Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2016/0627

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2016/0627

Улаанбаатар хот

 

 

                                     Иргэн Ч.Цэдэнбалын нэхэмжлэлтэй

                                            захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Нармандах, гуравдагч этгээдын өмгөөлөгч Н.Наранбаяр нарыг оролцуулан хийж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, гуравдагч этгээд болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Ч.Цэдэнбалын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Цэдэнбал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Есөнбулаг сум, Харзат баг 17 дугаар байрны урд байрлах Угалз дэлгүүрийн хойт талын газрыг Б.Чүлтэмсүрэнд эзэмшүүлэхээр гаргасан аймгийн Засаг даргын А/305 дугаар захирамжийн Б.Чүлтэмсүрэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, 2010 оноос хойш эзэмших өргөдөл гаргаж буй Ч.Цэдэнбал надад олгохыг даалгах” гэжээ.

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 20 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Ч.Цэдэнбалын нэхэмжлэлтэй, аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох хэрэгт Говь-Алтай аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/305 дугаар газар эзэмшүүлэх тухай захирамжийн иргэн Б.Чүлтэмсүрэнд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Б.Чүлтэмсүрэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сэлэнгэ нар давж заалдах гомдолдоо: “Ч.Цэдэнбалын нэхэмжлэлтэй, Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд дараах гомдлыг гаргаж байна.

Нэгдүгээрт, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 32 дугаар тогтоолоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж, орон сууцны зориулалтаар шинэ эзэмшүүлэх газрын байршил хэмжээ тогтоож хавсралтаар Харзат багийн 19 дүгээр байрны баруун талд газар олгохоор шийдвэрлэж аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/305 тоот захирамжийн хавсралтаар Б.Чүлтэмсүрэн надад Угалз дэлгүүрийн баруун хойд талд 70 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Б.Чүлтэмсүрэн миний бие 2008 оноос хойш уг газрыг эзэмших талаар удаа дараа хүсэлтийг гаргаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хариуцагчийн тайлбараар давхар нотлогдож байна. Миний бие Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан журмын дагуу газар эзэмших тухай хүсэлтийг аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гаргаж шийдвэрлүүлсэн. Аймгийн Засаг даргын А/305 дугаар захирамжийн хавсралтаар Б.Чүлтэмсүрэн надад олгосон газар нь аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэнд эзэмшүүлсэн болохоор заагдсан ба иргэн Ч.Цэдэнбалын эзэмшиж буй гэх газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй болох нь газарт үзлэг хэмжилт хийсэн тэмдэглэгээгээр тогтоогдож байгаа билээ. Мөн нэхэмжлэгчээс надад олгосон газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар гэж маргаж байгаа нь хариуцагчийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг багцлаад хийдэг. Тийм ч учраас Харзат багийн нутаг дэвсгэрт олгох газрыг багцлаад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар оруулж батлуулсан. Иргэн Б.Чүлтэмсүрэнд олгосон газар нь Алтай хотын 2015-2035 он хүртэлх хөгжлийн хэтийн төлөвлөгөөнд тусгагдсан, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 32 дугаар тогтоолоор тодотгож өгсөн газар юм гэсэн тайлбараар няцаагдаж байхын зэрэгцээ Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, 21 дүгээр зүйлийн 21.3.2-т заасныг зөрчөөгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэжээ. Уг газар нь иргэн Ч.Цэдэнбалын Угалз дэлгүүрийн эзэмшлийн газартай ямар нэгэн давхцал байхгүй Ч.Цэдэнбалаас аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гаргасан өргөдөлд хуульд заасан журмын дагуу зохих хариуг хүргүүлж байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Нөгөөтэйгүүр аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/305 дугаар захирамж нь иргэн Ч.Цэдэнбалын ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдохгүй, ямар нэгэн хуулиар олгогдсон эрх нь хөндөгдөөгүй байх тул шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох боломжтой байсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс иргэн Ч.Цэдэнбалын эзэмшлийн гэх газар нь хуульд заасан журмын дагуу олгогдсон газар эзэмших эрх нь байгаа эсэхэд буруу дүгнэлт хийж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний бие уг газар дээрээ орон сууц барих зориулалтаар Хаан банкнаас өндөр хүүтэй зээл авсан бөгөөд 2015 оны 7 дугаар сараас хойш бүтэн жилийн хугацаанд банкны зээлийн хүүгийн хамт үр ашиггүй төлж хохирч байна. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхгүй удааширч бидэнд мэдэгдэхгүйгээр 2 удаа бидэнд мэдэгдэж 2 удаа шүүх хурал хойшилж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс “...2010 онд аймгийн Мэргэжлийн хяналтын албанаас “орчныг тохижуул” гэх үүрэг өгсний дагуу эзэмшил газрын орчинд хайс хийж, зүлэгжүүлсэн, ...тус газрыг эзэмших хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч газрын албанаас эхний үед өргөдөл хүлээн авахгүй байгаа гэж буцаасан, дараа нь “өргөдлийг алга болсон байна” гэсэн, ...2014 оны 1 дүгээр сард дахин өргөдөл гаргасан, хариуд нь “холбооны кабель байна” гэж татгалзсан, дараа мөн оны 5 дугаар сард дахин өргөдөл гаргахад “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй” гэх үндэслэлээр татгалзсан. Гэтэл энэ хариуг өгөхөөс 6 хоногийн өмнө Б.Чүлтэмсүрэнд миний хүсэлтэд заасан газрыг аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байхад дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтгүйгээр эзэмшүүлж шударга бус, тэгш бус хандсан...” гэж, харин хариуцагчаас “...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 32 дугаар тогтоолоор нэмэлтээр төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу иргэн Б.Чүлтэмсүрэнд 96 м.кв газрыг орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн. 96 м.кв газар эзэмшүүлэхэд дуудлага худалдаа явуулах шаардлага байхгүй, иргэн Б.Чүлтэмсүрэн нь аймгийн Засаг даргад дээрх газрыг эзэмших талаар 2009 оноос удаа дараа хүсэлт гаргаж байсан ...  Ч.Цэдэнбал нь 2014 оны 05 дугаар сарын 13-нд дэлгүүрийн газраа сунгах талаар өргөдөл гаргасан...” гэж, гуравдагч этгээдээс “...2008 оноос эхлэн тус газрыг эзэмшихээр хүсэлт гаргасан,  ...аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 32 тоот тогтоолоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж, а/305 дугаар захирамжаар 70 м.кв газар эзэмших эрхтэй болсон, Ч.Цэдэнбалын эзэмшил газартай давхцалгүй тул түүний эрх ашгийг хөндөөгүй...” гэж тус тус маргажээ.

Шүүх Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасныг баримтлан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж тус тус заасныг баримтлан дээр дурдсан маргаан бүхий А/305 дугаар захирамжийн иргэн Б.Чүлтэмсүрэнд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

Хавтаст хэрэгт авагдсан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “аймгийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 32 дугаар тогтоолоор Есөнбулаг сумын Харзат багийн 19-р байрны баруун талд 1168.0 м.кв газрыг 70 айлын орон сууцны зориулалтаар шинээр эзэмшүүлэх газар гэж зааж баталсан болох нь тогтоогджээ.

Харин маргаан бүхий акт болох А/305 дугаар захирамжаар “Харзат баг Угалз дэлгүүрийн баруун хойд талд” гэж байршлыг тодорхойлон  96 м.кв газрыг Орон сууцны зориулалтаар иргэн Б.Чүлтэмсүрэнд эзэмшүүлж шийдвэрлэснээс үзвэл дээр дурдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 32 дугаар тогтоолын Харзат багт шинээр газар эзэмшүүлэхээр зааж төлөвлөсөн байршлаас зөрүүтэй байх тул маргаан бүхий газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлж шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасантай нийцэхгүй байна.

Түүнчлэн хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн маргаан бүхий А/305 дугаар захирамжаар иргэн Б.Чүлтэмсүрэнд орон сууцны зориулалтаар 96.0 м.кв газар эзэмшүүлж шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, /“Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны  хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ О,О7 га-гаас илүүгүй байна”/, 33.1.2-т /“энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ…” заасантай нийцэхгүйн гадна гуравдагч этгээд Б.Чүлтэмсүрэнд 96 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн маргаан бүхий А/305 дугаар захирамжийг үндэслэн гарсан газар эзэмших эрхийн 00053113 дугаар гэрчилгээнд газрын хэмжээг 70.0 м.кв гэж зааснаас үзвэл түүнд газар эзэмших үүсгэсэн захиргааны актууд илэрхий зөрчилтэй, алдаа бүхий байна.

Нэхэмжлэгч Ч.Цэдэнбал нь өөрийн эзэмшлийн 55 м.кв газрыг сунгаж эзэмших талаар 2013 оны 07 дугаар сарын 15[1], 25[2], 2014 оны 05 дугаар сарын 13[3]-ны өдөр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт удаа дараа хандаж өргөдөл хүсэлт өгч байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна.

Хариуцагч нь 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр маргаан бүхий А/305 дугаар захирамжаар иргэн Б.Чүлтэмсүрэнд нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдагдсан газрыг эзэмшүүлсэн атлаа нэхэмжлэгчийн эзэмшил газраа сунгах талаар 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гаргасан өргөдөлд 2014 оны 06 дугаар сарын 24-ны өдөр “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй” гэх хариуг хүргүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Хариуцагчийн дээрх үйлдэл нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэж заасан газрын талаар төрөөс баримтлах зарчимд нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, нэмэгдүүлэх эрхтэй. Харин шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх үүрэгтэй. Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...даалгах” нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсанаар нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй гэж үзэх буюу иргэний газар эзэмших хүсэлтийг тэгш, шударга зарчмыг баримтлан  хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй хариуцагчийн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “...нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул эрх ашиг сонирхол нь зөрчигдөөгүй...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан Д.Сэлэнгэ гэх иргэний 2008 онд аймгийн Засаг даргад хандаж гаргасан өргөдөлд “...40 мянган айлын хөтөлбөрийн хүрээнд баригдаж буй хувийн орон сууцны газрыг үнэ төлбөргүй олгож өгнө үү...” гэсэн байх буюу тэрээр тухайн үед маргаан бүхий газрыг эзэмших хүсэлт гаргаагүй байх тул  гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “...Чүлтэмсүрэнгийн эхнэр Д.Сэлэнгэ 2008 онд тус газрыг эзэмшихээр хүсэлт гаргаж байсан...” гэх гомдол үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                                            Э.ХАЛИУНБАЯР

     ШҮҮГЧ                                                                            С.МӨНХЖАРГАЛ

     ШҮҮГЧ                                                                            Н.ХОНИНХҮҮ

 

 


[1] Хавтаст хэрэг №1, 73 дугаар тал

[2] Хавтаст хэрэг №1, 72 дугаар тал

[3] Хавтаст хэрэг №1, 79 дүгээр тал