Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/01052

 

Капитал банк ХХК дахь Банкны эрх

хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2019/00485 дугаар шийдвэр,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 64 дүгээр магадлалтай,

Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

Ж.Эрдэнэбилэг, Х.Мандах нарт холбогдох 

Үндсэн зээлийн үлдэгдэл 3,940,271.08 төгрөг, зээлийн хүү 4,501,936.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 665,093.72 төгрөг, нотариатын хөлс 7,000 төгрөг, нийт 9,114,301.61 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нараа, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зээлдэгч Ж.Эрдэнэбилэг, Х.Мандах нар нь 2014.04.08-ны өдөр 2014/135 дугаартай зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг жилийн 26,4 хувийн хүүтэйгээр 2017.04.08-ны өдөр хүртэл хугацаатайгаар жижиг дунд бизнесийн зээл авсан. 2014.04.08-ны өдөр 2014/135 дугаартай барьцааны гэрээг байгуулсан. Тус барьцаагаараа Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн Богочийн 2-59 тоотод байрлах 688,5 м.кв өмчлөх эрхийн газар, Г1617004195, гэрчилгээний дугаар нь 000208534 дугаартай барьцаа хөрөнгийг барьцаалсан. Мөн Ховд аймгийн Жаргалант сум Хаш түлхүүр авто сургуулийн 45-17 ХОА улсын дугаартай аксент маркийн суудлын машиныг тус тус барьцаалж зээл авсан. Тухайн зээлдэгч нар нь гэрээний үндсэн хугацаанд зээлээсээ 1,059,728.92 төгрөг, үндсэн зээлийн хүүнд 1,156,251.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9,204.14 төгрөг, нийт 2,225,184.75 төгрөгийг төлсөн байна. Ж.Эрдэнэбилэг нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй учраас нэхэмжлэл гаргасан. Үндсэн зээлийн үлдэгдэл 3,940,271.08 төгрөг, зээлийн хүү 4,501,093.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 665,093.72 төгрөг, нотариатын хөлс 7000 төгрөг, нийт 9,114,301.61 төгрөгийг Ж.Эрдэнэбилэг, Х.Мандах нараас гаргуулахаар нэхэмжилсэн. 2014/135 тоот гэрээг үндэслэн Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн Богочийн 2-59 тоот 688.5 м.кв өмчлөх эрхийн газар, Г1617004195, гэрчилгээний дугаар 00208534, Ховд аймгийн Жаргалант сум Хаш түлхүүр авто жолооны сургуулийн 45-17 ХОА улсын дугаартай аксент маркийн суудлын машинаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Зээлийн гэрээний хугацаа 2017.04.08-ны өдөр дууссан байсан. Өмнө нь хариуцаж байсан эдийн засагч нар яагаад арга хэмжээ аваагүйг мэдэхгүй байна. Би энэ ажлыг хүлээж аваад зээлийн хүүг зогсоож төлбөрийн шаардлагыг барагдуулах нь зүйтэй гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээлдэгч нар хамгийн сүүлд 2015.03.25-ны өдөр 500,000 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээ 2015.04.25-ны өдрөөс зөрчигдөж эхэлсэн байгаа. Тэгээд зээлийн гэрээний хугацаа дуустал 24 сарын хугацаанд зөрчигдсөн. Автомашин банкны нэр дээр шилжсэн байгаа гэжээ.

Хариуцагч Ж.Эрдэнэбилэгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би үндсэн зээлийн үлдэгдэл 3,940,271.08 төгрөгийг төлнө. Үндсэн зээлийн хүүний үлдэгдэл 4,501,936.81 төгрөгийн 50 хувийг төлмөөр байна. Нэмэгдүүлсэн хүү 665,093.72 төгрөгийг төлж чадахгүй. Хүү давхар төлөх боломжгүй. Нотариатын хөлс 7000 төгрөгийг төлнө. Нийт 6,198,239.44 төгрөгийг 3 жилийн хугацаатай сар сард тооцож графикт оруулж өгнө үү. Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн Богочийн 2-59 тоотод байрлах 688.5 м.кв өмчлөх эрхийн газар, Г1617004195, 00208534 дугаартай хашааны газар, 45-17 ХОА улсын дугаартай аксент маркийн машин хоёрыг үүргийн гүйцэтгэлээр хангуулахад татгалзах зүйлгүй зөвшөөрч байна. Манай эхнэр эмчилгээнд хот явсан. Би хотоос ирээд зээл төлөгдөөгүй сараас эдийн засагчтай нь уулзаад хүүгээ зогсоогоод өг ах нь төлж чадахгүй байна. Би үндсэн мөнгөө графикийн дагуу төлнө гэж 2017 онд хандсан. Ингэж намайг хүү зогсоогоод өгөөч гэж хандахад зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байсан. Энэ хөрөнгүүд чинь банкныхаа барьцаанд байгаа гэжээ.

Хариуцагч Х.Мандахын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлага болох 2014.04.08-нд Ховд аймгийн Капитал банкнаас жижиг дунд бизнесийн зээл болох 5,000,000 төгрөгийг авснаа зөвшөөрч байна. Харин цаг хугацаа алдаж байлгаж байгаад зээлийн өндөр хүү нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Капитал банк татан буугдсан учир зээлдэгч харилцагч нарынхаа асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгааг бид хүсэлтэй байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид нэхэмжлэгчтэй үндсэн зээлийн асуудалтай эвлэрэх боломжтой, нэхэмжилж байгаа хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2019/00485 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 240 дүгээр зүйлийн 240.1.5-д заасны баримтлан хариуцагч Ж.Эрдэнэбилэг, Х.Мандах нараас үндсэн зээл 3,940,271.08 төгрөг, зээлийн хүү 2,133,238.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 191,432.03 төгрөг, нотариатын хөлс 7,000 төгрөг, нийт 6,271,941.99 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,842,359.62 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.2, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Г-1617004195 өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 000208535 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн Богочийн 2-59 тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 688,5 м.кв өмчлөх эрхийн газар, 45-17 ХОА улсын дугаартай, аксент маркийн суудлын автомашин зэргээр хангахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ж.Эрдэнэбилэг, Х.Мандах нараас улсын тэмдэгтийн хураамж 115,301 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 64 дүгээр магадлалаар: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2019/00485 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.18-ны өдрийн 153/ШШ2019/00485 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн шаардлагыг 2,842,359.62 төгрөгөөр хасч тооцсон шийдвэр, Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.03-ны өдрийн 64 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдол гаргаж байна. Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь 9,114,301.61 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжилсэн үнийн дүнгээс 2,842,359.62 төгрөгийг хасч шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэх ёстой хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй гэж үзэж байна. Хариуцагч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт 3ээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй", Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 зүйлийн 23.3 дахь хэсэгт "Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө'', мөн Зээлийн гэрээний 4.2.5-д Зээл зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний 3.4 дэх заалтад заасан хугацаа болон гэрээний Хавсралт 1-д заасан зээл, зээлийн хүүг төлөх хувиарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүүгийн хамт төлөх үүргийг тус тус хүлээсэн бөгөөд гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд банк зээлийн үлдэгдэл үнийн дүнгээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.18-ны өдрийн 153/ШШ2019/00485 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалт, 2019.12.03-ны өдрийн 64 дугаар магадлалыг хүчингүй болгож, зээлдэгч Ж.Эрдэнэбилэг, Х.Мандах нараас 9,114,301.61 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Ж.Эрдэнэбилэг, Х.Мандах нарт холбогдуулан үндсэн зээл 3,940,271.08 төгрөг, хүү 4,501,936.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 665,093.72 төгрөг, нотариатын хөлс 7,000 төгрөг, нийт 9,114,301.61 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч нараас үндсэн зээл 3,940,271.08 төгрөг, зээлийн хүү 2,133,238.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 191,432.03 төгрөг, нотариатын хөлс 7,000 төгрөг, нийт 6,271,941.99 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,842,359.62 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч нар үндсэн зээл 3,940,271.08 төгрөг, зээлийн хүү 4,501,936.81 төгрөгийн 50 хувь болон нотариатын хөлс 7,000 төгрөг, нийт 6,198,239.44 төгрөгийг төлөх, түүнчлэн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг зөвшөөрч, харин зээлийн хүүний 50 хувь, нэмэгдүүлсэн хүү 665,093.72 төгрөгийг төлөхгүй гэсэн татгалзлынхаа үндэслэлийг ...гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлийн хүүг зогсоолгох талаар хүсэлт гаргаж байсан, хугацаа алдаж байгаад өндөр хүү нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч Ж.Эрдэнэбилэг, Х.Мандах нар нь 2014.04.08-ны өдөр Капитал банктай байгуулсан жижиг дунд бизнесийн зээлийн гэрээгээр 5,000,000.00 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 26.4 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон ба Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн Богочийн 2-59 тоотод байрлах 688.5 м.кв өмчлөх эрхийн газар, Г1617004195,00208534 дугаартай хашааны газар болон 45-17 ХОА улсын дугаартай аксент маркийн машиныг барьцаанд тавьсан байна.

Зохигчдын хооронд зээлийн болон барьцааны гэрээ тус тус байгуулагдсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 153 дугаар зүйлийн 153.1-д заасныг зөрчөөгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв бөгөөд зээлийн гэрээний 8.3.2.-т Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь / хавсралт-1/-ийн дагуу төлөөгүй бол, 8.3.3.-т Зээлдэгч гэрээнд заасан зээл, зээлийн хүү болон бусад төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй /энэ нь 60 хоног үргэлжилсэн бол/ банк зээлийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгох-оор тохиролцжээ.

Зээлийн гэрээний хугацаа 2017.04.08-ны өдөр дуусах боловч зээлдэгч тал 2015.04.25-ны өдрөөс зээл, зээлийн хүү төлөх үүргээ зөрчсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байна. Ийнхүү зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байхад гэрээний хугацаа дуусах хүртэлх 23 сар, 14 хоногийн хугацаанд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 8.3.3.-т зааснаар гэрээг дуусгавар болгож, хариуцагч нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардсан тухай тайлбар болон баримт хэрэгт авагдаагүй байна.

Капитал банк ХХК-ийг 2019.04.08-ны өдрөөс эхлэн татан буулгаж, банкны эрх хүлээн авагчийг томилсон, нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар шүүх үндэслэл бүхий дүгнэжээ.

Банкны эрх хүлээн авагч нь гэрээний эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн өдрөөс 2019.07.19-ний өдрийг дуусталх хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн, зээлдэгч нар үүргээ зөрчсөн өдрөөс гэрээний хугацаа дуусах өдөр хүртэл банк нь гэрээнд заасны дагуу зээлийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нараас шаардаагүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа 2014/135 тоот зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөр тооцоолол хийсэн үндэслэлийг Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлагыг хариуцагч нар зөвшөөрсөн, шүүх энэ шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэлэх ажиллагааны хуульд заасан журмын дагуу явуулсан, давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2019/00485 дугаар шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 64 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД