Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/01357

 

 

Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/03348 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 435 дугаар магадлалтай,

 

Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Жавхлант хүлэг ХХК, Орхон буур ХХК нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 957,819,827 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянмөнхийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнх-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Жавхлант хүлэг ХХК нь Капитал банктай 2014.08.25-ны өдөр ЗГ/91 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 900,000,000 төгрөгийг, сарын 0.58 хувийн хүүтэй, жилийн 7 хувийн хүүтэй, үйлдвэрлэлтийг дэмжих 888 төслийн зориулалтаар 2019.08.25-ны өдрийг хүртэлх хугацаагаар зээлж авсан. Банк зээлийн гэрээний 3.9-т заасан зээлдэгчийн Капитал банкны 2012009700 тоот харилцах дансанд 2014.08.29-ний өдөр 700,000,000 төгрөг, 2014.10.31-ний өдөр 50,000,000 төгрөг, 2014.11.06-ны өдөр 150,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Зээлдэгч Жавхлант хүлэг ХХК нь Капитал банк ХХК-тай 2014.08.25-ны өдөр 91 дугаартай барьцааны гэрээ, 2014.12.17-ны өдөр 91-1 дугаартай нэмэлт барьцааны гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, УБТЗ-ын эмнэлгийн зүүн талд байршилтай, үйлчилгээний зориулалттай, 720 м.кв талбайтай, 2 давхар барилга, Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байршилтай, 2220 м.кв талбайтай, 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрыг барьцаалсан. Зээлдэгч нь зээлийг ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 55,997,176 төгрөг, зээлийн хүүнд 199,759,214 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 11,316,880 төгрөг төлсөн, одоо үндсэн зээлийн үлдэгдэл 844,002,823 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 104,873,259 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 8,923,744 төгрөг нийт 957,799,827 төгрөгийг, нотариатын зардал 20,000 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгийг дуудлагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шийдвэрт зааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Жавхлант хүлэг ХХК нь тухайн үеийн Засгийн газраас хэрэгжүүлж байсан үйлдвэржилтийг дэмжих 888 төслийн хүрээнд 2014.08.25-ны өдөр Капитал банк ХХК-тай зээлийн гэрээ байгуулан авсан 900,000,000 төгрөгийн зээлийн хөрөнгөөр полистрол хавтангийн үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авч суурилуулан, 2015 онд үйлдвэрийг бүрэн ашиглалтад оруулан үйлдвэрлэл явуулж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөгдөх явцад компаниас үл хамаарах шалтгаан нөхцөл, хүндрэлүүд бий болсон нь зээл төлөх үүрэг зөрчигдөхөд хүргэсэн. Үүнд: 2016 онд ипотекийн зээл олголт банкуудад зогсож үүнээс болж зээл олголт буурсан нь гол хүчин зүйл болсон, мөн ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг Хятад улсаас их хэмжээгээр нийлүүлсэн нь хүндрэл үүсэх шалтгаан болсон, эдгээр байдлаас болж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн борлогдохгүй болж, улмаар бүтээгдэхүүний үнэ ханш буурах, бартер хийх зэрэг үр ашиггүй байдал нь нөлөөлсөн. Хэргийн материалд байгаа зээлийн эргэн төлөлтийн хуваарь гэх нотлох баримтад бичигдсэн хүү, үндсэн зээлийн дүн эргэлзээтэй байна, банк нь зээлийн гэрээг үл харгалзан, гэрээнд тусгагдаагүй асуудлаар банкны өөрийн дотоод хүүгийн нөхцөлөөр тооцож данснаас нь мөнгө суутгасан, үүнийгээ дамжуулан зээлдэх гэрээнд заасны дагуу гэж бичгийн тайлбар өгсөн байдаг бөгөөд тухайн банкны бусад этгээдтэй байгуулсан гэрээ нь банк болон зээлдэгч тус компанийн хооронд байгуулсан гэрээний үүрэгт хамааралгүй байна. Компанид мэдэгдэж байгаагаар 17,381,862 төгрөгийг данснаас суутгасан тул гэрээний үүргийн бус энэхүү хасалтыг хүлээн зөвшөөрөхгүй, ийм байдлаар хугацаа хэтэрсэн өдрөөс хойших хугацааны зээлд бодогдох хүүг банк өөрийн эх үүсвэртэй төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүүгээр буюу жилийн 27.6 хувиар тооцож суутгасан эсэх талаарх баримтуудыг банкнаас гаргуулж хэргийг шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/03348 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Жавхлант хүлэг ХХК-аас 957,819,827 /есөн зуун тавин долоон сая найман зуун арван есөн мянга найман зуун хорин долоон/ төгрөгийг гаргуулан Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Жавхлант хүлэг ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцаа хөрөнгө болох хариуцагч Орхон буур ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, УБТЗ-ын эмнэлгийн зүүн талд байршилтай, үйлчилгээний зориулалттай, 720 мкв талбай бүхий хоёр давхар барилга болон Орхон буур ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байршилтай, нэгж талбарын 168011/0012, 18640310436496 дугаартай, 2220 мкв талбайтай газрыг хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид Жавхлант хүлэг ХХК-аас 4,947,049 /дөрвөн сая есөн зуун дөчин долоон мянга дөчин есөн/ төгрөгийг, Орхон буур ХХК-аас 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг тус тус гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 435 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/03348 дугаар шийдвэрийн удиртгал хэсгийн 115.2.1 гэснийг 115.2.2 гэж, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан Жавхлант хүлэг ХХК-аас 940,437,965 төгрөг гаргуулж, Капитал банк ХХК дахь эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,381,862 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтын 4,947,049 гэснийг 4,860,140 гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 346,063 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянмөнх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хариуцагч Жавхлант хүлэг ХХК эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дүгээр зүйлийн 172.2-д заасны дагуу гомдол гаргаж байна.

Нэг. Шүүх маргааны үйл баримт, хэрэгт авагдсан баримтад үндэслэхгүйгээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хариуцагчийн гомдлыг үгүйсгэсэн нь үндэслэлгүй болох тухайд: Давж заалдах шатны шүүх магадлалдаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...татан буулгах тушаал гарснаас хойших зээлийн гэрээний хувьд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэмж тооцогдох үндэслэлгүй тухайн хугацаагаар зогсох ёстой... гэх гомдол үндэслэлгүй гэж дүгнэсэн ба ингэхдээ Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар Монгол банкны зүгээс банкийг татан буулгаж эрх хүлээн авагч томилсноор Эрх хүлээн авагч нь 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлж ...зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож нэхэмжлэл гаргасан байх тул шүүх Банкны тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна гэж дүгнэсэн нь, мөн Банкны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-т заасан нь гомдолд хамаарахгүй гэж гомдол гаргагчийн гомдолдоо дурдаагүй асуудлаар илт үндэслэлгүй дүгнэлтүүд хийсэн нь, мөн Банкийг албадан татан буулгах тухай тушаал хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь банкийг албадан татан буулгасан гэдэг боловч энэ талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүйгээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Хяналтын журмаар гаргаж буй Гомдлын хууль зүйн үндэслэл нь:

1.1. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д Монголбанк нь дараах үндэслэлээр банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж. банкны эрх хүлээн авагч томилно: 68.1.1. энэ хуульд заасан албадлагын арга хэмжээний хүрээнд банк байгуулах тусгай зөвшөөрлийг цуцалсан; 68.1.2. банкинд энэ хуульд заасан бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ хэрэгжүүлэх боломжгүй тухай Монголбанкны шийдвэр гарсан. гэсэн дээр заасан энэ 2 үндэслэлүүдээр татан буулгах боломжтой байх бөгөөд Капитал банкийг татан буулгасан талаар Тушаал хэрэгт авагдаагүй, энэ нь маргааныг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт гаргуулахыг шүүх хангаагүй ба тус банкийг татан буулгахдаа Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1.1-д заасан энэ үндэслэлээр татан буулгаж, тухайн банкны ...тусгай зөвшөөрлийг цуцалсан тохиолдолд тухайн татан буулгасан тэр өдрөөр энэ банкны уг тусгай зөвшөөрлийн хүрээнд явуулж байсан үйл ажиллагаанууд болох зээл, хадгаламжийн үйл ажиллагаа дуусгавар болно. Үүнтэй холбоотойгоор мөн тухайн банкнаас бусад этгээдтэй байгуулсан өөрөөр хэлвэл харилцагч, хадгаламж эзэмшигч, зээлдэгчтэй байгуулагдсан гэрээнүүдийн үйлчлэл мөн тухайн өдрөөр дуусгавар болж зогсоно. Ийм ч учраас татан буугдсан банкны харилцагч, хадгаламж эзэмшигч нарт байршуулсан, хадгалуулсан мөнгөн хөрөнгийг нь буцаан олгохдоо хадгаламжийн хүүг тооцож олгодоггүй тул тэдгээр харилцагч хадгаламж эзэмшигч хадгаламжийн хүү шаардаж нэхдэггүй. Учир нь банкинд хадгаламж авах, зээл олгох эрхийг олгосон энэ тусгай зөвшөөрлийн хүрээнд хадгаламжийн хүү бодон олгож, зээлдэгчид зээл олгоод зээлийн хүүг зээлдэгчээс тооцож авах эрх үүсдэг ба энэ тусгай зөвшөөрөл цуцлагдсанаар уг хадгаламж, зээлийн хүүгийн үйл ажиллагаа зогсох болно.

1.2. Банкны эрх хүлээн авагч нь банк татан буугдаж, томилогдсоноороо юу хийх, хэрэгжүүлэх нь мөн Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-д заасан Банкны эрх хүлээн авагч нь банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байх бөгөөд банкны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулж, нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах, орлогыг хуваарилах чиг үүрэгтэй байна гэсэн энэ чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд энэ тохиолдолд (i) татан буугдсан банкны цуцлагдсан тэр тусгай зөвшөөрлийн дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү бодогдох боломжгүй, хууль зөрчигдөх болно, (ii) хуульд Банкны эрх хүлээн авагчийн чиг үүргийг ийнхүү тодорхой заасан байгаагаар түүнд ямар нэг тусгай зөвшөөрөлгүйгээр татан буугдсан энэ хугацаанаас хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож авах ийм эрх байхгүй, боломжгүй тул хуульд заагаагүй эрх эдэлж болохгүй болно, иймээс давж заалдах шатны шүүх маргаан бүхий гомдлыг нотлох баримтгүйгээр, улмаар хуулийг буруу тайлбарлаж, буруу хэрэглэж шийдвэрлэсэн нь хууль бус үндэслэлгүй байна.

Хоёр. Шүүх талуудын мэтгэлцэн буй асуудлаар хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн гүйцэд. үнэн зөв үнэлж дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Хариуцагч тус компани нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч мэтгэлцсэн ба үүнд нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дуусаагүй байхад зээлдэгчийн харилцах данснаас нэмэгдүүлсэн хүүг суутган авч байсан нь хууль зөрчиж байгаа тул ийнхүү суутган авсан нэмэгдүүлсэн хүүг зээлээс хасуулж тооцуулахаар мэтгэлцсэн, мөн гэрээний хугацаа дуусаагүй байхад төлөөгүй нэмэгдүүлсэн хүү гэж нэхэмжлэлийн шаардлагаар хамт шаардсан нь тус тус хууль бус үндэслэлгүй гэж мэтгэлцсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалдаа: Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д заасныг дурдаж, талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 4.2.5-д ...нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ, ...гэрээний үүргээ биелүүлэх хугацааг гэрээний 3.4 болон гэрээний хавсралт 1-д зааснаар тохирсон байх бөгөөд нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй талаарх шүүхийн дүгнэлт зөв болно гэсэн үнэлэлт, дүгнэлтийг өгч хэргийг шийдвэрлэсэн нь нотлох баримтыг зөв үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Хяналтын журмаар гаргаж буй гомдлын хууль зүйн үндэслэл нь:

2.1. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж заасан ба хууль тогтоогч хуулийн энэхүү зүйл заалтаар ...гэрээнд заасан хугацаанд... гэж тодотгож заасан нь гэрээнд зээлийг авсан болон мөн зээлийн гэрээний дуусах нэг хугацаа буюу шүүхийн магадлалдаа дурдсан байгаа гэрээний 3.4 дэх заалтад заасан энэ ерөнхий хугацааг хэлнэ, харин гэрээний Хавсралт 1-д заасан гэдэг нь гэрээний хугацаа биш зээл төлөх хуваарь болно. Хуулийн энэ зохицуулалтын талаар Монгол улсын дээд шүүхийн 2006.12.21-ний өдрийн 53 дугаар тогтоолд Энэ зүйлийн 452.2-т үндсэн хүү гэж ... нэмэгдүүлсэн хүү гэж зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг хэлэх бөгөөд үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэдгийг зээлдэгч нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй байгаа зээлд ногдох үндсэн хүүгийн хорин хувиас хэтрүүлэхгүй нэмэгдүүлсэн хүү тооцож төлнө гэж ойлгоно гэсэн байгаа бөгөөд энд хариуцлагын хэлбэрийг хэлнэ гэсэн байгаагаараа тухайн хариуцлага нь гэрээний хугацаа дууссанаас хойш яригдах асуудал болно. Энэ агуулгаараа хууль шүүхийн практикт хэрэглэгдэж ирсэн байгаа нь тус тус анхан шатны шүүхийн шийдвэр, түүнд Давж заалдах шатны шүүхээс өгсөн шүүхийн үнэлэлт дүгнэлт нь илт үндэслэлгүй болохыг нотолж, шүүх ийнхүү хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх учир шүүхийн шийдвэр, магадлал буруу байгааг зөвтгөх үндэслэл болно.

2.2. Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээ, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар тохиролцсон... гэдгийг тодорхойлж, мөн үнэлж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд Гэрээ түүний зүйл заалт нь хуульд нийцсэн байх ёстой, гэтэл гэрээний дээр дурдаж буй зүйл заалтын хувьд хэрвээ хуулийг зөрчсөн бол хууль зөрчсөн гэрээний энэхүү зүйл заалт нь тэр хэсгээрээ хүчингүй болох ба харин шүүхийн энэ талаарх дүгнэлт нь өөрөө Зээлийн гэрээний тухайн зүйл заалтын агуулгыг буруу тайлбарлаж хэрэг маргааныг шийдвэрлэсэн байна. Дээрх байдлаар нэмэгдүүлсэн хүүнд гэж төлүүлсэн байгаа 11,316,880.75 төгрөгийг зээлээс хасуулан тооцуулах, мөн төлөгдөөгүй нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл гэж нэхэмжлэлийн шаардлагаар шаардсан 8,923,744.37 төгрөгийг төлөх үүрэггүй болохыг тогтоож, зөвтгөн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Капитал банк ХХК нь хариуцагч Жавхлант хүлэг ХХК, Орхон буур ХХК-д холбогдуулан үндсэн зээл 844,002,823 төгрөг, зээлийн хүү 104,873,259 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,923,744 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг, нийт 957,819,827 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлага гаргасныг хариуцагч ..компаниас үл хамаарах шалтгаанаас зээл төлөх үүрэг зөрчигдсөн, зээлийн дансанд байсан мөнгийг Капитал банк суутгаж авснаа зээлээс хасаагүй, гэрээний хугацаа дуусаагүй байхад нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас 957,819,827 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, үүргээ сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгийг худалдаж үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж нэхэмжлэлээс 17,381,862 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээсэн байна.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

1. 2014.08.25-ны өдөр Капитал банк ХХК болон Жавхлант хүлэг ХХК-ийн хооронд зээлийн гэрээ, уг зээлийн гэрээний үүргийг хангуулахаар Капитал банк ХХК болон Жавхлант хүлэг ХХК, Орхон буур ХХК-ийн хооронд барьцааны гэрээ, 2014.12.17-ны өдөр барьцааны нэмэлт гэрээ тус тус байгуулагдсан ба эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдалд хоёр шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлт хийжээ.

 

Зээлийн гэрээгээр Жавхлант хүлэг ХХК нь Үйлдвэржилтийг дэмжих 888 төслийн зээл зориулалтаар нийт 900,000,000 төгрөгийг, жилийн 7 хувийн хүүтэй /сарын 0.58 хувь/ 5 жилийн хугацаатай зээлж, эхний жил сар тутам үндсэн зээлийн зохих хувийг, 2 дахь жилээс сар бүр зээлийн хүүг төлөхөөс гадна зээлээс хэсэгчлэн төлөх, зээлийг хугацаандаа төлөөгүй бол үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ бөгөөд зээлийн гэрээний үүргийг хангуулахаар талууд Орхон буур ХХК-ийн өмчлөлийн 720 м.кв талбай бүхий хоёр давхар үйлчилгээний барилга, 2220 м.кв талбайтай газар эзэмших эрхийг барьцаалсан байна.

 

Зохигч зээлийн болон барьцааны гэрээг бичгийн хэлбэрээр байгуулж, барьцааны эрхийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангажээ.

 

Капитал банк ХХК нь зээлийн мөнгийг хариуцагчийн дансанд шилжүүлж гэрээний үүргээ гүйцэтгэсэн, хариуцагч нь гэрээний хугацаанд үндсэн зээл 55,997,176 төгрөг, зээлийн хүү 199,759,214 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 11,316,880 төгрөг төлсөн боловч гэрээний хугацаа дуусгавар болсон 2019.08.25-ны өдөр гэхэд зээл, хүүг бүрэн төлж дуусгах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь тогтоогдсон тул гэрээний үүргийг биелүүлэхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нь хариуцагчийн харилцах данснаас 17,381,862 төгрөгийг суутгасан атлаа зээлийн төлбөрөөс хасч тооцоогүйд дүгнэлт хийгээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж залруулжээ.

 

2. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д зааснаар Монгол банк нь Капитал банк ХХК-ийг татан буулгах шийдвэр гаргаж, эрх хүлээн авагчийг томилсон, тухайн эрх хүлээн авагч мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т заасан эрх, үүргийн хүрээнд нэхэмжлэл гаргасан ба зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гэрээний хугацаа дуусч шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр тооцсон нь Банкны тухай хууль болон Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг зөрчөөгүй байна. Дээр дурдсанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн банк татан буугдсан өдрөөс хойш зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй тухай гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

3. Гэрээний хугацаа дуусаагүй байхад нэмэгдүүлсэн хүү суутган авсан нь хууль зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно.

 

Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээнд гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа, гүйцэтгэх үүргийн талаар 2.4-т зээлийн гэрээний ерөнхий хугацаа гэж энэ гэрээний 3.4-д заасан зээл ашиглах хугацааг, 2.5-д зээлийн гэрээний хэсэгчилсэн хугацаа гэж энэ гэрээний хавсралт 1-д заасан зээл, зээлийн хүүгийн төлбөрийн хуваарийн дагуу хэсэгчилсэн төлбөр гүйцэтгэхээр тохиролцсон хугацааг, 2.3-д нэмэгдүүлсэн хүү гэж ...зээлийн ерөнхий болон хэсэгчилсэн хугацаанд тухайн сард төлөөгүй мөн зээлийн ерөнхий болон хэсэгчилсэн хугацааг зөрчсөн тохиолдолд гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлд ногдох үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлж тооцохоор гэрээнд заасан хүүг тус тус ойлгоно, 2.6-д зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь биелүүлээгүй гэж гэрээний ерөнхий болон хэсэгчилсэн хугацааг хэтрүүлсэн байхыг хэлнэ гэж тус тус заасан байна.

 

Гэрээний дээрх нэмэгдүүлсэн хүү төлөх талуудын тохиролцоо Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг зөрчсөн агуулгагүй бөгөөд гэрээний хэсэгчилсэн хугацаанд үүргээ биелүүлээгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөхөөр талууд гэрээгээр тухайлан тохиролцсон, тухайн хугацаанд үндсэн зээлийн зохих хэсэг, зээлийн хүүг сар тутам төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул хугацаа хэтрүүлсний хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

Иймд зээлийн гэрээний ерөнхий хугацаа буюу 5 жил өнгөрснөөс хойш нэмэгдүүлсэн хүү тооцно гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзэв.

 

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 435 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянмөнхийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.03.24-ний өдөр төлсөн 259,153.12 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Х.СОНИНБАЯР

 

Х.ЭРДЭНЭСУВД