Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 152/2019/00459/И |
Дугаар | 001/ХТ2021/01084 |
Огноо | 2021-09-21 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2021/01084
Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 478 дугаар шийдвэр,
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар магадлалтай,
Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Ц.Нарантуяад холбогдох,
2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тэтгэврийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 1,803,012.48 төгрөг, зээлийн хүү 508,597.52 төгрөг, нотариатын зардал 4000 төгрөг, нийт 2,311,610 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямдолгорын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямдолгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Ц.Нарантуяа, С.Ганбаатар нар нь Төрийн банкнаас 2015.10.13-ны өдөр 162000133326 тоот зээлийн гэрээний дагуу 2,853,435 төгрөгийг 10 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр зээлдэн авсан. Үндсэн зээлдэгч С.Ганбаатар нь 2015.10.26-ны өдөр нас барсан. Улмаар Ц.Нарантуяа нь уг зээлийг төлөх талаар өргөдөл гаргаж, зээлд 1,229,632 төгрөгийг төлсөн. Одоо хамтран зээлдэгч Ц.Нарантуяа уг зээлийг төлөх чадваргүй болсон тул зээлийн гэрээний 2.1.4-д заасны дагуу зээлийн гэрээг цуцалж өгнө үү. Мөн 2019.9.25-ны өдрийн байдлаар зээл, хүүний төлбөр болох 2,311,610 төгрөг, нотариатаар баримт гэрчлүүлсний төлбөр 4,000 төгрөг, нийт 2,315,610 төгрөгийг хариуцагчаас гаргуулж Төрийн банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Нарантуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний нөхөр С.Ганбаатар нь 2005 онд элэгний хавдар гэж оношлогдон өрхийн болон хавдрын эмчийн хяналтад 10 жил болсон. 2015 оны 9 дүгээр сард Улаанбаатар хот руу яаралтай эмчилгээнд явах болсон тул нөхөр маань группээ сунгуулж 2,866,600 төгрөгийн группийн зээл авч, өөрөө гарын үсэг зурсан, би гарын үсэг зураагүй. Тухайн үед зээл авахдаа ганцаараа хамтран зээлдэгчгүйгээр авсан. 2015.9.13-ны өдөр Улаанбаатар хотод очиж хавдар судлалын төвд шинжилгээ өгөөд ямар ч найдваргүй гэсэн хариу сонссон. Ингээд 2015 оны 10 дугаар сард нөхрөөрөө итгэмжлэл хийлгээд түрүүчийн зээлийн үлдэгдэл дээр нэг сарын группийн мөнгө нэмж авахад л би гарын үсэг зурсан. Улмаар нөхөр маань зээл авсны дараа буюу 2015.10.18-ны өдөр нас барсан. Би боломжоороо нөхрийнхөө зээлийг төлж байсан. Нөхөр нас барсан тул зээлийг шүүх рүү шилжүүлж өгөх талаар банкинд удаа дараа хэлж байсан. Гэтэл банк шүүх рүү шилжүүлж өгөөгүйд гайхаж байна. Би 2007 онд бүдүүн шулуун гэдэсний далд хэлбэрийн идээт үрэвслээр 9 удаа хагалгаанд орсон бөгөөд одоо байнгын памперстай явдаг. Би одоо цалин, тэтгэврийн зээлтэй хэцүү байгаа тул 2015 оны 10 дугаар сард нэмж авсан 1 сарын тэтгэврийн зээлийг төлөхийг зөвшөөрч байна. Үлдсэн зээлийг төлж чадахгүй. Учир нь 2015 оны 9 дүгээр сард авсан зээлийн гэрээнд миний бие хамтран зээлдэгчээр гарын үсэг зураагүй тул тэр зээлийг банкны алдагдал гэж үзэж байна гэжээ.
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 478 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ц.Нарантуяагаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 1.803.012,48 /нэг сая найман зуун гурван мянга арван хоёр төгрөг дөчин найман мөнгө/ төгрөг, зээлийн хүү 508.597,52 /таван зуун найман мянга таван зуун ерэн долоон төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөг, нийт 2.311.610 /хоёр сая гурван зуун арван нэгэн мянга зургаан зуун арав/ төгрөг гаргуулж Төрийн банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах тухай, нотариатын зардал 4000 /дөрвөн мянга/ төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52.000 /тавин хоёр мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Нарантуяагаас 51.934 /тавин нэгэн мянга есөн зуун гучин дөрөв/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгож шийдвэрлэжээ.
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар магадлалаар: Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 478 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ц.Нарантуяад холбогдох, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тэтгэврийн зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу тэтгэврийн зээл, хүүний төлбөр 2,311,610 төгрөг, нотариатын төлбөр 4.000 төгрөг, нийт 2,315,610 /хоёр сая гурван зуун арван таван мянга зургаан зуун арав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 51934 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан гаргуулж хариуцагч Ц.Нарантуяад олгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямдолгор хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Төрийн банкны зээлдэгч С.Ганбаатар, Ц.Нарантуяа нар нь Төрийн банкнаас 2015.10.13-ны өдөр 162000133326 тоот зээлийн гэрээний дагуу 2,853,435 төгрөгийг 10 сарын хугацаатай жилийн 18 хувийн хүүтэйгээр зээлдэн авсан. Үндсэн зээлдэгч С.Ганбаатар нь 2015.10.26-ны өдөр нас барсан бөгөөд уг зээлийг хамтран зээлдэгч нь төлөх талаар Төрийн банкны зүгээс Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 478 дугаартай шийдвэрээр хариуцагч Ц.Нарантуяагаас зээлийн төлбөрийг гаргуулж Төрийн банкинд олгохоор шийдвэрлэсэн болно. Дээрх шийдвэрийг хариуцагч Ц.Нарантуяа хүлээн зөвшөөрөхгүйгээр давж заалдсан бөгөөд Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.06-ны өдрийн 02 тоот магадлалаар Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.22-ны өдрийн 478 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Төрийн банкны зүгээс Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.06-ны өдрийн 02 тоот магадлалд Иргэний хуулийн 240-р зүйлийн 240.1.2, Иргэний хуулийн 242-р зүйлийн 242.1, 242.3 дахь хэсэгт заасан заалтыг хууль зүйн үндэслэлгүй буруу тайлбарласан гэж үзэж байна. Иймд Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.06-ны өдрийн 02 тоот магадлалыг хүчингүй болгож, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.22-ны өдрийн 478 дугаартай шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь Ц.Нарантуяад холбогдуулан 2015.10.13-ны өдрийн тэтгэврийн зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 2,315,610 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...нөхөр С.Ганбаатар 2015 оны 9 дүгээр сард 2,866,600 төгрөгийн тэтгэврийн зээл авсан. ...2015 оны 10 дугаар сард нэг сарын тэтгэврийн зээлийг нэмж авахдаа надад итгэмжлэл олгосны дагуу би зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. ...нэхэмжилсэн төлбөрийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Ц.Нарантуяагаас зээлийн төлбөрт 2,311,610 төгрөг гаргуулан Төрийн банкинд олгож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 240 дугаар зүйлийн 240.1.2, 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн... гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Анхан шатны шүүхийн, ...гэрээний зээлдэгч гэсэн хэсэгт зээлдэгчийг төлөөлж нөхөр С.Ганбаатараас олгосон итгэмжлэлийн дагуу Ц.Нарантуяа, хамтран зээлдэгч гэсэн хэсэгт мөн Ц.Нарантуяа гарын үсэг зурснаар энэхүү зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгч болсон. ...зээлийн гэрээний үүргийг хамтран зээлдэгч Ц.Нарантуяа хариуцах үндэслэлтэй... гэсэн дүгнэлт хуульд нийцэхгүй байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасан.
Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь Ц.Нарантуяагаас зээлийн төлбөрийг шаардсан, гэвч хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд түүнийг хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хамтран зээлдэгч гэж үзэх, зээлийн төлбөрийг түүнд хариуцуулах үндэслэлгүй байна.
Тодруулбал, зээлдэгч С.Ганбаатар нь Төрийн банктай 2015.9.11-ний өдөр 162000133326 дугаартай тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж, тэтгэврийн орлогыг барьцаалан 2,886,600 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээнд өөрөө гарын үсэг зуржээ. Улмаар С.Ганбаатар нь 2015.10.13-ны өдөр биеийн эрүүл мэндийн хувьд банкинд очиж үйлчлүүлэх боломжгүй гэсэн шалтгаанаар эхнэр Ц.Нарантуяад, зээлийн гэрээ болон холбогдох баримтанд гарын үсэг зурах, тэтгэврийн зээлийн мөнгийг бэлнээр авах эрхтэй тухай итгэмжлэлийг олгосон, уг итгэмжлэлийг үндэслэн нэхэмжлэгч банк 2015.10.13-ны өдөр С.Ганбаатартай зээлийн гэрээ байгуулж, түүнд 268,200 төгрөгийн тэтгэврийн зээлийг нэмж олгосон, уг зээлийн гэрээнд Ц.Нарантуяа гарын үсэг зурсан байна. Эдгээрээс үзвэл С.Ганбаатар нь 2015.9.11, 2015.10.13-ны өдөр банктай тэтгэврийн зээлийн гэрээ байгуулсан, эдгээр гэрээний дагуу зээлийг төлөх үүрэгтэй болох нь тогтоогджээ, гэвч зээлдэгч 2015.10.18-ны өдөр нас барсан.
Тэтгэврийн зээлийн гэрээний 1.2.1-д Банк зээл эргэн төлөх хуваарьт хугацаанд зээлдэгчийн 162000133326 дугаар тэтгэврийн харилцах дансанд орж ирэх мөнгөн хөрөнгөөс зээлийн төлбөрийг үл маргах журмаар төлүүлнэ, 1.3-т зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл өөрийн Тэтгэврийн дэвтэр болон тэтгэврийн картыг банкинд хадгалуулна, 2.1.5-д зээлийг зээлдэгчийн тэтгэвэр, тэтгэмжийн данснаас үл маргах журмаар суутган төлүүлнэ, 2.1.6-д Зээлдэгч нас барсан тохиолдолд зээлийн төлбөрийг нас барагчид олгох оршуулгын тэтгэмж болон нас барснаас хойш 1 сарын хугацаатай олгодог тэтгэврийн орлогоос шууд суутган авах эрхтэй гэж тус тус зааснаас үзвэл зээлийн гэрээнээс үүсэх үүрэг нь ирээдүйд авах тэтгэврээ барьцаалж зээл авсан С.Ганбаатарт хамаарна, харин хамтран зээлдэгч биш, зөвхөн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэсэн Ц.Нарантуяагаас зээлийн гэрээний үүргийг шаардсан нь хуульд нийцэхгүй талаар давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдэл зөв байна.
Харин давж заалдах шатны шүүхийн ...зээлдэгч С.Ганбаатар нь хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас тахир дутуугийн тэтгэвэр авагч иргэн байсан бөгөөд уг тэтгэврийг авах эрх нь зөвхөн тухайн иргэнд хамаарах, түүний хувийн /эрүүл мэндийн/ байдалтай салшгүй холбоотой эрх тул уг орлогоо банкинд барьцаалж мөнгө зээлсэн нь мөн тухайн хувь хүний хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг үүсгэдэг гэсэн дүгнэлт хуульд нийцээгүйг дурдах нь зүйтэй.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
Б.МӨНХТУЯА
Б.УНДРАХ
Д.ЦОЛМОН