Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 135/ШШ2019/00527

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00381/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын .. баг, ..тоотод оршин суух, *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын .. баг.. тоотод оршин суух, *******,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын .. баг, ..тоотод оршин суух, *******,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сант сумын .. баг, .. оршин суух, ******* нарт  холбогдох,

 

"Зээлийн үлдэгдэл төлбөр болох 4,250,000 төгрөг гаргуулах тухай” шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******, ******* нар нь Дархан зах дээр авто сэлбэгийн лангуу ажиллуулдаг. Тэд 2018 оны 04 сарын 06-ны өдөр надаас бараандаа эргэлдүүлэх мөнгө хэрэгтэй байна, 1 жилийн хугацаанд төлнө гээд 5,000,000 төгрөг зээлээч гэсний дагуу би 2018 оны 04 сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг Хаан банкны АТМ-ээр *******гийн Хаан банкны ******* тоот дансанд шилжүүлсэн. ******* нь миний нөхрийн дүү учраас би итгэж найдаад ямар ч гэрээ хийгээгүй амаар ярилцаж тохиролцон тус мөнгийг зээлсэн юм. Ингээд надад 2018 оны 10 сард 200,000 төгрөг, 12 дугаар сард 300,000 төгрөг, 12 сарын 18-нд 250,000 төгрөг тус тус шилжүүлж, нийт 750,000 төгрөгийг төлсөн юм. Одоо намайг үлдэгдэл мөнгөө хэзээ өгөх вэ гэхээр Б гэх хүний дансруу шилжүүлсэн, тэр хүнээс ав бид чамаас зээлсэн мөнгөө төлөөд дууссан гэдэг. Б гэх хүнд шилжүүлсэн тухай манай нөхөр мэдэж байсныг би Дгээс мөнгөө нэхэх үед надад хэлэхэд мэдсэн. Нөхрөөсөө асуухад би Баас мөнгө авахгүй чи авмаар байвал шүүхдээд ав гэж хэлдэг.

Би Б гэх хүнийг сайн танихгүй, ганц удаа л харж байсан. Би өрх толгойлсон эмэгтэй, 8 настай, 4 настай 2 хүүхэдтэйгээ амьдардаг, эрхэлсэн ажил байхгүй учраас амьдралын бололцоо маань хүнд байгаа тул яаралтай үлдэгдэл зээлсэн мөнгөө өгөөч гэж нэхэх болгонд бид нар төлчихсөн Баас ав гээд байгаад гомдолтой байна. Би Д, Х гэх хүмүүст л мөнгө зээлсэн болохоос Б гэх хүнд мөнгө зээлээгүй. Иймд *******, ******* нараас үлдэгдэл мөнгө болох 4,250,000 төгрөгийг яаралтай гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* болон түүний өмгөөлөгч ******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 онд би өөрийн үхрээ махалж заруулаад мөнгийг нь бэр эгч Ц-ын Хаан банкны дансаар 30,720,000 төгрөгийг *******гийн дансруу шилжүүлсэн. Тухайн үед би байр худалдаж авах гэж байсан бөгөөд нөхрийн дүү ******* өөрийн байрыг санал болгосон. Ингээд нэхийгийн байранд 2 өрөө байрыг 21,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болж, 21,000,000 төгрөгийг байрны үнэнд гэж өгөөд үүнээс үлдэх 9,720,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг ******* байраа Голомт банкны барьцаанаас гаргаж танд шилжүүлье, манай байр барьцаанд байгаа гээд 5 сая төгрөгийг зээлж, байрыг зээлээс нь чөлөөлүүлж авсан. Ингээд байрыг би өөрийн нэр дээр болгож авсан. ******* ******* нар манайд өөрийн байраа зараад нэхийгийн байрнаас 1 өрөө байр худалдаж авсан, манайд зарсан байрныхаа мөнгийг тэр байрныхаа урьдчилгаанд өгч байсан. Зээлсэн мөнгөө нэхэхэд *******д өгсөн тул чамд өгөх шаардлага байхгүй гэдэг. Зээлсэн 5 сая төгрөгөөсөө 750,000 төгрөг буцааж авсан, одоо үлдэгдэл 4,250,000 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулж өгнө үү. Хамтран хариуцагч *******ээс татгалзаж байна” гэв.

 

Хариуцагч *******, ******* нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Анх нөхөр *******, эхнэр ******* нартай зөвлөлдөн, харилцан зөвшөөрөлцсөний үндсэн дээр 5 сая төгрөгийг зээлж авсан нь үнэн. Уул мөнгийг 2 сая төгрөгийг дансаар, 3 сая төгрөгийг бэлнээр нөхөр Пүрэвнямд өгсөн. Уул мөнгийг авсан тухай *******ын өөрөө бичиж, нотариатаар батлуулсан тодорхойлолтыг тайлбарт хавсаргав. Гэтэл *******ын эхнэр ******* нь уул мөнгийг надад өгөх ёстой би аваагүй учраас шүүхэд нэхэмжилнэ гэсэн. Нэгэнт би өгөх ёстой мөнгөө өгсөн, үүнийг нөхөр нь хүлээн зөвшөөрч байгаа учраас би 2 дахин мөнгө төлөх ёс хаа ч байхгүй. Пүрэвням авах ёсгүй байж авсан бол нэхэмжлэгч ******* нь нөхрөөсөө авахаар шүүхэд нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжид нийцнэ гэж үзэж байна. Ийм учраас ******* нь надаас мөнгө нэхэмжлэх эрхгүй хүн. Би энэ хэргийн хариуцагч биш. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрэлмаа нь 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр миний дансруу 5 сая төгрөг шилжүүлсэн гэж байгаа тэр өдөр миний дансанд ийм мөнгө ороогүй, энэ хүмүүс өмнө нь надаас байнга мөнгө төгрөг зээлж авч байсан. Миний ах ******* энэ хүнтэй хамт амьдарч байхдаа малаа зарж байр авсан, энэ хүнээс мөнгө зээлээгүй. Мал зарсан 30,720,000 төгрөг миний дансанд орсон. Үүний 21,000,000 төгрөг нь манайхаас байр худалдан авсны үнэ юм. Бусад мөнгийг байраа засна, тавилга авна гээд цувуулаад аваад дууссан. Мөн ******* болон манай ах ******* нар нь надад өртэй байсан. Түүнээс биш *******гаас мөнгө огт зээлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ мөнгийг өгөхгүй, харин ч энэ хүмүүс надаас замбараагүй их мөнгө авчхаад өгөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ ******* гэдэг хүнээс бид 2 мөнгө аваагүй, биднийг бараагаа эргэлдүүлэх мөнгө хэрэгтэй байна гээд авсан гэж нэхэмжлэл дээрээ бичсэн байсан, тухайн үед бараа эргэлдүүлэх мөнгөтэй байсан. *******, ******* нар нь хамт амьдарч байхдаа биднээс мөнгө их авдаг байсан, шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдээд бид Гэрэлмаатай ярьж нэгэн цагт эгч дүү байсан улсууд муудаад шүүх цагдаагаар яваад яах вэ хоорондоо эвлэрмээр байна, тэгж болох уу гэж шүүгчийн туслахаас асуухад та нар хоорондоо ярилцаад эвлэрч болно гэхээр нь би ******* эгчид хэлсэн. Гэтэл уурлаад шүүхээр шийдвэрлүүлнэ гээд явсан. Бид ийм мөнгөн дээрээс хоорондоо хэрүүл уруул хийгээд яах вэ гэж бодож л эвлэрье гэсэн. Түүнээс биш энэ мөнгийг авсан учраас эвлэрье гэсэн зүйл байхгүй. Тухайн үед бид ахдаа өгөх гэж байгаа юм чинь гээд 26,000,000 төгрөгөөр зарах гэж байсан байраа хямдхан 21,000,000 төгрөгөөр өгсөн, үлдэгдэл мөнгийг цувуулаад өгсөн, мөнгө үлдээгүй. Энэ хүнээс бид огт мөнгө зээлж аваагүй” гэв.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: “******* нь 2018 оны 04 сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг Хаан банкны АТМ-ээр *******гийн Хаан банкны ******* дугаартай дансанд шилжүүлсэн юм. ******* нь миний нөхрийн төрсөн дүү учраас би итгэж найдаад ямар ч гэрээ хийгээгүй амаар ярилцаж, тохиролцон уг мөнгийг зээлсэн.. гэжээ. ******* нь нөхөртэй ч юм шиг, нөхөргүй ч юм шиг бичсэн байна. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй болохоос 7 жил хамт амьдарсан. Гэр бүлийн зөрчлөөс болж одоо тусдаа амьдарч байгаа. 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр *******гийн дансанд 5,000,000 төгрөг шилжиж ороогүй бөгөөд *******гийн данснаас хэний дансанд орсон гэдэг нь ойлгомжгүй байна. 2018 оны 4 дүгээр сард дүүгийн эхнэрийн нэр дээр байдаг 2 өрөө орон сууцыг худалдаж авсан бөгөөд тухайн үед мөнгө зээлээд буцааж өгсөн санагдаад нотариат дээр очиж тодорхойлолт бичиж өгсөн юм. Одоо бодоход тухайн үед дүүд мөнгө зээлээгүй. Эхнэр 30,000,000 төгрөгөөс 2 өрөө орон сууцыг 21,000,000 төгрөгт авч, үлдсэн мөнгөөр засвар хийлгэн тавилга авч тавьсан гэж байсан. Эхнэр гэрийн санхүүг барьдаг учраас тэгээд л өнгөрсөн. Тухайн өдөр *******гийн данснаас мөнгө гарсан байна. Хэрхэн яаж зарцуулагдсан талаар би мэдэхгүй. Бүүр өмнө нь мөнгө зээлчихээд буцаагаад авч байсан. Үүнтэй андуураад бичиж өгсөн байна. 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр *******, ******* нарт ******* бид хоёр 5,000,000 төгрөг зээлээгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмж хариуцагчаар *******ыг татсан байдаг. ******* ******* нар нь хамт амьдарч байсан гэдгийг ******* хэлдэг, хүүхэд нь сургууль соёлд ороод төв газар амьдрах шаардлагатай болоод 2 өрөө байр худалдаж авч мөнгийг шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөгийг *******гийн Хаан банкны ******* тоот дансанд шилжүүлсэн гэдэг гэтэл ийм мөнгө зээлэх боломж ******* ******* нарт байгаагүй, тийм боломжтой хүмүүс ч биш юм. ******* ******* нар нь ******* ******* нараас мөнгө дансаар болон бэлнээр байнга авч хэрэглэж байсан гэдгийг миний үйлчлүүлэгч ******* хэлдэг, мал махалж зараад 21,000,000 төгрөгийг бэлнээр байрны үнэд өгөөд үлдэгдэл мөнгийг ******* яаж зарцуулсныг ******* мэдэхгүй байгаа гэдэг. Түүнээс ******* нь мөнгө зээлсэн асуудал байхгүй тул ******* авсан гэх зүйл байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн төлбөрийн үлдэгдэл болох нийт 4,250,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу *******ыг хамтран хариуцагчаар татан оролцуулжээ.

           

            Нэхэмжлэгч ******* болон түүний өмгөөлөгч ******* нар нь шүүх хуралдааны явцад хамтран хариуцагч *******т холбогдох шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага болох 4,250,000 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулахаар шаардсан болно.

           

            Хариуцагч ******* нь “... *******, ******* нартай харилцан тохирсны үндсэн дээр 5,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Уг мөнгийг нөхөр *******д өгсөн. Өгөх ёстой мөнгөө өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж, хариуцагч ******* нь “...Бүүр өмнө нь мөнгө зээлчихээд буцаагаад авч байсан. Үүнтэй андуураад тодорхойлолт бичиж өгсөн байна. 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр *******, ******* нарт ******* бид хоёр 5,000,000 төгрөг зээлээгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбарыг тус тус шүүхэд ирүүлсэн боловч шүүх хуралдааны явцад шүүхэд гаргасан дээрх тайлбарыг андуурч гаргасан, *******гаас огт мөнгө зээлж авч байгаагүй, харин  *******, ******* нарын хэрэгцээнд мөнгө шилжүүлдэг байсан” гэж тайлбарлаж байна.

 

            Мөн нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, шүүх хуралдаан дээр мал зарсан мөнгө болох нийт 30,720,000 төгрөгийг хариуцагч *******гийн дансанд шилжүүлээд 21,000,000 төгрөгийг түүнээс худалдан авсан 2 өрөө байрны үнэд өгсөн, үлдэх 9,720,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг *******гийн хүсэлтээр зээлсэн, үлдэгдэл мөнгийг нь ******* миний дансруу шилжүүлсэн гэж тайлбарладаг бөгөөд хариуцагч ******* нь 2016 оны 3 дугаар сард мал худалдан борлуулсны үнэ нийт 30,720,000 төгрөг миний дансанд орсон, манай байрыг худалдан аваад үнэд нь 21,000,000 төгрөгийг бид авсан, түүний үлдсэн мөнгийг ******* байрандаа засвар хийж, тавилга авах гэх мэтээр цувуулж аваад дууссан гэсэн тайлбарыг гаргажээ.

 

            Нэхэмжлэгч ******* өөрийн Хаан банкин дахь 5073171601 дугаар дипозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн бөгөөд энэхүү баримтаар 2018 оны 04 сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөг, 3,000,000 төгрөгийн зарлага хийгдсэн байх боловч тус зарлага хийгдсэн 5,000,000 төгрөг хариуцагч *******гийн дансруу шилжсэн болох нь тус баримтаар тогтоогдохгүй, хэний ямар дансруу зарлага гарсан нь тодорхойгүй, үүнийг нэхэмжлэгч ******* нь хүлээн зөвшөөрдөг болно.

            Мөн хариуцагч *******, ******* нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа 5,000,000 төгрөгийг *******гаас зээлсэн болохоо хүлээн зөвшөөрдөг боловч түүний нөхөр болох *******д буцаан өгсөн гэж тайлбарладаг бөгөөд үүнийгээ нотлохоор *******ын нотариатаар гэрчлүүлсэн 2019 оны 04 сарын 19-ний өдрийн тодорхойлолт гэх баримтыг ирүүлсэн байна.

            Нэхэмжлэгч *******гийн өмгөөлөгч *******гийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1888 дугаартай захирамжаар *******ыг хамтран хариуцагчаар татан оролцуулж, хариуцагч нарын *******аас  гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлтийг хамтран хариуцагчаар оролцуулсан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

            Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн хувийг гардан аваад шүүхэд ирүүлсэн тайлбартаа дээрх тодорхойлолтыг андууран бичиж өгсөн, *******гаас хариуцагч нар мөнгө зээлээгүй, бүүр өмнө нь мөнгө зээлээд буцаагаад авч байсан гэдэг боловч хариуцагч ******* нь шүүх хуралдаан дээр *******, ******* нараас өмнө нь мөнгө огт зээлж авч байгаагүй, харин мөнгө хэрэгтэй байна гэхээр нь хэрэгцээний мөнгийг шилжүүлж, байнга тусалдаг байсан гэх тайлбарууд хоорондоо зөрүүтэй байна.

 

            Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбарыг өмгөөлөгчөөс зөвлөгөө авч бичүүлсэн, гэхдээ учрыг нь олохгүй 5,000,000 төгрөг зээлсэн нь үнэн гэсэн тайлбар өгсөн гэдэг боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй байна.

 

            Мөн хариуцагч ******* нь өөрийн нэр дээрх Хаан банк дахь ******* дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар ирүүлсэн байх бөгөөд энэхүү хуулгаар 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч *******гийн 5073171601 тоот дансанд нийт 3,395,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

            Энэхүү мөнгийг нэхэмжлэгч ******* 750,000 төгрөг нь зээлүүлсэн 5,000,000 төгрөгөөс буцаан авсан мөнгө, бусад нь *******гийн дансанд байсан бусад мөнгөө авсан гэж, хариуцагч ******* нь *******, ******* нар нь мал малладаг, тодорхой ажилгүй, орлогогүй тул мөнгө хэрэгтэй байна гэсний дагуу тэдний хэрэгцээнд зориулж шилжүүлсэн мөнгө гэж тус тус тайлбарладаг боловч эдгээр тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

           

            Иймд хариуцагч *******, ******* нарын шүүхэд анх гаргасан тайлбар, хариуцагч *******ын шүүхэд гаргасан тайлбар, дээрх дансны хуулга зэргийг үндэслээд *******, ******* нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зээлийн гэрээний зүйл болох 5,000,000 төгрөгийг хариуцагч *******гийн дансанд шилжүүлсэн 30,720,000 төгрөгөөс байрны үнэд 21,000,000 төгрөг шилжүүлээд үлдэх мөнгөнөөс шилжүүлэн авсан байна гэж үзэхээр байна.

 

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч ******* нь мөнгийг буцаан өгөх үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон хариуцагч *******гээс нэхэмжлэгч *******д шилжүүлсэн нийт 3,395,000 төгрөгийг энэхүү зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн гэж үзэх нь зүйтэй байна.

           

            Иймд дээрх хуульд заасны дагуу зээлийн гэрээний үүрэг болох 1,605,000 төгрөгийн үлдэгдлийг хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******д төлөх үүрэгтэй байх тул хариуцагч *******гээс 1,605,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 2,645,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

           

            Нэхэмжлэгч тал нь шүүх хуралдаан дээр гэрчээс мэдүүлэг авахуулах тухай хүсэлтээсээ болон хариуцагч *******т холбогдох шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж байна.

 

            Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* нь зээлсэн 5,000,000 төгрөгийг *******д өгсөн гэсэн тайлбар гаргасны дагуу түүнийг хамтран хариуцагчаар татсан гэж тайлбарлаж байгаа боловч ******* нь тухайн мөнгийг авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа, энэ зээлийн харилцаанд хариуцагч ******* хамааралгүй байх тул түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч *******гээс 1,605,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 2,645,000 төгрөг гаргуулах, хариуцагч *******, ******* нарт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 40,630 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

        

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        М.ОЮУНЦЭЦЭГ