Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2021/0839

 

 

 

 

 

2021 12 08 0839

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А

Гуравдагч этгээд: И ХХК

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, түүний өмгөөлөгч Э.М нарын хоорондын Д аймаг дахь Чгийн аймаг дундын отрын бүс нутагт И ХХК-д MV-****92 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн *** тоот шийдвэрийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, түүний өмгөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Д аймаг дахь Чгийн аймаг дундын отрын бүс нутагт И ХХК-д MV-****92 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн *** тоот шийдвэрийг хүчингүй болгуулах гэж тодруулжээ.

2. Засгийн газрын 2009 оны 100 дугаар тогтоолоор Д аймгийн Ч сумын нутаг дэвсгэрт 124.4 мянган га газрыг аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар тусгай хэрэгцээнд авч хилийн заагийг баталж, Аймаг дундын отрын бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын захиргаа нь Засгийн газрын 2007 оны 187 тоот тогтоолын дагуу байгуулагдаж, аймаг дундын отрын бэлчээр зохицуулах үндсэн чиг үүргийг улсын хэмжээнд хэрэгжүүлэн ажилладаг гэж,

3. Анх 2019 онд тус шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэгт оролцож байгаад Чгийн аймаг дундын отрын бүс нутагт Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн *** тоот шийдвэрээр И ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гомдол гаргаж, Ашигт малтмал, газрын тосны газраас 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1/649 тоот албан бичгээр хариу хүргүүлж, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

4. Х нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг буюу Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн *** тоот шийдвэрийг хүчингүй болгуулах гэж маргаж буй хууль зүйн болон бодит үндэслэлээ:

1/ Засгийн газрын 2009 оны Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай 100 дугаар тогтоолыг 2010 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Ашигт малтмалын газарт хүргүүлж, уг тогтоолоор батлагдсан отрын бүсийн талбайг зураг зүйн бүртгэлд 2010 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр шинээр бүртгэж авсан атлаа Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн *** тоот шийдвэрээр И ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж,

2/ Аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авч зөвхөн өвөл, хаврын улиралд мал оторлуулах зорилготой учир ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагаанд нөлөөлөхгүй, газруудын байршил нь өөр хоорондоо давхцаж байгаа нь ямар нэгэн хүндрэл бэрхшээл учруулахгүй гэх санал дүгнэлтээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн бөгөөд харин тухайн газрын тусгай хэрэгцээнд авсны дараа ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон хариуцагчийн үйлдэл хууль зөрчсөн гэж,

3. Аймаг дундын отрын бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг тус захиргаа нь Засгийн газрын 2007 оны 187 тоот тогтоолын дагуу үндсэн чиг үүргийнхээ хүрээнд улсын хэмжээнд нийт оторчид, малчдын эрх ашиг сонирхлыг хамгаалдаг бөгөөд Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн *** тоот шийдвэрийн улмаас энэхүү чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болоод байна гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэж буй татгалзал тайлбартаа:

1/ Анх Д аймгийн Чгийн нутаг Улаан толгой нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын XR-***536 тоот тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2003 оны 974 дүгээр шийдвэрээр иргэн Э.Од олгосон, Ашигт малтмалын хайгуулын ***** дугаартай тусгай зөвшөөрлийг 2007 оны 2023 дугаар шийдвэрээр И ХХК-д шилжүүлсэн байна гэж,

2/ И ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дээрээ онцгой эрхийнхээ дагуу 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасныг хянан үзэж 2012 оны *** дүгээр шийдвэрээр MV-****92 тоот ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг олгосон гэж,

3/. Засгийн газрын 2009 оны 100 дугаар тогтоолоор Д аймгийн нутаг дэвсгэрт 124.4 мянган га газрыг отрын бэлчээрийн зориулалтаар тусгай хэрэгцээнд авсныг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн системд 2012 оны 3 дугаар сарын 26-ны өдөр бүртгэсэн, дээрх тусгай хэрэгцээний газартай И ХХК-ийн MV-****92 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай бүхэлдээ хамрагдсан байна гэж,

4/ Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасны дагуу И ХХК-ийн хувьд хүчин төгөлдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг нь тусгай хэрэгцээнд авснаар нөхөх олговрыг нэг жилийн дотор төлөөгүй бол үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй гэжээ.

6. Гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалан гаргасан тайлбартаа:

1/ Засгийн газрын 2009 оны 100 дугаар тогтоолоор аймаг дундын отрын зориулалтаар тусгай хэрэгцээнд авсаг хилийн заагаар И ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай бүхэлдээ орсон бол хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт өмнө нь олгосон талбайтай давхцуулан олгосон нь Ашигт малтмалын тухай хуулийг бүхэлд нь зөрчиж, тусгай зөвшөөрөл эзэмшигч И ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан байна гэж,

2/ Ашигт малтмалын тухай хуулийн 14.4, 14.5-д зааснаар хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буюу хэсэгчилэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлөхөөр, хэрэв энэ хугацанд төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй тул И ХХК үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой бөгөөд үүнд захиргааны байгууллага саад болох эрхгүй гэжээ.

7. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.М нэмэлт тайлбартаа:

1/ Маргаан бүхий газрыг 2009 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 100 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан бөгөөд хуулийн дагуу тусгай хэрэгцээнд авах хугацаа нь 5 жилээс доошгүй байна. 2009 оны 100 тогтоол 2014 онд тусгай хэрэгцээнд байх хугацаа дууссан, Засгийн газраас И ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авсан бол тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй нөхөн олговрын талаар харилцан тохиролцох ажиллагаа хийх байсан гэж,

2/ Бусдын газрыг авах гэж байгаа бол мэдэгдэж харилцан тохиролцох ажиллагааг хийгээгүй. Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д нөхөн олговрыг энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан хугацаанд хийгээгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй гэж заасан байдаг, 2007-2012 оны хооронд уурхайд хийсэн хайгуулын ажлын зардал нь 37.031.000.000 төгрөгийг гаргасан байна. Энэ нь компанийн хувьд үйл ажиллагаагаа явуулж байгаа, асар их хэмжээний мөнгийг зарцуулсан гэж,

3/ Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэхэд энэ газар нь урт нэртэй хууль хамрагдаагүй гэх материал ирүүлсэн. Тусгай зөвшөөрлийн лиценз нь ямар нэгэн асуудал байхгүй. Уг компани нь хуулийн дагуу зөвшөөрлөө эзэмшиж байгаа гэж,

4/ Засгийн газраас тогтоол гаргахдаа хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй, компанийн хувьд нөхөн олговор олгоогүй учир хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсаны дагуу лицензийг хүчингүй болгож болохгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

8. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

9. Нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас Д аймаг дахь Ч сумын нутаг дахь аймаг дундын отрын бүс нутагт И ХХК-д ашигт малтмалын ашиглалтын MV-****92 дугаар тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн *** дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ ...Засгийн газрын 2009 оны 100 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан газар нутагт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь манай байгууллагад хуулиар олгогдсон аймаг дундын отрын бэлчээрийг зохицуулах чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж, хариуцагчаас ... Засгийн газрын 100 дугаар тогтоолоор аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай хэдий ч, хайгуулын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байсан тул нөхөн олговор олгох харилцаа үүсээгүй тул ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох үндэслэлтэй гэж маргажээ.

10. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, анх Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 974 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ***** тоот тусгай зөвшөөрлийг иргэн Э.Од олгосон, мөн  2007 онд бүхэлд нь И ХХК-д шилжүүлж, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн *** дүгээр тушаалаар MV-****92 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэсэн, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

11. Түүнчлэн, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Засгийн газрын тогтоолын төслийг 2009 онд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн, уг саналд Д аймгийн Ч сумын нутаг дэвсгэрт 124.4 мянган га газрыг аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар тусгай хэрэгцээнд авахаар тусгасан, тухайн үед уг 124.4 мянган га газарт И ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ***** дугаартай тусгай зөвшөөрөл болон өөр бусад аж ахуйн нэгжийн нийт 6 тусгай зөвшөөрлийн талбай бүрэн болон хэсэгчлэн давхцалтай байсан, газрыг тусгай хэрэгцээнд авахтай холбоотой Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нөхөх олговрын асуудлаар урьдчилж шийдвэрлэх, үүний дараа газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлэхээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2009 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ХЭГ/22 дугаар албан бичгээр буцаасан, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайд нараас дээрх тогтоолын төслийг дахин боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн, ...аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авч зөвхөн өвөл хаврын улиралд мал оторлуулах зорилготой учир ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагаанд нөлөөлөхгүй, ... газруудын байршил нь өөр хоорондоо давхцаж байгаа нь ямар нэгэн хүндрэл бэрхшээл учруулахгүй гэх санал дүгнэлтээр Засгийн газрын 2009 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, 100 дугаар тогтоолоор Д аймгийн Ч сумын нутаг дэвсгэрт 124.4 мянган га газрыг аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан нь хэрэгт авагдсан Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2008 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн А/891, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2009 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ХЭГ/22, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан 2009 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/486, 1/472, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 7-884, 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 6-3529, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн х/894 дүгээр албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

12. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-д тусгай хэрэгцээний газар гэж ... эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газар-ыг ойлгохоор, 26 дугаар зүйлийн 26.3.4-т ... ашиглалтын тусгай зөвшөөрөл авах  хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан талбайн аль нэг хэсэгтэй давхацсан бол ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, шалтгаан үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, энэ тухай өргөдөл бүртгэх дэвтэрт тэмдэглэх-ээр заасан, И ХХК-ийн эзэмшлийн хайгуулын дугаар тусгай зөвшөөрлийн 4509.44 га талбай бүхэлдээ Засгийн газрын 2009 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 100 дугаар тогтоолоор аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан газартай давхацсан, энэ тохиолдолд Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн /тухайн үеийн хуучин нэрээр/ даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн *** дүгээр шийдвэрээр И ХХК-нд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.

13. Өөрөөр хэлбэл Д аймгийн Ч сумын нутаг дэвсгэрт 124.4 мянган га газрыг аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар тусгай хэрэгцээнд авахаар тусгасан, тухайн үед уг 124.4 мянган га газарт Инхө ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ***** дугаартай тусгай зөвшөөрөл давхцалтай байсан, газрыг тусгай хэрэгцээнд авахтай холбоотой Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нөхөн олговрын асуудлаар урьдчилаж шийдвэрлэх, үүний дараа газрын улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлэхээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2009 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ХЭГ/22 дугаар албан бичгээр буцааж,  ...аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авч зөвхөн өвөл, хаврын улиралд мал оторлуулах зорилготой учир ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагаанд нөлөөлөхгүй, ...газруудын байршил нь өөр хоорондоо давхцаж байгаа нь ямар нэгэн хүндрэл бэрхшээл учруулахгүй гэх санал дүгнэлтээр Засгийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд, 100 дугаар тогтоолоор Д аймгийн Ч сумын нутаг дэвсгэрт 124.4 мянган га газрыг аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан байх ба нэхэмжлэгч компани Засгийн газрын дээрх тогтоолтой маргаагүй, нөхөн олговор авах тухай хүсэлтээ гаргаагүй байна.

14. Гуравдагч этгээдээс 2012 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст гаргасан Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд хариуцагчаас зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолтоос үзвэл түүний ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн 4509.44 га талбай нь отрын бэлчээрийн тусгай хэрэгцээний газартай 4509.44 га талбайгаар давхцалтай, уг тусгай хэрэгцээний газар нь Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн зураг зүйн бүртгэлд 2012 онд бүртгэгдсэн байна гэж тэмдэглэгдэж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

15. Хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.4-д  ... ашиглалтын тусгай зөвшөөрөл авах  хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан талбайн аль нэг хэсэгтэй давхацсан бол ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, шалтгаан үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, энэ тухай өргөдөл бүртгэх дэвтэрт тэмдэглэх-ээр заасныг зөрчсөн байна.

16. Аймаг дундын отрын бэлчээрийн захиргаанаас 2010 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 43 дугаартай албан бичгээр Засгийн газрын тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан бүс нутгийн байршлыг координатаар Ашигт малтмалын газарт хүргүүлсэн байх бөгөөд Ашигт малтмалын газрын 2010 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 6-3117 дугаартай ...Засгийн газрын 2009 оны 100 дугаар тогтоолоор батлагдсан отрын бүсийн талбайг Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн зураг зүйн бүртгэлд 2010 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр шинээр бүртгэн авсан гэсэн албан бичгийг Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд хүргүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан 2010 оны 43, 2010 оны 6-3117 дугаартай албан бичгүүдээр тогтоогдож байна.

17. Хариуцагч болон гуравдагч этгээд нар Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө, 14.6-д нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.3-т ...хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах эрхтэй, 24 дүгээр зүйлийн 24.1-д хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй гэж тус тус зааснаас үзвэл хуулиар тогтоосон журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хөрөнгийн эрх нь Ашигт малтмалын тухай хуулиар тусгайлан хамгаалагдсан гэж маргаж байгаа боловч өнөөдрийг хүртэл энэ талаар маргаан үүсээгүй болохыг дурдах нь зүйтэй.

18. Нэхэмжлэгчийн хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д нэхэмжлэл гэж ... хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.4-д захиргааны байгууллагаас гаргах ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн гэсэн шаардлагын хүрээнд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд маргаж буй шийдвэр нь түүний хэрэгжүүлдэг үйл ажиллагаанд хамааралтай байхыг шаарддаг.

19. Засгийн газрын 2007 оны Отрын бэлчээрийн ашиглалтыг сайжруулах зарим арга хэмжээний тухай 187 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээний газарт авсан аймаг дундын отрын бэлчээрийг зохистой ашиглах хамгаалах бэлчээр ашиглалтын захиргааг Хүнс, хөдөө аж ахуйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулан 2007 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс ажиллуулахаар болж, 2007 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр үндсэн эрхлэх ажлын чиглэл нь аймаг дундын отрын бэлчээр зохицуулахаар улсын бүртгэлийн гэрчилгээ авчээ.

20. Дээрх баримтуудаас үзвэл Аймаг дундын отрын бэлчээрийн захиргааны нь Тусгай хэрэгцээний газарт авсан аймаг дундын отрын бэлчээрийг зохистой ашиглах үндсэн чиг үүрэгтэй байх бөгөөд Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн *** тоот шийдвэр нь хуулиар эрх олгогдсон захиргааны байгууллагын чиг үүргээ хэрэгжүүлэх эрхийг хязгаарласан байна.

21. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас Ашигт малтмал, газрын тосны газрын даргад 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаартай албан бичгээр Чгийн улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт И ХХК-д олгосон MV-****92 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуульд нийцүүлэн хүчингүй болгон хамтран ажиллахыг хүссэн байх бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газраас 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1/649 дугаартай албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нөхөн олговрын асуудлыг олгох хуулийн зохицуулалтыг дурдаж хариу хүргүүлсэн байх бөгөөд үүний дараа хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.

22. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн *** тоот шийдвэрийг хүчингүй болгох зүйтэй гэж үзлээ.

23. Энэхүү шийдвэрээр гуравдагч этгээдийн нөхөн олговор-ын асуудлаар маргах эрхийг хязгаарлахгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 10.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13, 26 дугаар зүйлийн 26.3.4 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн И ХХК-д Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай *** дүгээр шийдвэрийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Х нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

    ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ