Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 00570

 

         “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/02489 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Б” ХХК-д холбогдох

303 058 980 төгрөг гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч "У" ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1128 дугаар шийдвэрээр “Б" ХХК-иас 1 900 974 000 төгрөг гаргуулж "У" ХХК-д олгож шийдвэрлэсэн. "Б" ХХК дээрх шийдвэрийн дагуу боломжит хугацаанд төлөөгүй, шүүхийн шийдвэр гарснаас хойш 11 сарын дотор буюу 345 хоногийн дараа төлж дуусгасан. Дээрх үүргээ биелүүлээгүйтэй холбоотой Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсгийн дагуу зохицуулагдах ёстой гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөх үүрэг, ялангуяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч-төлбөр авагчийн хооронд үүсэх "төлбөр гаргуулах, төлөх" харилцаа нь оролцож байгаа талуудын эд хөрөнгийн эрхтэй холбоотой үр дагавар үүсгэж байгаа шинжийн хүрээнд иргэний эрх зүйн үүргийн шинжтэй харилцаа гэж тооцогдох үндэслэлтэй.

Төлбөр төлөгч мөнгөн төлбөр гүйцэтгэх үүргийг ердийн боломжит хугацаанд гүйцэтгэхгүй байх нь уг мөнгийг төлбөр авагч ашиглаж түүний үр шимийг хүртэх, тухайлбал хамгийн энгийн шууд хэлбэрээр зээлүүлэх буюу хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдэд хадгалуулах боломжгүй болгож байгаа учраас Иргэний хуулийн 225 дугаар зүйлд мөнгөн төлбөр төлөх үүрэгт хүү тооцох зохицуулалтыг тусгасан. Энэ агуулга нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдэзс олгосон зээлийн хөрөнгийг ашигласны төлөө түүний үнэ буюу хүүг төлдөг. татварын өрөө хугацаанд нь төлөөгүй бол үнийг төлөх агуулгыг Монгол Улсын хууль тогтоомжид хэд хэдэн байдлаар тодорхойлсон. Харин хүүгийн хэмжээний хувьд дээр дурдсан авлагыг бий болгосон талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд уг мөнгөний үнийн сарын 1,5 хувь буюу жилийн 18 хувь байхаар анх тохиролцсон, уг хүү ижил хэмжээний зээлд тухайн үед болон одоо арилжааны банкуудаас санал болгодог хүүгийн дунджаас доогуур хүү байгаа тул уг төлбөрт энэ хүүг баримтлах үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд хариуцагч "Б" ХХК-иас шүүхийн шийдвэрийн дагуу 1 900 974 000 төгрөгийг ердийн боломжит хугацаанд төлөөгүйтэй холбогдуулан Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар уг авлагад жилийн 18 хувийн хүү тооцож нийт 303 058 979,51 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч "Б" ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Улсын Дээд шүүхийн 2013 оны 622 дугаар тогтоолоор У-аас зээлд авсан 1 900 974 000 төгрөгийг хүү, алданги тооцохгүйгээр буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд “Б” ХХК тус шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчид 1 900 974 000 төгрөгийг 2014 оны 9 дүгээр сард бүрэн төлж барагдуулсан. Тэгэхдээ нэхэмжлэгчээс төлбөр хийсэн талаарх баримтуудад зарим хугацаа зөрүү байгаа боловч эдгээр баримтуудад маргаангүй.  

Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримталж харилцан буцаах үүргийг талуудад оногдуулсан бөгөөд У өнөөг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй нь хууль бус байна. Тодруулбал, У нь тус шийдвэрийн дагуу зарим барьцааны хөрөнгө /Б, Г, Ө ХХК-иудын үл хөдлөх хөрөнгийг болон газрын гэрчилгээг суллаагүй. Хүү тооцох зохицуулалт нь шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэгдсэн энэхүү үүрэгт хамааралгүй гэж үзэж байна. Учир нь: талууд хүүг урьдчилан тохирч гэрээнд тусгадаг учиртай.

Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байхад хүү тооцохгүй холбогдох хуулиар зохицуулагдана, банк компанийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж гэрчилгээг одоо хүртэл хүлээлгэж өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар Б ХХК-иас 303 058 980 төгрөг гаргуулах “У” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, зааснаар нэхэмжлэгч У улсын тэмдэгтийн хураамжид 1 673 245 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Шийдвэрийн үндэслэх хэсгийн агуулгаас үзэхэд шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ Иргэний хуулийн 222.5-д заасан "...тохирсон хүү..." гэдэгт талуудын хооронд байгуулагдаж байсан зээлийн гэрээний хүүг ойлгохгүй гэсэн агуулгаар тайлбарласан байна. Хэрэв "тохирсон хүү" гэдэгт талуудын хооронд байгуулагдаж байсан зээлийн гэрээний хүүг ойлгохгүй гэж үзвэл нэхэмжлэгч ямар тохирсон хүүгээр шаардах эрхтэй эсэх нь тодорхойгүй, энэ талаар хууль тогтоомжид тодорхойлсон ойлголт байхгүй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасан "тохирсон хүү" гэдэг нь хэдэн хувиас хэтэрч болохгүй, эсхүл тодорхой тогтоосон хувь хэмжээ байна гэсэн ойлголт байхгүй. Энэ утгаараа талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг баталгаажуулах талууд хүлээн зөвшөөрч байсан болон тухайн үеийн банкнаас тогтоосон зээлийн хүү буюу 18 хувийн хүүгээр тогтоох үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүх хуралдаан дээр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагад дурдсан тохирсон хүүг үгүйсгээгүй мөн тохирсон хүүг талуудын хооронд байгуулагдаж байсан 2010 оны ЗГ0001/101228 дугаар "Зээлийн гэрээ"-ний дагуу 18 хувийн хүүг тохиролцсон. Шүүх тохирсон хүүг 18 хувь байхаар нотлоогүй гэж үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтыг үндэслэлгүйгээр үгүйсгэсэн бөгөөд зээлийн гэрээ хэрэгт авагдсан байдаг. Шүүх Монголбанкны тухайн үеийн мөнгөний бодлогын хүүгээр тооцон нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нөхцөл байдал байсан. Шүүх "тохирсон хүү" гэдэгт “хуулиар тогтоосон хүү төлөх үүрэг үүссэн гэж ойлгоно" гэж тайлбарласан. Хуулиар эсвэл эрх бүхий байгууллагаас тогтоосон хүүг ойлгох тохиолдолд Монголбанкны мөнгөний бодлогын хүүгээр тогтоох нь үндэслэх хэсгийн тайлбарт дурдсан хуулиар тогтоосон гэх агуулгад нийцнэ. Дээр дурдсанчлан хуульд "тохирсон хүү" гэх ойлголтыг тодорхойлоогүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн хуульд заасан эрх ашиг сонирхолоо хамгаалах нөхцлийг хаасан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт зааснаар талуудын хоорондын анхны тохиролцоогоор тогтоосон /тухайн үеийн бизнесийн зээлд олгож байсан 18 хувийн хүү/ зээлийн хүүг тухай үеийн бизнесийн зээлийн хүүний дунджаас доогуур тогтоосон гэх баримт байхгүй хэмээн тайлбарласан нь хууль хэрэглээний хувьд шийдвэрт тусгагдах нотлох баримтад үндэслэх зарчмыг зөрчсөн байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон зээлийн барьцааны гэрээг Улсын Дээд шүүхээс тус гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шийдвэрлэснээс гэрээнд заасан хүүгийн хэмжээ буруу гэсэн байдлаар дүгнэсэн нөхцөл байхгүй талаар хэрэгт авагдсан хүчин төгөлдөр шийдвэрт тусгагдсаар байтал тохирсон хүүгийн хэмжээгээ баримтаар нотолж чадаагүй гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “У” ХХК хариуцагч “Б” ХХК-иас тохирсон хүүнд 303 058 980 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 Улсын Дээд шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 622 дугаар тогтоолоор “Талуудын хооронд 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан ЗГ0001/101228 дугаартай зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9, 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, хариуцагч “Б” ХХК-иас 1 900 974 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “У” ХХК-д олгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч нь биелүүлэх үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт авсан зүйлээ буцааж өгөх үүргийн харилцаа үүссэн байна.

Улсын дээд шүүхийн дээрх тогтоолд 1 900 974 000 төгрөгийн үүргийг хариу гүйцэтгэх хоорондоо холбоотой үүрэг байхаар тухайлан заагаагүй учраас мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлэхээс татгалзах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгэхэээс татгалзах хууль зүйн үндэслэлгүй тохиолдолд шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг гүйцэтгэх ёстой бөгөөд хариуцагч байгууллага уг үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй.

Хариуцагч “Б” ХХК нь дээрх мөнгөн төлбөрийн үүргийг 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс гүйцэтгэж эхэлсэн бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон 2013 оны 10 дугаар  сарын 29-ний өдрөөс хойших 10 сарын хугацаанд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.5 дахь хэсэгт зааснаар энэ хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй.

 Нэхэмжлэгч байгууллагаас талуудын хооронд анх байгуулагдсан гэрээгээр тохирсон 18 хувийн хүүгээр тооцон гаргуулахаар шаардсан нь үндэслэл муутай байгаа боловч Монгол банкнаас 2013 оны 6 дугаар сард бодлогын хүү 10.5 хувь байхаар тогтоосон. Энэ нь нийтэд илэрхий үйл баримт юм.

Талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаан дээр Монгол банкнаас бодлогын хүүгийн талаар тооцож болох талаар мэтгэлцсэн байх тул жилийн 10.5 хувь буюу Монгол банкнаас зарласан бодлогын суурь хүүгээр хугацаандаа төлөөгүй мөнгөн төлбөрийн үүрэгт хүүг тогтоох боломжтой гэж үзлээ.

 Иймд 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр буюу мөнгөн төлбөрийг гүйцэтгэж эхэлсэн өдөр хүртэл хугацаанд жилийн 10.5 хувиар хүү тооцож, 166 335 225 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 136 723 755 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, банк эрх бүхий хуулийн этгээдийн хувьд зээл олгох үйлчилгээний хүрээнд үйлчилгээ үзүүлж ашиг олох зорилготой тогтоосон хүүгийн хэмжээ буюу талуудын тохиролцсон 18 хувиар Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасан хүү тооцох боломжгүй. Энэ нь бусдын өмнө мөнгөн төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй этгээдийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

 Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/02489 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-иас 166 335 225 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “У” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 136 723 755 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтад “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч “Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 989 626 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “У” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 673 245 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                  ШҮҮГЧИД                                       С.ЭНХТӨР

                                                                                                          Д.БАЙГАЛМАА