Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 00485

 

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 153/ШШ2019/00485

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-.. Кны байранд байрлах, К ХХК дахь Банкны эрх хүлээн авагч /.../-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн Усны аж ахуйн 24 айлын орон сууцны 17 тоот оршин суух, Арлынхан овогт Ж-йн Э /../,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн Усны аж ахуйн 24 айлын орон сууцны 17 тоот оршин суух, Данхар овогт Хаш-Эрдэнийн Мандах /ПЮ77012267/ нарт холбогдох,

үндсэн зээлийн үлдэгдэл 3,940,271.08 төгрөг, зээлийн хүү 4,501,936.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 665,093.72 төгрөг, нотариатын хөлс 7,000 төгрөг, нийт 9,114,301.61 /есөн сая нэгэн зуун арван дөрвөн мянга гурван зуун нэг төгрөг жаран нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 153/2019/00391/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхишиг, хариуцагч Ж.Э, хариуцагч нарын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.Адилбиш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ж.Э, Х.Мандах нар нь 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 2014/135 дугаартай зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг жилийн 26,4 хувийн хүүтэйгээр 2017 оны 4 сарын 08-ны өдөр хүртэл хугацаатайгаар жижиг дунд бизнесийн зээл авсан.

2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 2014/135 дугаартай барьцааны гэрээг байгуулсан. Тус барьцаагаараа Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн Богочийн 2-59 тоотод байрлах 688,5 м.кв өмчлөх эрхийн газар, Г1617004195, гэрчилгээний дугаар нь 000208534 дугаартай барьцаа хөрөнгийг барьцаалсан. Мөн Ховд аймгийн Жаргалант сум Хаш түлхүүр авто сургуулийн 45-17 ХОА улсын дугаартай аксент маркийн суудлын машиныг тус тус барьцаалж зээл авсан.

Тухайн зээлдэгч нар нь гэрээний үндсэн хугацаанд зээлээсээ 1,059,728.92 төгрөг, үндсэн зээлийн хүүнд 1,156,251.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9,204.14 төгрөг, нийт 2,225,184.75 төгрөгийг төлсөн байна.

Ж.Э нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй учраас нэхэмжлэл гаргасан. Үндсэн зээлийн үлдэгдэл 3,940,271.08 төгрөг, зээлийн хүү 4,501,093.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 665,093.72 төгрөг, нотариатын хөлс 7000 төгрөг, нийт 9,114,301.61 төгрөгийг Ж.Э, Х.Мандах нараас гаргуулахаар нэхэмжилсэн. 2014/135 тоот гэрээг үндэслэн Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн Богочийн 2-59 тоот 688.5 м.кв өмчлөх эрхийн газар, Г1617004195, гэрчилгээний дугаар 00208534, Ховд аймгийн Жаргалант сум Хаш түлхүүр авто жолооны сургуулийн 45-17 ХОА улсын дугаартай аксент маркийн суудлын машинаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү....Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр дууссан байсан....Өмнө нь хариуцаж байсан эдийн засагч нар яагаад арга хэмжээ аваагүйг мэдэхгүй байна. Би энэ ажлыг хүлээж аваад зээлийн хүүг зогсоож төлбөрийн шаардлагыг барагдуулах нь зүйтэй юм байна гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан....Зээлдэгч нар хамгийн сүүлд 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг төлсөн....Зээлийн гэрээ 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс зөрчигдөж эхэлсэн байгаа. Тэгээд зээлийн гэрээний хугацаа дуустал 24 сарын хугацаанд зөрчигдсөн....Автомашин банкны нэр дээр шилжсэн байгаа....гэв.

Хариуцагч Ж.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би үндсэн зээлийн үлдэгдэл 3,940,271.08 төгрөгийг төлнө. Үндсэн зээлийн хүүний үлдэгдэл 4,501,936.81 төгрөгийн 50 хувийг төлмөөр байна. Нэмэгдүүлсэн хүү 665,093.72 төгрөгийг төлж чадахгүй. Хүү давхар төлөх боломжгүй. Нотариатын хөлс 7,000 төгрөгийг төлнө. Нийт 6,198,239.44 төгрөгийг 3 жилийн хугацаатай сар сард тооцож графикт оруулж өгнө үү. Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн Богочийн 2-59 тоотод байрлах 688.5 м.кв өмчлөх эрхийн газар, Г1617004195, 00208534 дугаартай хашааны газар, 45-17 ХОА улсын дугаартай аксент маркийн машин хоёрыг үүргийн гүйцэтгэлээр хангуулахад татгалзах зүйлгүй зөвшөөрч байна....Манай эхнэр эмчилгээнд хот явсан. Би хотоос ирээд зээл төлөгдөөгүй сараас эдийн засагчтай нь уулзаад хүүгээ зогсоогоод өг ах нь төлж чадахгүй байна. Би үндсэн мөнгөө графикийн дагуу төлнө гэж 2017 онд хандсан. Ингэж намайг хүү зогсоогоод өгөөч гэж хандахад зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байсан....Энэ хөрөнгүүд чинь банкныхаа барьцаанд байгаа....гэв.

Хариуцагч Х.Мандах шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:....Тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбар гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 2014 оны 4 сарын 08-нд Ховд аймгийн Кнаас жижиг дунд бизнесийн зээл болох 5,000,000 төгрөгийг авснаа зөвшөөрч байна. Харин цаг хугацаа алдаж байлгаж байгаад зээлийн өндөр хүү нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

К татан буугдсан учир зээлдэгч харилцагч нарынхаа асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгааг бид хүсэлтэй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид нэхэмжлэгчтэй үндсэн зээлийн асуудалтай эвлэрэх боломжтой, нэхэмжилж байгаа хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна....гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Ж.Э, Х.Мандах нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 3,940,271.08 төгрөг, зээлийн хүү 4,501,936.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 665,093.72 төгрөг, нотариатын хөлс 7,000 төгрөг, нийт 9,114,301.61 /есөн сая нэгэн зуун арван дөрвөн мянга гурван зуун нэг төгрөг жаран нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч Ж.Э шүүх хуралдаанд ....Үндсэн зээлийн үлдэгдэл 3,940,271.08 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 4,501,936.81 төгрөгийн 50 хувийг, нотариатын хөлс 7,000 төгрөг, нийт 6,198,239.44 төгрөгийг төлнө. Зээлийн хүүний 50 хувь болон нэмэгдүүлсэн хүү 665,093.72 төгрөгийг төлөхгүй. Хүү давхар төлөх боломжгүй. Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн Богочийн 2-59 тоотод байрлах 688.5 м.кв өмчлөх эрхийн газар, Г1617004195, 00208534 дугаартай хашааны газар, 45-17 ХОА улсын дугаартай аксент маркийн машин хоёрыг үүргийн гүйцэтгэлээр хангуулахад татгалзах зүйлгүй зөвшөөрч байна....Гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлийн хүүг зогсоолгох талаар хүсэлт гаргаж байсан....Цаг хугацаа алдаж байгаад өндөр хүү нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.... гэж тайлбарлав.

Хариуцагч Х.Мандах тус шүүхэд ....Цаг хугацаа алдаж байгаад өндөр хүү нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй....Үндсэн зээлийн асуудалтай эвлэрэх боломжтой.... гэх тайлбарыг ирүүлсэн болно.

К ХХК-ийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн албадан татан буулгаж, К ХХК-ийг албадан татан буулгах арга хэмжээ, Кан дахь Банкны эрх хүлээн авагчийг үйл ажиллагааны хугацааг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн нэг жилоор тогтоосон болох нь Монгол Банкны ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, М.Адилбишийг К ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаар 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс нэг жилийн хугацаатай томилсон болох нь Монгол Банкны ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-97 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус тогтоогдлоо. /хх-ийн 4-5 дугаар тал/

Иймээс К ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.Адилбиш нь Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Хариуцагч Ж.Э, Х.Мандах нар нь Кны Ховд салбараас 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 2017/135 дугаартай зээлийн гэрээ байгуулан жижиг дунд бизнесийн зээлийн зориулалтаар 5,000,000 төгрөгийг жилийн 26,4 хувийн хүүтэйгээр, 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд Г-1617004195 өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 000208535 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн Богочийн 2-59 тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 688,5 м.кв өмчлөх эрхийн газар, 45-17 ХОА улсын дугаартай, аксент маркийн суудлын автомашин зэргийг барьцаалан авсан болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 2014/135 дугаартай Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 6-8, 9-11 дүгээр тал/

Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр дууссан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба зохигчид зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд, нийт 5,000,000 төгрөг авч, 2,225,184.75 төгрөгийг буцаан төлсөн байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу К ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь шаардах эрхтэй байна.

Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч нар нь 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийн эргэн төлөлт хийж, улмаар 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс гэрээний хугацаа дуусах өдөр буюу 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл нийт 23 сар 14 хоногийн хугацаанд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдлоо.

Талуудын хооронд байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 2014/135 тоот Зээлийн гэрээний 8.3.2-т Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь (Хавсралт /1/)-н дагуу төлөөгүй бол, 8.3.3-т Зээлдэгч энэхүү гэрээнд заасан зээл, зээлийн хүү болон бусад төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй /энэ нь 60 хоног үргэлжилсэн бол/ зэрэг нөхцөлд банк зээлийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад төлбөр, хураамж, хохирлыг шаардахаар заасан байна.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д зааснаар хууль буюу гэрээнд заасан бусад үндэслэлээр үүрэг дуусгавар болно гэж хуульчилжээ.

К ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь гэрээний эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг дуусталх зээлийн хүү 4,501,936.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 665,093.72 төгрөг нэхэмжилж байгаа боловч 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс гэрээний хугацаа дуусах өдөр буюу 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл нийт 23 сар 14 хоногийн хугацаанд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байхад банк нь гэрээнд заасны дагуу зээлийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нараас шаардаагүй буруутай байх тул 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 2014/135 тоот Зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөр буюу 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Зээлийн эргэн төлөлтийн хүснэгт, тооцоолол-оос тооцон /хх-ийн 12-13 дугаар тал/ хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хариуцагч Ж.Э, Х.Мандах нараас үндсэн зээл 3,940,271.08 төгрөг, зээлийн хүү 2,133,238.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 191,432.03 төгрөг, нотариатын хөлс 7,000 төгрөг, нийт 6,271,941.99 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,842,359.62 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч К ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь барьцааны гэрээнд заасан Г-1617004195 өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 000208535 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн Богочийн 2-59 тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 688,5 м.кв өмчлөх эрхийн газар, 45-17 ХОА улсын дугаартай, аксент маркийн суудлын автомашин зэргээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасныг шүүх хуралдаанд хариуцагч Ж.Э хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй болно.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 45-17 ХОА улсын дугаартай, аксент маркийн суудлын автомашиныг банк өөрийн нэр дээр шилжүүлсэн гэж тайлбараар үзэхэд Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар барьцаа баталгаажсан байна.

Иймд хариуцагч нар нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Г-1617004195 өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 000208535 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн Богочийн 2-59 тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 688,5 м.кв өмчлөх эрхийн газар, 45-17 ХОА улсын дугаартай, аксент маркийн суудлын автомашин зэргээр хангахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгаж шийдвэрлэлээ.

Хариуцагч нарын өмгөөлөгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар зээлийн хүү нь гүйцэтгээгүй үндсэн зээлийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж маргасан бөгөөд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж заасан тул хариуцагч нарын өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Ж.Э, Х.Мандах нараас 6,271,941.99 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 115,301 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 240 дүгээр зүйлийн 240.1.5-д заасны баримтлан хариуцагч Ж.Э, Х.Мандах нараас үндсэн зээл 3,940,271.08 төгрөг, зээлийн хүү 2,133,238.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 191,432.03 төгрөг, нотариатын хөлс 7,000 төгрөг, нийт 6,271,941.99 /зургаан сая хоёр зуун далан нэгэн мянга есөн зуун дөчин нэгэн төгрөг ерэн есөн мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,842,359.62 /хоёр сая найман зуун дөчин хоёр мянга гурван зуун тавин есөн төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.2, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Г-1617004195 өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 000208535 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн Богочийн 2-59 тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 688,5 м.кв өмчлөх эрхийн газар, 45-17 ХОА улсын дугаартай, аксент маркийн суудлын автомашин зэргээр хангахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ж.Э, Х.Мандах нараас улсын тэмдэгтийн хураамж 115,301 /нэг зуун арван таван мянга гурван зуун нэг/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ОЮУНЖАРГАЛ