Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2025/0155

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С

Нэхэмжлэгч: “Г” ХХК

Хариуцагч: Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.П, М.А

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын улсын байцаагч Б.П, М.А нарын үйлдсэн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №НА-21230000033 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ын хавсралт ХШ06/02 маягтын 7 болон 11 дэх хэсгээс бусад хэсгийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0965 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ч, хариуцагч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг

Хэргийн индекс: 128/2023/0980/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Г” ХХК нь “Татварын улсын байцаагч Б.П, М.А нарын үйлдсэн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №НА-21230000033 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ын хавсралт ХШ06/02 маягтын 7 болон 11 дэх хэсгээс бусад хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0965 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, 47.2.1, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.2, 29.2, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 8 дугаар зүйлийн 8.1, 6 дугаар зүйлийн 6.1, 9 дүгээр зүйлийн 9.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Г” ХХК-ийн  нэхэмжлэлтэй хэргийн гол асуудал бол 6413 тонн нүүрсийг экспортод гаргасан эсэхээс хамаарч шийдэгдэхээр нөхцөлтэй. Тухайн асуудал өмнө нь анхан болон давж заалдах шатны шүүхээр хянагдсан бөгөөд анхан шатны шүүх рүү буцсан. Давж заалдах шатны шүүх 6413 тонн нүүрсийг экспортод гаргах гаалийн бүрдүүлэлтийг ямар бичиг баримт бүрдүүлсэн болох зэрэг хэрэгт хамааралтай баримтууд нотлох баримтаар авагдаагүй байх тул эцэслэн шийдвэрлэх хууль зүйн боломжгүй гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлал гарснаас хойш анхан шатны шүүхээс Гаалийн ерөнхий газарт 3 удаа албан бичиг хүргүүлсэн байдаг. Гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтыг гаргаж өгөх гэсэн агуулгатай бичгийг 3 удаа явуулсан боловч Гаалийн ерөнхий газраас уг мэдээллийг шүүхэд өгөөгүй. 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаан эхэлсний дараа Гаалийн ерөнхий газраас 25 хуудас нотлох баримтыг шүүх хуралдаанд танилцуулсан. Гаалийн ерөнхий газраас давж заалдах шатны шүүхээс үүрэг болгосны дагуу нотлох баримтыг гаргуулж авсан. Гэхдээ гаргуулж авсан баримт материал нь “Г” ХХК-ийг экспортлогч мөн гэдгийг тогтоох ямар ч боломжгүй баримтуудыг өгсөн. 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 960 дугаартай гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг гээд “У” ХХК үйлдээд, үүнийг гаалийн байцаагч нар дарж баталгаажуулсан байдаг. Гаалийн мэдүүлгийн доод талын хэсэгт Гаалийн тухай хуулиар шаардсан бичиг баримтуудыг бичих ёстой байдаг. Гэтэл хуульд заасан зайлшгүй байх ёстой 8 бичиг баримт мэдүүлэгт байхгүй гэсэн хоосон тэмдэглэгээ байдаг. Тухайн 8 бичиг баримт гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт байсны үндсэн дээр “Г” ХХК-ийг экспортлогч мөн гэдгийг тогтоох боломжтой байдаг. Ялангуяа “Г” ХХК-ийн экспортын гэрээ буюу Хятадын компаниудтай хийсэн гэрээ заавал байх ёстой. Мөн Улаанбаатар төмөр замтай хийсэн гэрээ, төлбөрийн баримтууд байх ёстой. Эдгээр баримтууд бүгд байхгүй гээд гаалийн мэдүүлэгт тодорхойлогдсон. Энэ тохиолдолд “Г” ХХК-ийг экспортлогч мөн гэж тодорхойлох нь хууль бус гэж үзэж байна. Мөн “Г” ХХК-ийг санхүүгийн хувьд хариуцагч байгууллага гэж тодорхойлсон. Гэтэл “Г” ХХК-ийн зүгээс экспортын үйл ажиллагаатай холбоотой нэг ч төлбөр тооцоог гаргаагүй болохыг шүүх хуралдааны явцад тайлбарласан. Гаалийн ерөнхий газраас гаргаж өгсөн энэ баримт бичиг илэрхий хуурамч юм. Тухайлбал, 10 дугаар сарын 19-ний өдрийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг дээр тээврийн зардал нь 43,317,600 төгрөг байна гэж тодорхойлсон. Үүнийг Сайншанд дахь Гаалийн газрын харьяа Чойр дахь салбар тодорхойлолтоор гаргасан бөгөөд “Г” ХХК 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ачигдсан 50 вагон задгай жонш Чойр өртөөнөөс Оросын холбооны улсад экспортолсон бөгөөд тээврийн хөлс болох 43,317,600 төгрөгийг төлсөн гээд “Г” ХХК-ийн гарын үсэгтэй тамгыг сканердаад тавьсан байсан. Хятад улс руу нүүрс экспортлох асуудал дээр маргаж байхад энэ байдлаар тодорхойлолт гаргасан нь илэрхий хууль бус юм. Учир нь гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримт нь банкны төлбөрийн бичиг баримтыг өгдөг болохоос хэзээ ч гаалийн бүрдүүлэлтийн тодорхойлолт гардаггүй. Хуулиар шаардсан 8 бичиг баримт хоёр мэдүүлэгт огт бичигдээгүй. Гаалийн мэдүүлгийн хавсралт дахь бараа тээврийн хэрэгсэл пульсийн тухай акт нь Төмөр замын сайдын хамтарсан тушаалаар батлагдсан маягт байдаг. Тухайн маягт бол огт биш. Мөн гол тээвэрлэгч төмөр замын албан тушаалтны гарын үсэг, тамга тэмдэг байх ёстой бөгөөд гарын үсэг тамга тэмдэг байхгүй байсан. Зөвхөн гаалийн улсын байцаагч тамга дарж гарын үсэг зурсан. Тэгээд “Г” ХХК-ийн тамга, гарын үсгийг сканердаад хүснэгт дунд тавьсан байсан учраас үүнийг хуулийн дагуу бүрдүүлсэн бичиг баримт гэж үзэх боломжгүй. Анхан шатны шүүхэд давж заалдах шатны шүүхээс нотлох баримтыг цуглуулж, тэдгээрт үндэслэл бүхий дүгнэлт өгч шийдвэрлэхийг даалгасан байхад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй учраас гомдолтой байна. Мөн миний бие шүүх хурал дууссаны дараа Сайншандын гаалийн газарт өөрийн биеэр очиж, итгэмжлэлийнхээ хүрээнд энэ байдлыг тодруулсан. Тухайн газрын архиваас бүх баримт материалыг шалгахад уг сканердсан бичиг баримтаас өөр зүйл байхгүй байсан. Гаалийн газрын дарга н.Б 2021 оны 10 дугаар сард Чойрын гаалийн хяналтын талбай дээр ахлах ажилтнаар ажиллаж байсан бөгөөд байгаа материалуудаа өгсөн гэж тайлбарласан. Тээврийн хөлс төлсөн асуудлаар бодит нөхцөл байдлыг тогтоох зорилгоор холбогдох газруудад очсон. 43,317,600 төгрөгийг “Т” ХХК төлсөн байдаг. Мөн 567,640 юань буюу 253,000,000 төгрөгийг “М” компаниуд тээврийн хөлсийг төлсөн байдаг. Өөрөөр хэлбэл, санхүүгийн хувьд хариуцагч байгууллагыг “Г” ХХК гэж тодорхойлсон боловч мэдэхгүй ийм компаниуд төлбөрийг төлж гүйцэтгэсэн байсан. Ийнхүү нотлох баримтуудыг үнэлж үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна. Хоёрдугаарт, анхан шатны шүүхээс гүйлгээний төлбөр 6413 тонн нүүрсний төлбөр буюу 2,559,000 юань харилцах дансанд орсон гэж дүгнэсэн нь буруу юм. Шүүх хуралдааны явцад “Г” ХХК-ийн юанийн харилцах дансанд 2,559,000 юань орж ирсэн бөгөөд тухайн хуулга хаана байгаа талаар асуухад хариуцагчийн зүгээс хариу тайлбартайгаа цуг өгсөн гэж мэдүүлсэн. Шүүх хуралдааны тэмдэглэлийн 15 дахь хуудсанд авагдсан. Үүнээс дансны хуулгыг хавтаст хэрэгт авагдсан гэж бодсон бөгөөд Хятад улсаас орж ирсэн мөнгө биш, Монгол улсын Хаан банкны данснаас “Г” ХХК-ийн юанийн харилцах дансанд орж ирсэн гэдгийг олон удаа тайлбарласан. Гэтэл хавтаст хэрэгт Хаан банкны харилцах дансны хуулга авагдаагүй байсан. Тэгээд банкнаас тухайн хуулгыг шаардаад банкны тамга тэмдэг даруулаад авсан байгаа. 2021 оны хугацаанд компанийн данс руу орж ирсэн бүх орлогыг 6413 тонн нүүрсний төлбөр гэж хариуцагчийн зүгээс тайлбарласан бөгөөд хэрэгт авагдаагүй нотлох баримтыг хариуцагчийн тайлбарт үндэслэж дүгнэлт өгсөн анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Гуравдугаарт, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөөгүй тухайд тайлбар гаргая. Хэрвээ 6413 тонн нүүрсийг экспортод гаргасан гэж үзвэл 3,300,000,000 төгрөгөөс төлөх ёстой. Тухайн нүүрсийг экспортод гаргаагүй гэж үзвэл 421,000,000 төгрөгөөс татвар төлөх ёстой буюу экспортод гаргасан эсэхтэй холбоотой учраас үүнд хамааруулж үзнэ. Мөн үл хөдлөх хөрөнгийн албан татварын талаар тайлбар гаргая. Татварын улсын байцаагч акт үйлдэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлан ТТ 23 маягтаар тайлагнаж төлөөгүй гэдэг үндэслэлээр акт гаргасан. Уг тайлангийн маягт нь Татварын ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/184 дүгээр тушаалаар хүчингүй болсон. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл, цахим шилжилт гээд Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газраас тухайн хөрөнгийн мэдээлэл нь шууд Татварын албанд ирдэг болсон бөгөөд Татварын алба тухайн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдээлэл дээр үндэслээд татварын ноогдлыг үүсгэж, татвар төлөгчид зөвхөн татварын нэхэмжлэл ирдэг болсон. 2000-2024 оны хугацаанд бүгд ийм журмаар явж ирсэн. ТТ 23 маягт цахим системд байхгүй үед ямар ч тайлан явуулах боломжгүй буюу татвар төлөгч татвараа төлөх боломжгүй юм. Гэхдээ шүүхийн шийдвэр гарснаар энэ татварыг төлөхгүй гэсэн үг биш. “Г” ХХК-ийн хувьд 2023 болон 2024 онуудад зарчмынхаа дагуу буюу Татварын ерөнхий газраас татварын нэхэмжлэл ирсний дагуу цаг хугацаанд нь төлсөн байгаа. Харин 2020 болон 2021 оны татварын тухайд татварын нэхэмжлэл үүсвэл шууд төлөх боломжтой. Дөрөвдүгээрт, агаарын бохирдлын төлбөрт торгууль алданги ноогдуулсан талаар тайлбар гаргая. Хавтаст хэрэгт энэ талаар авагдсан. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр томилолтын хугацаа дууссан байхад 2022 оны 2 дугаар сар, 05 дугаар сар, 06 дугаар сар, 08 дугаар сард төлсөн төлбөрүүдэд торгууль алданги ноогдуулж байгаа нь үндэслэлгүй” гэжээ.

4. Хариуцагчаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.П, М.А нар “Г” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №НА-21230000033 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 8,934,534,052.26 төгрөгийн зөрчилд 397,396,550.99 төгрөгийн нөхөн татвар, 162,018,992.23 төгрөгийн торгууль, 86,496,126.26 төгрөгийн алданги, нийт 645,911,669.48 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

3. Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар:

- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан /ТТ-02/-д 2021 онд 421,975,400 төгрөгийн боловсруулаагүй нүүрсний экспортын борлуулалтын орлого дутуу тайлагнасан,

- Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан /ТТ-15/-аар 2021 онд 6,413 тонн боловсруулаагүй нүүрс экспортод гарган борлуулахдаа 3,373,270,774.70 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй,

- Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан /ТТ-15/-аар 2021 онд 3,979 тонн боловсруулаагүй нүүрс дотоодод борлуулахдаа 241,636,236.42 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй,

- Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан /ТТ-15/-аар 2021 онд 6,413 тонн боловсруулаагүй нүүрс экспортод гарган борлуулахдаа 3,373,270,774.70 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй,

- Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлан /ТТ-23/-д Дундговь аймагт байрлах 2020 онд 466,001,725.20 төгрөг, 2021 онд 466,001,725.20 төгрөг, нийт 932,003,450.40 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татварыг дутуу ногдуулж, төсөвт төлөөгүй,

- Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлан /ТТ-23/-д Улаанбаатар хотод байрлах оффисын 2020 онд 250,000,000 төгрөг, 2021 онд 250,000,000 төгрөг, нийт 500,000,000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татварыг дутуу ногдуулж, төсөвт төлөөгүй,

- Цалин хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос суутгасан хувь хүний орлогын албан татварын 2019 онд 47,544,329.12 төгрөгийг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй,

- Цалин хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос суутгасан хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй,

- Агаарын бохирдлын төлбөрийн тайлан /ТТ-24.1/-аар 2021 онд тайлагнасан 21,949,040 төгрөгийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй нь гэсэн зөрчлүүдэд акт тавьсан байна.

3.1. Дээрх нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн гомдлыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн тогтоолоор хянаад маргаан бүхий татварын улсын байцаагч нарын 2022 оны 09 дүгээр сарын  13-ны өдрийн №НА21220000072 дугаартай нөхөн ногдуулалтын актаар нийт 645,911,669.78 төгрөгийн төлбөр ногдуулснаас илүү ногдуулсан торгуулийн 999,253.04 төгрөгөөр бууруулж, 397,396,550.98 төгрөгийн нөхөн татвар, 161,019,739.20 төгрөгийн торгуулийн, 86,496,126.25 төгрөгийн алданги, нийт 644,912,416.44 төгрөгийн төлбөр төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэсэн байна.

3.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Г” ХХК-иас маргаан бүхий “2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №НА-21230000033 дугаартай нөхөн ногдуулалтын актын хавсралт ХШ06/02 маягтын 7 болон 11 дэх хэсгээс бусад хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

4.  Хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна”, 47.1.2-д “ашигт малтмал экспортолсон этгээд”, 47.2-д “Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно”, 47.2.1-д “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан”, 47.3-д “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараах хэмжээгээр ногдуулна”, 47.3.3-д “энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь”, 47.5-д “Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно”, 47.8-д “Энэ хуулийн 47.5, 47.17-д заасан хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална”, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт ... алданги тооцох бөгөөд ...”, 73.2.1-д “татварын хууль тогтоомжид заасны дагуу тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор”, 82 дугаар зүйлийн 82.1-д “Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно”, 82.1.1-д “төлбөл зохих татварын дүнг 50 хүртэл хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар” гэж тус тус заасан.

4.2. Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нар нь нэхэмжлэгч “Г” ХХК-ийг 2021 онд 6,413 тонн боловсруулаагүй нүүрс экспортод гарган борлуулахдаа ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй зөрчил гаргасан гэж үзэж, маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг тогтоосон бол нэхэмжлэгчээс “... манай компани нүүрс экспортод гаргаагүй” гэж маргаж байна.

4.3. Хэрэгт авагдсан 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №11-2131008-21-Е00960R, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №11-2131009-21-Е01211R дугаартай гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгүүд, дээрх мэдүүлгүүдийн хавсралтууд, дагалдах баримтууд болох “Бараа тээврийн хэрэгсэл пүүлсэн тухай акт”-уудаар, нүүрс хүлээн авагч БНХАУ-ын B energy, Б трейдинг компаниудаас “Г” ХХК-ийн Хаан банк дахь 5466226*** тоот харилцах дансанд “нүүрсний төлбөр” гэсэн гүйлгээний утгаар нийт 2,559,911.63 юанийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн дансны хуулгаар тус тус тогтоогдож байна.

4.4. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Г” ХХК нь 2021 онд 6,413 тонн боловсруулаагүй нүүрс экспортод гаргасан бөгөөд ингэхдээ ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй болох нь нэгэнт тогтоогдож байх тул маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын холбогдох хэсэг хуульд нийцэж байна.

4.5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны 2 удаагийн мэдүүлэг болон дагалдах баримтууд нь илэрхий хууль бус болохыг олж тогтоосонгүй. Тодруулбал, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №11-2091008-21-Е00960R дугаартай гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт экспорт, импортын гэрээ, гадаад төлбөрийн нэхэмжлэх, бараа боодлын жагсаалт, гарал үүслийн гэрчилгээ, бүртгэлийн хуудасны дугаар зэрэг баримтууд гаалийн бүрдүүлэлтэд авагдаагүй гэсэн тэмдэглэгээтэй, мэдүүлэгт тэмдэглэсэн 43,317,600 төгрөгийн тээврийн хөлсийг “Г” ХХК төлсөн гэх баримт нь “ОХУ-д ачуулсан задгай жоншны тээврийн хөлс” гэсэн агуулгатайгаас гадна албан бичиг баримтын наад захын шаардлага хангахгүй байна, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №11-2131009-21-Е01211R дугаартай гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг “Т” ХХК үйлдсэн, мөн баримтууд гаалийн бүрдүүлэлтэд авагдаагүй гэсэн тэмдэглэгээтэй, дээрх мэдүүлэгт 567,640.8 юанийн тээврийн хөлсийг “Г” ХХК төлсөн гэх баримт байхгүй, гаалийн мэдүүлгийн дагалдах баримт болох “Бараа тээврийн хэрэгсэл пүүлсэн тухай акт” нь Улаанбаатар төмөр замын ажилтан, Чойр гаалийн хяналтын ажилтан болон бараа илгээгч талын төлөөллийн гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажих ёстой. Гэтэл “Г” ХХК-ийн экспортод нүүрс ачуулсан баримтад гарын үсэг байхгүй, гарын үсэг, тамга тэмдэг туйлын тодорхойгүй” гэж тайлбарлаж байх боловч энэ нь нэхэмжлэгч “Г” ХХК-ийг 2021 онд 6,413 тонн боловсруулаагүй нүүрс экспортод гаргасан болохыг, мөн татвар ногдуулж, төсөвт төлөөгүй зөрчил гаргасан үйлдлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

5. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно”, 7.4.1-д “үйл ажиллагааны орлого”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно”,  8.1.1-д “бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого” гэж тус тус заасан.

5.1. Нэхэмжлэгч “Г” ХХК нь экспортоор борлуулсан 6,413 тонн боловсруулаагүй нүүрсний орлогод татвар ногдуулж, төсөвт төлөөгүй нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдсон тул дээрх хуульд заасан үүргээ зөрчиж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2021 оны тайланд 421,975,400 төгрөгийн боловсруулаагүй нүүрсний борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан гэж үзнэ.

6. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна”, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа дараахь этгээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна”, 4.1.1-д “өмчийн бүх төрөлд хамаарагдах компани, хоршоо, нөхөрлөл, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн төлөөлөгчийн газар”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан үнэлгээнээс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0.6-2.0 хувиар тооцож ногдуулна”, 9 дүгээр зүйлийн 9.1-д” Албан татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор харьяалагдах татварын албанд тушаана” гэж тус тус заасан.

6.1. Нэхэмжлэгч “Г” ХХК нь өөрийн өмчлөлийн Дундговь аймагт байрлах 466,001,725.20 төгрөгийн үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх, Улаанбаатар хотод байрлах 250,000,000 төгрөгийн оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээ 2019 онд тайлагнасан байх боловч 2020 онд тайлагнаагүй, 2021 оны тайлангаа татварын цахим системд оруулсан боловч илгээгүй болох нь Татварын удирдлагын нэгдсэн системд хийсэн шүүхийн үзлэгээр тогтоогдсон байна.

6.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... хариуцагчийн нөхөн ногдуулалтын үндэслэл болгоод байгаа Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлан нь Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/184 дүгээр тушаалаар хүчингүй болсон. Иймд хүчингүй болсон хэм хэмжээний актыг үндэслэн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан нь хууль бус болно” гэж тайлбарлаж байна.

6.3. Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/184 дүгээр тушаалаар  мөн газрын даргын 2001 оны “Маягт батлах тухай”  67 дугаар тушаалыг хүчингүй болгосон хэдий ч энэ нь хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулж, тайлагнах хуулиар олгосон үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

7. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Татварын тайлан тушаах, татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх, тайлагнах хугацаа адил байна”, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төлбөр төлөгч нь тухайн улиралд олборлосон түүхий нүүрсэнд ногдох төлбөрийг дараа улирлын эхний сарын 20-ны дотор харьяалах татварын албанд төлж, улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд хүргүүлнэ” гэж тус тус заасан.

7.1. Хариуцагчаас нэхэмжлэгч “Г” ХХК-ийн 2021 оны агаарын бохирдлын төлбөр болох 21,949,040 төгрөгийг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй зөрчил гаргасан гэж үзэж, торгууль, алданги ногдуулсан нь хуульд нийцсэн байна.

7.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... 2022 оны 02 дугаар сарын 25, 05 дугаар сарын 20, 06 дугаар сарын 09, 08 дугаар сарын 30-ны өдөр тус тус төлсөн агаарын бохирдлын төлбөрт торгууль, алданги ногдуулсан. Татварын улсын байцаагчийн хяналт шалгалт хийх томилолтын хугацаа 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгосон байхад 2022 онд төлсөн төлбөрт торгууль, алданги ногдуулсан нь хууль бус болно” гэх тайлбарыг хүлээж авахгүй.

7.3. Учир нь, маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын хавсралт ХШ06/02 маягтын 3 дахь хэсгийг үзвэл “Г” ХХК-ийн нүүрсний агаарын бохирдлын төлбөрт хамаарах огноо 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэсэн байх ба нэхэмжлэгч компанийн 2022 оны агаарын бохирдлын төлбөрт торгууль, алданги тооцсон зүйл байхгүй байна.

8. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална” гээд 5.1.1-д “зайлшгүй байх, 5.1.2-т “тодорхой байх”, 5.1.3-д “шударга байх”, 5.1.4-т “үр ашигтай байх”, мөн хуулийн  42 дугаар зүйлийн 42.1-д “Татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх ...” гэж тус тус заасан.

8.1. Хариуцагч Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Б.П, М.А нарын үйлдсэн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №НА-21230000033 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ын холбогдох хэсэг нь хууль бус болон илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй, хуульд нийцсэн, холбогдох журмыг зөрчөөгүй байна.

8.2. Мөн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0965 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

 

ШҮҮГЧ                                                                     Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ