Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2020/00334

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: Д.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үнэлгээг  хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.А, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.                                                                                                                                                                                                                                   

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.А-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 3606 дугаартай шийдвэрээр Д.Ам-аас 45 015 000 төгрөгийг гаргуулж Д.Цогоод олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааны явцад миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021949 дугаартай,  Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40, 50 мянгат, /15172/ хороолол,  Баруун сэлбэ гудамж, 24 дүгээр байр, 102 тоот 3 өрөө,  43,9 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг  шинжээч “Виннэрвэй” ХХК-иар үнэлүүлэхэд  122 677 000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 12 дугаар  сарын 10-ны өдрийн 4/28591 тоот мэдэгдлийг надад гардуулснаар мэдсэн. Энэ орон сууц нь Нийслэлийн А зэрэглэлийн бүсэд байрлалтай, зах зээлийн бодит үнэ нь 1 м.кв-ыг 3 000 000-3 200 000 төгрөгийн үнэлгээтэй байхад 2 700 000 орчим төгрөгөөр буюу нийтдээ 122 677 000 төгрөгөөр үнэлсэн нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Шинжээчийн дүгнэлтийг надад танилцуулаагүй, би шүүх дээр танилцсан, миний эрх ашгийг зөрчсөн.  Төлбөр төлөгч миний саналыг харгалзан зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлэх ёстой. Орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлж миний өмчлөх эрхэд хохирол учруулахаар байна. Өөрөөр хэлбэл уг орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахад энэ үнэлгээний 70 хувиар үнэлээд дараа нь дахиад бууруулж 50 хувиар үнэлэхэд би төлбөрийг төлөөд дээрээс нь надад илүү мөнгө үлдэхгүй болох магадлалтай учир би хохирох гээд байна. Би хуульд заасан хугацаанд нь гомдол гаргасан.

Шийдвэр гүйцэтгэгч Д.Отгончимэг нь надад шинжээчийн дүгнэлтийг танилцуулаагүй, танилцъя гэж утсаар хэлэхэд танилцуулахгүй гэсэн. Тухайн үед надад мэдэгдлийг өгөөд 2 баримт дээр гарын үсэг зуруулсан нь үнэн. Шийдвэр гүйцэтэх ажиллагаанд намайг эрэн сурвалжилсан гээд байна, гэтэл би өөрөө шийдвэр гүйцэтгэх байгуулагад очсон. Иймд би нэхэмжлэлээ дэмжиж байна, шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

 Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батмөнхөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 3606 дугаартай “Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг  баталгаажуулах тухай” захирамжаар Д.А-аас 45 000 000 төгрөгийг гаргуулж Д.Цогоод олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд  шүүхийн шийдвэрийг хүлээн авч  ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны  06 дугаар сарын 19-ний өдрийн 18300776 дугаартай тогтоолоор  шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлсэн. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан иргэний шийдвэр гүйцэтгэлийн баталгаажуулах ажиллагааг хийж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.А-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40, 50 мянгат, /15172/ хороолол,  Баруун сэлбэ гудамж, 24 дүгээр байр, 102 тоот 3 өрөө,  43,9 м.кв талбайтай 2 өрөө, орон сууцыг  зээлийн барьцаанд бүртгэлтэй эсэхийг холбогдох бүртгэлийн байгууллагаас тодруулж захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн.

Д.Ань шийдвэрт тусгагдсан хаягтаа оршин суудаггүй, хаяг нь тодорхойгүй байсан тул  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 57 дугаар зүйлд зааснаар төлбөр  төлөгчийг эрэн сурвалжилж хаягийг нь олж тогтоосон.

Барьцааны зүйлийн хөрөнгийг хуульд заасны дагуу битүүмжилж, хураасан.

Энэ ажиллагаанд төлбөр төлөгч өөрөө оролцсон. Ингээд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасны дагуу талуудаас үнийн саналыг авахад Д.Амарсанаа нь өөрийн өмчлөлийн орон суцыг үнэлж мэдэхгүй байна, шинжээч томилуулж үнэлүүлнэ гэсэн хүсэлт гаргасны дагуу хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2.-т зааснаар хөндлөнгийн шинжээчээр “Виннэрвэй” ХХК-ийг томилсон. Тус компани нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 122 677 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд үнэлгээний тайланг 2019 оны 12 дугаар сарын 10-нд хүлээн авч, хуульд заасан хугацааны дотор төлбөр төлөгчид хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.-т зааснаар 4/28591 тоот мэдэгдлийг мөн өдрийн 19.33 цагт хүлээлгэн өгч танилцуулсан.

Нэхмжлэгч нь шинжээчийн дүгнэлтийг танилцуулаагүй гэж тайлбарлаж байна. Гэтэл шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан байна. Үүнээс хойш 3 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсхэгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн тогтоосон үнэлгээ буюу 122 677 000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Д.А  нь төлбөрийн гүйцэтгэлд барьцаалагдсан  өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021949 дугаартай,  Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40, 50 мянгат /15172/,  Баруун сэлбэ гудамж, 24 дүгээр байр, 102 тоот 3 өрөө,  43,9 м.кв талбайтай 2 өрөө, орон сууцыг  шинжээч “Виннэрвэй” ХХК-иас 122 677 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн бодит үнэлгээг гаргаагүй, хэт доогуур үнэлсэн,  уг орон сууц нь А зэрэглэлийн бүсэд байрлалтай, 1 м.кв нь 3 000 000-3 200 000 төгрөгийн үнэтэй байхад 2 700 000 орчим төгрөгөөр үнэлсэн, шинжээчийн дүгнэлтийг надад танилцуулаагүй, шүүх дээр танилцсан, миний эрх ашгийг зөрчсөн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, төлбөр төлөгчийн өөрийнх нь хүсэлтээр шинжээч томилж үнэлгээ тогтоосон, орон сууцны зах зээлийн бодит үнэлгээг 122 677 000 төгрөгөөр тогтоосон, үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгчид  2019 оны 12 дугаар сарын 10-нд мэдэгдсэн, шинжээчийн дүгнэлтийг өөрт нь танилцуулсан тухай тэмдэглэл хэрэгт авагдсан гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч маргасан.

Шүүх дараахь үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй дүгнэв.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг баталсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 сарын 19-ний өдрийн 3606 дугаартай “Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг  баталгаажуулах тухай” захирамжаар Д.Амарсанаагаас 45 000 000 төгрөгийг гаргуулж Д.Цогоод олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд уг шүүхийн шийдвэр, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн тус шүүхийн шүүгчийн 5755 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, 512 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн 2018 оны  06 дугаар сарын 19-нд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 18300776 дугаартай тогтоол үйлдэн уг ажиллагааг явуулсан байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Д.Амарсанааг шүүхийн шийдвэрт заасан хаягт амьдардаггүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн гэж үзэн Шүүхийн шийдвэр гүйцэтэгх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2., 57.4.-т заасны дагуу 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах тогтоол”-оор түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаяг болон өмчлөлийн эд хөрөнгийг олж тогтоох ажиллагааг явуулан,  2018 оны 08 дугаар сарын 14-нд төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг шуудангаар хүргүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3., 50.4.-д заасны дагуу  2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол”-оор шийдвэр гүйцэтгэлийн баталгаажуулах ажиллагааг явуулсан байна.

Төлбөр төлөгч Д.Амарсанаа нь шийдвэр гүйцэтгэгчээс 4/12905 тоот мэдэгдлээр шийдвэрийг биелүүлэх хугацааг тогтоосон боловч уг хугацаанд  төлбөрийг төлөөгүйгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1., 54 дүгээр зүйлийн 54.1.-д заасны дагуу барьцааны зүйл болох нэхэмжлэгчийн өмчлөлийн, дээрх 2 өрөө орон сууцыг  2019 оны 03 дугаар сарын 14-нд битүүмжилж, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хураасан тухай шийдвэр гүйцэтгэгчийн 18300776/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 18300776/03 тоот эд хөрөнгийг хураасан тухай тогтоолууд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд хэрэгт авагджээ.  

Дээрх тогтоолууд нь Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 7., 49., 54. дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

Шийдвэр гүйцэтгэгчээс 2019 оны 11 дүгээр сарын 20-нд  төлбөр төлөгч Д.Амарсанаад барьцааны зүйл болох өөрийн өмчлөлийн 2 өрөө бүхий орон сууцаа үнэлэх, үнийн талаар саналаа ирүүлэхийг мэдэгдсэн байх ба Д.Амарсанаа  нь  дээрх 2 өрөө орон сууцны үнэлгээг шинжээч томилж тогтоолгох  хүсэлтийг 2019 оны 11 дүгээр сарын 20-нд гаргаснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зйүлйин 55.2.2.-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 12  дугаар  сарын 06-ны өдрийн 425/б тоот “Шинжээч томилох тухай тогтоол”-оор “Виннэрвэй” ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

Шинжээч “Виннэрвэй” ХХК нь барьцааны зүйл болох нэхэмжлэгчийн  өмчлөлийн 2 өрөө орон  сууцыг 122 677 000 төгрөгөөр  үнэлж,  2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Ш-12/10 тоот “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-г хавсралтуудын хамт шийдвэр гүйцэтгэх байгууллагад ирүүлжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн  үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд шинжээч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх орон сууцыг үнэлэхдээ тус орон сууцны байршил, ашиглалтын нөхцөл, эдэлгээ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан орлогын хандлагын арга, өртгийн хандлагын арга, зах зээлийн жишиг үнийн арга зэрэг хөрөнгийн үнэлгээний үндсэн аргуудыг  харьцуулан дүгнэж, уг орон сууцны  зах зээлийн бодит үнэлгээг 122 677 000 төгрөгөөр тогтоосныг зах зээлийн ханшаас зөрүүтэй, зах зээлийн үнээс хэт доогуур тогтоосон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйн дээр шинжээчийн үнэлгээг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал, хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж заасны дагуу шинжээч “Виннэрвэй” ХХК-ийн Ш-12/10 тоот “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-аар барьцааны хөрөнгөнд үнэлгээ тогтоосныг, уг шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч Д.Амарсанаад мэдэгдэж, танилцуулсан нь  хариуцагч байгууллагын  2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 4/28591 тоот мэдэгдэл, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргээр нотлогдсон байх тул нэхэмжлэгч талын шинжээчийн дүгнэлтийг танилцуулаагүй миний эрхийг зөрчсөн гэх тайлбар баримтаар нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч барьцааны хөрөнгөнд үнэлгээ тогтоосон мэдэгдлийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авснаас хойш  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д заасан үнэлгээнд гомдол гаргах хугацаанд буюу 2019 оны 12 дугаар сарын 13-нд шүүхэд гомдол гаргасан нь хуулийн дээрх заалттай нийцжээ.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг баталсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 сарын 19-ний өдрийн 3606 дугаартай “Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг  баталгаажуулах тухай” захирамжийг биелүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгч, төлбөр авагч нарын хуульд заасан эрхийг зөрчсөн, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч Д.Амарсанаагийн  шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115. дугаар зүйлийн 115.2.3., 116., 118., 160 дугаар зүйлийн 160.1.2.-т заасныг удирдлага болгон   

                                                                                        ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд томилогдсон шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдол бүхий нэхэмжлэгч Д.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Нэхэмжлэгчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн  613 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

       

 

 

                            ДАРГАЛАГЧ                                Ж.БАЙГАЛМАА