Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/01054

 

Б.Түвшинжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 

2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 138/ШШ2019/00757 дугаар шийдвэр,

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 201/МА2020/002 дугаар магадлалтай,

Б.Түвшинжаргалын нэхэмжлэлтэй,

Г.Гэрэлцэцэгт холбогдох 

Гэрлэлт цуцлуулах тухай үндсэн нэхэмжлэл,

Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлийн тайлбарт: Г.Гэрэлцэцэг бид хоёр 2009 онд танилцаж, 2010 оны 11 сараас Дашбалбар суманд хамтран амьдарч эхэлсэн. Би тухайн үед сум руу тээвэр хийдэг байсан. Би Г.Гэрэлцэцэгтэй амьдарна гэж түүний санал, хүсэлтийг хүлээн авч эхнэр, хүүхдээсээ бүрмөсөн салаад очсон. Хамт амьдрах хугацаанд 2011.10.30-ны өдөр хүү Тэлмэн төрсөн. Гэрлэлтийн баталгааг хүүгээ төрсний дараа гэрчилгээ авах үед хийлгэсэн. Бид хоёр гэрлэлтээ батлуулах, хүүхдийнхээ гэрчилгээг миний нэрээр овоглох талаар ярилцаад миний иргэний үнэмлэхийг авч хүүхдийн гэрчилгээ авсан энэ талаар надад ярьж байсан. Бид хоёр хамт амьдраад 10 жил болж байна. Энэ хугацаанд ямар нэгэн асуудал гарч байгаагүй. Хамт амьдрах хугацаанд Г.Гэрэлцэцэг нь эд мөнгөндөө эрдсэн түрэмгий дээрэлхүү харьцаатай, намайг байнга захирсан, зандарсан, гоочилсон, доромжилсон байдлаар ханддаг. Би түүнтэй амьдарснаас хойш өөрийн хийдэг зорчигч тээврийн шуудангийн жолоочийн ажлаа хийхээ больж эхнэрийн ажилд туслан барааг тээвэрлэх, тэр айлын эрэгтэй хүний хийх аж ахуйн бүхий л ажлыг хийж түүнд бүх л байдлаараа санаанд нь нийцэж амьдрахыг хичээж ирсэн. Надтай амьдрах хугацаанд эд хөрөнгө байшин сав, бар караокетэй хоёр давхар байшин, Улаанбаатар, аймгийн төвд хоёр байртай, хэд хэдэн том, жижиг машинтай болсон. Намайг хааяа найз нөхөдтэйгөө уулзахаар биднийг элдвээр хэлдэг одоо надад найз нөхөд байхгүй болсон. Энэ хугацаанд миний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг огт төлөөгүй. Мөн дэлгүүрийнхээ худалдагч болгонтой айж ичихгүй, эрээ цээргүй хий харддаг. Намайг хужаа өмхий санаатай, миний хөрөнгөнд болж байдаг. Өмссөн хувцастайгаа ирсэн түүнтэйгээ зайл гэж байнга доромжилж хөөдөг. Энэ хүн надаас айдаг ч хүн биш. Би тэсэхгүй ганц нэг удаа алгадаж цагдаа дуудаж арга хэмжээнд орж байсан. Эцэст нь би л буруутан болж аргадаж гуйж тайвшруудаг. Би бүр тэсэхээ болиод 2015 онд 4 сар гаруй салсан. Тэгэхэд дахиж ингэхгүй гэж уйлж унжин найз нөхдөөр ятгуулж байж эргэж нийлсэн. Хаа ч явсан мөшгиж мөрдөн байдаг. Би энэ хүний эрхшээл, нөлөөнөөс салмаар байна. Иймд гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Хүүхдээ ээжийнх нь асрамжинд өгөхөд татгалзахгүй. Хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг төлнө. Энэ 10-аад жилийн хугацаанд эхнэр, нөхөр гэж явсаар ирсэн. Иймээс 2011.12.09-ний өдөр гэрлэлтээ батлуулсан гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулна гэж байгаагаа зөвшөөрөхгүй. Би тухайн үед мэдсэн түүнээс хойш бид хоёр хамт амьдарсаар ирсэн. Энэ хүн ийм арга саам хийж гэрлэлт цуцлуулахгүй байх хүсэлтэй байна. Бид хоёр эвлэрүүлэн зуучлалд ирээд орохын өмнө уулзаад яах вэ гэхэд өөрөө дургүйцсэн. Тэгээд би эвлэрүүлэн зуучлагчид ороод эвлэрэхгүй гэдгээ хэлсэн. Бид хоёр түүнээс хойш ярилцаад хэн хэндээ тус дэмтэй явъя гэж ярилцсан үнэн. Гэхдээ эхнэр, нөхрийн хэмжээнд явна гэж хэлээгүй. Би хэлсэндээ хүрч зуухыг нь засаж янзлаад өгсөн. Ер нь тус дэм болоод явж байгаа гэж бодож байна. Би аймгийн төвд байгаа байранд нь амьдарч байгаа үнэн. Би энэ хугацаанд хүүтэйгээ уулзсан. Хүү маань пүүз байхгүй гэхэд нь авч өгсөн байгаа. Миний хүү мөн учир би байнга харьцаатай байх болно. Эд хөрөнгийн талаар ярилцаад шийднэ гэж бодож байна гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлд: Миний бие Б.Түвшинжаргалтай 2009 онд танилцан 2011 оны 11 сараас хамт амьдарч эхэлсэн. Бид хоёр хамт амьдрах хугацаандаа 2011.10.30-ны өдөр хүү Тэлмэнг төрүүлсэн. Хүүгээ төрсний дараа эцгээр нь овоглох болоход заавал гэрлэлтийн баталгаатай байх шаардлагатай гэж Иргэний бүртгэлийн байцаагч н.Мөнхцэцэгт хэлж Б.Түвшинжаргалын иргэний үнэмлэхийг авч очоод гэрлэлтийн баталгаа хийлгэсэн. Хүүгийнхээ гэрчилгээг авсан талаар хэлж байсан. 2018 онд визэнд орж гэрлэлтийн баталгаа яригдах үед Б.Түвшинжаргал гэрлэлтийн баталгааг хийгдсэн юм уу гэж ярьж эхэлсэн. Би өөрөө хоёр охинтой өөрөөрөө овоглодог учир хүүгээ ааваар нь овоглох зорилготой байсан. Бид хоёр хамт амьдрах хугацаанд Б.Түвшинжаргал нь хоёр удаа бусадтай холбоотой болж байсан. Б.Түвшинжаргал нь хүүхдийн тэтгэлэг төлдөг байсан учир шийдвэр гүйцэтгэлээс хөрөнгө битүүмжилж, нийгмийн даатгал төлбөл цалинтай гэж мэдэх байх гэж бодоод 2017 он хүртэл нийгмийн даатгалыг хоёулаа төлөөгүй байсан. Энэ үед хүүхдийн тэтгэлгээ төлж дууссан учир нийгмийн даатгалыг төлсөн. Б.Түвшинжаргал нь энэ хугацаанд 10 гаруй машин сольж унасан. 2019 оны 1 сараас тусдаа амьдарч байгаа ч аймагт миний байранд байгаа. 5 сард гэрлэлт түдгэлзүүлснээс хойш над руу ярьж байнга харьцаатай байгаа. Би компани том тэрэгийг өгсөн. Өөрөө том машинтай тээвэр хийж хүүхдийнхээ сургалтын төлбөрт тус дэм болж байя гэсэн. Надтай энэ хугацаанд хамт байж утсаар ярьж хэн хэнийхээ амьдрал дэм тустай явъя гэж хэлсэн мөртлөө энд ирээд сална гээд байгаа. Сая 10 сард Алтан эмээл яваад Дашбалбар суманд хоолны газар ажиллуулах талаар ярьж байсан. Би энэ хүний ярьж байгаагаар буруутан болох гээд байна. Ажил төрөл яаж байгаа талаар санаа тавьж утсаар ярьж байгаа. Гэрлэлт цуцлуулахгүй, зөвшөөрөхгүй байна. Хэрэв гэрлэлт цуцлуулахгүй бол сөрөг нэхэмжлэлээс татгалзаж болно. Гэрлэлтийг тухайн үед хүчин төгөлдөр бус гэдгийг тухайн үед нь мэдэж байсан. Хэрэв 2018 онд виз гаргуулах үед гэрлэлтийн баталгаатай гэхэд өөрөө юун гэрлэлтийн баталгаа гэж хэлсэн өөрөө дургүй байна гэж миний хувьд ойлгосон. Энэ хугацаанд хүүдээ ганц пүүз авч өгсөн. Өөр тусламж үзүүлж байгаагүй. Миний хувьд эд хөрөнгийн талаар маргаан байхгүй. Бидний гэрлэлт Б.Түвшинжаргалын хэлээд байгаа шиг сайн дурын үндсэн дээр тэгш эрхийн зарчмаар хийгдээгүй. Иймд гэрлэлтийг хүчин төгөлдөр бус тооцуулах. Миний хүү Т.Тэлмэн нь одоо 8 настай. Аавыгаа их санаж бэтгэрдэг. Бидний гэрлэлт цуцлах асуудалтай холбоотойгоор хүүгийн мань эрх ашиг хөндөгдөж байна. Иймд шүүхийн зүгээс бидний гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцсонтой холбоотойгоор хүүгийн асрамжийн асуудлыг зохих хууль тогтоомжийн дагуу миний асрамжинд шилжүүлж, Б.Түвшинжаргалаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 138/ШШ2019/00757 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Борчууд овогт Баяраагийн Түвшинжаргал, Харгана овогт Гэлэгийн Гэрэлцэцэг нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар хариуцагч Г.Гэрэлцэцэгийн Гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцох тухай сөрөг нэхэмжлэл шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011.10.30-ны өдөр төрсөн хүү Т.Тэлмэнг эх Г.Гэрэлцэцэгийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Т.Тэлмэнг 11 насанд хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар тутам эцэг Б.Түвшинжаргалаас тэжээн тэтгүүлж, зохигчид нь эд хөрөнгийн талаар маргаан үүсгээгүй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Түвшинжаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, Г.Гэрэлцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101,764 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Гэрэлцэцэгээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Түвшинжаргалд, нэхэмжлэгч Б.Түвшинжаргалаас 31,564 төгрөгийг гаргуулан Г.Гэрэлцэцэгт тус тус олгож, Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг мэдэгдэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 201/МА2020/002 дугаар магадлалаар: Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 06-ны өдрийн 138/ШШ2019/00757 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Гэрэлцэцэгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний бие Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.06-ны өдрийн 757 дугаар шийдвэр, 2020.01.03-ны өдрийн 201/МА2020/002 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр, магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Дорнод аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхээс бидний гэрлэлтийг цуцалж миний гаргасан сөрөг нэхэмжлэлийн гэрлэлт хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би Б.Түвшинжаргалтай манай сумын шууданд явдаг Б.Болдтөмөр гэдэг хүний машиныг ээлжийн жолооч хийж байхад нь 2010 онд танилцсан. 2011.10.30-ны өдөр хүү Т.Тэлмэн төрсөн. Өмнө нь би 2 хүүхдийн хамт амьдардаг байсан. Түүнтэй танилцаж 8 настай хүүтэй болсон. Гэрлэлтийн баталгааны хувьд би Б.Түвшинжаргалын хэлээд байгаа шиг бичиг баримтыг өөрт нь хэлэлгүй авч очоод сумын иргэний бүртгэлийн байцаагчид өгч гэрлэлтийн баталгааг би өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр хийлгэсэн нь үнэн. Бид хоёр өөрийн биеэр байж албан ёсоор батлуулаагүй, гэр бүл болохын тулд бус хүүгээ эцгээр нь овоглуулах зорилгоор гэрлэлтийг хууль бусаар батлуулсан. Гэрлэлт батлуулах ажил хуулийн дагуу хийгдээгүй нь үнэн бөгөөд уг ажиллагааг нотлуулахын тулд анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон нэг талыг баримтлан бидний гэрлэлтийг цуцлан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, миний бие эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохын тулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135.2.3 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийг гаргасан байхад уг асуудлыг шалган тогтоолголгүйгээр нотлох баримт хүсэлт гаргах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй оролцогчийн эрхийг зөрчиж хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй байгаад маш их гомдолтой байна. Иймд энэ гэрлэлт гэх зүйл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгч шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Түвшинжаргал нь хариуцагч Г.Гэрэлцэцэгт холбогдуулан гэрлэлт цуцлуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох, хүү Т.Тэлмэнгээ өөрийн асрамжид үлдээж, эцэг Б.Түвшинжаргалаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах сөрөг шаардлага гаргасан.

Анхан шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүү Т.Тэлмэнг эх Г.Гэрэлцэцэгийн асрамжид үлдээж, эцэг Б.Түвшинжаргалаас тэжээн тэтгүүлж, Г.Гэрэлцэцэгийн гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, зохигчид нь эд хөрөнгийн талаар маргаан үүсгээгүй болохыг дурдаж, хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг мэдэгдэж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхижээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Б.Түвшинжаргал, Г.Гэрэлцэцэг нар нь 2009 онд танилцаж, 2011.10.14-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, 2011.10.30-ны өдөр хүү Т.Тэлмэн төрсөн, 2019 оны 01 сараас гэрлэгчид нь тусдаа амьдарч байгаа нь тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн гэр бүлийн маргааныг шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн, хариуцагч Г.Гэрэлцэцэгийн гомдолд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Хариуцагч Г.Гэрэлцэцэгийн ...гэрлэлт гэх зүйл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгч шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэсэн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Г.Гэрэлцэцэг нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хүү Т.Тэлмэнгээ эцгээр нь овоглохын тулд Түвшинжаргалын бичиг баримтыг авч сумын Иргэний бүртгэлийн газарт очиж гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний гэрлэлт сайн дурын үндсэн дээр тэгш эрхийн зарчмаар хийгдээгүй гэж тайлбар гаргасан.

Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Энэ хуулийн 9-д заасныг зөрчиж гэрлэсэн, гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн нь илэрсэн тохиолдолд ... шүүх гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцно гэж зохицуулсан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг зөрчиж гэрлэсэн гэдэг нь тогтоогдохгүй тухай хоёр шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

Түүнчлэн Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Улсын бүртгэгч нь иргэний улсын бүртгэлийг хүчингүй болгох бол шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн бүртгэнэ гэж заасан байх ба энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 138/ШШ2019/00757 дугаар шийдвэр, Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 201/МА2020/002 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД