Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2021/0763

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Э /РД:**********/

Хариуцагч: ЭМЯТНБД

Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн ******* дугаар, 2020 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн ******* дугаар тушаалуудын Т.Эд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Нийтийн эрүүл мэндийн газрын даргаар эргүүлэн томилохыг мөн ажилгүй байсан хугацааны 29.071.330 төгрөгийн цалин гаргуулах, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

          “Т.Э 2018 оны 8 дугаар сарын 18-ний өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар Нийгмийн эрүүл мэндийн газрын даргаар томилогдож ажиллаж байсан. Эрүүл мэндийн яамны бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх тухай тушаалын дагуу 2020 оны 12 дугаар сарын 12-ний өдөр Эрүүл мэндийн яаманд ажиллаж байсан ажилчдыг чөлөөлсөн шийдвэр гарсан.

           Шийдвэр гаргахдаа урьдчилан мэдэгдэх, сонсох ажиллагаа хийх тухай арга хэмжээ аваагүй. Ингээд 2020 оны 12 дугаар сарын 25-ний өдөр 97 албан хаагчаас 71 албан хаагчийг буцааж томилсон, 26 албан хаагчийг орон тоо нь байсаар байтал буцааж томилоогүй. Засгийн газрын тогтоолоор батлагдсан Эрүүл мэндийн яамны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөхөд Т.Эгийн ажиллаж байсан Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга гэдэг албан тушаал нь Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга болж өөрчлөгдсөн. Харин тухайн албан тушаал дахь ажлын байрны тодорхойлолтын чиг үүрэг өөрчлөгдөөгүй.

          Тиймээс Т.Э нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасан Төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа болох тухайн байгууллагын бүтэц зохион байгуулалт нь өөрөөс нь үл хамаарах шалтгаанааар өөрчлөгдсөн боловч Төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг өмнөх албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах тухайн чиг үүргийн орон тоо цөөрсөн бол сонгон шалгаруулалтад орох гэсэн зохицуулалттай.

          Харин орон тоо цөөрөөгүй, чиг үүрэг өөрчлөгдөөгүй учраас Т.Э нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т зааснаар Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд томилогдох байсан. Гэтэл шинээр бүтцэд орсон Нийтийн эрүүл мэндийн бодлого тусламжийн хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар Т.Эг томилоогүй. Улмаар Т.Э нь тухайн асуудлаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Гомдол гаргасны дараа 2020 оны 12 дугаар сарын 30-ний өдөр ******* тоот тушаалаар Т.Эг яамны харьяа байгууллагад Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн гэдэг албан тушаалд томилсон.

          Дээрх шийдвэртэй холбогдуулж Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдлын дагуу Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 0******* тоот шийдвэр гарч ЭМЯТНБДд Т.Этай хамт дээрх байдлаар албан тушаалаас чөлөөлөгдсөн албан тушаалтнуудын асуудлыг дурьдаад, Төрийн албаны зөвлөлийн маргаж байгаа 2020 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн *******, 2020 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн ******* тоот албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2 дэх хэсэг, Монгол улсын Засгийн газар болон хэрэг эрхлэх газрын даргын хамтран баталсан 2019 оны 34 тоот Төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах журмын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг хандаагүй байна. Мөн 3 дугаар зүйлийн 3.5, 3.6 заасан хэсгийг дурдаагүй байна.

          Мөн гомдол гаргагч нарт энэ талаар урьдчилан мэдэгдэлгүйгээр шилжүүлсэн нь дээрх хууль тогтоомжуудыг зөрчсөн хууль бус шийдвэр болсон учраас 2021 оны 3 дугаар сарын 18-ний өдрийн дотор хүчингүй болгож эрх нь зөрчигдсөн Төрийн жинхэнэ албан хаагчийг Эрүүл мэндийн яамны холбогдох чиг үүргийн албан тушаалд нь томилно уу гэсэн албан бичгийг хүргүүлсэн. Тогтоосон хугацаанд зөрчил арилгаагүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-т заасны дагуу буруутай албан тушаалтныг нь чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ гэж заасан. Гэтэл Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн бичгийг ЭМЯТНБД хүлээж авсан боловч холбогдох арга хэмжээг хуульд заасан хугацаанд аваагүй. Гэсэн атлаа тус шийдвэртэй холбогдуулж Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-т заасны дагуу Төрийн албаны байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэдэг боломжийг ашиглаагүй учраас Төрийн албаны шийдвэр хүчин төгөлдөр болж байгаа юм. Маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж үзэж байгаа шалтгаан нь холбогдох хуулийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан хэсгийг шууд зөрчсөн. Процетурын хувьд Төрийн албаны тухай хуульд үндэслэж Төрийн албаны төв зөвлөл болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хамтран баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах журмын 2 дугаар зүйлийн 1 дахь хэсэг, 3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, мөн зүйлийн 6 дахь хэсгийг зөрчсөн. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн. Мэдэгдэх, сонсгох, өөрөөс нь санал авсны үндсэн дээр шилжүүлэх гэсэн процедурын алийг нь ч хэрэгжүүлээгүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн сонсох ажиллагааг явуулаагүй.

          Ийм учраас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн ******* тоот тушаал, 2020 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн ******* тоот тушаалын Т.Эд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож одоогийн шинэчилсэн бүтцээр батлагдсан Нийтийн эрүүл мэндийн газрын даргаар эргүүлэн томилохыг мөн ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын бичилтийг нөхөн бичихийг даалгаж өгнө үү. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Э сайд 2020 оны 01 дүгээр сарын 25-ний өдөр томилогдож ирсэн. Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн 155 тоот тогтоолоор бүтцэд өөрчлөлт орсон. Тэрний дагуу 10 дугаар сарын 22-ний өдрөөс хойш 7 хоногийн дотор албан хаагчдаа бүтэц өөрчлөлтийн дагуу шилжүүлэх гэж байтал 2020 оны 10 дугаар сарын 26-ний өдөр КОВИД-19 Монголд илрээд түр зогссон ч КОВИД-19 илрэхээс өмнө нийтээр нь сонсох ажиллагаа явуулж, алан хаагчиддаа мэдэгдсэн байсан. Тухайн үед Т.Э даргыг Төрийн нарийн бичгийн дарга дуудаж уулзсан тухай тэмдэглэлийг Т.Э өөрөө уншиж танилцаад гарын үсэг зурна гэж авч яваад буцааж өгөөгүй байдаг. Төрийн нарийн бичгийн дарга Т.Э даргатай хоёр ч удаа сонсох ажиллагаа хийсэн. Тэгэхэд ойлголоо ямар ч үед хаана ч ажиллахыг зөвшөөрнө гэж байсан. Бусад ажилчидтай хийсэн сонсох ажиллагааны тэмдэглэл байдаг ч Т.Э даргын тэмдэглэл байдаггүй нь өөрөө гарын үсэг зурна гээд аваад явсан байдаг. Тэгэхээр шинэ сайд томилогдсонтой холбоотой Т.Э даргын томилгоо хийгдээгүй. Өмнө нь 2020 онд Засгийн газрын тогтоолоор батлагдсан байсан бүтэц ба хатуу хөл хорионы улмаас хойшлогдсоор байгаад 2020 оны 12 сарын 22-ний өдрөөс албан хаагчдыг чөлөөлж, 2020 оны 12 дугаар сарын 25-ний өдрөөс Төрийн нарийн бичгийн даргын тушаал гараад албан хаагчдыг томилж эхэлсэн. Тухайн үед Нийгмийн эрүүл мэндийн газар гэж байгаад, Нийтийн эрүүл мэндийн бодлого тусламжийн хэрэгжилтийг зохицуулах газар болсон. Ингээд Т.Э даргын чиг үүрэг их өөрчлөгдсөн. Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаад шийдвэрлэснийг нь хүлээн зөвшөөрөхгүй байж болно яагаад гэвэл уг шийдвэр эцсийн шийдвэр биш. Сүүлд Т.Э дарга Төрийн нарийн бичгийн дарга бол сайдтай уулзаж зөвшилцөж шийдвэрт хүрсний үндсэн дээр Хан-уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн даргаар томилуулсан учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үнэлж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Т.Эгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн ******* дугаар, 2020 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн ******* дугаар тушаалуудын Т.Эд холбогдох хэсгийг хүчингүй болгож, шинэчилсэн бүтцээр батлагдсан Нийтийн эрүүл мэндийн газрын даргаар эгүүлэн томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Т.Эг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар[1] тушаалаар Нийгмийн эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд томилж, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар[2] тушаалаар Эрүүл мэндийн яамны бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан Нийгмийн эрүүл мэндийн газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн.

Тодруулбал, Засгийн газрын 2020 оны 10 дугаар 21-ний өдрийн Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар батлах тухай 155 дугаар тогтоолыг үндэслэн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалаар яамны 97  албан хаагчийг чөлөөлж, 2020 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн ******* дугаар[3] тушаалаар чөлөөлөгдсөн дээрх 97 албан хаагчаас 71 албан хаагчийг шинэ бүтцийн дагуу буцааж томилсон бөгөөд буцаан томилогдоогүй 26 албан хаагчийн тоонд Т.Э оржээ.

Т.Эг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар[4] тушаалаар Эрүүл мэнд нийгмийн даатгалын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг Т.Э эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан.

Төрийн албаны зөвлөл Т.Эгийн гомдлыг хянан үзээд 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 01/******* тоот[5] албан бичгээр “... Б/165 дугаар тушаалыг хүчингүй болгож, эрх нь зөрчигдсөн төрийн жинхэнэ албан хаагчдыг Эрүүл мэндийн яамны эрхлэх чиг үүргийн холбогдох албан тушаалд томилсон шийдвэрийг гаргаж, хариуг ирүүлэх”-ийг Эрүүл  мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгчээс “...Мэдэгдэх, сонсгох, өөрөөс нь санал авсны үндсэн дээр шилжүүлэх ёстой, ...Засгийн газрын тогтоолоор батлагдсан Эрүүл мэндийн яамны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөхөд Т.Эгийн ажиллаж байсан Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга гэдэг албан тушаал нь Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга болж өөрчлөгдсөн боловч чиг үүрэг өөрчлөгдөөгүй, ...” гэж,

Хариуцагчаас “...Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн 155 дугаар тогтоолоор бүтцэд өөрчлөлт орсон. Үүний дагуу 7 хоногийн дотор албан хаагчдаа бүтцийн өөрчлөлтийн дагуу шилжүүлэх гэж байтал 2020 оны 10 дугаар сарын 26-ний өдөр КОВИД-19 Монгол Улсад илэрч өөрчлөлтийг түр зогсоосон ч үүнээс өмнө нийтээр нь сонсох ажиллагаа явуулж, албан хаагчдад мэдэгдсэн. Т.Э даргыг Төрийн нарийн бичгийн дарга дуудаж уулзсан тухай тэмдэглэлийг Т.Э өөрөө уншиж танилцаад гарын үсэг зурна гэж авч яваад буцааж өгөөгүй...” гэж тус тус маргажээ.

              Т.Эгийн ажиллаж байсан Нийгмийн эрүүл мэндийн газар нь Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 58 дугаар тогтоолын дагуу баталсан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 3 дугаар сарын 15-ы өдрийн ******* дугаар[6] тушаалын 68 дугаарт Нийгмийн эрүүл мэндийн газар, 

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар[7] тушаалын 68 дугаарт Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газар,

Засгийн газрын 2020 оны 10 дугаар 21-ний өдрийн 155 дугаар[8] тогтоолын дагуу Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дугаар[9] тушаалын 73 дугаарт Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газар, 

Засгийн газрын 2021 оны 8 дугаар 04-ний өдрийн 231 дүгээр[10] тогтоолын дагуу батлагдсан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар[11] тушаалын 68 дугаарт Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газар,

Мөн тогтоолоор батлагдсан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дүгээр[12] тушаалын 55 дугаарт Нийтийн эрүүл мэндийн газар нэрээр тус тус шинэчлэн батлагдсан нь Т.Эгийн ажиллаж байсан Нийгмийн эрүүл мэндийн газрын чиг үүрэг өөрчлөгдсөн гэж үзэхээргүй байна.

Тодруулбал, Эрүүл мэндийн яамны нийтийн эрүүл мэндийн чиглэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах, олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, салбар дундын шуурхай удирдлагын үйл ажиллагааг хангах, хүн амын өвөрмөц бүлгүүдийн эрүүл мэндийн хэрэгцээнд тулгуурласан бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, халдварт, халдварт бус өвчлөл, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх, хянах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үйл ажиллагааны нэгдсэн удирдлагаар хангах; эрүүл мэндийг дэмжих, нийтийн эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаанд нутгийн захиргааны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон улсын болон салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг чиг үүргийг Нийтийн эрүүл мэндийн газар хэрэгжүүлэхээр  Засгийн газрын 2021 оны 131 дүгээр тогтоолоор батлагдсан Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрт тусгагджээ.

Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага буюу тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно.” гэж,

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 3.5-т “Сэлгэн ажиллуулах албан хаагчийг анх илгээсэн байгууллага болон сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хооронд гэрээ байгуулна. Гэрээнд тухайн албан хаагчийн ажиллах хугацаа, хариуцан гүйцэтгэх ажлын чиг үүрэг, ажиллах хугацааны цалин хөлс, орон байрны болон бусад зардал, хүлээх хариуцлага, ажлын эцсийн үр дүнг үнэлж дүгнэх зэрэг асуудлыг тодорхой тусгах бөгөөд гэрээнд төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч гарын үсэг зурж баталгаажуулна.”, 3.6-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 44.2-т заасны дагуу өөрийнх нь зөвшөөрлийн үндсэн дээр шийдвэрлэнэ. Төрийн жинхэнэ албан хаагчтай сэлгэн ажиллуулах талаар зөвшөөрсөн баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна.” гэж тус тус зохицуулсан.

Дээрх хууль болон журмаар зохицуулсан төрийн албан хаагчийг сэлгэн ажиллуулах хууль зүйн үндэслэл бүрдээгүй байхад түүнтэй харилцан тохиролцож, бичгийн гэрээ байгуулалгүйгээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалаар Т.Эг Эрүүл мэнд нийгмийн даатгалын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Түүнчлэн Т.Этай харилцан тохиролцсон гэх тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан боловч энэ талаар нотлох баримт гаргаж ирүүлээгүй болно.

Маргаан бүхий ******* дугаар тушаалын үндэслэлд Эрүүл мэндийн яамны бүтэц өөрчлөгдсөн талаар дурдаагүй, Т.Эг сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт Эрүүл мэндийн яамны чиг үүрэг өөрчлөгдсөн гэх тайлбарын хүрээнд дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзлээ.

Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” гэж заасан.

Т.Эгийн ажиллаж байсан нэгжийн чиг үүрэг, буюу эрхэлж байсан албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг өөрчлөгдөөгүй,  Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дүгээр тушаалаар батлагдсан  Нийтийн эрүүл мэндийн газар нь Т.Эгийн өмнө ажиллаж байсан Нийгмийн эрүүл мэндийн газрын чиг үүргийг хэрэгжүүлэх нэгж байна.

Иймээс дээрх үндэслэлүүдээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, Т.Эг Нийтийн эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Харин Засгийн газрын 2020 оны 10 дугаар 21-ний өдрийн Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар батлах тухай 155 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалаар яамны нийт албан хаагчдыг чөлөөлсөн тул уг тушаалын Т.Эд холбогдох хэсгийг хүчингүй болгох нь эрх зүйн үр дагаваргүй.

Иймд нэхэмжлэгч Т.Эгийн гаргасан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2. Т.Эгийн ажилгүй байсан хугацааны 29.071.330 төгрөгийн цалин гаргуулах, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Т.Э нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалаар Эрүүл мэнд нийгмийн даатгалын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 20121 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/51 дүгээр[13] тушаалаар Эмийн аюулгүй байдлын тандалт судалгааны газрын Эмийн чанар, аюулгүй байдлын тандалт судалгааны газрын ахлах мэргэжилтний албан тушаалд 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн томилогдож, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Б/48 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд тус тус ажиллаж  цалин, хөлс авч, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж байсан болох нь хэрэгт авагдсан цалингийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор[14] нотлогддог.

Эдгээр нөхцөл байдлаас дүгнэхэд Т.Э нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалаар Эрүүл мэнд нийгмийн даатгалын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэснээс хойш тасралтгүй ажил албан тушаалын цалин хөлс авч, уг цалин хөлснөөс холбогдох нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байх тул ажилгүй байсан хугацааны цалин 29.071.330 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Харин Т.Эгийн өмнө эрхэлж байсан Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын даргын албан тушаалаас өөр ажил албан тушаалд үндэслэлгүйгээр сэлгэн ажилласан албан тушаалын цалингийн болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг зөрүүг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.”Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж заасантай нийцнэ.

Нэхэмжлэлийн шаардлагуудыг нэгтгэн дүгнээд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, Нийтийн эрүүл мэндийн газрын даргаар томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Т.Эгийн өөр ажил, албан тушаалд ажиллаж байсан үеийн цалингийн зөрүүг бодож олгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын зөрүүг тооцон бичилт хийхийг  хариуцагчид даалган, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн ******* дугаар тушаалын Т.Эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны 29.071.330 төгрөгийн цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн, 44.2, 62.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Эгийн гаргасан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, Нийтийн эрүүл мэндийн газрын даргаар томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Т.Эгийн өөр ажил, албан тушаалд ажиллаж байсан үеийн цалингийн зөрүүг бодож олгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын зөрүүг тооцон бичилт хийхийг  хариуцагчид даалгаж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн ******* дугаар тушаалын Т.Эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин 29.071.330 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                   

ШҮҮГЧ                          Б.АДЪЯАСҮРЭН

                                                

 

[1] хэргийн 6 дахь тал

[2]  хэргийн 7 дахь тал

[3] Хэргийн 167 дахь тал,

[4]  хэргийн 12 дахь тал,

[5]  хэргийн 15 дахь тал.

[6]  хэргийн 63 дахь тал

[7]  хэргийн 163 дахь тал

[8]  хэргийн 55 дахь тал

[9]  хэргийн 29 дэх тал

[10] хэргийн 208 дахь тал

[11]  хэргийн 173 дахь тал

[12] хэргийн 195 дахь тал

[13] Хэргийн 138 дахь тал

[14] Хэргийн 139 дэх тал