Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 102/2019/02513/И |
Дугаар | 001/ХТ2021/01103 |
Огноо | 2021-09-23 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2021/01103
Д.Нарансүрэнгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2019/02570 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2159 дүгээр магадлалтай,
Д.Нарансүрэнгийн нэхэмжлэлтэй,
Д.Алтанхуягт холбогдох
Хүүхдийн тэтгэлэгт төлөгдөөгүй үлдсэн 17,826,275 төгрөг, алданги 9,728,137 төгрөг, нэмэлт зардал буюу сургалтын төлбөр 4,419,100 төгрөг, нийт 31,973,512.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Нарансүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002.12.23-ны өдрийн 1029 дугаар шийдвэрээр Д.Алтанхуягийг охин Н.Ариунномтын эцэг нь мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлгийг сар бүр гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагчаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 1,630,000 төгрөгийг л албадан гаргуулсан. Нэхэмжлэл гаргах үед нийт төлөх ёстой тэтгэлэг 19,456,275 төгрөгөөс төлөгдсөн 1,630,000 төгрөгийг хасч 17,826,275 төгрөг төлөгдөөгүй. Н.Ариунномт нь 2019.08.04-ний өдөр 18 нас хүрч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хуульд заасан хугацаа дуусгавар болох тул хууль ёсоор шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгээ авах эрхээ эдэлж чадахгүйд хүрээд байна. Д.Алтанхуяг нь 5,000,000 төгрөг өгье, сайн дураар хаалгах хүсэлт бичиж өг гэх мэтчилэн дарамталж, хугацаа хожиж, худал хэлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зориуд саатуулсан. Алдангийг шүүхийн шийдвэрээр тогтоосон нийт тэтгэлгийн дүн 19,456,275 төгрөгийн 50 хувиар тооцож 9,728,137 төгрөг болж байна. Хүүхдийн тэтгэлгийн төлөгдөөгүй дүн 17,826,275 төгрөг, алданги 9,728,137.50 төгрөгийн хамт нийт 27,554,412.50 төгрөгийн хохирол учруулсан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2019.08.09,13-ны өдрүүдэд 16,640,775 төгрөгийг хувааж төлсөн ч энэ төлсөн мөнгө нь алдангиас тооцогдох ёстой. Мөн охин маань 2018 оны 6 сараас их сургуульд элсэн орж, одоо 2 дугаар курст суралцаж байгаа. Зөвхөн их сургуулийн сургалтын төлбөрт гэхэд бусдаас зээл авч байж 2018-2019 оны сургалтын төлбөр 2,696,400 төгрөгийг төлсөн. 2019-2020 оны эхний хагас жилийн төлбөр 1,722,700 төгрөгийг сургууль нэхэмжилсэн байгаа. Сургалтын төлбөрийн нийт зардал 4,419,400 төгрөг болж байгааг Д.Алтанхуягаас нэхэмжилнэ. Ингээд төлөгдөөгүй үлдсэн, нөхөн гаргуулах хүүхдийн тэтгэлэгт 441,977 төгрөг, хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй учир алдангид 9,356,376 төгрөг, мөн хүүхдийн сургалтын 2 жилийн төлбөр 4,419,400 төгрөг, нийт 14,239,753 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна гэжээ.
Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Төлбөр болох 17,826,275 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлж барагдуулсан. Анз 9,728,137.50 төгрөг, хүүхдийн сургалтын төлбөрийг төлөх боломжгүй. Санаатай мөнгө өгөхгүй хугацаа хожих гэсэн зүйл байхгүй. Охиныг 17-18 нас хүрэхээр нь туслана гэсэн бодолтой байсан. Зээлж байгаад ямар ч байсан төлсөн. Зугатаж барьсан зүйл байхгүй. Би өөрөө 3 хүүхэдтэй хүн. Эхний хүүхэд маань МУИС-д суралцаж байгаа. Нэг нь дунд сургууль, нэг нь цэцэрлэгт явдаг. Алданги төлөх боломжгүй. Сарын дотор 16,000,000 төгрөг арай гэж хүнээс зээлж байж өгсөн. Би 3 хүүхэдтэй. Д.Нарансүрэнгийн хүүхдийн эрх ашиг байгаа бол миний 3 хүүхэд сурч боловсрох эрхтэй. Аавын алдаанаас болж миний үр хүүхэд хохирч болохгүй. Үндсэн төлбөрөө төлсөн тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2019/02570 дугаар шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3, 53 дугаар зүйлийн 53.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Алтанхуягаас 10,331,553 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Нарансүрэнд олгох, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 180,254 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2159 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2019/02570 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 10,331,553 гэснийг 6,060,865 гэж, 2 дахь заалтын 180,254 гэснийг 111,923 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.30-ны өдрийн 102/ШШ2019/02570 дугаар шийдвэрийг гардаж аваад анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй, хэт нэг талыг барьж нотлох баримт дутуу буруу үнэлж шийдвэрлэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхэд хариуцагчийн зүгээс хүүхдийн тэтгэлгийн мөнгийг бүрэн төлж барагдуулсан, одоо ямар нэг төлбөргүй гэсэн албан бичгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас гаргуулан авч өгсөн. Үүнийг тус иргэний хэрэгт нотлох баримтаар өгсөөр байхад шүүх энэхүү баримтад ямар нэгэн дүгнэлт хийгээгүйн дээр хүүхдийн тэтгэлгээс одоо 441,977 төгрөг дутуу гэж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь тухай төлбөрийг тооцон авч байсан төдийгүй бүхий л төлбөрийг тус байгууллагаар дамжуулан өгч байсан байхад анхан шатны шүүх ямар баримтыг үндэслэн тооцож байгаа нь тодорхойгүй байна. Өөрөө дур мэдэн тоо тооцоолол гаргасан нь ойлгомжгүй тодорхой бус болсон байна. Миний бие одоо эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй ч тус нэхэмжлэхтэй холбоотойгоор хүүхдийн тэтгэлгийн мөнгө болох 17,826,275 төгрөгийг өөрөө сайн дураараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тушаасан. Уг мөнгийг хүүхдүүдийнхээ нэр дээр байсан 1-ээс 2 сая төгрөгийн хадгаламжийг барьцаалан зээл авах замаар болон бусдаас зээлэх зэргээр бүрдүүлэн нийтэд нь бүрэн төлж барагдуулахыг эрмэлзсэн. Тийм учраас бөөнд нь төлсөн. Хүүхдийн тэтгэлгийг бүрэн төлж барагдуулсан, одоо ямар ч төлбөргүй гэсэн албан бичгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас өгсөн. Үүнийг тус иргэний хэрэгт нотлох баримтаар өгсөн. Тэгтэл анхан шатны шүүх шүүх хуралдаанаар төлөөгүй үлдсэн төлбөр гэж 441,997 төгрөг, мөн төлөгдөөгүй үлдсэн нийт 17,082,752 төгрөгт алданги гаргуулан төлөх нь үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн нь хууль бус болсон гэж үзэж байна. Учир нь миний бие шүүх хуралдаан болохоос өмнө сайн дураараа тус тэтгэлгийг чадан ядан бөөнд нь төлсөн. Мөн ямар нэг үлдэгдэлгүй талаар шийдвэр гүйцэтгэх албанаас тооцоог гаргаж өгсөн байхад анхан шатны шүүхээс төлөгдөөгүй үнийн дүн гэж төлж дуусгасан 17,082,752 төгрөгт алданги гэж 8,541,376 төгрөг тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүгч хувийн ашиг сонирхолтойгоор хандсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, залуу насандаа алдсан алдаагаа ухамсарлан ойлгосон. Бусдад үүрүүлэхийг хүсээгүй. Тэгтэл дахин алданги 8,541,376 төгрөгийг төлөх болж байгаа нь маш хүнд байна. Би ямар нэг байдлаар алданги төлж барагдуулах боломжгүй. Одоо амьдарч байгаа гэр бүлээ тэжээн тэтгэхэд хүртэл хүндрэл үүснэ гэдгийг шүүх харгалзан үзсэнгүй. Харин сургалтын төлбөрт тооцсон нэмэлт зардал болох 1,348,200 төгрөгийг төлж барагдуулна. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдаж хуулийг ноцтой зөрчсөн, хэт нэг талыг барьж нотлох баримтууд дутуу буруу үнэлж шийдвэрлэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шийдвэрлэсэн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 102/ШШ2019/02570 дугаар шийдвэрийн төлөгдөөгүй үлдсэн 441,977 төгрөг болон алданги 8,541,376 төгрөг гэснийг, мөн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2159 дугаартай магадлалын хариуцагчаас төлөгдөөгүй үлдсэн хүүхдийн тэтгэлэг 441,977 төгрөг, алданги 4,270,688 төгрөг, сургалтын төлбөр 1,348,200 төгрөг, нийт 6,060,865 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэсэн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Д.Нарансүрэн нь хариуцагч Д.Алтанхуягт холбогдуулж хүүхдийн тэтгэлэгт 17,826,275 төгрөг, алдангид 9,728,137 төгрөг, сургалтын төлбөр 4,419,100 төгрөг, нийт 31,973,512 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-1-2, 35/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нийт 16,640,775 төгрөг төлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, хүүхдийн тэтгэлэгт 441,977 төгрөг, алданги 9,356,376 төгрөг, сургалтын төлбөр 4,441,400 төгрөгөөр тооцон, нийт 14,239,753 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.
Анхан шатны шүүх хариуцагч Д.Алтанхуягаас хүүхдийн тэтгэлэгт төлөгдөөгүй үлдсэн 441,977 төгрөг, тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүйгээс үүссэн алданги 8,541,376 төгрөг, сургалтын төлбөр 1,348,200 төгрөг, нийт 10,331,553 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Нарансүрэнд олгож, шаардлагаас үлдэх 3,908,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 6,060,865 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.
Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
Хэргийн баримтаас үзвэл, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2002.12.23-ны өдрийн 1029 дүгээр шийдвэрээр хариуцагч Д.Алтанхуягийг Н.Ариунномтын эцэг мөн болохыг тогтоож, Н.Ариунномтыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулахаар тогтоосон, 2003.01.29-ний өдөр шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлсэн, Д.Алтанхуяг нь 2002 оны 12 сараас 2019 оны 08 сар хүртэлх хугацаанд 1,630,000 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан төлсөн, хүүхэд 2019.08.04-ний өдөр 18 нас хүрсэн үйл баримтууд тогтоогдсон байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн нэхэмжлэгчид төлсөн 16,640,775 төгрөгийг хүүхдийн тэтгэлгийн төлөгдөөгүй үлдэгдэл 17,082,752 төгрөгөөс хасч, үлдэх 441,977 төгрөгийг Д.Алтанхуягаас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзнэ.
Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх бөгөөд хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэхэд эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ.
Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг гэж Монгол Улсын Үндсэн хуульд заасан бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т Эцэг, эх тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 10.1-д заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэжээ.
Өөрөөр хэлбэл, тусдаа амьдарч байгаа эцэг, эхийн хүүхдээ тэжээн тэтгэх үүргийн зайлшгүй хэлбэр нь тэтгэлэг төлөх үүрэг бөгөөд энэ нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10-т заасан хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах үүрэгтэй шууд холбогдох учраас Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд олгох хэмжээг хуулиар тусгайлан тогтоож өгсөн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90 дүгээр зүлйийн 90.3-т Төлбөр авагч зөвшөөрсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч хүүхдийн тэтгэлгийг сар, улирал, хагас жил, жилээр, эсхүл нэг удаа мөнгөн болон эд хөрөнгөөр төлбөр төлөгчөөс гаргуулж болно гэж зааснаар төлбөр авагчтай өөрөөр тохиролцоогүй бол төлбөр төлөгч тэтгэлгийг сар бүр төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгчийн ...шүүхийн шийдвэр гарснаас хойш шийдвэр гүйцэтгэлийн албадан ажиллагааны явцад 1,630,000 төгрөгийг л гаргуулсан,...тэтгэлэг төлөхөөс санаатайгаар зайлсхийж, ...цалин хөлс орлогоо нуун дарагдуулсан, тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийснээс хүүхдийн эрх ашиг хохирч байгаа... гэсэн тайлбарыг хариуцагч баримтаар няцаагаагүй байна.
Хэрэгт авагдсан 2003.01.29-ний өдөр бичигдсэн шүүхийн гүйцэтгэх хуудас, хүүхдийн тэтгэлэг төлөх тухай мэдэгдлүүд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөнд үзлэг нэгжлэг хийсэн тухай тогтоол, хүүхдийн тэтгэлэг төлөлтийн тооцоо гэсэн баримтаас үзэхэд хариуцагчийг хуулиар хүлээсэн хүүхдийн тэтгэлэг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ.
Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Тэтгэлэг төлөх тухай талууд гэрээ байгуулсан бөгөөд тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол учирсан хохирлыг гэрээнд заасан журмаар нөхөн төлнө гэж зохицуулсан байх бөгөөд маргааны энэ тохиолдолд талууд тэтгэлгийн талаар тусгайлан тохиролцсон гэрээ байгуулаагүй байх тул шүүхийн шийдвэрт зааснаар хариуцагчийг сар бүр хүүхэддээ тэтгэлэг төлөх үүрэгтэй гэж үзнэ.
Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2, 50.3 дахь хэсэгт шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх, алдангийн нийт хэмжээ төлөгдөөгүй тэтгэлгийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар зохицуулжээ.
Давж заалдах шатны шүүх ...Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг багасгах үндэслэлтэй, ... хариуцагч нь насанд хүрээгүй 3 хүүхэдтэй, шүүхийн шийдвэр гарахаас өмнө үлдэгдэл төлбөрийн ихэнхи хэсгийг төлсөн, сургалтын төлбөр 1,348,200 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан, анзыг бууруулж 4,270,688 төгрөгийг алдангид гаргуулах нь зүйтэй гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэл бүхий болжээ.
Шүүх хэргийн баримтыг хуульд зааснаар үнэлж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэн байх тул ...алданги төлөхгүй... гэсэн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2, 50.3 дахь хэсэгт нийцэхгүй байна.
Түүнчлэн ...хүүхдийн тэтгэлгээс одоо 441,977 төгрөг дутуу гэж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй гэсэн гомдлыг хангахгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн баримтыг шүүх хуульд зааснаар үнэлж, төлөгдөөгүй үлдсэн тэтгэлгийн нийт хэмжээнээс хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид төлсөн хэсгийг хасч, үлдэх хэсгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.
Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2159 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 111,930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.УНДРАХ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД