Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2019/ДШМ/1147

 

Н.Цд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сүхчлуун,

шүүгдэгч Н.Ц, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 994 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Цгийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлоор Н.Цд холбогдох 1908019731098 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Нийн Ц, 1973 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Төв аймагт төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Хүнс трейд 6а байрны 9 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            Н.Ц нь 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Л.Баас “дүү Л.Төмөрбаатар, Л.Ганбаатар нарыг нь Солонгос улсад ажиллуулах виз гаргаж өгнө” гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 5.000.000 төгрөгийг залилж авсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Н.Цгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийг бусдыг хуурч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан шүүгдэгч Н.Цд мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Цд тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа газарт мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүгдэгч Н.Цд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Ц нь хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Н.Цгийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Хохирогчоос ямар нэгэн гомдол саналгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй байна. Анхан шатны шүүх хуралдаанд миний үйлчлүүлэгч Н.Цд оногдуулах Эрүүгийн хариуцлагын талаар торгох ялын доод хэмжээгээр оногдуулахаар өмгөөлөгчийн зүгээс гаргасан саналын үндэслэлийг хүлээн авч шийдвэрлээгүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж дүгнэж байна.

            Учир нь, шүүгдэгч Н.Ц нь “Арвижих Орчлон” ХЗХ-ны захирал ажилтай, сард 800.000 төгрөгийн цалинтай болох нотлох баримт хавтас хэргийн материалд байхад түүнийг шүүхээс үнэлэлгүйгээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заасныг зөрчсөн байна. Иймд миний үйлчлүүлэгч Н.Цд шүүхийн тогтоолоор оногдуулсан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.” гэсэн заалтад өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцүүлэн шүүгдэгч Н.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Н.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

            Прокурор М.Сүхчлуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Н.Цгийн үйлдсэн гэмт хэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэжээ. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Н.Ц нь 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Л.Баас “дүү Л.Төмөрбаатар, Л.Ганбаатар нарыг нь Солонгос улсад ажиллуулах виз гаргаж өгнө” гэж итгүүлэн хуурч 5.000.000 төгрөгийг залилж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Л.Бын “...Би 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн данснаас Нямрагчаа гээд Цгийн нөхрийн данс руу 5.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд мөнгөө өгчихөөд хариу ирэхгүй 2-3 сар болсон ба ... Ц руу залгаж асуухад “одоо хэд хоногийн дараа гарна” гэх зэргээр хэд хэдэн удаа хойшлуулсан. ...Тэгээд аргаа бараад 2019 оны 4 дүгээр сарын эхээр Н.Ц руу залгасан чинь “виз бүтэхгүй байна” гэж хэлэхээр нь “мөнгөө авъя” гэж хэлсэн чинь мөнгийг маань өгөхгүй байсан. ...” /хх 11-12/,

гэрч С.Лхамсүрэнгийн “...Н.Ц манай хүүхдэд “нэг хүнийг 3 жилийн хугацаатай 5.000.000 төгрөгөөр гаргаж өгнө.” гэж хэлсэн байсан. Тэгээд манай том хүү Л.Б нь дүү нар болох Л.Төмөрбаатар, Л.Ганбаатар нарын виз гаргахад урьдчилгаа гэж 5.000.000 төгрөгийг цалингийн зээл авч өгсөн. ...Н.Ц одоо болтол Солонгос улс руу гаргаж өгөөгүй, “мөнгөө буцааж авъя” гэхээр өгдөггүй, “хүрээд ир” гэж дуудахаар өөрөө байдаггүй, утсаар холбогдохоор “одоо мөнгөө буцааж хийх гээд банкин дээр зогсож байна. ...” гэх зэргээр худал хэлсээр өнөөдрийг хүрсэн. ...” /хх 14/,

гэрч С.Чулуунбатын “...Би Н.Цгаас 2018 оны 9 дүгээр сарын 20-ны үед Н.Цгийн дүү Батбаатар, Цогтбаяр гэдэг хоёр хүний материалыг авч байсан. ...Би Цгаас Л.Төмөрбаатар, Ганбаатар нарын материалыг Солонгос улс руу виз гаргаж өгнө гэж авч байгаагүй. ...Би виз гаргаж өгнө гэж хүнээс мөнгө авч байгаагүй. ...” /хх 60-61/,

гэрч Л.Төмөрбаатарын “...Би Солонгос явж, ажил хийх талаар ярьсан чинь виз гаргадаг хүн байна гээд, Баянжаргалаар дамжуулан Цтай танилцсан. Тэгээд Цтай уулзахад “10.000.000 төгрөг өгчих, 2 хүн гаргаж өгч чадна” гэж хэлсэн. Манай ах Б урьдчилгаанд нь 5.000.000 төгрөгийг өөрийнхөө дансаар, өөрийнхөө мөнгийг миний өмнөөс шилжүүлж өгсөн. Түүнээс хойш мөнгөө буцааж авч чадаагүй. Солонгос улс руу гараагүй. ...” /хх 64/,

шүүгдэгч Н.Цгийн “...Би хохирогч Баас 5.000.000 төгрөгийг хамтран амьдрагч Нямрагчаагийн 5007656572 дугаартай дансаар 2 удаагийн үйлдлээр авсан. Би хохирлоо барагдуулсан. ...” /хх 65-66/ гэх мэдүүлгүүд, Хаан банкны дансны хуулга /хх 48/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Н.Цг “залилах” гэмт хэргийг бусдыг хуурч үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Н.Цгийн “залилах” гэмт хэргийг бусдыг хуурч үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Н.Ц нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон хохирогч Л.Бын “...Миний хохирол бүрэн барагдсан. Надад одоо нэхэмжлэх зүйлгүй. ...” /хх 11-12/ гэх мэдүүлэг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь хуульд нийцсэн байна гэж үзлээ. 

Шүүгдэгч Н.Цгийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг “...Шүүхийн тогтоолын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. ...” гэсэн заалтад өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцүүлэн шүүгдэгч Н.Цд мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү. ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Н.Цгийн өмгөөлөгч торгох ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага оногдуулах агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан хэдий ч шүүгдэгч Н.Цгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, хохирол төлбөр төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хөндөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Шүүгдэгч Н.Цгийн залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, хохирол төлбөр төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Цд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж заасныг журамласан нь хууль зөрчөөгүй боловч илүү нарийвчилсан зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Долдугаар бүлэгт “Тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” асуудлыг хуульчлан зохицуулсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасныг журамлах нь агуулгын хувьд болон хууль хэрэглээний хувьд зохимжтой байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад хуулийн заалтыг бичээгүй орхигдуулсан байх тул “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай” гэсэн нэмэлт өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөчрлөлт оруулж, шүүгдэгч Н.Цгийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Прокурор яллах дүгнэлтдээ “бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж” гэсэн шинжийг заасан байх бөгөөд шүүх хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийхдээ Н.Цгийн үйлдэлд уг шинж байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүй орхигдуулсан хэрнээ тогтоох хэсэгтээ зөвхөн “хуурч” гэсэн шинжээр гэм буруутайд тооцсон байна. Цаашид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн үйл баримт, гэмт хэргийн шинж бүрт дүгнэлт өгч, шийдвэрлэж байх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 994 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг баримтлан шүүгдэгч Н.Цд мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.”  гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Цгийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                                       Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ