Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2019/ДШМ/1128

 

Б.Мэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ө,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жаргалсайхан, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

шүүгдэгч Б.Мэ, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 980 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Мэ, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа, Б.Эрдэнэбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жаргалсайхан, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Мэд холбогдох 1903003440289 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Бийн Мэ, 1987 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, уламжлалын эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 14 хороо, 12 дугаар байрны 96 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            Б.Мэ нь 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 12 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг орох замын мөнгө хураадаг товчооны постоос Эмээлт орох замд “Тоёота Приус 20” загварын 40-58 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж заасныг зөрчсөний улмаас “Тоёота Ландкрузер 100” загварын 81-11 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас “Тоёота Ландкрузер 100” загварын 81-11 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь онхолдож, улмаар уг машинд зорчиж явсан зорчигч О.Н, О.Б нарын эрүүл мэндэд хүнд, зорчигч Э.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулж, зорчигч Б.Зын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: Б.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Мийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж, 1 хүний амь нас хохироосон, 2 хүний эрүүл мэндэд хүнд, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мэд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мэд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Мэ урьдчилан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Мийн жолоочийн В ангиллын 1174210 дугаартай үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жаргалсайханы “Сэтгэл санааны хохиролд 70.000.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч О.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ө нарын “Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаар нотлох баримтаа бүрдүүлэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ө, хохирогч О.Б, Э.Б нар нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жаргалсайхан оршуулгын зардалтай холбоотой нотлох баримтаа шаардлага хангуулан тус тус иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүүхэд Тэмүүжингийн Х /РД:ЩЖ14281364/, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүүхэд Мийн Э /РД:УП19212840/ нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Мийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх нь анх удаа хөнгөн, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан, 8 сартай төрөлхийн зүрхний ховдол цоорхой төрсөн өвчтэй хүүхэдтэй, ганц бие, 2 хүүхдийнхээ хамт амьдардаг, эмэгтэй Б.Мэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан ба шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгөөгүйд гомдолтой байна. Хойшлуулж өгөөгүй байдлаа “Шударга ёсны зарчимд нийцнэ” гэж дүгнэжээ. Харин хойшлуулсан бол Олон улсын хүний эрхийн конвенц, Хүүхдийн эрхийн конвенц, Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах хууль, Гэр бүлийн тухай хууль, Иргэний хуульд заасан “...Хүүхэд эрүүл мэнд өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, хүчирхийллээс ангид байх, хүүхдийг хувцас, хоол хүнс, орон байр, ахуйн хэрэгслэлээр санаатай гачигдахгүй, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсээр хангагдах, хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, хүүхэд төрөөс эмнэлгийн тусламж авах, тэтгэвэр тэтгэмж, асрамж, халамж хүртэх, хүүхэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, дархлаажуулалт болон эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдах, ...” гэсэн зарчимд нийцнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг шүүх хуралдаанаар хэлэлцэж тогтоогоогүй атлаа шүүх хуралдаан хаасны дараа өмгөөлөгч миний “хүүхдүүдийнх нь асран хамгаалагчийг тогтоосонгүй” гэж асууснаар нэмж тогтоосон байна. Асран хамгаалагчаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргыг тогтоосон нь буруу, дээр дурдсан хүүхдийн эрх зөрчигдөнө гэж үзнэ. “Тоёота Ландкрузер 100” загварын 81-11 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Мандахбаяр Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйл /тээврийн хэрэгслийн хурд/-ийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж, 13 дугаар зүйлд /гүйцэж түрүүлэх ба гүйцэх/-ийн 13.1-т “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.” гэж, 13.2-т “Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно:” в/ “урд яваа тээврийн хэрэгсэл зүүн гар тийш дохио өгч байгаа үед” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзнэ. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

            Шүүгдэгч Б.Мэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 1 хүний амь насыг хохироож, 2 хүний биед хүнд, 1 хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш ихээр харамсан шаналж байна. Би талийгаачийн тал болон гэмтэл авсан хохирогч нар дээр байнга очиж, эргэж тойрч чадаагүй. Учир нь, аваад очих таван төгрөггүй, миний амьдралын боломж тааруу, багаасаа өнчирсөн, бага охин М.Э дутуу төрөөд 14 хоногтойдоо хатгаа авч, Эх нялхсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үедээ бүрэн оношилгоонд ороход “Зүрхний ховдол цоорхой, түнхний дутуу хөгжил болон өндгөвчиндөө 1 см хэмжээтэй уйланхайтай” гэж оношлогдож, 1-ээс 4 сар хүртлээ дунд чихний хурц үрэвсэлт өвчнөөр өвдөж, байнгын эмчийн хяналтад явж байсан. Намайг жирэмсэн болсон үеэс эхлэн нөхөр маань өөр эмэгтэйтэй явалдаж, гэртээ ирэхээ больж, миний сэтгэл санаа тогтворгүй, амьдрахад бэрх өдрүүдийг туулж явсан. Өөрийн чадал, боломжоороо талийгаачийн талд тусалж, хохирогч нарын хохирол төлбөрийг барагдуулахын тулд мөнгө хайн, сэтгэл санаа түгшүүртэй, хүнд өдрүүдийг хоёр нялх үрсийнхээ төлөө шүд зуун тэвчиж өдийг хүрлээ. Анхан шатны шүүх хуралд өөрийнхөө үнэн байдлыг яаж илэрхийлэх ухаанаа олохгүй, ядаж хүүхдийнхээ өвчтэй тухай баримтыг гаргаад өгч мэдэхгүй орсноор өнөөдөр ийм нөхцөл байдал бий болсонд харамсаж байна. Миний хоёр охиныг бодож, ял шийтгэлийг хойшлуулж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Мийн өмгөөлөгч Г.Нарантуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Мэ нь өөрийн буруутай байдлаас болж эрдэнэт хүний амь нас хохирч, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсандаа маш ихээр харамсан, гэмшиж байгаагаа илэрхийлж, хэрэгт цугларсан хохирлын баримтын хэмжээгээр хохирлыг төлж барагдуулсан. Б.Мэ нь бага насандаа эцэг, эхээсээ өнчирсөн. Хүний их эмчийн мэргэжил эзэмшсэн ч одоогоор бага насны, өвчтэй хүүхэдтэй учраас ажил хийх боломжгүй, 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төрсөн 5 настай охин Тэмүүжингийн Х /хх 2-7/, 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн 8 сартай Мийн Э /хх 2-8/ нарын хамт өрх толгойлон амьдардаг. Бага охин нь төрснөөс хойш хүүхдүүдийн эцэгтэй таарамж муутай байсан ба тэрээр өөр хүнтэй хамтран амьдарч, тэднийг орхиж явсан гэдэг. Бага охин Мийн Э нь одоо 8 сартай, төрөлхийн зүрхний ховдол цоорхой, Эх нялхасын эмнэлэгт эмчийн хяналтад байдаг. Мийн хувьд савандаа том хэмжээний ургацагтай, шийтгэх тогтоол гарсан 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хорих 409 ангиас 461 дүгээр ангийн эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэсэн. Одоо доошоо цус алдалж, хүнд байдалтай байгаа. Хэдийгээр үйлчлүүлэгчийн хувийн байдлын талаар ингэж тодотгон ярих нь амь хохирогчийн тал болон бусад хохирогч нарын өмнө зохимжгүй ч 5 настай, 8 сартай хоёр охины эрх ашиг хөндөгдөж байгааг ойлгохыг хохирогч нар болон шүүх бүрэлдэхүүнээс хүсье.

            Иймд төрсөн цагаасаа байнгын эмнэлгээр явж хүн болох гэж ядаж байгаа бяцхан охиныг, эр нөхөртөө хаягдан хоёр охиноо хүн болгох гэж яваа, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг барагдуулсан эмэгтэйд төр нэг удаа боломж олгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулан өгч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жаргалсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Мэ нь миний төрсөн дүү, цэл залуу 29 настай, ид хийж бүтээх, ажиллаж, амьдрах насан дээрээ явж байсан дүүгийн минь амь насыг хөнөөчихөөд хоёрхон жилийн хорих ял шүүхээс оногдуулсанд маш их гомдолтой байна. Миний дүү эхээс дөрвүүлээ бөгөөд айлын бага хүүхэд байсан. Бага байхын сэргэлэн цовоо, тусч хүүхэд байсан. Багаасаа сагсан бөмбөг, гар бөмбөг, теннисээр хичээллэн, хот, дүүргийн аварга болж, 10 жилээ онц дүнтэй төгсөж байсан. Анги хамт олон найз нөхөддөө манлайлагч, үлгэрлэн дагуулагч байсан. Аав, ээж, ах, эгчийн хамгийн хайртай дүү, анд найз нартаа хүний дээд анд найз байсан. Миний дүү осол болохоос өмнө Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаад эх орондоо ирээд удаагүй байсан. Эх орондоо ирээд Их сургууль төгсөж, ажилд орж, амжилттай ажиллаж байсан. Эхнэр, хүүхэдтэй болоогүй, үр удмаа үлдээж чадалгүй энэ хорвоог орхисонд манай гэр бүлийн зүгээс, ээж, аав, ах, эгч, дүү нар нь одоо ч гэсэн итгэж чадахгүй харамсаж, шаналж байна. Дүүгээ ийм осолд орж нас барна гэж нэг ч удаа бодож зүүдэлж явсангүй. Одоо дүү минь байхгүй болж, дахиж хийсэн үйлдэл, дуу хоолойг нь сонсохгүй гэхээр манай гэр бүлийн амьдрал там болон хувирч, хэзээ ч эдгэрэхээргүй сэтгэлийн асар их шарх, шаналал зовуурыг бий болгосон. Бид дахиж хэзээ ч дүүгээ харахгүй, бид дахиж хэзээ ч дүүгийнхээ дyy хоолой, яриаг нь сонсохгүй. Гэтэл шүүхээс хүний алтан амь, аав, ээжийн хайртай хүү, ах, эгчийн хайртай дүү гэмт хэргийн улмаас хохирч, амь насаа алдсан байхад 2 жилийн хорих ял оногдуулж байгаа нь хэр шударга шийдвэр вэ, хэр үнэнд ойр шийдвэр вэ. Бид нар дүүгийнхээ амийг хоёрхон жилээр үнэлэхгүй. Шүүгдэгч Б.Мийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас авахуулаад мэдүүлэг өгөхдөө өөрийгөө өмөөрч, би буруугүй, би осол хийгээгүй гэж маргаж ирсэн. Бид нараас хүн ёсоор уучлалт гуйгаагүй. Бид нарт оршуулгын төлбөрийг сайн дураар нөхөн төлөөгүй. Дүүг минь өнгөрөөд 5 cap болчихоод байхад төлөөгүй. Зөвхөн шүүх дээр, шүүхээр тогтоосон дутуу хохирол төлбөрийг хагас дутуу өгсөн. Шүүхээс 6.826.418 төгрөгийн оршуулгын зардал гарсан гэж үзсэн нь үндэслэлгүй. Хүний амь хохирчихоод байхад үүнээс илүү зардал гарна. Бид нар зөвхөн баримтын хүрээнд гаргаж өгсөн. Зарим баримтаа гаргаж өгөөгүй. Хүн нас барчихаад байхад баримт цуглуулаад яваад байна гэж байхгүй. Бид нар зөвхөн байгаа баримтаа гаргаж өгсөн. Ийм тохиолдолд хүний сэтгэл, хүн чанар хэрэгтэй байдаг. Энэ байдлаас үзэхэд энэ хүний хувийн байдал, хийсэн хэрэгтээ ямар дүгнэлт хийж байгаа нь харагдана. Түүнчлэн, жолооч Мандахбаяр нь тухайн үед бүрэн бус тээврийн хэрэгсэл ашиглаж хөдөлгөөнд оролцсоноос болж уг осол гарсан гэж үзэж байна. Учир нь, шинжээчийн дүгнэлтээр дугуйны наклад элэгдсэн гэж гарсан бөгөөд энэ нь хурд хасах, тормос гишгэх үйлдэл, зогсох үйлдлийг удаашруулдаг. Мөн тухайн үед Мандахбаярын машин осолд орох үед ослын дэр нь задраагүй. Өмнө нь осолд орж байсан машиныг унаж тухайн хэрэг гарсан. Мандахбаярын хувьд тухайн үед хурд хэтрүүлж явсан байхыг үгүйсгэхгүй бөгөөд найз, нөхөд нь хурд хэтрүүлэн явдаг талаар хэлж байсан. Энэ осол болоход Мандахбаярын буруутай үйлдэл байгаа гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд шүүгдэгч Б.Мэд оногдуулсан хорих ял хэтэрхий хөнгөдсөн, оршуулгын зардал болон буяны ажлын зардлыг зөв тооцож гаргаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан гэж үзэж байгаа тул шүүгдэгч Б.Мэд хуульд заасан хамгийн дээд хэмжээг оногдуулж, хохирол төлбөрийг бүрэн зөв тооцон гаргаж өгнө үү. ...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жаргалсайханы өмгөөлөгч О.Баярбаясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Жаргалсайханы оршуулгын зардал болон буяны ажилтай холбоотой хохиролд 6.826.418 төгрөгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэн хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн зарим хохиролтой холбоотой баримтуудыг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж дүгнэсэн боловч хавтас хэргийн хэддүгээр хуудсанд авагдсан, хэдэн төгрөгийн ямар баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй талаар үндэслэлээ тогтоолд заагаагүй байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5-д “...Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэл...” гэж заасныг тогтоолд дурдах хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Нэгдүгээр хавтас хэргийн 189-өөс 201 дүгээр хуудсанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Жаргалсайханаас гаргаж өгсөн талийгаачийн оршуулга болон буяны ажилтай холбоотой баримтууд авагдсан. Өмгөөлөгчийн зүгээс нотлох баримтын шаардлага хангасан 8.611.708 төгрөгийн баримт хавтас хэргийн 189-өөс 199 дүгээр талд авагдсан гэж үзэж байгаа бөгөөд үүнийг хохирол тус бүрт нь тооцож үзвэл, нэгдүгээр хавтас хэргийн 189 дүгээр хуудсанд Гандан тэгчлэн хийдэд ном айлтгуулах 3000, 15.500 төгрөг, 20.000 төгрөг, 2.000 төгрөгийн баримт, жимс жимсгэнэ, хүмүүсийн буяны ажилд 12.700 төгрөгийн баримт, сүү 27.000 төгрөгийн баримт, шатахууны зардалд 71.000 төгрөгийн баримт, 189 дүгээр хуудасны ар талд авагдсан буяны үйлчилгээ 1.500.000 төгрөг, 3.000 төгрөгийн баримт, “Оргил яармаг” супермаркетаас хүмүүсийн буяны ажилд авсан 1.160.000 төгрөгийн баримт, 190 дүгээр хуудсанд 9.000 төгрөг, 10.000 төгрөгийн баримт, 190 дүгээр хуудасны ар талд 61.350 төгрөгийн баримт, 33.000 төгрөгийн баримт, 191 дүгээр хуудсанд 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр ааруул, сүү авсан 26.200 төгрөг, 103.500 төгрөгийн баримт, 191 дүгээр хуудасны ар талд Дэлгэрхангай 52 зах зулын тос, 108 зул, аяга, арвайн гурил 159.500 төгрөгийн баримт, “Яармаг” худалдааны төв 12.600 төгрөгийн баримт, 192 дугаар хуудсанд “Яармаг” худалдааны төв 8.500 төгрөг, “Яармаг” худалдааны төв 73.300 төгрөгийн баримт, 192 дугаар хуудасны ард буяны ажилд 72.000 төгрөг,18.000 төгрөгийн баримт, 193 дугаар хуудсанд 37.500 төгрөгийн баримт, 52 дугаар хуудсанд будаа, элсэн чихэр 12.700 төгрөгийн баримт, 193 дугааp хуудасны ард “Яармаг” худалдааны төв 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр лапша гоймон, ногоо, шар будаа 40.100 төгрөгийн баримт, 112.600 төгрөгийн баримт, 194 дүгээр хуудсанд сүү 13.500, ааруул 15.000 төгрөг, 194 дүгээр хуудасны ар талд, буяны ажилд чихэр, хүнсний бээлий, байцаа 52.180 төгрөгийн баримт, буяны ажилд 600.000 төгрөгийн баримт, 195 дугаар хуудсанд “Яармаг” худалдааны төв 91.650 төгрөг, 6.700 төгрөгийн баримт, сахар, тос, 17.050 төгрөг, 195 дугаар хуудасны ар талд буяны ажилд жимс, өргөст хэмх 56.700 төгрөг, “Сансар худалдааны төв” 244,353 төгрөгийн баримт, 924.200 төгрөг, шатахуун 20.000 төгрөгийн баримт, 196 дугаар хуудсанд “Оргил хүнс” 113.250 төгрөг, 3.000 төгрөгийн баримт, “Сансар худалдааны төв” 21.720 төгрөг, шатахуун, 72.800 төгрөг, 6.000 төгрөг, буяны ажилд лаа, чүдэнз, сальфитка 600.000 төгрөгийн баримт, 4.705 төгрөгийн баримт, 196 дугаар хуудасны ард 24.400 төгрөгийн баримт, “Сансар худалдааны төв” 18.470 төгрөгийн баримт, дугуй булант ногоон цай 7.200 төгрөг, “Сансар худалдааны төв” 21.920 төгрөгийн баримт, 197 дугаар хуудсанд Гандан тэгчлэн хийд 1000 төгрөгийн баримт, 17.500 төгрөгийн баримт, 620 төгрөгийн баримт, 197 дугаар хуудасны ард 33.400 төгрөгийн баримт, 10.000 төгрөг, 20.000 төгрөгийн баримт, 198 дугаар хуудсанд 50.000 төгрөгийн баримт, 12.700 төгрөг, 7.140 төгрөг, Гандан тэгчлэн хийд 500 төгрөг, 199 дүгээр хуудсанд буяны ажилд чүдэнз, сальфитка, вакус, лаа 1.920.000 төгрөгийн баримтууд нотлох баримтын шаардлага хангасан. Уг баримтуудыг тооцож үзвэл, нийт 7.611.708 төгрөгийн баримт байдаг. Анхан шатны шүүхээс 6.826.418 төгрөгийн баримтыг тооцож, шүүгдэгчээс гаргуулсан бөгөөд үлдэгдэл 1.785.290 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гаргуулж өгнө үү. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүгдэгч Мийн хууль бус үйлдлийн улмаас 1 хүний амь нас хохирч, 2 хүн хүнд гэмтэл авч, нэг хүн хүндэвтэр гэмтэл авсан. Амь хохирогч З нь 29 настай, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр үхэлд хүргэх архаг хууч өвчин байхгүй байсан. Мөн шүүгдэгч Мэ хийсэн гэмт хэрэгтээ дүгнэлт өгөлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн оршуулгын зардал болон буяны ажлын төлбөрийг сайн дураар нөхөн төлж барагдуулаагүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр хохирлын тооцоог шүүхээс гаргуулсны дараа завсарлага авч төлж барагдуулсан. Амь хохирогчийн ар гэрээс уучлалт гуйгаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон байна. Гэтэл шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцээгүй, оногдуулсан ял нь хөнгөдсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ө тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би эхээс хоёулаа. Миний дүү ажил хийж, ээж болон гэр бүлээ асран хамгаалдаг байсан. Хэрэг болох үед эхнэр нь жирэмсэн байсан. Төрөөд удаагүй байгаа тул ажил хийх боломжгүй. Дүү минь хүний асрамжид байдаг болсон бөгөөд нэг нүд нь сохрох магадлалтай байна. Сэхээн амьдруулах тасагт 28 хоног ухаангүй байсан. Миний дүү болон дүүгийн минь ар гэрийн байдал маш хэцүү байна. М.Мандахбаярыг энэ гэмт хэрэгт буруутай байж болзошгүй гэж үзэж байна. Осол болсны дараа М.Мандахбаяраар драйгер үлээлгээгүй. Гэтэл М.Мандахбаярыг 2 шил “Хараа” нэртэй архи уусан гэх мэдээллийг би олж авсан. Тухайн үед би Япон улсад байсан бөгөөд хэрэг болсны дараа Монгол улсад ирж хэргийн газарт очиж үзэхэд зам дээр тоормос гишгэсэн хар мөр нь арилаагүй байсан. Нүдээр харахад хурд хэтрүүлсэн гэх ойлголт төрсөн. Мөн 7 хоногийн дараа дахин очиход хар мөр арилаагүй байсан. Хэргийг дахин хэлэлцүүлэх хүсэлтэй байна. Миний хувьд маш их гомдолтой байна. Б.Мэ дүүг минь эмнэлэгт болон гэртээ байхад ч эргэж тойрч байгаагүй. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөдсөн гэж үзэж байна. ...” гэв.

            Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтас хэрэгт авагдсан ослын газрын бүдүүвч зураг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд зам тээврийн осол нь 4 эгнээ, 2 урсгалтай зам дээр болсон. М.Мандахбаяр жолоочтой тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байгаад, аюул саадыг бий болохыг харсан даруйдаа тоормос гишгэсэн ул мөр байгаа. Тоормос гишгэхтэй нь зэрэгцээд Б.Мэ жолоочтой тээврийн хэрэгсэл хажуу талаас нь мөргөх үед Б.Мандахбаярын тоормос гишгэсэн мөр чиглэлээ өөрчилж, хажуу тийш болсон байдаг. Энэ нь тасралтгүй үргэлжилсэн мөр биш бөгөөд мөргөлтийн хүчээр чиг нь өөрчлөгдсөн. Хөндлөнгийн хүчин зүйлийн үйлчлэлээр чиг нь өөрчлөгдсөн тоормосны мөрнөөс М.Мандахбаяр жолоочтой тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Согтуу байсан эсэх талаар анхан шатны шүүх хуралдаанаар энэ асуудал огт яригдаагүй. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал яригдаж байгаад жолооч аюул саад болох үед зогсоох арга хэмжээ авсан гэх нөхцөл байдал тогтоогдсон тул М.Мандахбаярын үйлдлийг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Ял хойшлуулах асуудлын хувьд хүний амь нас хохирсон, хохирогч нарт хүнд, хүндэвтэр гэмтлүүд учирсан байдлыг анхаарах ёстой. Анхан шатны шүүх энэрэнгүй ёсны зарчмыг баримталсан. Шүүхийг хатуу ширүүн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.      

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Б.Мэ нь 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 12 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг орох замын мөнгө хураадаг товчооны постоос Эмээлт орох замд “Тоёота Приус 20” загварын 40-58 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж заасныг зөрчсөний улмаас “Тоёота Ландкрузер 100” загварын 81-11 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас “Тоёота Ландкрузер 100” загварын 81-11 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь онхолдож, улмаар зорчиж явсан зорчигч О.Н, О.Б нарын эрүүл мэндэд хүнд, зорчигч Э.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулж, зорчигч Б.Зын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хууль ёсны төлөөлөгч Б.Жаргалсайханы “...Ажлын хүмүүстэйгээ хамт явж байгаад зам тээврийн осолд орсон. ...Манай талийгаач дүү ажил хийж, ээж, аав хоёрын амьжиргааг залгуулж амьдардаг байсан ба цэл залуугаараа, хийж бүтээх насандаа амь насаараа хохирсонд гомдолтой байна. ...” /1хх 38-39/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Өы “... Би О.Нн төрсөн ах нь байна. ...Ажлын хүмүүстэйгээ хамт явж байгаад зам тээврийн осолд орсон. ...Одоо хэвтрийн байдалтай, ухаангүй, өөрийгөө илэрхийлэх чадваргүй, юм ярьж чадахгүй байгаа. ...” /1хх 48-49/,

хохирогч О.Бын: “...2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр ... Мандахбаяр “Тоёота Ландкрузер 100” загварын машинтай ирээд “хот руу ажил гарчихлаа” гээд Гэрэлт-Од, Б, Н, талийгаач З, бид нар Мандахбаярын машинд суугаад Эмээлтээс хот орохоор хөдөлсөн. ...Би машин дотор унтаад явж байтал машин тоормослох чимээ гараад ... би сэрээд хартал манай машины урдуур нэг цагаан өнгийн “Тоёота Приус 20” загварын автомашин хөндлөн ташуу ороод ирсэн. ...Нэг мэдсэн чинь Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан. ... “ /1хх 41-42/,

хохирогч Э.Бын “...2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр ... Манхдахбаяр, талийгаачийн хамт “Тоёота Ландкрузер 100” загварын машинтай ирээд “хот руу ажил гарчихлаа” гээд ... бид дөрвийг машиндаа суулгаад Эмээлтээс хот орохоор хөдөлсөн. ...Гэнэт манай машин зүүн гар тал руу жолоогоо дарахад нь юу болов гээд хартал манай машины урдуур цагаан өнгийн “Тоёота Приус 20” загварын автомашин хөндлөн орж ирж байгаа харагдсан. Нэг мэдсэн чинь машинаас гарчихсан зам дээр хэвтэж байсан ба түргэн тусламж ирээд намайг аваад явсан. Миний нурууны 1 дүгээр үеийн сэртэн хугарсан, толгойд цус хуралттай байсан. ...” /1хх 52-53/,

иргэний нэхэмжлэгч М.Мандахбаярын “...2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр ... 12 цагийн үед Улаанбаатар хот руу орохоор хөдөлсөн. ...Ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй 2 дугаар эгнээнд явж байтал замын урд талаас цагаан “Тоёота Приус 20” загварын машин шороон замаас төв зам руу орж ирэх гээд шороон зам дээр зогсож байсан. ...Миний машинаас 20 орчим метрийн зайтай шороон замаас төв замын 1 дүгээр эгнээ рүү орж ирснээ буцаж эргэх гэж байгаа юм шиг урдуур хөндлөн дараад ороод ирсэн. Би тэр машиныг миний урдуур хөндлөн ороод ирэхээр тоормослоод, зүүн гар тал руугаа зайлуулж дараад “Тоёота Приус 20” загварын автомашиныг мөргөөд онхолдсон. ...” /1хх 56, 60-61/,

гэрч Б.Гэрэлт-Одын “...Бид нар ойролцоогоор 12 цаг өнгөрч байхад Эмээлтээс хөдлөөд Улаанбаатар орох чиглэлийн замаар 2 дугаар эгнээгээр явж байтал Мандахбаяр орилохоор нь юу болов гээд хартал 1 дүгээр эгнээнээс нэг цагаан өнгийн “Тоёота Приус 20” загварын машин буцаж эргэж байгаа бололтой манай машины урдуур автомашины зүүн урд дугуйны орчимд мөргөөд, манай машин тэнцвэр алдаад, миний сууж байсан талаар налаад, машин хазайгаад, онхолдоод, өнхрөөд явчихсан. ...Машинаас шидэгдэж унасан Н, Б нар ухаангүй хэвтэж байсан ба Б доошоо харсан байдалтай, ухаантай хэвтэж байсан. ... “ /1хх 68-69/,

гэрч Г.Мягмаржавын “... 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр ... 12 цагийн өнгөрч байх үед ... манаачийн байрны урдуур нэг цагаан өнгийн “Тоёота Приус 20” загварын автомашин төв зам руу орох гэж байгаа бололтой хойшоо явж өнгөрсөн. Тэр машин явж өнгөрөөд удалгүй зам дээр түс тас гээд машин мөргөлдөх чанга чимээ гарсан. Жийп машин ертөнцийн зүгээр урагшаа хараад зогсчихсон. Харин цагаан өнгийн “Тоёота Приус 20” загварын автомашин зам дээр зүүн тийш хараад зогсож байсан. ...” /1хх 71/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4217 дугаартай “...Э.Бын биед бүсэлхий 1 дүгээр нугаламын их биеийн шахагдсан хугарал, хуйханд зөөлөн эдийн няцрал, дух, зүүн шанаа, зүүн мөр, ар нуруу, ууцанд зулгаралт, зүүн дээд зовхи, зүүн чихний ар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /1хх 81/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4211 дугаартай “...О.Нн биед суурь яс, чамархайн яс, дух яс, ухархай дээр, дотор, гадна хана гайморын хөндийн хана, хамар ясны хугарлууд, тархины эдийн няцрал, цус хуралт, аалзан хальсны цус харвалт, баруун талын 1, 5, 2, 3, 4 дүгээр хавирганы хугарал, зүүн 1, 2 дугаар хавирганы хугарал, зүүн эгэм ясны хугарал, бүсэлхийн 5, ууцны 1, 2, 3, 4 дүгээр нугалмуудын баруун талын латерал масс баруун талын ууц сүүжний үе дайрсан хугарал, ууцны 5 дугаар нугаламын баруун талын латерал масс дайрч их бие рүү ташуу чиглэлтэй хугарал, баруун талын умдаг ясны дээд болон доод салаа их бие, симфизийн үе дайрч бяцарсан хугарал, баруун дунд чөмөгний толгой хүзүүний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д, 3.1.3-д, 3.1.12-д, 3.1.15-д тус тус заагдсанаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /1хх 85-86/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4215 дугаартай “...О.Бын биед баруун чамархайнаас доош суурь яс, чихний суваг хөхлөг сэртэн дайрсан хоёрлосон нийлмэл шугаман, хатуу хальсан дээрх цусан хураа, ар нуруу, баруун дал, мөр, баруун ташаа, хэвлий баруун хажууд баруун өвдөгт зулгаралттай, баруун мөрөнд улаан хүрэн өнгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д заагдсанаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /1хх 91/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 858 дугаартай “...Талийгаач Б.Зын цогцост гавлын орой, суурь ясны хэлбэр дүрс алдагдсан, үйрч, бяцарсан хугарал, тархины эдийн бяцрал, няцрал, хатуу хальсны урагдал, тархи дарагдал, зулайн хуйханд шарх, дух, хацар, шанаа, баруун, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь авто ослын улмаас мөргөгдөх, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.” /1хх 94-95/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2978 дугаартай “...Үүссэн эвдрэл гэмтлүүд ослын үед үүссэн байна. ...” /1хх 103-110/,

Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 262 дугаартай “... “Тоёота Приус 20” загварын 40-58 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Бүжийнэн овогтой Мэ нь Замын хөдөлгөөний дүрмийн 10. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...” /1хх 159/ гэх дүгнэлтүүд, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1хх 21-25/, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 11-20, 110-154/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0216651 дугаартай акт /1хх 203-204/, “Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээний тайлан /1хх 167-171/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Мийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж, 1 хүний амь нас хохироосон, 2 хүний эрүүл мэндэд хүнд, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Мийн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж, 1 хүний амь нас хохироосон, 2 хүний эрүүл мэндэд хүнд, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жаргалсайхан “...Шүүхээс 6.826.418 төгрөгийн оршуулгын зардал гарсан гэж үзсэн нь үндэслэлгүй. ...Осол болоход Мандахбаярын буруутай үйлдэл байгаа гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд шүүгдэгч Б.Мэд оногдуулсан хорих ял хэтэрхий хөнгөдсөн, оршуулгын зардал болон буяны ажлын зардлыг зөв тооцож гаргаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан гэж үзэж байгаа тул шүүгдэгч Б.Мэд хуульд заасан хамгийн дээд хэмжээг оногдуулж, хохирол төлбөрийг бүрэн зөв тооцон гаргаж өгнө үү. ...” гэсэн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жаргалсайханы өмгөөлөгч О.Баярбаясгалан “...Хавтас хэргийн хэддүгээр хуудсанд авагдсан, хэдэн төгрөгийн ямар баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй талаар үндэслэлээ тогтоолд заагаагүй. ...Анхан шатны шүүхээс 6.826.418 төгрөгийн баримтыг тооцож, шүүгдэгчээс гаргуулсан бөгөөд үлдэгдэл 1.785.290 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гаргуулж өгнө үү. ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцээгүй, оногдуулсан ял нь хөнгөдсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Зын амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохиролд нэхэмжилсэн нотлох баримтуудаас анхан шатны шүүх доторх бичиглэл нь уншигдахгүй болсон буюу арилсан, зарлагын баримт нь тамга тэмдэггүй, зарлагын баримтын үнийн дүн дээр нэмж бичиглэл хийсэн дүнтэй баримт, үнийн дүн давхардсан баримт, түүнчлэн гараар бичсэн зарлагын баримтуудыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж дүгнэн, нийт 6.826.418 төгрөгийн баримт бүхий хохирол тогтоогдсон гэж үзээд, үүнээс шүүгдэгчийн төлсөн 1.500.000 төгрөгийг хасаж, нийт 5.326.418 төгрөгийг шүүгдэгч Б.Мээс гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн, дээрх 5.326.418 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Мэ анхан шатны шүүх хуралдааны явцад төлж барагдуулсан ба анхан шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг нотлох баримтын шаардлага хангахгүй баримтуудаа хуулийн шаардлага хангуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурдсан байна.

Хэдийгээр нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд буюу мөнгөн дүнгээр 3.000.000 төгрөгийг анхан шатны шүүх хасаж тооцсон ч шүүгдэгч Б.Мэ давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө уг 3.000.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сайн дураараа төлж барагдуулсан байх тул дээрх давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй болно.

Шүүгдэгч Б.Мэ “...Миний хоёр охиныг бодож, ял шийтгэлийг хойшлуулж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нарантуяа “...Эр нөхөртөө хаягдан хоёр охиноо хүн болгох гэж яваа, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг барагдуулсан эмэгтэйд төр нэг удаа боломж олгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулан өгч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч Б.Мийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат “...Асран хамгаалагчаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргыг тогтоосон нь буруу, дээр дурдсан хүүхдийн эрх зөрчигдөнө гэж үзнэ. “Тоёота Ландкрузер 100” загварын 81-11 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Мандахбаяр Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн, 12.3, 13 дугаар зүйлийн 13.1, 13.2-т заасныг тус тус зөрчсөн гэж үзнэ. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийн 63.1.3-т “эцэг, эх нь ... хорих газарт ял эдэлж байгаа зэрэг ... шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхдийг асран хамгаална” гэж, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ.” гэж тус тус заажээ.

Анхан шатны шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Мийн бага насны хүүхэд болох Т.Х, М.Э нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. ...” гэж заасан нь шүүхэд эрх болгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон заалт биш юм.

Шүүгдэгч Б.Мий гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ буюу түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас зорчигч Б.Зын амь нас хохирсон, зорчигч О.Н, О.Б нарын эрүүл мэндэд хүнд, зорчигч Э.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан нөхцөл байдал, нөгөө талаас түүний гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг тодорхой хэмжээгээр төлсөн, бага насны хүүхдүүдтэй, анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг давж заалдах шатны шүүх хөндөх шаардлагагүй, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мэ, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа, Б.Эрдэнэбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жаргалсайхан, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Б.Мийн өмгөөлөгч Г.Нарантуяагийн шүүх хуралдаанд гаргасан “...Хүүхдүүд эцэг Тэмүүжингийн асрамжид байгаа. ...” гэх тайлбараар шүүгдэгч Б.Мийн хүүхдүүд болох 5 настай Т.Х, 8 сартай М.Э нар эцэг Ү.Тэмүүжингийн асрамжид байгааг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 980 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мэ, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа, Б.Эрдэнэбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жаргалсайхан, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ