Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/01062

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/00334 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 787 дугаар магадлалтай,

*******гийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.19-ний өдрийн 3606 дугаар шийдвэрээр *******гаас 45,015,000 төгрөгийг гаргуулж Д.Цогоод олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааны явцад эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021949 дугаартай, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40, 50 мянгат, /15172/ хороолол, Баруун сэлбэ гудамж, 24 дүгээр байр, 102 тоот 3 өрөө, 43,9 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг шинжээч Виннэрвэй ХХК-иар үнэлүүлэхэд 122,677,000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг шийдвэр гүйцэтгэгчийн 2019.12.10-ны өдрийн 4/28591 тоот мэдэгдлийг надад гардуулснаар мэдсэн. Энэ орон сууц нь Нийслэлийн А зэрэглэлийн бүсэд байрлалтай, зах зээлийн бодит үнэ нь 1 м.кв-ыг 3,000,000-3,200,000 төгрөгийн үнэлгээтэй байхад 2,700,000 орчим төгрөгөөр буюу нийтдээ 122,677,000 төгрөгөөр үнэлсэн нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтийг надад танилцуулаагүй, би шүүх дээр танилцсан, миний эрх ашгийг зөрчсөн. Төлбөр төлөгч миний саналыг харгалзан зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлэх ёстой. Орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлж миний өмчлөх эрхэд хохирол учруулахаар байна. Өөрөөр хэлбэл, уг орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахад энэ үнэлгээний 70 хувиар үнэлээд дараа нь дахиад бууруулж 50 хувиар үнэлэхэд би төлбөрийг төлөөд дээрээс нь надад илүү мөнгө үлдэхгүй болох магадлалтай учир би хохирох гээд байна. Би хуульд заасан хугацаанд нь гомдол гаргасан. Шийдвэр гүйцэтгэгч Д.Отгончимэг нь надад шинжээчийн дүгнэлтийг танилцуулаагүй, танилцъя гэж утсаар хэлэхэд танилцуулахгүй гэсэн. Тухайн үед надад мэдэгдлийг өгөөд 2 баримт дээр гарын үсэг зуруулсан нь үнэн. Шийдвэр гүйцэтэх ажиллагаанд намайг эрэн сурвалжилсан гээд байна. Гэтэл би өөрөө шийдвэр гүйцэтгэх байгуулагад очсон. Иймд би нэхэмжлэлээ дэмжиж байна, шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.04.19-ний өдрийн 3606 дугаартай Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжаар *******гаас 45,000,000 төгрөгийг гаргуулж Д.Цогоод олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэрийг хүлээн авч ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018.06.19-ний өдрийн 18300776 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан иргэний шийдвэр гүйцэтгэлийн баталгаажуулах ажиллагааг хийж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан *******гийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40, 50 мянгат, /15172/ хороолол, Баруун сэлбэ гудамж, 24 дүгээр байр, 102 тоот 3 өрөө, 43,9 м.кв талбайтай 2 өрөө, орон сууцыг зээлийн барьцаанд бүртгэлтэй эсэхийг холбогдох бүртгэлийн байгууллагаас тодруулж захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн. ******* нь шийдвэрт тусгагдсан хаягтаа оршин суудаггүй, хаяг нь тодорхойгүй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 57 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгчийг эрэн сурвалжилж хаягийг нь олж тогтоосон. Барьцааны зүйлийн хөрөнгийг хуульд заасны дагуу битүүмжилж, хураасан. Энэ ажиллагаанд төлбөр төлөгч өөрөө оролцсон. Ингээд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасны дагуу талуудаас үнийн саналыг авахад ******* нь өөрийн өмчлөлийн орон суцыг үнэлж мэдэхгүй байна, шинжээч томилуулж үнэлүүлнэ гэсэн хүсэлт гаргасны дагуу хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2.-т зааснаар хөндлөнгийн шинжээчээр Виннэрвэй ХХК-ийг томилсон. Тус компани нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 122,677,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд үнэлгээний тайланг 2019.12.10-нд хүлээн авч, хуульд заасан хугацааны дотор төлбөр төлөгчид хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.-т зааснаар 4/28591 тоот мэдэгдлийг мөн өдрийн 19.33 цагт хүлээлгэн өгч танилцуулсан. Нэхмжлэгч нь шинжээчийн дүгнэлтийг танилцуулаагүй гэж тайлбарлаж байна. Гэтэл шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан байна. Үүнээс хойш 3 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсхэгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/00334 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд томилогдсон шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдол бүхий нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 613 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 787 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/00334 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.10-ны өдрийн 182/ШШ2020/00334 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.06-ны өдрийн 787 дугаар магадлалаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-т заасны дагуу дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.04.19-ний өдрийн 3606 дугаар шийдвэрийн дагуу уг шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааны явцад миний өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3-р хороо, 40, 50 мянгат, /15172/ хороолол, Баруун сэлбэ гудамж, 24-р байр, 102 тоот 3 өрөө, 43.9 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг шинжээч Виннэрвей ХХК-иар үнэлүүлэхэд 122,677,000 төгрөгөөр үнэлэгдснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч талаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баянмөнх нь шүүхэд өгсөн тайлбартаа уг шинжээчийн дүнэлтийг надад 2019.12.10-ны өдрийн 4/28591 тоот мэдэгдлийг тус өдрийн 19:33 цагт хүлээлгэн өгч танилцуулсан гэж шүүхэд мэдүүлдэг. Гэвч шийдвэр гүйцэтгэгч Д.Отгончимэг нь шинжээчийн дүгнэлтийг биет байдлаар надад танилцуулж харуулсан зүйл байхгүй, тухайн үед надад 2 баримт өгөөд гарын үсэг зуруулж л авч байсан. Ингээд миний бие тус шүүхэд иргэний хэрэг үүсч хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудтай танилцах явцад дээр дурьдсан Виннэрвей ХХК-ийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үйл баримт болон хариуцагчийн тайлбар зэргийг харьцуулан тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлалгүй дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч миний өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3-р хороо, 40, 50 мянгат, /15172/ хороолол, Баруун сэлбэ гудамж, 24-р байр, 102 тоот 3 өрөө, 43.9 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц нь А зэрэглэлийн бүсэд байрлалтай, 1 м.кв нь 3,000,000-3,200,000 төгрөгийн үнэтэй байхад 2,700,000 төгрөгөөр буюу нийтдээ 122,677,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас илт зөрүүтэй, хэт доогуур үнэлсэнд гомдолтой байдаг. Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй гэж тайлбарласан. Гэвч миний өмчлөлийн орон сууцыг үнэлэхдээ уг орон сууцны байршил, ашиглалтын нөхцөл, зах зээлийн жишиг үнэ зэргийг харьцуулан дүгнэсний эцэст 122,677,000 төгрөг гарсан эсэх дээр нарийвчлан шинжлэн судалсан баримт хэрэгт авагдаагүй тул уг шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв гэж үзэх үндэслэл байхгүй байхад хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас шийдвэр магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.10-ны өдрийн 182/ШШ2020/00334 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.06-ны өдрийн 787 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40, 50 мянгат хороолол, Баруун сэлбийн гудамж, 24 дүгээр байр, 102 тоот 43,9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан.

Анхан шатны шүүх *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

******* нь 45,000,000 төгрөгийг Д.Цогоод 2018.05.25-ны дотор төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 40, 50 мянгат /15172/ хороолол, Баруун сэлбэ гудамж, 24 дүгээр байрны 102 тоот, 43,9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрснийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.04.19-ний өдрийн 182/ШЗ2018/03606 захирамжаар баталжээ.

Төлбөр төлөгч нь дээрх үүргээ биелүүлээгүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар түүний үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдахаар битүүмжлэн, хураахдаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул нэхэмжлэлийн талаарх шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт нийцжээ.

Хэргийн баримтаас үзэхэд, төлбөр төлөгч хөрөнгийн үнэлгээний талаар саналыг ирүүлээгүй байх тул хариуцагч байгууллага 2019.12.06-ны өдөр Виннэр вэй ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсгийн зохицуулалыг зөрчөөгүй гэж үзнэ.  

Шинжээч нь шүүгчийн захирамжид заасан 43,9 м.кв орон сууцыг 122,677,000 төгрөгөөр үнэлснийг хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч *******д 2019.12.10-ны өдрийн 4/28591 тоот албан бичгээр мэдэгдэхдээ төлбөрт хураагдсан эд хөрөнгийг 1 сарын хугацаанд шинжээчийн тогтоосон үнээс багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргах эрхтэй талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн баримтыг хуульд зааснаар үнэлсэн, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх буюу орон сууцны зах зээлийн үнэлгээний тухай нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул ...миний өмчлөлийн ... 2 өрөө орон сууц нь А зэрэглэлийн бүсэд байрлалтай, 1 м.кв нь 3,000,000-3,200,000 төгрөгийн үнэтэй байхад 2,700,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас илт зөрүүтэй, хэт доогуур үнэлсэн... гэх гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/00334 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 787 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Б.УНДРАХ

Д.ЦОЛМОН