Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2021/01220

 

  

У.Өнөржаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/03331 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183 дугаар магадлалтай,

 

У.Өнөржаргалын нэхэмжлэлтэй,

Нарны хүү, сарны охин ХХК-д холбогдох,

 

Орон сууцны урьдчилгаанд өгсөн 13,259,400 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч У.Өнөржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч У.Өнөржаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У.Өнөржаргал би 2019.01.19-ний өдөр Нарны хүү, сарны охин ХХК-тай 169 дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулан, гэрээнд заасан Амар амгалан-3, орон сууцны хотхоны 1-р байрны, 1-р орцны, 1 давхрын 103 тоот орон сууцны зориулалттай баригдах байрны 1 м.кв-ын үнэ 1,650,000 төгрөг, 40.18 м.кв-ын төлбөр нийт 66,297,000 төгрөг болсон ба 20 хувийн урьдчилгаа 13,259,400 төгрөгийг тухайн өдөр 8,000,000 төгрөг төлөөд, 2019.02.20-ны өдөр үлдсэн 5,259,400 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 426010888 дансанд хийсэн болно. Үлдэгдэл 80 хувийг тухайн байгууллагын 5 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай хувь лизингээр Хаан банкны 5121008814 тоот дансанд хийж байхаар тохиролцсон. Талуудын байгуулсан гэрээнд заасны дагуу 2019.09.25-ны өдөр Нарны хүү, сарны охин ХХК, захиалагч болох У.Өнөржаргал надад байр ашиглалтад орж, түлхүүр гардуулахаар харилцан тохиролцсон боловч өнөөдрийн байдлаар барилга баригдаж эхлээгүй байна. Яагаад баригдахгүй байгаа талаар олон удаа асууж байсан ба 2019 оны 6 сард тус компанийн захирал Д.Гүрсоронз барилга баригдахгүй болсон тухай мэдэгдэл хийсний дагуу 2019.06.14-ний өдөр миний бие гэрээгээ дуусгавар болгоод 13,259,400 төгрөгөө буцааж авахаар өргөдөл бичиж өгсөн. Гэтэл тус компаниас шууд өгөх боломжгүй сард 40 иргэний урьдчилгааг өргөдөл өгсөн өдрөөр дараалалд оруулан, 2019.09.05-ны өдөр өгнө гэсэн албан бичиг хийж өгсөн. Одоог хүртэл мөнгийг минь буцааж өгөхгүй байгаад гомдолтой байна. Иймд Нарны хүү, сарны охин ХХК-иас гэрээний урьдчилгаа төлбөрт өгсөн 13,259,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/03331 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан Нарны хүү Сарны охин ХХК-иас 13,259,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.Өнөржаргалд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нарны хүү Сарны охин ХХК-иас 224,247 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.Өнөржаргалд олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/03331 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224 250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.24-ны өдрийн 183 тоот магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргахдаа шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй зүйлийг хянан шийдвэрлэсэн мөн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй нэхэмжлэлийг хүлээн авсан талаар гомдлоо гаргасан боловч давж заалдах шатны шүүх гомдлыг шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй зүйлийг анхан шатны шүүх шийдвэрлэсэн талаар дүгнэсэн боловч энэ нь анхан шатны энэхүү шийдвэр нь зөв гэж үзэн магадлалаа гаргасан нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч У.Өнөржаргалын гаргасан 13,295,400 төгрөгийн нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-р зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй нэхэмжлэл байхад түүнийг хүлээн авч шийдвэрлэснийг зөвтгөж магадласан нь хуульд нийцэхгүй байгаа тул гомдлыг хүлээн авч хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч У.Өнөржаргал хариуцагч Нарны хүү сарны охин ХХК-д холбогдуулан орон сууцны урьдчилгаанд өгсөн 13,259,400 төгрөгийг буцаан гаргуулахаар шаарджээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

1.   Зохигч 2019.01.19-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулж, гүйцэтгэгч Нарны хүү сарны охин ХХК Амар амгалан-3 орон сууцны хотхоны 1-р байрны 1-р орцны 103 тоот 40.18 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2019.09.25-нд захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч орон сууцны нийт үнэ 66,297,000 төгрөгийн урьдчилгаа 8,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр, 5,259,400 төгрөгийг 2019.02.20-ны өдөр төлөхөөр, үлдэгдэл мөнгийг орон сууцны зээлээр төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.

 

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх заалтад нийцсэн байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг хүлээнэ.

 

Гэрээний дагуу захиалагч урьдчилгаа 13,259,400 төгрөгийг хугацаандаа төлсөн, гүйцэтгэгч Нарны хүү сарны охин ХХК-ийн захирал 2019.06 сард барилга баригдахгүй болсон тухай мэдэгдэл хийснээр захиалагч гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн мөнгөө шаардахад хариуцагч хүлээн зөвшөөрч, хугацаа тохирсон боловч хугацаандаа өгөөгүй үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2.-т зааснаар ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй.

 

Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д нийцжээ.

 

Түүнчлэн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан боловч нэхэмжлэлийг татгалзсан үндэслэл тайлбараа хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, шүүх хуралдааныг түүний эзгүйд явуулах хүсэлт гаргасныг үндэслэн шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3., 100 дугаар зүйлийн 100.3. дахь заалтыг зөрчөөгүй байна.

 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

Иймд шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаарх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/03331 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэгээс 2020.02.17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Х.СОНИНБАЯР

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД