Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/01044

 

 Д.Доржлхамын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/02835 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2063 дугаар магадлалтай,

Д.Доржлхамын нэхэмжлэлтэй,

Нарны хүү сарны охин ХХК-д холбогдох 

23,460,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Доржлхам, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2018.10.03-ны өдөр хариуцагч Нарны хүү сарны охин ХХК-тай орон сууц захиалах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт барихаар төлөвлөсөн Амар амгалан 2 хотхоны 2 дугаар байранд 31 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг захиалсан ба 1 м.кв талбайн үнийг 1,500,000 төгрөг, нийт 46,920,000 төгрөгөөр авахаар тохирсон. Урьдчилгаа төлбөрт 23,460,000 төгрөгийг хариуцагч компанийн Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн дансанд төлсөн ба 2019.09.25-ны өдөр хүлээлгэн өгнө гэсэн. Гэтэл намайг үүнээс хойш 6 сарын дараа буюу 2019 оны 4 дүгээр сард 88108286, 22101586, 88100526 тоот утсаар борлуулагч нартай нь холбогдож барилгын ажлын талаар асуухад хэвийн явагдаж байна гэсэн. Гэвч би орон сууцыг ямар шатандаа явж байгааг шалгахаар анх захиалга авсан газарт очиход тус компани нүүсэн байсан. Үүний дараа 2019 оны 6 дугаар сард Д.Гүрсоронзон захиралтай уулзахад тэрээр барилга барих ажиллагаа түр зогссон, та Амар амгалан 2 хотхоны 2-1 дүгээр байр руу гэрээгээ шилжүүлж болно гэсний дагуу гэрээгээ шилжүүлэх гэтэл уг компани олдоогүй. Одоо надад 2021 оны 1 дүгээр улиралд ашиглалтад орох байр хэрэггүй, энэ байрыг барьж эхлээгүй тул урьдчилгаа 23,460,000 төгрөгийг буцаан авна, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нь манай компанийн барьж буй Амар амгалан 2 хотхонд захиалга өгсөн бөгөөд уг төсөл зогсоогүй, ажил хэвийн явагдаж байгаа ч хугацаа алдсан талаар маргахгүй. Учир нь бид нараас бус өөр хөндлөнгийн хүчин зүйлээс болсон. Тодруулбал, Чингис хаан банк ХХК нь хууль бусаар манай компанийн санхүүжилтийг татсанаас барилгыг хугацаандаа хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхэд хүндрэл учирсан. Гэвч тус банканд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Амар амгалан 2-2 төслийн ажлыг 2020 оны 3 дугаар сараас эхлүүлнэ. Бид эхний ээлжинд гэрээгээ цуцлах хүсэлтэй захиалагч нартай хугацаа тогтоон эвлэрч байна. Хэрэв санхүүжилт орж ирэх юм бол эдгээр хүмүүст мөнгийг нь тэр даруй буцаан өгнө. Уг нэхэмжлэлийн шаардлагын хувьд гэрээг цуцалж байгаагаа тодорхой бичээгүй. Хариуцагч тал урьдчилгаа төлбөрт 23,460,000 төгрөгийг хүлээн авсан талаар маргахгүй ч нэн даруй төлөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/02835 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Нарны хүү сарны охин ХХК-аас 23,460,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Доржлхамд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,250 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 275,250 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2063 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/02835 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.09-ний өдрийн 2063 тоот магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах гомдлыг гаргаж байна. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжпэгч Д.Доржлхам хариуцагч Нарны хүү сарны охин ХХК-ийн хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээг цуцлах талаар нэхэмжлэгч шаардлага гаргаагүй байхад анхан шатны шүүх гэрээг цуцалж нэхэмжлэгчид 23,460,000 төгрөгийг олгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх ёстой бөгөөд нэхэмжлэгч гэрээ цуцлах, хүчингүй болгох талаар шаардлага гаргаагүй байхад шүүх цуцалж шийдвэрлэсэн, мөн гэрээг цуцлах шаардлага гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж давж заалдах журмаар гомдол гаргасан ч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тул давж заалдах шатны шүүхийн 2019.12.09-ний өдрийн 2063 тоот магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Доржлхам нь хариуцагч Нарны хүү сарны охин ХХК-д холбогдуулан 23,460,000.00 төгрөг гаргуулах шаардлага гаргасан, хариуцагч нь ...ажил хэвийн үргэлжлэхэд хөндлөнгийн хүчин зүйлээс болсон, ...урьдчилгаанд авсан мөнгийг нэн даруй төлөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээснийг хариуцагч эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргасан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Д.Доржлхам нь 2018.10.03-ны өдөр Нарны хүү сарны охин ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдах Амар амгалан 2 орон сууцны хотхоны 2 дугаар байр, 1 дүгээр орц, 205 тоот хаягт 31.28 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг бариулахаар тохирч, урьдчилгаанд 23,460,000 төгрөгийг төлсөн, хариуцагч орон сууцыг 2019.09.25-ны өдөр барьж гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр тохирчээ.

  Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд гүйцэтгэгч гэрээний зүйл буюу гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх нь энэ гэрээний үндсэн шинж болдог.

Анхан шатны шүүх хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцсэн байна.

Гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх нь гүйцэтгэгчийн үүрэг бөгөөд үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх нь үүргийн эрх зүйн үндсэн зарчим юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4.-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар ...орон сууцыг тохирсон хугацаанд хүлээлгэж өгөөгүй гэсэн нэхэмжлэгчээс шаардлагынхаа үндэслэлийг тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх нөхцөлийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2.-т заасан боловч хариуцагч нь үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй шалтгаан, хугацааг хэтрүүлэхэд хүргэх болсон хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан талаар баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасныг зөрчөөгүй.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1.-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан.

Өөрөөр хэлбэл, талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосноор үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч компанид үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа өгөөгүй байна.

Талуудын гэрээгээр тохиролцсон 31.28 м.кв талбайтай 1 өрөө орон сууц нь гэрээ байгуулагдмагц бий болох ажлын үр дүн бус, харин бодитоор бий болгоход урт хугацаа шаардаж байх тул энэ төрлийн гэрээнээс татгалзах харилцааг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд тухайлан зохицуулсан бөгөөд хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5.-д Гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлана. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ гэжээ.

Иймээс гэрээний урьдчилгаанд төлсөн 23,460,000.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн байна.

Иймээс ...нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/02835 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2063 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 275,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД