Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 203

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж,   

Нарийн бичгийн дарга: С.Буянхишиг, 

Улсын яллагч: Б.Жаргал,

Хохирогч: С.Цэрмаа,

Гэрч: С.Энхбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Оюунбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Цэдэв овогт Мантайноровын Машбаярт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626021983 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.            

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Цэдэв овогт Мантайноровын Машбаяр, 1975 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд  боловсролтой, авто замын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 11-89 тоотод оршин суух, урд ял шийтгүүлж байгаагүй, ЧП-75012977 тоот регистртэй.

Шүүгдэгч М.Машбаяр нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 7 дугаар сарын 20-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Улсын 3 дугаар төв эмнэлэгийн урд байрлах автобусны буудлын дэргэд С.Цэрмааг илтэд үл хүндэтгэн цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                         ТОДОРХОЙЛОХ НЬ:   

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав Үүнд:

Шүүгдэгч М.Машбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хохирогч эмэгтэйг цохиж танхайрсандаа маш их санаа зовж байна. Би энэ үйлдэлдээ их харамсаж, гэмшиж байна” гэв.

Хохирогч С.Цэрмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Тухайн өдөр нөхрийнхөө жолоодон явсан тролейбусанд суугаад явж байтал 25 дугаар эмийн сангийн буудлаас Машбаяр согтуу орж ирээд суусан. Манай нөхөр шугаманд гэмтэл гарсан талаар утсаар яриад явж байхад Машбаяр нь чи наад утсаа болиоч, нийтийн тээврийн муу сайн юмнууд дандаа ингэж явдаг гэх зэргээр хэл амаар дайрсан. Тэр үед нь нөхөр утсаа больсон ба би хойшоо яв гэж хэлсэн. Тэгээд 10 дугаар хорооллын автобусны буудал дээр Машбаяр буух үедээ над руу нулимаад буусан. Манай нөхөр эмэгтэй хүн рүү яаж байгаа юм бэ гэж хэлэхэд чи буугаад ир гээд урд хаалгыг таглаад зогсоод байсан. Манай нөхөр буусан ба араас нь буугаад боль гээд очих үед миний нүүр лүү шууд цохьсон. Би нөхрөө яв гэж хэлээд цагдаа дуудаад тэр залууг бариад зогсож байхад өмсөж байсан фудволкоо тайлаад зугтаагаад явсан. Би араас нь очиж хаашаа орж байгааг нь хараад цагдаад хэлсэн. Би Машбаяр луу нулимсан зүйл огт байхгүй. Би гомдолтой байна. Перфект гээд эмнэлэгт үзүүлж уруулын сорвийг арилгуулахаар цаг авсан байгаа. Хэдэн төгрөгний эмчилгээ хийхийг мэдэхгүй байна. Би цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролд 2 сая төгрөг нэхэмжилж байна” гэв.

Хохирогч С.Цэрмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 7 дугаар сарын 20-ний өдөр 18 цаг 30 минутын үед нөхөр Энхбаатарын троллейбусанд суугаад 5 шар руу явж байхад 10 хорооллын автобусны буудлаас үл таних 165-170 см орчим өндөр нуруутай, бор царайтай, махлаг, спорт халимагтай, онигор нүдтэй, 40-өөс 45 орчим насны эрэгтэй согтуу хүн орж суусан. Тэр үед манай нөхөр утсаар яриад шугам унасан гээд арын жолоочтой яриад явж байсан. Гэтэл нөгөө согтуу эрэгтэй нийтийн тээврийн муу сайн жолооч нар дандаа ингэж утсаар яриад явдаг пизда жолооч нар гэж хэлж байсан. Тэр хүнийг хойшоо яваад хойд хаалгаар буу гэж хэлсэн. Тэгсэн нөгөө залуу 3-р эмнэлгийн буудал дээр хаалга нээгдэхэд буухгүй байсан. Тэгээд урд хаалгаар буухдаа миний өөдөөс эргэж хараад миний нүүр рүү нулимсан. Тэгтэл Энхбаатар буугаад нөгөө хүний араас тэврээд чи эмэгтэй хүний нүүр өөд нулимаад байхдаа яадаг юм гэж хэлсэн. Би тэр үед араас нь буугаад Энхээ боль  явья гэж хэлээд салгасан. Гэтэл нөгөө залуу баруун гараараа миний уруул руу маш хүчтэй цохиод авсан. Миний уруул сэтэрсэн байсан тул цагдаад дуудлага өгсөн. Нөхөр Энхбаатар троллейбусны  жолоочоор шугаманд хүн тээвэрлээд хүн ихтэй байсан учир би нөгөө хүний фудволкноос нь барьж аваад нөхрөө шугамдаа яв, би өөрөө цагдаад өгнө гээд үлдсэн. Энхбаатар яваад өгсөний дараа фудволкноос нь зуураад цагдаа хүлээж байтал фудволкоо тайлж үлдээгээд зугатаасан. 2 цагдаа ирээд хайгаад олоогүй, цагдаа намайг та одоо шүүх эмнэлэг дээр үзүүл, гэмтэл очоод оёдол тавиул гэж хэлсэн. Тэгээд би нөхөр Энхбаатарыг дуудаж шүүх эмнэлэгт үзүүлээд дараа нь гэмтэл орж урууландаа гадна  2, дотор 1 оёдол тавиулсан. Тэгээд гэртээ харьсан ба маргааш нь бие өвдөөд байсан болохоор эмнэлэгт үзүүлээд хэвтэж эмчлүүлэхээр болсон. Томографикийн зураг авахуулсан, эмчилгээ хийлгээд 14 хоног акт авсан. Одоо уруул хавдартай, сорвитой болсон. Би гомдолтой, энэ хүнийг олж хохирлоо барагдуулаад уруулаа хэвийн болгомоор байна. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Миний биед учирсан гэмтлийг  нэрийг нь мэдэхгүй, над руу нулимсан хүн учруулсан. Эмчилгээний зардалд 600.000  гаруй төгрөг гарсан ба үүн дээр хохирлоо гаргуулан авах хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг \хх-ийн 16-р хуудас\,

Гэрч С.Энхбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн: “ ...2016 оны 7 дугаар сарын 20-ний өдөр 18 цаг 30 минутын үед Таван шар-Ботаникийн чиглэлд явж байгаад буух дөхөөд буцаад таван шарын чиглэлд явж байтал ТБД андуудын автобусны буудлаас 35-40 орчим насны хар бор өнгийн арьстай, онигор нүдтэй, гүзээтэй 170-175 см орчим өндөртэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай эрэгтэй манай троллейбусанд суусан. Ингээд явж байхдаа миний хажууд зогсоод яваад байсан ба би тухай үед шугамын дуудлага өгөөд утсаар яриад байж байтал нөгөө залуу хэрүүл өдөөд та нар хүн зөөж байж утсаар ярьлаа, та нар ийм байхгүй юу гээд байсан. Тэгэхэд нь би та хойшоо яв, хүн ордог хаалган дээр зогсоод байна, хойд хаалга руу очоорой гэж хэлсэн. Тэгсэн нөгөө залуу та нар муу сайн нийтийн тээврийн  үйлчилгээ юм байж утсаар ярьлаа гэж орилж байсан ба тухайн үед манай эхнэр Цэрмаа хамт явсан болохоор уг эрэгтэйг хойшоо яв, битгий жолоочийн анхаарал сарниул гэж шаардлага тавьж хэрэлдээд явж байх зуур Улсын нэгдсэн 3-р эмнэлгийн ойролцоо буудал дээр ирсэн бөгөөд нөгөө согтуу эрэгтэй урд хаалгаар би энэ хаалгаар буух газраа бууна гэж хэлээд буухдаа манай эхнэрийн нүүр рүү нулимаад буугаад явсан. Би тэр залууг яаж байгаа юм бэ гэж хэлэхэд чи чаддаг юм бол буугаад ир гэж хэлсэн. Тэгэхэд нь бууж очоод барьж авах гэтэл над руу шууд далайхаар нь бултаад холдтол манай эхнэр Цэрмаагийн нүүрэн тус газар цохиж таарсан. Тэгээд эхнэр Цэрмаагийн ам тус газраас цус гараад шууд эмнэлэгт очиж үзүүлэхэд уруул нь сэтэрсэн байсан. Тэр эрэгтэй халуунд манарчихсан, юугаа ч мэдэхгүй нилээд согтсон байдалтай байсан. Баруун гараараа нүүрэн тус газарт нь маш хүчтэй цохьсон” гэсэн мэдүүлэг \хх-43-р хуудас\,

Яллагдагч М.Машбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би яг цохьсон эсэхээ сайн санахгүй байна, ямар ч байсан надтай тэмцэлдэж  байхад нь гараараа саваад цохьсон байх. Анх цагдаагаас гэрийн хаалга тогшиж орж ирэхэд их гайхсан, тухайн үед ерөөсөө санаагүй. Тэгээд эмэгтэй хүнийг бараг ээж шигээ хүнийг цохиж биед нь гэмтэл учруулсандаа их харамсаж байна, өөрөө ичиж байна, өөрийн гэм бурууг ойлгож байна. Хэргийг нааштай шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг \хх-52-р хуудас\,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10212 тоот дүгнэлтэд: “…Цэрмаагийн биед дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 20/,

Фото зургийн үзүүлэлт /хх-12-13/, эмчилгээний зардлын баримт /хх-14/, компьютер томографийн оношлогоо /хх-23/, өвчний түүх /хх-27-34/, хохирлын мөнгө хүлээлгэж өгсөн баримт /хх-ийн 40/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-59/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-74/ зэрэг болно.

Шүүгдэгч М.Машбаяр нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 7 дугаар сарын 20-ний өдөр 18 цаг 30 минутын орчим Нийтийн тээврийн хэрэгсэл болох тролейбусанд сууж явахдаа зорчигич С.Цэрмаатай маргалдаж, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Улсын 3 дугаар төв эмнэлэгийн урд байрлах автобусны буудал дээр буухдаа түүний нүүр лүү нулимсаны улмаас уг тээврийн хэрэгслийн жолооч хохирогчийн нөхөр болох С.Энхбаатартай маргалдаж тэднийг салгах гэсэн хохирогч  С.Цэрмаагийн нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж танхайрсан болох нь:

  • эгч, хохирогч  нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь тодорхой сэдэлттэйгээр үйлдэгдсэн тул хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээр зүйлчилж өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч нь олон нийтийн газарт буюу нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл дотор согтуурсан үедээ нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, уг тээврийн хэрэгсэлээс бууж гудамж талбайд буюу автобусны буудал дээр бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан нь танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч, хохирогч нар нь хэн, хэнийгээ танихгүй, тэдний хооронд хувийн таарамж, тохиромжгүй харьцаа үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгч нь согтуурсан үедээ нийгмийн хэв журмыг зөрчсөн үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч М.Машбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч М.Машбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлан танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч нь 523.000 төгрөгийн хохирол баримтаар нэхэмжилсэн байх ба  шүүгдэгч 523.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримт болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Хохирогч нь цаашид өөрийн биед учирсан уурлын сорвийг арилгуулах эмчилгээ  хийлгэх, сэтгэл санааны хохиролд нийт 2 сая төгрөг нэхэмжилсэн ба уг нэхэмжлэлийн талаарх ямар нэгэн нотлох баримтгүй байх тул нэхэмжлэлийг шүүх хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч нь сэтгэл санааны болон цаашид гарах эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчид оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу шүүгдэгчид  оногдуулсан ялыг тэнсэж, хянан харгалзах боломжгүй байна.

Хуулийн дээрх заалт нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг бүрэн арилгасан нөхцөлд хэрэглэх хуулийн заалт байх ба шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг бүрэн арилгасан байна гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.