| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2019/00152/И |
| Дугаар | 135/ШШ2019/00676 |
| Огноо | 2019-07-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 135/ШШ2019/00676
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2019/00152/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д аймгийн З-Ү сумын ****** баг, ****** тоотод оршин суух *******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ****** баг, ****** тоотод байрлах ******* Ч-д холбогдох,
"Нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээлэл тараасан арга хэлбэрээр няцаалт хийхийг даалгах, эд хөрөнгөд болон эрүүл, мэнд сэтгэл санаанд учруулсан хохирол 14,557,450 төгрөгийг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, иргэдийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******дъяа нар тус тус оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь 2012-2016 онд Д аймгийн З-Ү сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, 2017 оноос З-Ү сумын Ардчилсан намын даргаар сонгогдон ажиллаж байна.
Миний бие 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр явагдсан Д аймгийн З-Ү сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дахин сонгуулийн 1 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшин оролцсон болно.
Гэтэл 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр *******-ийн тусгай зөвшөөрөл эзэмшдэг ****** телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр мэдээний нэвтрүүлэгч н.Алтаншагай “Энэ сонгуульд нэр дэвшигч нь муу намтартай хүмүүс байна гэсэн сурагтай” гэсэн асуултын дагуу сэтгүүлч Л.П нь З-Ү сумаас шууд мэдээлэл хийхдээ миний зургийг тавьж “******.Нэг сонирхолтой зүйл байгаа юм аа, Ардчилан намаас Д аймгийн Замын үүд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 1 дүгээр тойрогт нэр дэвшигч ******* гэдэг хүн нь өмнө иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн байсан. Харин гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар хурлын төлөөлөгч болохоосоо өмнө 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ****** тоот шийдвэрийг үндэслүүлэн 1300 мкв буюу 1300 га газрыг 15 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар авсан байгаан, Ямар ч их газар авдаг товариш бэ, Дараа нь бас 2011 оны 07 дугаар сарын 16-ны өдөр нэг өдөр шүү 1500 мкв газрыг агуулахын зориулалттай авсан байгаан. Анхаарал татаж байгаа юм. Ардчилсан нарыг засаглаж байхад 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 900 мкв газрыг 15 жилийн хугацаатай Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ гэсэн ангиллаар авсан байгаа, тэгсэн мөртлөө энэ дээр хувийн зориулалттай ажил хийгдсэн. Тэгээд бүүр анхаарал татсан асуудал нь З-Ү сумын Ардчилсан нарын байрандаа үйлчилгээний зориулалттай газар авсан байдаг. Одоо тэгэнгүүтээ энэ хүн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралд дахин оролцохоор өрсөлдөх гэж байгаа нь З-Ү хүмүүс сонгогчидтой уулзаад ярилцахад гаргасан энээ тэрээ асуудлаа хамгаалахын тулд шийдвэр гаргах, хэрэгжүүлэх түвшинд шургаж орох зорилготойгоор улайрч байна гэх, яг ний нуугүй хэлэхэд зарим фэйж мэдээллүүдээс харахад газрын наймаатай холбоотой асуудалд холбогдсон хүн л ингээд нэр дэвшээд өрсөлдөөд дахиад шийдвэр гарах түвшинд ороход зүтгээд байна даа гэсэн мэдээлэл байгаа. Ний нуугүй хэлэхэд Монгол Ардын намаас Ардчилсан намаас нэр дэвшигчтэй өрсөлдөж байгаа хүн бол багш мэргэжилтэй, 1300-1500 мкв, 240 мкв-иас дээш газаргүй л хүн байна лээ******.” гэх мэтээр илтэд үндэслэлгүй худал мэдээлэл олон нийтэл түгээж, миний нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүндийг зориуд гутаасан худалд мэдээлэл тараасан. Мөн түүнчлэн ****** телевизийн фасебоок хуудсаар “******.АН-ын дарга ******* 8 жил төр барихдаа эрх мэдлээ ашиглан газрын наймаа хийж, хувьдаа авсан нь ******.ЗАХ ЗУХААС НЬ” гэх гарчигтайгаар дээрхи мэдээллээ олон нийтэд түгээсэн болно.
Миний хувьд Монгол Улсын Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу төрийн албанд ажиллахаасаа ч өмнө 2011 онд 1500 мкв газрыг дуудлага худалдаагаар худалдан авч байсан бөгөөд бусад байдлаар нэвтрүүлэгт цацсан байдлаа газар эзэмшсэн, ашигласан зүйл огт байхгүй байхад миний нэр төрд халдаж худал мэдээлэл тараасан юм. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ гэж заасан. Энэхүү үүргээ ноцтойгоор зөрчсөн.
Нөгөөтээгүүр тус мэдээллийг нийтэд түгээхдээ миний нэр хүндийг гутаах, улмаар сонгуулийн үр дүнд шууд нөлөөлөх гэсэн зорилготой гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн болох нь тус телевизийн мэдээллийн алба нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мэдээллийн хөтөлбөрийнхөө эхлэлд “Манай телевизийн сурвалжлах баг Д аймаг бүтээн байгуулалтын ажлуудын талаар сурвалжлага хийхээр З-Ү суманд ажиллах явцад сонгууль явагдаж байгаатай таарч, сонгуулийн талаар мэдээлэх шаардлагатай болсон” гэж мэдээлж байгаагаар тогтоогдож байна гэж үзэж байна.
Тус телевизийн энэхүү хууль зөрчсөн, увайгүй үйлдлийн улмаас миний бие сэтгэл зүйн маш хүнд нөхцөл байдалтай байсны улмаас тархи мэдрэлийн үйл ажиллагааны шалтгаанаар баруун талын нүдэнд цус харваж, нүдний хараа алдагдаад одоо нүдний нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд эмчилгээ хийлгэх шаардлагатай нөхцөл байдал үүсч байгаад туйлын гомдолтой байна. Цус харвалтын шалтгааныг тогтоолгохоор маш олон төрлийн шинжилгээ, үзлэг хийлгэсэн боловч өвчний учир бус гагцхүү хоёрдогч эх үүсвэрээс буюу сэтгэл санааны дарамт, стрессээс үүдэлтэй гэсэн дүгнэлт урьдчилсан байдлаар гарсан. Эрүүл мэндэд хохирол учирсантай холбогдуулан миний бие нүдний эмнэлэгт үзүүлэх, ирэх буцах зардал, зайлшгүй шаардлагатай эмчилгээний төлбөрүүд гарч байгаа дээрх зардлыг миний нэр төр, алдар хүндэд халдаж, улмаар сэтгэл санааны хор хохирол учруулснаас үүдэн миний эрүүл мэндэд хохирол учирсан гэж үзэж байна. Иймд хариуцагчаас эрүүл мэндэд учирсан хохирлын эмчилгээний төлбөрт 3,130,200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа юм.
Мөн түүнчлэн миний бие З-Ү сумын Ардчилсан намын дарга, ИТХ-ын даргаар ажиллаж байсан нутаг олондоо ажил хэргийн нэр хүндтэй хүн гэж өөрийгөө үздэг. Нээлттэй мэдээлэл, мэдлэгийн төв ТББ-ын хийсэн “Улс төрийн рейтинг тогтоох судалгаа”-ны тайлангаар өрсөлдөгч намын нэр дэвшигчээс илүү үзүүлэлттэй явж байсан. Гэтэл ийнхүү худал мэдээллийг сонгуулийн өмнөх өдөр болон сонгуулийн өдрөөр нийтэлж миний нэр төр, алдар хүндийг гутаан сонгуулийн үр дүнд санаатайгаар нөлөөлөн тус хугацаанд гаргасан хүч хөдөлмөр, зардлыг үр ашиггүй болгосон тул сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой зардал болох 6,427,250 төгрөгийг хариуцагч байгууллагаас мөн гаргуулах хүсэлтэй байна.
Иймд *******-ий тусгай зөвшөөрөл эзэмшдэг ****** телевизийн 2018 оны 10 дугаар сарын 06, 07-ны өдрийн мэдээллийн хөтөлбөрөөр олон нийтэд мэдээлсэн “Д аймгийн З-Ү сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигч ******* нь албан тушаалын байлаа ашиглаж буюу Ардчилсан нам эрх барьж байхдаа 230-900 мкв, 1300-1500 мкв газрыг хувьдаа авсан, 900 мкв газрыг Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ гэсэн ангиллаар авсан боловч хувийн зориулалтаар ашигласан, газрын наймаатай холбоотой асуудалд холбогдсон хүн нэр дэвшиж, өрсөлдөөд дахиад шийдвэр гаргах түвшинд орохоор улайрч байгаа гэсэн мэдээлэл байна” гэх зэрэг мэдээллийг тарааж *******рдэнэбатын нэр төр, алдар хүндийг гутаасан үйлдэлдээ уучлалт хүсч байна гэсэн мэдээллийг 2 хоногийн хугацаанд анх мэдээлэл тараасан арга хэрэгслээр буюу ****** телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр няцаалт хийхийг хариуцагчид даалгах,
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.9, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгөд учирсан хохирол 6,427,250 төгрөг, эрүүл мэндэд учирсан хохирол 3,130,200 төгрөг, сэтгэл санааны хохирол 5,000,000 төгрөг, нийт 14,557,450 төгрөгийг хариуцагч *******-аас гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:
“******.нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч доорхи хариу тайлбарыг гаргаж байна.
1. Чөлөөт хараат бус, хэвлэл мэдээлэл нь Ардчилсан нийгэмд түүхэн үүрэг гүйцэтгэж буйтай Монголын 3,2 сая иргэн маргахгүй гэдэгт итгэж байна. ******* нь хэвлэл мэдээллийн эрх, эрх чөлөөг дээдэлсэн хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл бөгөөд чөлөөт сэтгүүлч Л.Птай хамтран ажиллах гэрээгээр ажил үүрэг гүйцэтгүүлдэг, тэрээр мэдээллийнхээ баталгаат эх үүсвэрийг сэтгүүлч Л.П нь өөрөө бүрэн хариуцдаг болно. Иймд *******-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй бөгөөд албан тушаал эрх мэдлээ ашиглаж газар эзэмших эрх олж аваагүй гэдгээ нотлох ёстой. Тэрээр З-Ү суманд гэр бүлийн зориулалтаар хэд хэдэн болон Ардчилсан намын нэрээр олж авсан газрууд түүний болох хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр байдаг эсэх, зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх, эсхүл 1 мкв ч газар байхгүй гэдгээ нотлох үүрэгтэй.
3. Нэхэмжлэгч гэх ******* нь эрүүл мэндийн хохиролд 3,130,200 төгрөгийг нэхэмжилжээ. Түүний биед хэн гэдэг этгээд, ямар шалтгаанаар гэмтэл учруулсан болоод их хэмжээний эрүүл мэндийн хохирол нэхээд байгааг ойлгохгүй байна. Өөрийн эрүүл мэндээ хайхраагүй явсан зардлаа гаргуулах эрхгүй гэж үзэж байна. Бусдаар ужгарсан өвчин, буруу хооллолт, буруу амьдрах хэв зуршлаас үүссэн өвчнийхөө эмчилгээний зардлаа төлүүлэх гэсэн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
4. Сонгуульд өрсөлдөхдөө гаргасан зардлаа бусдаар төлүүлэх эрхтэй гэж үзсэнийг ойлгохгүй байна. Сонгогч түмэн сонгуульд нэр дэвшсэн этгээдийн зөв тэгш, шударгаар амьдарч байсан эсэх гээд олон зүйлээс хамаарч сонголтоо хийдэг бөгөөд сонгуульд ялагдсан. Ард түмэн сонгоогүй нь “Л” ХХК-ийг буруутгах үндэслэл биш гэж байна. Иймд энэ шаардлагыг огт зөвшөөрөхгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-нд холбогдуулан Нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээлэл тараасан арга хэлбэрээр няцаалт хийхийг даалгах, эд хөрөнгөд болон эрүүл, мэнд сэтгэл санаанд учруулсан хохирол 14,557,450 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Харин хариуцагч ******* нь “******.чөлөөт сэтгүүлч Л.П-тай хамтран ажиллах гэрээгээр ажил үүрэг гүйцэтгүүлдэг, мэдээллийнхээ баталгаат эх үүсвэрийг сэтгүүлч Л.П нь өөрөө бүрэн хариуцдаг болно******.” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч талаас ****** телевизийн эфирээр цацагдсан гэх мэдээг бичсэн СD-г нотлох баримтаар гаргаж өгсөн боловч түүнийг бэхжүүлэх буюу үзлэг хийлгэх талаар хүсэлтийг гаргаагүй, мөн өмнө дурдсанчлан мэдээний агуулгын талаар хариуцагч тал маргаагүй учир CD-нд бичигдсэн бичлэгийг шүүх үнэлээгүй улмаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй болно.
Хэрэгт авагдсан баримтанд
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02/1907 дугаартай албан бичигт ************. гэх телевиз нь *******-ний нэр дээр бүртгэлтэй байна, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ******* байна******.гэжээ. /хх-17/
*******, сэтгүүлч Л.П нарын хооронд 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээний 3-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдаж, ямар ч нотолгоогүй, баримтгүй, мэдээллийн эх сурвалжгүй, бусдын нэр хүндэт халдсан мэдээлэл бэлтгэн нийтлэхгүй бөгөөд үүнээс гарах ямарваа нэгэн асуудлыг Б.П дангаар хариуцахаар” заасан байна./хх-83/
Гэвч Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* нь ****** телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр сэтгүүлч Л.П-ын хийсэн мэдээлэлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг *******-нд холбогдуулан гаргах үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж заасан.
Хариуцагч ******* нь ****** телевизийн 2018 оны 10 дугаар сарын 06, 07-ны өдрийн мэдээллийн хөтөлбөрөөр олон нийтэд мэдээлсэн сэтгүүлч Б.Пүрэвнямын бэлтгэсэн *******рдэнэбатын талаарх мэдээллийн үнэн зөвийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэхүү үйл баримтыг нотолж чадаагүй болно.
Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасны дагуу хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******рдэнэбатын нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээлэл тараасан арга хэлбэрээр буюу ****** телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр 2 хоногийн хугацаатай дээрх мэдээнд няцаалт хийх үүргийг хүлээх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч тал “************. телевизийн хууль зөрчсөн, увайгүй үйлдлийн улмаас миний бие сэтгэл зүйн маш хүнд нөхцөл байдалтай байсны үүдэн тархи мэдрэлийн үйл ажиллагааны шалтгаанаар баруун талын нүдэнд цус харваж, нүдний хараа алдагдсан******.” гэх үндэслэлээр сэтгэл санааны хохирол 5,000,000 төгрөг, эмчилгээний зардалд 3,130,200 төгрөгийг гаргуулахаар, “******.Миний нэр төр, алдар хүндийг гутаан сонгуулийн үр дүнд санаатайгаар нөлөөлөн тус хугацаанд гаргасан хүч хөдөлмөр, зардлыг үр ашиггүй болгосон******.” гэх үндэслэлээр сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой зардал 6,427,250 төгрөгийг гаргуулахаар тус тус нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1-т “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө”, 511 дүгээр зүйлийн 511.1-т “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж тус тус заасан байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 820 дугаартай дүгнэлтэд “******.1. ******* нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн нүдний эмчийн үзлэгээр баруун, зүүн нүдний холын харалган (БНХ-6/9, ЗНХ-6/9), баруун зүүн нүдний хугарлын гажиг /astigmatism/ бүхий эмгэгтэй, баруун нүдний угийн шинжилгээгээр шар толбоны хавантай, торлог бүрхэвчийн вений бөглөрөл, торлог бүрхэвчинд цус харвасан өөрчлөлттэй байна.
2. Шар толбоны хаван, торлог бүрхэвчийн вений бөглөрөл, торлог бүрхэвчийн цус харвалт нь олон шалтгааны улмаас үүсэх ба эрхтэн системийн өвчнүүд /чихрийн шижин, артерийн даралт ихсэлт, судасны гажиг, эмгэг гэх мэт/ холбоотой үүсэж болно. Дээрхи шар толбоны хаван, торлог бүрхэвчийн венийн бөглөрөл, торлог бүрхэвчийн цус харвалтын гэмтлийн шалтгаантай болон сэтгэл санааны цочролын улмаас үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй” гэсэн ба хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн гаргаж өгсөн эмчлүүлэгчийн карт, шинжилгээ, эмчилгээ хийлгэсэн баримтуудаас /хх-29-38/ үзэхэд нэхэмжлэгч ******* нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хандаж, үйлчилгээ авсан байна.
Өөрөөр хэлбэл 2018 оны 10 дугаар сарын 06, 07-ны өдөр ****** телевизийн мэдээллийн хөтөлбөрийн мэдээнээс үүдэн нэхэмжлэгч *******-ын биед шинжээчийн дүгнэлтэд заасан гэмтэл шууд учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч ******* нь сэтгэл санааны хохирол 5,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч энэхүү шаардлагатай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй болно.
Нэхэмжлэгч ******* нь 2018 оны Д аймгийн З-Ү сумын Иргэдийн төлөөлөгч хуралд олонхын санал авч, ялалт байгуулаагүй нь зөвхөн 2018 оны 10 дугаар сарын 06, 07-ны өдөр ****** телевизийн мэдээллийн хөтөлбөрийн мэдээнээс шалтгаалсан гэж үзэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.
Иймээс нэхэмжлэгчийн гаргасан эд хөрөнгөд болон эрүүл, мэнд сэтгэл санаанд учруулсан хохирол 14,557,450 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч *******-нд албан ёсоор шүүх хуралдааны товыг хуульд заасан хугацаанд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1-т заасныг баримтлан *******-ын нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээлэл тараасан арга хэлбэрээр буюу ****** телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр 2 удаа “Д аймгийн З-Ү сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигч ******* нь албан тушаалын байлаа ашиглаж буюу Ардчилсан нам эрх барьж байхдаа 230-900 мкв, 1300-1500 мкв газрыг хувьдаа авсан, 900 мкв газрыг Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ гэсэн ангиллаар авсан боловч хувийн зориулалтаар ашигласан, газрын наймаатай холбоотой асуудалд холбогдсон хүн нэр дэвшиж, өрсөлдөөд дахиад шийдвэр гаргах түвшинд орохоор улайрч байгаа******.” гэх агуулга бүхий мэдээнд няцаалт хийхийг хариуцагч *******-нд даалгаж, нэхэмжлэлийн үлдэх эд хөрөнгөд болон эрүүл, мэнд сэтгэл санаанд учруулсан хохирол 14,557,450 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар нэхэмжлэгч 333,100 төгрөгөөс илүү төлсөн 32,160 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, үлдэх 300,940 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Ч.БАТЧИМЭГ