бус эс үйлдэхүй болох учир шүүхээс “Сумын Засаг дарга шийдвэр гаргахаас татгалзсан нь хууль зөрчсөн гэж үзэхгүй” гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхээс манай нэхэмжлэлийн гол агуулга болох Засаг даргын А/74 захирамжийнхаа “И-И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох ёстой байсан “хууль бус татгалзал”-ын талаар ямар нэгэн тайлбар, үнэлэлт дүгнэлт өгөөгүй байгаа нь хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нягталж, үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэсэн гэдэгт эргэлзээ төрүүлж байна.

-Мөн шийдвэрийн 3.2.7-д “Үүнээс гадна хариуцагч сумын Засаг дарга нь “И-И” ХХК-тай гэрээ байгуулахгүй, гэрчилгээ олгохгүй байсан үндэслэлээ “байгаль орчны нөлөөллийн үнэлгээний дүгнэлт гаргуулаагүй” гэж татгалзсан талаарх нотлох баримт нэгж талбарын хувийн хэрэгт байхгүй, хариуцагчаас ийм баримтыг гаргаж өгөөгүй тул энэ нь нотлох баримтаар нотлогдоогүй гэж үзнэ” гэж “И-И” ХХК-ийн зүгээс байгаль орчны нөлөөллийн үнэлгээний дүгнэлт гаргаагүй талаар нотлох баримтаар нотлогдоогүй гэх шалтгаанаар үнэлээгүй байгаа юм. Хэрэгт авагдсан нотлох баримтыг харвал, 1 дүгээр хавтаст хэргийн 60 дугаар хуудсанд “2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №04/06/01 дугаар “И-И” ХХК-ийн зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамны байгаль орчны үнэлгээ аудитын хэлтэст хүргүүлсэн Өмнөговь аймгийн ****** сумын ****** багийн нутаг ******* хэмээх газарт орших 10 га талбайд байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлтийг гаргуулахаар гаргасан хүсэлт” байх бөгөөд үүнээс үзвэл 2018 оноос 2021 он хүртэл “И-И” ХХК байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй болох нь нотлогдоно.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан байгаа юм. Үүнээс үзэхэд Газрын тухай хуульд зааснаар байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй тохиолдолд газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ авах боломжгүй байна. “И-И” ХХК-ийн зүгээс байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй байхад захиргааны зүгээс гэрээ байгуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас гэрээ байгуулалгүй өдийг хүрсэн байгаа юм. Харин шүүхээс энэ талаар огтхон ч дүгнэлт хийлгүй нотлогдоогүй гэх шалтгаанаар гуравдагч этгээд болох "И-И" ХХК-г үндэслэлгүйгээр зөвтгөж байгаа нь шүүгч хэргийг хараат бусаар шийдвэрлэсэн эсэхэд мөн л эргэлзээг үүсгэнэ.

2.2. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага үндэслэлгүй болох талаар “И-И” ХХК нь Өмнөговь аймгийн ******** сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/74 дүгээр захирамжийн дагуу Газрын тухай хуульд заасан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй бөгөөд Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгов, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасны дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй учраас газар эзэмших гэрээ байгуулагдаагүй, газар эзэмших гэрчилгээ олгогдоогүй болох нь 2 дугаар хавтаст хэргийн 61 дүгээр хуудас дахь 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн дүгнэлт, 2 дугаар хавтаст хэргийн 45 дугаар хуудас дахь Өмнөговь аймгийн ****** сумын Засаг даргын хариу тайлбараар нотлогддог. Мөн газрын төлбөрөө ч зохих ёсоор төлөөгүй болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 50 дугаар хуудаст авагдсан “И-И” ХХК-ийн Өмнөговь аймгийн Газрын албанд төлбөр төлсөн тооцооны хуудаснаас харагдана Тодруулбал, “И-И” ХХК нь дуудлага худалдааны үнийг ч төлөөгүй байснаар зогсохгүй 2018, 2019, 2020, 2021 онуудын газрын төлбөрөө ч төлөөгүй байж байгаад сүүлд 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нийлүүлж төлсөн байгаа юм. “И-И” ХХК-д газар эзэмшүүлэх А/74 дүгээр захирамж 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гарсан бөгөөд Газрын тухай хуулийн 34.2-т зааснаар 90 хоногийн хугацаанд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх ёстой байсан буюу 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэхэд Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлангаа хүргүүлэх ёстой байсан ч маргаан эхлээд явж байхад буюу 2021 онд байгаль орчны нарийвчилсан төлөвлөгөө гаргуулах хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргасан нь хуульд заасан процессыг зөрчсөн байгаа юм. Сүүлд 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгаль орчны нөлөөллийн үнэлгээний дүгнэлт гаргуулан авсан, дуудлага худалдааны үнэ төлөөгүй явсаар 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төлсөн зэрэг нь хуульд заасан газар эзэмшүүлэх журмыг ноцтой зөрчсөн үйлдэл байгаа юм.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасанчлан хуульд заасан зохих шаардлагуудыг хангаж ажиллаагүйн улмаас газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй “И-И” ХХК-д газар эзэмших эрх үүсэхгүй юм. Өөрөөр хэлбэл, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ аваагүй байх тул хуульд зааснаар газар эзэмших эрх үүсэхгүй юм. Мөн түүнчлэн “И-И” ХХК-ийн кадастрын зураг жижүүрийн зурагт тэмдэглэгдээгүй. Газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй байгаа нь 2 дугаар хавтаст хэргийн 45 дугаар хуудас дээрх Өмнөговь аймгийн ***** сумын Засаг даргын хариу тайлбараар нотлогддог.

Тиймдээ ч манай компанийн зүгээс тухайн газрын эзэмших эрхийг олж авах үед энэ газар хэн ч ашиглаж байгаагүй, хоосон газар байсан бөгөөд газрын мэдээллийн санд бүртгэгдсэн бүртгэл байгаагүй тул манай компанийн зүгээс болон хариуцагчийн зүгээс мэдэх боломжгүй байсан. 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “И-И” ХХК-ийн зүгээс Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Н-д “Захирамж хүчингүй болгуулах тухай” хүсэлт хүргүүлсэн талаар 1 дүгээр хавтаст хэргийн 60 дугаар хуудсанд авагдсан байна. Уг хүсэлтийн агуулгыг харвал “И-И” ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/74 дүгээр захирамжаар 4601****** нэгж талбарын дугаар бүхий 10 га газрыг ******* сумын **** багийн ********* нэртэй газарт гаалийн хяналтын талбайн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшихээр болж түр хугацаанд нүүрс тээврийн жолооч нарт зогсоол байдлаар ашиглуулж байгаад зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажлаа хангаад ажиллаж байгаа” хэмээсэн байдаг. Энэхүү нотлох баримтаар “И-И” ХХК нь 2018 оноос өдийг хүртэл тухайн газраа зориулалтын дагуу огт ашиглаагүй төдийгүй хөрөнгө оруулалт хийгээгүй болох нь тогтоогдож байгаа юм.

Энэ нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бөгөөд газраа огт ашиглаагүй байдлаас гадна дээр дурдсан газрын төлбөрөө төлөөгүй, эзэмших эрхээ олж авахаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй байгаа нь Засаг даргын хувьд газар эзэмшүүлэх захирамжаа хүчингүй болгох бүрэн үндэслэл бий болсон гэж үзэхээр байна. Манай компанийн зүгээс энэ талаар 2022 оны 04 дүгээ сарын 12-ны өдрийн 22/02 албан бичгээр 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/74 дүгээр захирамжийн “И-И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүсч гомдол гаргасан болно. Гэвч Өмнөговь аймгийн ***** сумын Засаг дарга нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01/490 хариу албан бичгээр энэ талаар шийдвэр гаргахаас татгалзаж Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахаа мэдэгдсэн.

Иймд Газрын тухай хуульд заасан газрын төлбөрөө төлөх, газраа зориулалтын дагyy ашиглах үүргээ зөрчсөн “И-И” ХХК-д газар эзэмшүүлэх тухай захирамжаа Газрын тухай хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгохоос татгалзсан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын үйлдэл нь хууль бус байна. Үүнийг шийдвэрлүүлэхээр дээд шатны захиргааны байгууллага болох Өмнөговь аймгийн Засаг даргад хандсан боловч 2022 оны 07 дугаар сарын 18-ны албан бичгээрээ мөн адил шийдвэрлэхээс татгалзсан тул Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.

Мөн гуравдагч этгээдээс гаргасан бие даасан шаардлагын хувьд нэхэмжлэлийн нэгэн адил хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах ёстой бөгөөд Ханбогд сумын Засаг даргын А/225 дугаар захирамжийн “И т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Энэ дээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдсэн талаар нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсан байх атал шүүхээс шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт огт энэ талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй бөгөөд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг ямар үндэслэлээр хүлээн авсан болох талаараа дүгнэлт хийгээгүй.

Дээрхээс дүгнэж үзвэл гуравдагч этгээд “И-И” ХХК-д Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрх үүсээгүй бөгөөд шүүхээр хамгаалагдвал зохих эрх болох нь нотлох баримтаар нотлогдохгүй байх тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

2.3. Гомдлын шаардлага буюу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах талаар “И т” ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/225 тушаалаар Ханбогд сумын ***** багийн ********** гэх газар Гаалийн хяналтын зориулалтаар 14,5 га газар 15 жилийн хугацаатай эзэмшихээр болсон.

“И т” ХХК-ийн хувьд холбогдох хууль, журамд заасны дагуу тухайн газраа Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэн бүхий л шаардлагыг ханган эерэг үнэлгээг үндэслэн газар эзэмшүүлэх 04631-2020/00059 тоот гэрээг Ханбогд сумын газрын даамалтай байгуулан газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авч улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшинэ” гэж заасны дагуу уг газрын хууль ёсны эзэмшигч болохын хувьд 200 тонн пүү, 480 м.кв ажилчдын сууц, 24 м.кв пүүний байр, 12 м.кв харуулын байр, 16 м.кв моторын байр, 2.5 метр өндөртэй 700 метр хашаа, 10 метрийн өндөртэй 300 метр салхины хаалт, 20 метр өндөртэй 3 ширхэг гэрэлтүүлгийн цамхаг зэрэг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг барьж байгуулан тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж газраа зориулалтын дагуу ашиглаж байна.

“И т” ХХК нь хуульд заасан зохих журмын дагуу уг газрын эзэмших эрхийг шударгаар олж авсан бөгөөд дуудлага худалдааны болоод гэрчилгээний үнийг төлж гэрээнд заасан зориулалтаар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн билээ. Харин Ханбогд сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01/230 тоот тухай албан бичгээр Ханбогд сумын ***** багийн ******* байршилтай 14.5 га, нэгж талбарын 4601****** дугаартай газрыг “И-И” ХХК-д давхардуулан олгосон байгаа асуудлыг шийдвэрлэхээр сонсох ажиллагаа явуулах гэж байгаа тухай албан бичиг манай компанид ирсэн. Бид уг мэдэгдлээр анх газрын давхардлын асуудлын талаар мэдсэн ба хуульд заасны дагуу сонсох ажиллагаанд оролцсон бөгөөд Засаг дарга манай компанид газар эзэмших эрх олгосон захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

“И т” ХХК-ийн хувьд газар эзэмших эрх олгосон захирамжийн давхцал үүссэнээр эдийн буюу их хэмжээний мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хохирол үүсээд зогсохгүй, бидэнтэй гэрээ байгуулан хамтран ажиллаж буй бусад харилцагч компаниудын эрх ашиг хөндөгдөж байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах “Хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмын дагуу бид хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах шаардлага бий болоод байна.

Дахин тодруулбал, дээр дурдсанчлан манай компани нь Ханбогд сумын Засаг даргын А/225 дугаар захирамжийн дагуу нэгж талбарын 4601****** дугаартай газарт газар эзэмших гэрээ байгуулж, уг гэрээнд үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ авч улсын бүртгэлд бүртгүүлсэн. Хууль болоод гэрээнд заасан мөнгөн төлбөрийг заасан хугацаанд нь зохих ёсоор бүрэн төлсөн нь дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогддог.

2.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан аль нэхэмжлэлийн үндэслэлийг гаргаж байгаа талаар манай компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5.1-д заасны дагуу “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2018 оны А/74 дүгээр захирамжийн “И-И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохоос татгалзаж шийдвэрлэсэн татгалзал нь хууль бус болохыг тогтоолгож, тус захирамжийн “И-И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг даалгах” гэж тодорхойлсон.

Даалгах нэхэмжлэлийн шаардлага хангагдах нэг урьдчилсан нөхцөл нь захиргааны байгууллага хууль бус татгалзал гаргасан байх шаардлагатай бөгөөд энэ нь “эс үйлдэхүй” аль эсвэл “татгалзсан шийдвэр” гаргах байдлаар илрэн гардаг. Манай хэргийн хувьд захиргааны байгууллагын хууль бус татгалзал нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын “И-И” ХХК-д давхардуулан олгосон захирамжийг хүчингүй болгуулахаар хандсан хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн үйлдэл билээ.

Манай компанийн зүгээс Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргад 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 22/02 дугаартай албан бичгээр “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/74 дүгээр захирамжаар “И-И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох” хүсэлт гаргасан. Гэтэл Ханбогд сумын Засаг дарга 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01/490 дугаартай албан бичгээр шүүхийн маргаантай байгаа гээд шийдвэрлээгүй. Гэтэл шүүхийн маргаан гээд байгаа зүйл Иргэний хэргийн шүүхэд гаргасан, газар чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй хувийн эрх зүйн маргаан байсан. Иргэний хэргийн шүүх захиргааны акттай холбоотой маргааныг шийдвэрлэдэггүй, ийм эрх хэмжээ байхгүйг мэдсээр байж татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй татгалзал билээ.

Улмаар дээд шатны захиргааны байгууллага болох Өмнөговь аймгийн Засаг даргад хандаж гомдол гаргасан. Аймгийн Засаг дарга 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 04/1749 тоот албан бичгээр “Гомдол, түүнд хавсаргаж ирүүлсэн баримт материал, холбогдох сумын албан тушаалтнуудаас ирүүлсэн мэдээллээс үзэхэд маргаан бүхий газрыг Ханбогд сумын Засаг даргын 2018 оны А/74, 2020 оны А/225 дугаар захирамжаар хуулийн этгээдэд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг зөрчиж эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан бөгөөд дээрх захирамжууд нь хуулийн хүчин төгөлдөр хэвээр байхын зэрэгцээ газар эзэмшигч хуулийн этгээдийн хооронд үүссэн маргааныг шүүхээс хянан шийдвэрлэж байгаа, түүнчлэн шүүхээс хэргийг эрслэн шийдвэрлээгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Дээрх нөхцөлд маргааныг Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар аймгийн Засаг дарга шийдвэрлэснээр маргалдагч талуудын эд хөрөнгийн эрх хөндөгдөхөөр байх тул аймгийн Засаг даргын зүгээс шийдвэрлэх боломжгүйг мэдэгдье” хэмээн А74 дүгээр захирамжийг хүчингүй болгох хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, Ханбогд сумын Засаг даргын татгалзсан шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг. Гэтэл аймгийн Засаг даргын хэлээд буй шүүхээр шийдвэрлүүлж буй маргаан нь мөн л “И-И” ХХК-ийн нэхэмжлэлтэй “И т” ХХК-д холбогдуулж гаргасан, газар чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаан байсан болно. Иргэний хэргийн шүүх хэзээ ч Захиргааны актыг хүчингүй болгох шийдвэр гаргаж шүүхийн хэргийн харьяалал зөрчихгүй нь ойлгомжтой билээ.

Түүнчлэн Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд анх 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 120/ШЗ2022/00115 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацааг тогтоох тухай захирамж гарган, үүний дагуу манай компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа дахин тодорхойлж, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгон нэхэмжлэлээ өгсөн байдаг.

Нэхэмжлэгчийн хүсэл зориг бол 2018 оны А/74 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох эцсийн зорилготой бөгөөд ингэснээр манай компанийн газар эзэмших эрхэд саад болох нөхцөл байдал үүсэхгүй байх, газар эзэмших эрхээ хэрэгжүүлэн бүрэн боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл “И-И” ХХК-д газар эзэмших эрх олгож буй 2018 оны А/74 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан Захиргааны актыг хүчингүй болгуулах замаар, аль эсвэл мөн хуулийн 52.5.1-д заасан манай компанийн гаргасан “захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах...” нэхэмжлэлийн шаардлага гаргах замаар аль алинаар нь хүчингүй болгож, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжтой байна.

Энэ талаар мөн Улсын дээд шүүхийн шүүгч, судлаач Г.Б “Захиргааны процессын эрх зүй” бүтээлдээ тодорхой тайлбарласан байх ба хүчингүй болгох болон даалгах нэхэмжлэлийн хувьд “субсидиар” буюу дарааллын зарчим үйлчлэхгүй (түрүүлж гаргах боломжтой нэхэмжлэлийг эхэлж гаргана, эхнийхийг нь гаргах боломжгүй бол дараагийнх нь гаргана гэсэн утгатай), харин “сонголтын зарчим” үйлчилнэ. Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн зорилгоосоо хамаарч энэхүү хоёр нэхэмжлэлийн алийг нь сонгохоо өөрөө шийднэ, өөрөөр хэлбэл аль нэхэмжлэлийг гаргасан тохиолдолд түүний эрх бүрэн сэргэх вэ гэдгээ өөрөө тодорхойлох юм.

Улмаар нэхэмжлэгчийн зүгээс захиргааны байгууллагын татгалзал хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Татгалзал хууль бус болохыг тогтоож даалгах нэхэмжлэл хангагдахын тулд захиргааны байгууллагын татгалзал хууль ёсны эсэхийг дараах хоёр урьдчилсан нөхцөлөөр шалгах шаардлагатай.

Нэгдүгээрт, нэхэмжлэгчийн шаардах эрхийн урьдчилсан нөхцөл бодит байдалд хангагдсан эсэхийг тогтоох шаардлагатай. Нэхэмжлэгч компанийн хувьд Газрын тухай хуульд заасан шаардлага, журмын дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээ хийлгэж, газрын төлбөрөө төлөн, газар эзэмших гэрээгээ байгуулах, эрхийн гэрчилгээтэйгээр, эд хөрөнгийн улсын бүртгэлд газраа бүртгүүлэн хуульд заасан бүх шаардлагыг ханган газраа эзэмшиж ашиглаж байгаа. Гэтэл манай компанийн хуульд заасан шаардлагуудыг ханган, эзэмшиж байгаа газартай давхардуулсан захирамж одоо болтол хүчин төгөлдөр байгаа нь манай компанийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн. Газрын тухай хуулийн 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэж заасан нь газрыг хоёр өөр субъектэд давхардуулан эзэмшүүлэх, нэг нэгж талбарт хоёр гэрчилгээ олгохгүй гэсэн хуулийн зохицуулалт юм. Гэтэл манай компанийн эзэмшиж буй газартай “И-И” ХХК-ийн 2018 оны А/74 дүгээр захирамжийн холбогдох хэсэг нь давхцаж байна. Иймд “И-И” ХХК-ийн тус нэгж талбар дахь эрх хамгаалагдсан эрх мөн эсэхийг шалгах шаардлагатай.

Газрын тухай хуульд зааснаар газрыг зөвхөн хугацаа болзолтойгоор, гэрээний үндсэн дээр, зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэхээр заасан, мөн хуулийн 34 дүгээр зүйлд газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журмыг тодорхой зааж өгсөн. Газрын тухай хуулийн 34.2-т зааснаар үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан. Гэтэл “И-И” ХХК-ийн зүгээс захирамж гарснаас хойш 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээ хийлгээгүй, нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй учраас гэрээгээ мөн байгуулах боломжгүй, гэрээ байгуулах боломжгүй тул газрын гэрчилгээ авах боломжгүй, газрын гэрчилгээ авах боломжгүй тул эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд газар эзэмших эрхээ бүртгүүлэх боломжгүй юм. Дүгнэж хэлэхэд газар эзэмших эрх үүсээгүй. Газар эзэмших эрх үүсээгүй тул хуулиар хамгаалагдсан, хуулиар хамгаалбал зохих эрх биш юм.

Хэрэв Газрын тухай хуульд заасан үүргээ биелүүлээд явсан бол өнөөдрийн нөхцөл байдалд хүрэхгүй бөгөөд гуравдагч этгээдийн өөрийн буруутай үйл ажиллагаанаасаа болж газар эзэмших эрхээ олж аваагүй болно. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогддог. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шаардах эрхийн урьдчилсан нөхцөл бодит байдалд хангагдсан нөхцөл байдалтай байна.

Хоёрдугаарт, шаардах эрхийн урьдчилсан нөхцөл бодит байдалд хангагдсан ч захиргаа татгалзах эрхтэй бол тухайн татгалзал хууль ёсны эсэхийг тогтоох шалгуур нь захиргааны сонгох боломжийг зөв хэрэгжүүлсэн эсэхээр тодорхойлогдоно. Энэ тохиолдолд шүүхийн хяналт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д заасан “шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэснээр хязгаарлагдана.

Даалгах нэхэмжлэл нь 1) Захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр юм уу эс үйлдэхүй хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдсон, 2) Нэхэмжлэлээр шаардаж буй захиргааны акт гаргах хангалттай үндэслэл байгаа бол үндэслэлтэй гэж үздэг. Нэгэнт Газрын тухай хуулиар давхардуулан газар эзэмшүүлж болохгүй. “И-И” ХХК-ийн эрх хамгаалбал зохих эрх биш буюу газар эзэмших эрх үүсээгүй байх тул хариуцагч захиргааны байгууллага “И-И” ХХК-ийн захирамжийг хүчингүй болгох л сонголт байхаас бус хүчингүй болгохоос татгалзаж шийдвэрлэх сонгох боломж захиргаанд байхгүй юм. Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн шийдвэрлэхэд (нэхэмжлэлээр шаардаж буй захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгахад) эрх зүйн болон бодит нөхцөл байдал нь бүгд тодорхой байх шаардлагатай. Хэрэв нөхцөл байдал хангалттай тодорхой бол шүүхээс захиргааны байгууллагад нэхэмжлэгчийн гаргуулахыг зорьж буй актыг гаргахыг шууд даалгана.

Мөн манай тохиолдолд захиргааны сонгох боломж нь гагцхүү ганц л (хууль ёсны) шийдвэр гаргах боломжтой байдлаар хязгаарлагдаж байвал шүүх нэхэмжлэгчийн шаардаж буй тухайн актыг гаргахыг даалгаж шийдвэрлэх юм. Учир нь захиргааны байгууллагын хувьд сонгох боломж нь 0 болж хязгаарлагдаж байгаа билээ. Өөрөөр хэлбэл Ханбогд сумын Засаг даргад хандаж “И-И” ХХК-ийн захирамжийг хүчингүй болгуулах хүсэлт гаргасныг “татгалзаж шийдвэрлэх боломжгүй” буюу захиргааны байгууллагад байгаа сонгох боломж нь зөвхөн “И-И” ХХК-д холбогдох газар эзэмшүүлэх захирамжийг хүчингүй болгох л ганц хууль ёсны зөв шийдвэр гаргах боломжтой. Хэрэв “И-И” ХХК-д газар эзэмшүүлэх захирамжийг хүчингүй болгохоос татгалзаж шийдвэрлэсэн бол хариуцагчийн энэ татгалзал нь хууль бус болох бөгөөд шүүхээс шууд татгалзлыг хүчингүй болгож, даалгах шийдвэр гаргах урьдчилсан нөхцөл хангагдаж байна.

2.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасан аль шийдвэрийн төрлийг гаргуулахаар маргаж байгаа талаар манай компани Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасан “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус бөгөөд шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах” шийдвэрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан болно.

Дээр дурдсанчлан, Ханбогд сумын Засаг даргын 2018 оны А/74 дүгээр захирамжаа хүчингүй болгохоос татгалзаж шийдвэрлэсэн шийдвэр нь захиргааны байгууллагын хууль бус татгалзал бөгөөд энэ татгалзлын улмаас манай компанийн газар эзэмших эрх зөрчигдөх, газрын давхцал үүссэнээр нэг газар дээр 2 өөр субъект үйл ажиллагаа явуулж, эзэмшиж, ашиглаж болохоор нөхцөл бүрдэх, улмаар газар эзэмших эрхтэй холбоотой бусад эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох зэргээр манай компанийн эрх ашиг зөрчигдөж байгаа болно. Тухайлбал, Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх, барьцаалах зэрэг газрын тухай хуульд заасан газар эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүрээд байна.

Иймд Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 120/12024/0024 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, манай компанийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч “И т” ХХК-иас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргад холбогдуулан “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01/499 дүгээр албан бичгээр татгалзсан татгалзал нь хууль бус болохыг тогтоож, Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/74 дүгээр захирамжийн “И-И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг Ханбогд сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            2.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд “И-И” ХХК-иас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга, Ханбогд сумын Газрын даамалд тус тус холбогдуулан “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/225 дугаар захирамжийн “И т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “И и” ХХК-тай гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаа Ханбогд сумын Газрын даамлын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Ханбогд сумын Газрын даамалд даалгуулах” шаардлага бүхий бие даасан шаардлага гаргасан байна.

2.3. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, анх Өмнөговь аймгийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн а/644 дүгээр захирамжаар иргэн М.Ч-т тус аймгийн Ханбогд сумын ********** байрлах 15 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байх бөгөөд аймгийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн а/19 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг гуравдагч этгээд “И-И” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлжээ.

2.4. Үүний дараа Өмнөговь аймгийн Засаг даргаас 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1492 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийг зөрчиж газар эзэмшүүлсэн шийдвэр гаргасан гэсэн үндэслэлээр зургаан хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосны дотор “И-И” ХХК-ийн эзэмших эрх бүхий газар багтсан бөгөөд аймгийн Засаг дарга уг захирамжийн 3 дахь заалтаараа дээрх хуулийн этгээдүүдийн эзэмшиж байсан газруудыг сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д заасны дагуу шийдвэрлэхийг Ханбогд сумын Засаг даргад үүрэг болгосон байна.

2.5. Улмаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/74 дүгээр захирамжаар тус компанийн эзэмшиж байсан газрыг дахин 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн болох нь тогтоогдож буй энэ тохиолдолд “... А/74 дүгээр захирамжаар “И-И” ХХК-д “гаалийн хяналтын талбайн” зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр зөвтгөн шийдвэрлэсэн шийдвэрийг, уг хугацаанаас сүүлд буюу 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/225 дугаар захирамжаар давхцуулан газар эзэмших эрх олж авсан “И т” ХХК нь хүчингүй болгуулахаар шаардах эрхгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

2.6. Тодруулбал, нэхэмжлэгч “И т” ХХК-ийн хувьд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/225 дугаар захирамжаар тухайн байршилд газар эзэмших эрхтэй болсон болох нь тогтоогдож байна. Түүнчлэн гуравдагч этгээд “И-И” ХХК-иас “И т” ХХК-д холбогдуулан “Өмнөговь аймгийн Ханбогд сумын ******* багийн нутаг дэвсгэр *********** Ханбогд сумын Засаг даргын 2018 оны А/74 дүгээр захирамжаар эзэмшиж буй 100000 квадрат метр газар дээр “И т” ХХК-ийн явуулж буй үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, “И-И” ХХК-ийн эзэмшил газар дээр барьсан дээрх 8 төрлийн барилга байгууламж буулгахыг хариуцагчид даалгах, манай эзэмшил газрын хэсэг болох 98708,2 квадрат метр газрыг чөлөөлөхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд гаргасан байх бөгөөд тус шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 144/ШШ2022/00047 дугаар шийдвэрээр “... маргаан бүхий газрыг нэхэмжлэгч “И и” ХХК болон гуравдагч этгээд “И т” ХХК-д давхардуулан олгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар тогтоогдож байна, ... Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/225 дугаартай хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай захирамжаар “И т” ХХК-д газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн заалтыг зөрчиж олгогдсон байна, ... Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч “И и” ХХК нь хариуцагчийн хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаад, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 203/МА2022/00034 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад утга, найруулгын өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож буй энэ тохиолдолд гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч компаниас гаргасан хүсэлтэд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах талаар хариу өгсөн хариуцагчийг хууль бус эс үйлдэхүй эсхүл хууль бус татгалзал гаргасан гэж үзэхгүй.

2.7. Түүнчлэн гуравдагч этгээд “И и” ХХК-д газар эзэмшүүлсэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/74 дүгээр захирамжийн 2 дахь заалтаар газар эзэмшүүлэхтэй холбогдох баримт материалыг зохих журмын дагуу бүрдүүлэн эзэмшүүлэх газарт газар зохион байгуулалт хийж, эзэмшүүлэх гэрээ байгуулан гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэхийг Газрын харилцаа, барилга хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн /Ж.Н/-д даалгаж шийдвэрлэсэн байна.

2.8. Гэтэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын Газрын харилцаа, барилга хот байгуулалт хариуцсан мэргэжилтнээс гэрээ байгуулж, гэрчилгээ олгох үүргээ хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдож буй энэ тохиолдолд гуравдагч этгээдийг бие даасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй тул уг бие даасан шаардлагыг хүлээн авч ийнхүү шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

2.9. Нэгэнт эрх бүхий этгээдээс газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, гэрээ, байгуулж, гэрчилгээ олгохыг ийнхүү тус сумын Газрын харилцаа, барилга хот байгуулалт хариуцсан мэргэжилтэнд даалгаж шийдвэрлэсэн байхад үүнийг хэрэгжүүлж гуравдагч этгээдтэй гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй төдийгүй газрын мэдээллийн санд бүртгэлгүй орхигдуулсан, улмаар цаг хугацааны хувьд сүүлд буюу 2020 онд газар эзэмших хүсэлт гаргасан нэхэмжлэгч “И т” ХХК-д тухайн маргаан бүхий газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасантай нийцээгүй байна.

2.10. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрх хууль ёсоор үүсээгүй байгаа энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчим яригдахгүй. Гагцхүү хууль ёсоор үүссэн эрх хуулиар хамгаалагдах учиртай тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

2.11. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “... “И-И” ХХК-ийн хувьд газар эзэмших эрх үүссэн гэж үзвэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д заасан “шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй”, 40.1.5-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх газар эзэмших эрхийг дуусгавар болгох хэд хэдэн нөхцөл байдал үүссэн, ... “И-И” ХХК-ийн зүгээс захирамж гарснаас хойш 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй...” гэх гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

2.12. Учир нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.3-д “шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заажээ.

2.13. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан үндэслэлүүд тогтоогдсон тохиолдолд тухайн аймаг, сум, нийслэлийн Засаг дарга хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор зохицуулсан бөгөөд захиргааны сонгох боломжид хамаарах зохицуулалт тул шүүхээс захиргааны байгууллагын хуулиар олгосон эрхэд халдаж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дурдаж буй үндэслэлээр гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар аливаа дүгнэлт хийж, хүчингүй болгосон шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэх боломжгүй.

2.14. Учир нь шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д зааснаар шүүх нь захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласан эсэх талаар дүгнэж, хэргийг шийдвэрлэдэг.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУМАА

 

 

ШҮҮГЧ                                                            О.ОЮУНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН