Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2021/0750

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн тавдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М-Э ХХК

Хариуцагч: Зам, тээврийн хөгжлийн сайд

Гуравдагч этгээд: Б ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн гэрчилгээ шинээр олгох, сунгах тухай ******* тоот тушаал, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн гэрчилгээ шинээр олгох, сунгах, хүчингүй болгох тухай *** тоот тушаалын Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагууд бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Б.Ба, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. нэхэмжлэгч М-Э ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс Б ХХК-д олгосон захирамжийг хүчингүй болгуулах хүсэлтийг гаргасан. Уг захирамж нь Б ХХК-д олгосон газар эзэмших эрхэд үндэслээгүй. Хүсэлт хэлэлцэх явцад 2018 оны тушаалын үйлчлэлийн хугацаа дууссан гэсэн. нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өгөх хэрэгтэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасны дагуу хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага тодорхойлсон байгаа. Зам тээврийн хөгжлийн сайдын тушаал нь холбогдох хуулийн зохицуулалтад үндэслэсэн хэдий ч Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл Захиргааны үйл ажиллагаа нь шуурхай тасралтгүй байх, зорилгодоо нийцсэн байх, үндэслэл бүхий байх гэх мэт зарчмууд байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд сонсох ажиллагаа явуулах хуулийн зохицуулалт байгаа. Төмөр замын салаа зам байсан газар нь М-Э ХХК-ийн эзэмшил газар байсан. Гэтэл Зам тээврийн хөгжлийн сайдаас эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй байгаа этгээдүүдэд сонсох ажиллагаа явуулаагүй бөгөөд Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг зөрчиж байна. Захиргааны шийдвэр боловсруулахдаа ямар оролцоотой байсан бэ? Хэн гэдэг алба тушаалтан ямар оролцоогоор ямар шийдвэр дээр үндэслэж 2018 оны 151, ******* дүгээр тушаалуудыг шинээр олгосон бэ. Энэ мэт хуулийн зохицуулалтыг зөрчсөн учир хэрэгт авагдсан хариу тайлбарт хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтуудаас үзэхэд нотлох баримтын бүрдэл дутуу байна. Анх нэхэмжлэгч компани тухайн маргаан бүхий газрыг худалдаж авж байхад ЧО ХХК-д салаа замын зөвшөөрөл байсан. Гэтэл яаж энэ компаниас салаа замын зөвшөөрөл Б ХХК-д очсон бэ? 2011 оны тушаал нь шинээр олгогдсон тушаал юм. Уг салаа замыг ЧО ХХК өөрөө барьсан. Иймд энэ тушаалуудыг хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Хоёр. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд газар эзэмших эрхийг гэрчилгээ, төмөр замын аюулгүй байдалтай холбоотой гэрчилгээг хооронд нь холиод байдаг. Төмөр замын аюулгүй байдлын гэрчилгээ нь энэ төмөр зам аюулгүй байдлыг хангасан байна гэдгийг нотолж байгаа гэрчилгээ болохоос шинээр өмчлөх эрх болон эзэмших эрх олгож давуу эрх олгосон баримт бичиг биш. Энэ төмөр замаар ачаа зөөж болно, зорчигч тээвэрлэж болно гэх аюулгүй байдлыг хангаж байна гэдгийг нотолсон баримт бичиг юм. Мөн 2012 оны журамд аюулгүй байдлын гэрчилгээг авахад газрын гэрчилгээг шаарддаггүй байсан. Нэгэнт хүсэлтээ өгөөд журмын дагуу хоёр компанид аюулгүй байдлын гэрчилгээ нь олгогдсон байгаа. Нэхэмжлэгчийн ярьж байгаа албан тушаалтны ямар оролцоотой байсан гэдгийг нотлох нь нэхэмжлэлийн шаардлагад хамаагүй. 2018 онд тушаал гарсны дараа 11 сард журам өөрчлөгдсөн. Уг өөрчлөгдсөн журмын дагуу газар эзэмшихтэй холбоотой зөрчлийг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх, эзэмших улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших, ашиглах гэрчилгээг шаарддаг болсон. 2012 оны журамд шаарддаггүй байсан. 2018 оны 11 сарын шинэчлэн баталсан журмын дагуу газар эзэмших гэрчилгээг нэмж шаарддаг болсон. Хоёр хүсэлт гаргасан компани журамд заасан шаардлагыг хангадаг учир эзэмшилд нь байгаа салбар замууд аюулгүй байдлыг хангасан байна гэсэн гэрчилгээ олгож байгаа. Энэ гэрчилгээ нь газар эзэмших эрхийг нь хязгаарласан, газар эзэмших өмчлөх эрх олгосон баримт бичиг биш. Нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцэхгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гурав. гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Э шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярихыг сонсоход Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу хууль бус байсан болохыг тогтоолгох гэжээ. Маргаан бүхий захиргааны актын дагуу газар нь маргаантай, газар эзэмших эрх нь нэхэмжлэгч компанид байсан нөхцөлд тусгай зөвшөөрөл олгосон нь буруу гэх зүйлийг ярьж байх шиг байна. Үүнийг ЧО ХХК-иас шилжүүлж авах үед манай эзэмшилд байсан гэх зүйлийг ярьж байна. Тэгэхээр газрын маргаан нь Засаг дарга захирамжаа гаргаад 10 жил өнгөрсний дараа нэхэмжлэл гаргасан. Хожуу нэхэмжлэл гаргасан учир газартай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа илт хууль бус байсан болохыг тогтоолгох гэж гаргасан. Ингээд М-Э ХХК-ийн 2019 онд гаргасан нэхэмжлэл 2021 онд хоёр жилийн дараа шийдвэрлэгдсэн. Нэхэмжлэгчийн компанийн нэхэмжлэлийг анхан шатны шүүхээс Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31.3, Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 6.6.3-д заасныг баримтлан Засаг даргын 2006 оны 87 дугаар захирамжийг холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/******* захирамжийн Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах газар дээрх Б ХХК-ийн хашаа манаачийн газрыг чөлөөлөн, М-Э ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн, 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хүсэлтүүдийг шийдвэрлээгүй үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох хүсэлтүүдийг хуулийн дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга болон, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгах шаардлага бүхий нэхэмжлэгч М-Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тэгэхээр нэхэмжлэгчийн ярьж байгаа газар эзэмшилд байсан ЧО ХХК-иас авсан гэх бүх асуудал худлаа. Анх энийг 1990 онд нэхэмжлэгч компани мэдээгүй байх үед Зөвлөлт холбоот улс гэх хуучин нэрээр цэргийн ангиудын нэгдсэн агуулах байсан энэ агуулахыг Б ХХК нь худалдаж авсан байдаг. Засгийн газар хоорондын тогтоол гэрээ гээд бүх зүйл нь байгаа. Нэгэнт өмчлөгч учир хүсэлтээ гаргаж эдгээр тусгай зөвшөөрлүүдийг Төмөр замын аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох журамд нийцүүлж авсан. Тэгэхээр энэ төмөр зам Б ХХК хоёрын хооронд үүсэж байгаа харилцаа тусгай зөвшөөрлийн асуудал нэхэмжлэгч М-Э ХХК-д хамааралгүй асуудал. Хамааралгүй асуудлыг хамааралтай мэтээр бодож гурван чиглэлээр гурван жил хэрүүл хийлээ. Зам тээврийн хөгжлийн яамтай холбоотой маргааны түдгэлзсэн асуудал нь газрын маргаантай холбоотой байсан. Газрын маргаан нь үндэслэлгүй гэж шийдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага хангагдах ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Өнөөдрийг хүртэл энэ асуудлаа нотлоогүй. Газрын маргаантай холбоотой хэргийн 7 хавтсыг бүгдийг нотлох баримтаар авсан байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуу шийдвэр гаргуулах гэж байгаа юм байна. Ингэж хандах хууль зүйн үндэслэл байхгүй. Газрын маргаантай асуудал шийдэгдсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотолж чадаагүй, шүүхийн зүгээс зохигч талуудаас гаргасан хүсэлтийг хангаж нотлох баримтыг бүрэн цуглуулж шийдвэрлэж байгаа нөхцөлд нэхэмжлэлийн үндэслэл шаардлага хангах боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа: Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн гэрчилгээ шинээр олгох, сунгах тухай ******* тоот тушаал, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн гэрчилгээ шинээр олгох, сунгах, хүчингүй болгох тухай *** тоот тушаалын Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодорхойлж байгаад Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн гэрчилгээ шинээр олгох, сунгах тухай ******* тоот тушаал, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн гэрчилгээ шинээр олгох, сунгах, хүчингүй болгох тухай *** тоот тушаалын Б ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж өөрчилжээ.

Шүүх хуульд заасан журмаар хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, болон нэхэмжлэгч, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дүгнэлээ.

1.Зам, тээврийн хөгжлийн сайд нь Төмөр замын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6, Зам тээврийн сайдын 2012 оны 120 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журмын 4.3 дахь заалтыг үндэслэн Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээг гуравдагч этгээд Б ХХК-д 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ******* дүгээр тушаалаар дагнасан хэрэглээний 2 дугаар салбар зам, замын урт 398м, үүнээс ашигтай урт 338м объект, үйл ажиллагаанд, ******* ХНН-ийн Амгалан өртөө сум №101-ийн өмнөх уулзвараас замын хаалт хүртэлх байршилд 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн гурван жилийн хугацаагаар, 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ******* дүгээр тушаалаар дагнасан хэрэглээний 1 дүгээр салбар зам, замын бүрэн урт-517м, үүнээс ашигтай урт-199м, тухайн замд харъяалагдах суман шилжүүлгийн тоо 3ш техникийн үндсэн үзүүлэлт бүхий объект, үйл ажиллагаанд, ******* ХНН-ийн Амгалан өртөө, 2 дугаар замын сум №4-өөр салаалан сум №100-ийг дамжин хүргэлтийн замаар явж сум №101-ийн өмнөх уулзвараас замын хаалт хүртэлх байршилд 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 3 жилийн хугацаагаар тус тус олгожээ.

Төмөр замын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6-д төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох бүрэн эрхийг төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад олгож, харин Зам, тээврийн сайдын 2012 оны 120 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллаганд гэрчилгээ олгох журмын 4.1-т Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн сайдын тушаалаар байгуулсан байнгын орон тооны бус ажлын хэсэг гэрчилгээний нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянан шалгаж дүгнэлт гаргана, 4.2-д Ажлын хэсэг нь өргөдөл гаргагчийн баримт бичгийн иж бүрдэл, гэрчилгээний нөхцөл, шаардлагыг хангасан байдлыг нягтлан шалгана, 4.3-д Сайд ажлын хэсгийн шалгаж гаргасан дүгнэлтийг үндэс болгон гэрчилгээ олгох эсхүл олгохоос татгалзахыг шийдвэрлэнэ гэж заажээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд нь Б ХХК-д төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой гэрчилгээ олгохдоо дээрх хууль журмыг зөрчөөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох ажлын хэсгийн хурлын ...Б ХХК-ийн гэрчилгээг ажлын хэсгээс төлөөлөн газар дээр нь очиж шалгасны дараа олгохоор шийдвэрлэсэн, мөн ...Б ХХК нь Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журмын шаардлагыг хангаж байгаа тул төмөр замын дагнасан хэрэглээний салбар замын гэрчилгээг тушаал гаргасан өдрөөс эхлэн гурван жилийн хугацаагаар сунгахаар шийдвэрлэсэн тэмдэглэл, мөн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ажлын хэсгийн хурлын ...Б ХХК нь дагнасан хэрэглээний 1 дүгээр салбар зам дээрээ гэрчилгээ шинээр авах хүсэлт ирүүлсэн материалын бүрдэл нь гэрчилгээжүүлэлтийн шаардлагыг хангаж байгаа ба урдьчилсан санал авах хуудсаар 100 хувь дэмжсэн гэсэн тэмдэглэл, 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ажлын хэсгийн саналын хуудас, Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 1999 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектийн гэрчилгээ /2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр дуусгавар болох/, 2 дугаар салбар замын тодорхойлолт, 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр болон 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр салбар замд үзлэг хийсэн тухай актууд, газрын гэрчилгээ, гэрээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллаганд гэрчилгээ олгох журмын 6 дугаар зүйлд зааснаар Бт ХХК-ийн Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектийн гэрчилгээний хугацаа дуусгавар болсон хэдий ч хууль бусаар олгосон гэх баримт тогтоогдохгүй байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн маргаж байгаа газар дээр М-Э ХХК-ийн биш харин Б ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүд байрлаж байгаа болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдож байгаа бөгөөд Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д төмөр замын зурвас газар гэж төмөр замын шугамын дагуух технологийн онцлог үйл ажиллагааг явуулах, тээврийн аюулгүй байдлыг хангах зориулалт бүхий газрыг, 3.1.21-д дагнасан хэрэглээний талбай эзэмшигч гэж эзэмшилдээ дагнасан хэрэглээний талбай бүхий хуулийн этгээдийг, 6 дугаар зүйлийн 6.3-д Төмөр замын зурвас газар болон улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой суурь бүтцээс бусад төмөр замын объект, салбар болон дагнасан хэрэглээний зам нь өмчийн аль ч төрөл, хэлбэрийн байж болно гэж зааснаар төмөр замын объект, салбар болон дагнасан хэрэглээний зам нь өмчийн аль ч төрөл, хэлбэрийн байж болохоор байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б ХХК-д төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгосноор гуравдагч этгээд уг төмөр замын зүүн талаар төмөр торон хашаа татаж М-Э ХХК-ийн агуулахын ачиж буулгах талбайн төмөр зам руу гарах хэсгийг хаасан, ингэснээр манай компанийн хүнсний бүтээгдэхүүн зөөвөрлөх технологийн горим алдагдаж байна гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа хэдий ч нэхэмжлэгч М-Э ХХК нь маргаан бүхий газар дээр байрлаж буй салбар төмөр замаар тээвэрлэлт хийх шаардлагатай тохиолдолд төмөр замын өмчлөгчтэй Иргэний хууль тогтоомжийн дагуу гэрээ, хэлцэл хийх замаар тохиролцож технологийн горимын дагуу хүнсний бүтээгдэхүүн зөөвөрлөх, тээвэрлэх боломжтой юм.

Сонсох ажиллагааны тухайд Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д иргэн, хуулийн этгээдийн өргөдөл гомдлын ханган шийдвэрлэж байгаа бол тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байх заалтыг тухайн тохиолдолд холбогдуулан үзвэл гуравдагч этгээд Б ХХК-ийн хүсэлттэй холбогдуулан захиргааны байгууллага, албан тушаалтан маргаан бүхий актыг гаргасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...маргаан бүхий актыг гаргахдаа манайд мэдэгдэж сонсгоогүй... гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй бөгөөд, маргаан бүхий актыг сонсох ажиллагаа хийлгүйгээр гаргасан гэх үндэслэлээр хууль бус байсан болохыг тогтоох боломжгүй юм.

Иймд дээрх хуулийн үндэслэлүүд болон үйл баримтуудаар Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ******* дүгээр, 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ******* дүгээр тушаалуудыг хууль бус байсан болохыг тогтоолгохыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төмөр замын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6-д заасныг баримтлан М-Э ХХК-ийн нэхэмжлэлтэй Зам, тээврийн хөгжлийн сайдад холбогдуулан гаргасан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн гэрчилгээ шинээр олгох, сунгах тухай ******* тоот тушаал, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн гэрчилгээ шинээр олгох, сунгах, хүчингүй болгох тухай *** тоот тушаалын Б ХХК-д холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М-Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 52 дугаар зүйлийн 52.5.1-д тус тус зааснаар маргаан бүхий акт нь хууль бус, эсхүл эрх зүйн илэрхий алдаатай байхын зэрэгцээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүхээс мөн хуулийн 106 дугаар зүйлд зааснаар захиргааны акт хуульд нийцээгүй бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол тухайн актыг хүчингүй болгох, эсхүл илт хууль бус болохыг тогтоох шийдвэрийг гаргахаар зохицуулжээ.

Нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт дараах үндэслэлүүдээр зөв болсон байна.

1. Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 87 дугаар захирамжийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус болох шаардлагуудыг тусгайлан заасан бөгөөд 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасан нөхцөл байдал тогтоогдвол захиргааны акт илт хууль бус байх шинжийг хангана.

Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзвэл анх Нийслэлийн Засаг даргын 2002 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай 405 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан өртөөний урд байрлах 21400 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 3 жилийн хугацаатай Мах-Экспорт ХХК-д ашиглуулахаар олгожээ.

Харин маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг хугацааг сунгах тухай 87 дугаар захирамжаар Мах-Экспорт ХХК-д газар эзэмшүүлэх хугацааг сунгахдаа газрын хэмжээг 3430 м.кв талбайгаар багасгаж, 17970 м.кв газрыг 5 жилийн хугацаатай, үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлсэн байх бөгөөд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д зааснаар Нийслэлийн Засаг даргаас хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх хуульд заасан эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

Тодруулбал, илт хууль бус захиргааны акт-ын шинж нь тухайн актын алдаа нь ноцтой бөгөөд энэ нь нийтэд илэрхий байхыг ойлгох ба энэ тохиолдолд Газрын тухай хуулиар аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх эрх Засаг даргад олгогдсон тул маргаан бүхий захирамжийг хэн ч харсан илэрхий, ноцтой алдаатай буюу захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэх үндэслэл болохгүй, нэхэмжлэгчийн илт хууль бус гэж маргаж буй үндэслэлийн улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

Харин уг маргаан бүхий акт нь Газрын тухай болон бусад хууль, журам зөрчиж гарсан гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул цаашид шүүх давж заалдах гомдол тайлбарласан ...ямар хууль зүйн үндэслэлээр газрын хэмжээг багасгасанд нь тодорхой дүгнэж чадаагүй... гэх үндэслэлийг шалгах шаардлагагүй болно.

2. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжийн Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газар дээрх Б ХХК-ийн хашаа, манаачийн байр зэргийг чөлөөлүүлэх шаардлагын тухайд:

Дээр дурдсанчлан нэхэмжлэгчийн маргаж буй газрыг эзэмших эрх 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 87 дугаар захирамжаар хүчингүй болгосон бөгөөд үүний дараагаар тус газрыг Б ХХК-д Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан шаардлагуудыг бүрэн хангасан буюу 31.3-д заасан бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй бөгөөд тухайн газрыг 1997 онд газар эзэмших эрх олгосноос хойш үл хөдлөх эд хөрөнгөө байрлуулан ашиглаж байгаа тул 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай А/954 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Б ХХК-ийн газрын хэмжээг 15753 м.кв талбайгаар нэмэгдүүлж, нийт 44112 м.кв талбайг 15 жилийн хугацаатай, агуулах, үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлсэн байна.

Хэдийгээр нэхэмжлэгчээс ...Нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий газрыг Б ХХК-д олгохдоо хууль тогтоомжийг зөрчиж олгосон ба манай компанийн орц, гарцыг хаасан, сонгон шалгаруулалт, дуудлага худалдааг зохион байгуулаагүй... хэмээн тайлбарлаж байх боловч Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т Үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны болон инженерийн шугам татах, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй. гэж заасанчлан газар эзэмшигч газраа ашиглахад зайлшгүй шаардагдах орц, гарц нээх асуудлыг бусад газар эзэмшигч, өмчлөгчөөс шаардах эрхтэй боловч энэхүү үндэслэлээр хууль зүйн үндэслэл бүхий газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй ба бусдын эзэмшил бүхий газартай давхацсан гэж үзэхгүй.

Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-д заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно. гэж зааснаар маргаан бүхий газарт дуудлага худладаа, төсөл шалгаруулах шаардлагагүй буюу мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3-д заасан гэр бүлийн болон хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, тариалангийн зориулалтаар олгосон газар бус агуулах, үйлдвэрлэлийн зориулалтаар аж ахуй нэгжид газар эзэмших эрх олгосон шийдвэр байна гэж үзлээ.

Нөгөөтэйгүүр, Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д Аж ахуйн нэгжид үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд зориулан эзэмшүүлэх газрын дээд хэмжээг Засгийн газар тогтооно. гэж заасан ба Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 8 дугаар хавсралтаар батлагдсан Аж ахуйн нэгжид үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшүүлэх газрын дээд хэмжээнд заасан хэмжээнээс гуравдагч этгээд Бт ХХК-д олгосон газар нь бага хэмжээтэй байх тул хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Ийнхүү гуравдагч этгээд Бт ХХК нь маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй байх тул Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д газрыг чөлөөлөх гэж тухайн газрыг эзэмших, ашиглах эрх дуусгавар болох, түүнчлэн газрыг зөвшөөрөлгүй ашигласан бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх, газрыг засаж тохижуулах зэргээр хууль болон гэрээнд зааснаар газрыг өмчлөгчид нь эргүүлэн өгөхөд саадгүй болгохыг гэж зааснаар тус газар дээрх Б ХХК-ийн хашаа, манаачийн байр зэргийг чөлөөлүүлэх хууль зүйн үндэслэлгүй.

Харин Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжаар Б ХХК-ийн эзэмших газрын хэмжээг нэмэгдүүлэхэд гуравдагч этгээдээс гаргасан хүсэлт баримт бичгийн бүрдэл хангаагүй гэх гомдлын тухайд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар нэхэмжлэгчийн хөндөгдөж буй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх бөгөөд гуравдагч этгээд Б ХХК-ийн ерөнхий захирал Б.Зул компанийг төлөөлөн хүсэлтэд гарын үсэг зурсан нь хууль зүйн үндэслэлгүйгээр газар олгосон эсэхэд маргаж буй уг хэрэгт хамааралгүй.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэж зааснаар Б ХХК-ийн зүгээс тухайн газар эзэмших хүсэлт гаргасныг хүлээн зөвшөөрч байх тул уг үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй байна.

3. Мак экспорт ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн болон 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хүсэлтүүдийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтүүдийг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах шаардлагын тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно., 37.3-д Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно. гэж зааснаар захиргааны байгууллагаас иргэн хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэхээс татгалзсан, орхигдуулсан байхыг ойлгоно.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж зааснаар захиргааны байгууллагын эс үйлдэхүй хэрэв хууль бус бол шүүхээс хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах шийдвэр гаргана.

Гэтэл энэ тохиолдолд өмнө дүгнэсэнчлэн маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 87 болон Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжийн Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Тиймээс нэхэмжлэгч Мах-Экспорт ХХК-ийн зүгээс 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн болон 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Нийслэлийн Газрын албанд гаргасан ...хуучин эзэмшиж байсан газраа буцаан авах хүсэлтээ дахин тавьж байна... гэх хүсэлтийг хангах боломжгүй буюу гуравдагч этгээдийн эзэмшиж буй газартай давхцуулан олгохгүй тул хүсэлтийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүйг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.